Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/64

 

 

 

 

 

 

 

2024         9          12                                       

          2024/ДШМ/64

        

 

Х.Т, Б.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Үүрийнтуяа

Шүүгдэгч Х.Т

Шүүгдэгч Х.Тгийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан

Шүүгдэгч Б.Д өмгөөлөгч Г.Ганбаяр

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Т,  Б.Д нарт холбогдох эрүүгийн 2334005310033 дугаар хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Э овогт Б Д, ... Увс аймаг, Өндөрхангай суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

 

2. Б овогт Х Т, ... Төв аймаг, Батсүмбэр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавья шагнал, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Х.Т-г зодож, эрүүл мэндэд нь баруун гарын 2 дугаар хурууны толгой хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.Т нь 2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Б.Д-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э овгийн Б Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Х Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Э овгийн Б Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б овогт Х Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Б.Д нарт оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,

Шүүгдэгч Х.Т, Б.Д нарын торгох ялын биелэлт шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-гээс 458,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Д-д олгож, шүүгдэгч Б.Д-аас 931,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Тд олгож, хохирогч Х.Т нь “хашаа, саравч бариулсан гэх 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч Б.Д нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн 2334005310033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Т, Б.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Д, Х.Т нарт холбогдох 2334005310033 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогч, шүүгдэгч Б.Д би Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолын Б.Д надад холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

2023 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Б.Д намайг үл ялих зүйлээс шалтгаалж Х.Т-гийн биед хүндэвтэр гэмтэл буюу баруун гарын 2 дугаар хурууны алга ясны толгой хэсгийг хугалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм.

Б.Д миний бие 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хавьцаа өөрийн баруун хөлөө том оврын машины хаалганд зүсэж 8 оёдол тавиулж таяг тулж явж байсан. Тухайн 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хөлийн оёдлоо авхуулаагүй, байнгын эмнэлэгт үзүүлж боолт хийлгэдэг, байнгын таягтай явдаг байсан. Миний хөл оёдолтой, таягтай явж байсан үедээ Х.Тг хөлөөрөө өшиглөх ямар ч боломжгүй, би таягтай, баруун хөл оёдолтой байсан. Баруун хөл оёдолтой, таягтай байсан байж Х.Т-гийн баруун гарын 2 дугаар хурууны хэсэг рүү өшиглөөгүй. Харин Х.Т болон Ш.Буянбаатар нар нь намайг нийлж зодож, газар унагаж зодсоны улмаас миний биед хөнгөн гэмтэл учруулсан.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Д намайг гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, цагаатгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Б.Д өмгөөлөгч Г.Ганбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...1. Гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй тухайд: Шийтгэх тогтоолын 11 дүгээр талд "Шүүх хуралдаанд оролцсон шинжээч И.Ганболор "... Алга ясны үений толгой хэсэг гэж дээд хэсгийг яриад байна. Дээд талын үе хугарсан. Харин урд хэсгээр цохих үед хугарах магадлалтай" гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Х.Т нь хохирогч Б.Д-тай зодолдож байхдаа өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал "алга ясны толгой хэсэг нь долоовор хурууны ард байрлалтай, дээд үеэнд учирсан гэмтэл учраас бусдын биед хохирол учруулахдаа гэмтсэн гэж үзэх боломжгүй гэж үзсэн" гэх дүгнэлтийг шүүх хийсэн байна. Гэтэл хавтаст хэргийн 31 дүгээр талд шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд "...Х.Т-гийн баруун гарын 2 дугаар хурууны толгойн хэсгийн хугарал гэмтэл нь бусдад цохиулах, мохоо хатуу гадаргуу цохих үед үүссэн байх боломжтой..." гэж мэдүүлсэн байдаг. Шинжээч эмчийн харилцан зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлгийг авч үнэлэхдээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлийг шүүх дүгнэлтдээ тусгаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан "дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол" гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.

