Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00430

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00430

 

Ц.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2021/02759 дугаар шийдвэртэй

Ц.Ггийн нэхэмжлэлтэй хариуцагч Г ТББ-д холбогдох

2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/109/21 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,599,557 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.3.2-т заасны дагуу 2-5 жил ажилласан ажилтанд олгох 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Х.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2019 оны 02-р сард тус байгууллагын Дархан-уул аймаг дахь Мт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Бизнес хөгжлийн ажилтнаар сонгон шалгаруулалтад тэнцэж, ажилд томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа ажилдаа бүтээлчээр хандаж ажилласнаас гадна ажлын гүйцэтгэл болон үүрэг даалгавартай холбоотой сануулга болон захиргааны арга хэмжээ авч байгаагүй. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр салбарын менежерээр ажиллаж байсан А.Отгонбаяр намайг дуудан уулзаж, намайг ажлаас чөлөөлөх тушаал ирж байгаа талаар хэлэхэд нь би 1 сартай жирэмсэн гэдгээ хэлсэн. Би энэхүү тушаалын дагуу 2021 оны 02 дугаар сарын 15-нд байгууллагын дотоод сүлжээгээр захирал Ц болон ерөнхий менежер н.Баавгай нарт жирэмсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр миний хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх тухай захирлын тушаал гарсан. Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, гэрээсээ онлайнаар ажиллаж байх хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүний нөөцийн албанаас хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон талаарх мэдэгдэл и-мэйлээр ирсэн. Ирсэн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа дахин өргөдлөөр хүргүүлсэн ч тус албанааас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр жирэмсэн байх нь хөдөлмөрийн гэрээг сунгах үндэслэл болохгүй гэсэн утгатай хариуг и-мэйлээр ирүүлсэн. Ингээд миний бие 2021 оны 05 дугаар сарын 25-нд захиргааны ажилтнаар ажиллаж байсан С.Бт ажлаа хүлээлгэж өгсөн. Миний бие хөл хорионы үед байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хичээнгүйлэн биелүүлж, хөтөлбөрийн 200 гаруй айл өрхүүдээр явж, нөхцөл байдлын судалгаа авч, иргэдтэй уулзалт хийснээс гадна зээл авах шаардлага хангасан 10 иргэнтэй машиндаа уулзалт хийж, зээлийн гэрээ байгуулж зээлийг төлөвлөсөн хугацаанд гаргах зэргээр өөрийгөө эрүүл мэндийн эрсдэлд оруулсан байгаагаа үл хайхран эрхэлсэн ажилдаа үнэнчээр зүтгэж ажиллаж ирсэн. Би одоо 5 сартай жирэмсэн, төрөх сүүлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бөгөөд гэрээний хугацаа дууссан шалтгаанаар 06 сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл тасарсны улмаас Нийгмийн даатгалын сангаас жирэмсний өмнөх болон дараах тэтгэмжээ авч чадахгүйд хүрээд байна. Тэтгэмждээ хамрагдахын тулд сард 200,000 төгрөгийг сайн дураараа төлөх шаардлагатай болсон. Тэрчлэн 2021 оны байгууллагын нэгдсэн төсөвт миний албан тушаалын цалин 5000 кодон дээр суугдсан байгаа боловч, ажилтан С.Бт миний ажлыг давхар хариуцуулснаар жирэмсэн эмэгтэй миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Ажлаа хүлээлгэж өгөхөд байгууллага надтай ээлжийн амралтын тооцоо хийсэн боловч, Байгууллагын дотоод журам-ын 6.3.2-т заасан 2-5 жил ажилласан ажилтанд 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний гэнэт халагдсаны тэтгэмж өгөх ёстой байсан ч гэрээний хугацаа дууссан шалтгаанаар олгогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т зааснаас бусад тохиолдолд жирэмсэн эхийг ажлаас халахыг хориглоно Байгууллагын дотоод журам-ын 14.1.3-т жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны албан тушаалыг хэвээр хадгална гэж тус тус заасан байгаа боловч, ажил олгогч хугацаатай гэрээний хугацаа дууссан шалтгаанаар 5 сартай жирэмсэн эх миний хөдөлмөрлөх, хамгаалуулах эрхэд халдаж, цар тахлын хүнд үед ажилгүй, орлогогүй болгож, маш хүндрэлтэй нөхцөл байдалд орууллаа. Иймд 2021 оны 05 сарын өдрийн Б/109/21 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө нь ажиллаж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, гэнэт халагдсаны 2 сарын тэтгэмжийг байгууллагаас гаргуулж өгнө үү өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Х.Л нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байрны хөдөлмөрийн гэрээг талууд тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж заасан байдаг. Үүний дагуу Г ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Ц.Гтай 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 020/20 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Г ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилт нь 2021 онд өмнөх он буюу 2020 онтой харьцуулахад багассан бөгөөд санхүүгийн тайлан алдагдалтай гарч, ковид-19 цар тахалтай холбоотой бусад хүндрэлүүд гарсан үүнээс улбаалаад байгууллагад хүний нөөцийн шилжилт, зарим орон тоог хасах болон орон тоог цөөрүүлэх, зарим ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан тус байгууллагын захирлын Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай А/005/21 дугаартай тушаал гарсан. Нэхэмжлэгч Ц.Гтай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 020/20 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон юм. Байгууллагын зүгээс Ц.Гд дээрх хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул гэрээг дуусгавар болгож гэрээг цаашид сунгахгүй тухай урьдчилан 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 15.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 020/20 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний 9 дүгээр зүйлийн 9.1.6-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж заасан. Тиймээс тус хөдөлмөрийн гэрээ нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдер дуусч ажил олгогч хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх санал гаргаагүй, хугацааг сунгах боломжгүй нөхцөл шаардлага үүссэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажлаас халах үндэслэлүүд тус тус заасан. Тухайн нөхцөл байдалд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж Ц.Гг ажлаас халсан зүйл болоогүй талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дууссан тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон нь жирэмсэн эмэгтэйг ажлаас халсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Г ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын Тусламж, нөхөх олговрын талаар зохицуулсан хэсгийн 6 дугаар зүйлийн 6.3.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 38.1.2, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд тэтгэмж олгоно гэж заасан байдаг. Харин Ц.Ггын хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон тул ажлаас гэнэт халагдсан гэх нөхцөл байдал үүсээгүй тул ажлаас халагдсаны тэтгэмж өгөх үндэслэлд огт хамаарахгүй юм. Харин ажилтан Ц.Гг ажлаа хүлээлгэн өгөх өдөр ажил олгогч нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Ээлжийн амралт олгох зааврын дагуу ээлжийн амралтын тооцоог хийж, мөнгөн олговрыг зохих ёсоор олгосон байдаг. Иймд дээрх үндэслэлийн дагуу Ц.Ггийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн хуулийн 128 зүйлийн 128.1.2, 69.1-д заасныг баримтлан 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/109/21 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3.599.557 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.3.2-т заасны дагуу 2-5 жил ажилласан ажилтанд олгох 2 сарын цалинтай хэмжээний гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулахыг Ц.Ггийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/109/21 дугаар тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч Ц.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дээрх дүгнэлтийг хууль бус үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Учир нь Ц.Г нь Г ТББ-ын Монгол дахь төлөөлөгчдийн газрын захирлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/123/9 тоот тушаалаар Мт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтнээр анх жинхлэн томилогдож 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улмаас Мт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн орон нутгийн хөгжлийн зохицуулагчаар 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 020/20 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж үргэлжлүүлэх ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Г ТББ-ын захирлын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/109/21 тоот тушаалаар Ц.Гг ажлаас чөлөөлсөн. Энэ үед Ц.Г нь 4-5 сартай жирэмсэн байсан. Орон нутгийн хөгжлийн зохицуулагч ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр байх тул ажил олгогчоос түүнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй байх хуулийн зохицуулалттай байна. Гэтэл Г ТББ, Ц.Г нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлээ тухайлан заагаагүй, энэ талаар талууд харилцан тохиролцсон зүйл байхгүй. Ц.Ггийн Орон нутгийн хөгжлийн зохицуулагч ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан хугацаатай гэрээ байгуулах ажлын байр биш харин ч байнгын ажлын байр байсан. Учир нь Ц.Г эзгүй байгаа ажилтны оронд ажиллаж байгаагүй, улирлын болон түр ажлын байр биш, түүний туршилтын хугацаа дууссан. Иймээс Ц.Ггийн ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар хугацаатай гэрээ байгуулсан гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хууль бус гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Х.Л нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасны дагуу Г ТББ нь нэхэмжлэгчтэй 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 02/20 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба гэрээний 3 дахь хэсэгт гэрээний хугацааг тодорхой заасан буюу 1 жилийн хугацаанд томилон ажиллуухаар тусгасан байдаг. Талууд харилцан зөвшөөрч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Нэхэмжлэгч нь тухайн үед би жирэмсэн, ажлаас гарах боломжгүй, Хөдөлмөрийн тухай хуулиа зөрчөөд байна гэхээр манайхаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тухайн тушаалыг хүчингүй болгоод 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг хэвээр үлдээж өмнөх тушаалыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байдаг. Үүний дараа 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тухайн гэрээ нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болоод Хөдөлмөрийн тухайн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар цуцалсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Г ТББ-д холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/109/21 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,599,557 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...жирэмсэн байхад ажлаас халсан гэсэн агуулгаар тайлбарласан байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Г ТББ-ын захирлын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/050/19 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.Гг Мт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн бизнес хөгжлийн мэргэжилтэн албан тушаалд томилж, Ц.Гтай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 09/19 тоот Хөдөлмөрийн гэрээ-г 3 сарын хугацаагаар байгуулжээ. /хх.7-13/