            Х.Т-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй мэдүүлдэг. Тухайлбал мөрдөн байцаалтын шатанд Б.Д-тай зодолдож байх үед Буянбаатар, Лхамсүрэн нар цуг байсан гэх боловч шүүх хуралдааны үед мэдүүлэхдээ Лхамсүрэнг цугтаа байсан эсэхийг мэдэхгүй гэж мэдүүлдэг. Мөн Х.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт /хх-н 67 "Би Б.Д нүүрэн тус газар нь баруун гараараа 1 удаа цохисон, тэгээд хөлөөрөө хавсарч унагаасан, өөр зодож цохисон зүйл байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зүүн гараараа нэг удаа цохисон гэж мэдүүлдэг. Хохирогч, шүүгдэгч Х.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй байсаар байтал шүүхийн шийтгэх тогтоолын 11 дүгээр талд "....мэдүүлгийг тогтвортойгоор мэдүүлж, эх сурвалжаа зааж байгаа..." гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талын мэдүүлгийн нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Хохирогч Б.Д биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтээр "Зүүн чихний омогт 0.5см, дэлбэнгийн дотор дунд хэсэгт 2см орчим урт шархтай, оёдол тавьсан, чихний ард хөхлөг сэртэнгийн дээд хэсэгт 1,3х1,2см хэмжээтэй, дугуй хэлбэртэй, хүрэн улаан өнгийн зулгаралттай, дээд уруулын зүүн хэсэг хавдсан, дотор талд 2х2см орчим хэмжээтэй, улаан өнгийн цус хуралттай, 1,5х1,3см орчим хэмжээтэй, цайвар ногоон өнгийн өнгөр тогтсон шархтай, зүүн дээд 1-р шүд тэмтрэхэд эмзэглэлтэй, хамрын зүүн хэсэгт 0,3х0,1см дээд уруулын зүүн хэсэгт 0,4х0,4см, 0,2х0,1см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн зулгаралттай, хүзүүний зүүн хажуу доод хэсэгт 3х2,5см, зүүн далны хэсэгт 8х6см талбайд, зураас хэлбэртэй зэрэгцээ байрлалтай хүрэн улаан өнгийн цус хуралтуудтай, эмзэглэлтэй, хүзүүний баруун урдаас баруун ар хэсэг хүртэл 15х3см, зүүн мөрний хэсэгт 2х1,5см, 1х1см хэмжээтэй, дундаа тасалдсан хүрэн улаан өнгийн зулгаралттай, бүсэлхий хэсэгт нурууны баруун шулуун булчингийн дагуу тэмтрэхэд эмзэглэлтэй. Хохирогч Б.Д биед дээрх олон тооны гэмтэл учирсан байхад шүүгдэгч Х.Т ганцаараа нэг удаа нүүр рүү цохиж, хавсарч унагаасан гэх мэдүүлгүүд нь үгүйсгэгдэж байгаа юм. Учир нь дээрх олон тооны гэмтлүүд нь олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тусгаж өгсөн. Мөн хохирогч Б.Д нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ гэрч Ш.Буянбаатар, шүүгдэгч Х.Т нар нь нийлж зодсон талаар тогтвортой мэдүүлсэн байхад энэ нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан "дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол" гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

            Гэрч гэх Ш.Буянбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт /хх-н 27/ "...Т Дын нүүр хэсэг рүү баруун гараараа хэд хэдэн удаа цохисон..." гэх мэдүүлгээс харахад Т нь баруун гараараа цохисон гэдэг тодорхой байна. Мөн гэрч Буянбаатарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс үзвэл Дыг Тг хэрхэн нүүр рүү нь цохиж байсныг хараагүй гэдэг бөгөөд баруун хөлөөрөө Тгийн гар руу өшиглөсөн, гэрч Лхамсүрэнг хамт салгалцсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг боловч шүүх хуралдааны үед мэдүүлэхдээ Лхамсүрэнг хамт байсан эсэхийг мэдэхгүй гэх мэдүүлгүүдээс үзвэл гэрч Ш.Буянбаатар нь тухайн үйл явдлыг бүрэн дүрслэж хэлж чадахгүй, мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байгаа юм. Гэрч гэх Ш.Буянбаатар нь зодоон болох үед ганцаараа тэнд байсан боловч Х.Т, Б.Д нарын үйлдлийг тодорхой нарийн хэлж чадахгүй байгаа юм. Мөн хохирогч Б.Д биед учирсан олон тооны гэмтлийг Ш.Буянбаатар хамт зодож учруулсан талаар Б.Д тогтвортойгоор мэдүүлсээр ирсэн. Мөн гэрч Ш.Буянбаатар нь Б.Днь баруун хөлөөрөө Х.Тгийн баруун гар руу өшиглөсөн гэж мэдүүлдэг. Гэтэл Б.Днь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хавьцаа баруун хөлөө гэмтээж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж оёдол тавиулсан байдаг. Тухайн зодоон болох үед баруун хөлийн гэмтэл эдгэрээгүй оёдолтой, таяг тулж явж байсныг гэрч Лхамсүрэн мэдүүлдэг ба шинжээч эмчийн дүгнэлтэд мөн тусгагдсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс заслын эмчийн тодорхойлолтоор нотлогдож байгаа юм. Шүүгдэгч Х.Т нь хохирогч Б.Д-ыг баруун гараараа цохиж дээрх гэмтлүүдийг учруулсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Учир нь хохирогч Б.Д нүүрэнд учирсан гэмтлүүд нь дандаа зүүн талд байгаа бөгөөд зүүн гараар цохиод дээрх гэмтлүүд нь учрах боломжгүй юм. Шүүгдэгч Х.Т-гийн мэдүүлж буйгаар зүүн гараараа нэг удаа цохисон юм бол нүүрэнд учирсан бусад гэмтлийг хэн учруулсан эсэх нь тодорхой бус, мөн хохирогч Б.Д нүүрний зүүн хэсэгт учирсан гэмтлүүдийг үүсгэхийн тул баруун гараараа цохиж үүсгэх боломжтой юм. Х.Т ингэж баруун гараараа хохирогч Б.Дыг цохиж нүүрэнд нь олон тооны гэмтлийг учруулахдаа өөрийн баруун гарын 2 дугаар хурууны алга ясны толгой хэсгийн хугарал үүсэх боломжтойг шинжээч эмч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байдаг.

            2. Хохирол төлбөрийн тухайд:

            Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д "...шүүгдэгч Х.Тгээс 458,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Д-д олгож, шүүгдэгч Б.Д-аас 931,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Т-д олгож... " гэж шийтгэх тогтоолдоо бичсэн байна. Мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед хохирогч Б.Д нь хохирол төлбөрт 931,500 төгрөгийг шүүгдэгч Х.Т-гээс нэхэмжилж шүүх хуралдаанаар хохирол болох 931,500 төгрөгийг Х.Т-гээс гаргуулахаар уншиж сонсгосон юм. Гэтэл шүүхийн бичгээр гарсан тогтоол нь уншиж сонсгосон тогтоолоос өөр гарсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д "шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол" гэх хуулийн заалтад хамаарч байна. Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолын Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Үүрийнтуяа гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Т-гийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Ганбаярын нарын тус тус гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

3. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э овгийн Б Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б овогт Х Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Б.Д-д нарт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлээд шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн болох нь шүүх хуралдааны дууны бичлэгээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар анхан шатны шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол нь шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

4. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа зөрчлийг зөвтгөж засах боломжгүй байх тул шүүгдэгч Х.Т, Б.Д нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарын гаргасан “шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүйг дурдаж, мөн шүүгдэгч Б.Д, Х.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолын хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Д, Х.Т нарт урьд хэрэглэсэн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

 

                              ШҮҮГЧИД                                     А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