4а. Мөн захирлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/123/19 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.Гг нэг жилийн хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс нэг жилийн хугацаатай ажиллуулахаар тохирсон байна. /хх.15-16/

4б. Г ТББ-ын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/007/21 тоот тушаалаар Ц.Ггийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан, мөн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/024/21 тоот тушаалаар Ц.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогджээ. /хх.15-20, 26/

5. Харин ажил олгогч байгууллагын суурин төлөөлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч Ц.Гтай 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 020/20 тоот Хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болж, уг тушаалдаа хөдөлмөрийн дотоод журмын 15.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталсан байна. /1хх.35/

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т Хөдөлмөрийн гэрээ хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд дуусгавар болно гэж заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, ажил олгогчийн зүгээс цаашид уг гэрээг сунгаагүй байх тул ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх Г ТББ-ын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/109/21 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан боловч уг зохицуулалтад мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлд хамаарах тохиолдолд жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон заалт юм. Харин талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар гэрээний хугацаа дуусгавар болоход хамааралгүй болно.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...хариуцагч байгууллага байнгын ажлын байранд хууль зөрчиж хугацаатай гэрээ байгуулсан, шүүх уг гэрээг хугацаатай байгуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

8а. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-т заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заажээ.

8б. Нэхэмжлэгч Ц.Г нь Г ТББ-тай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 09/19, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр А/123/19 тоот Хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулсан, талууд гэрээг хугацаатай байгуулахаар хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан байх тул хариуцагч байгууллагыг хууль зөрчиж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэхгүй юм.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ...2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна. Хэрэгт нотлох баримтаар Г ТББ-ын Хөдөлмөрийн дотоод журам авагдсан байх бөгөөд уг журмын 6.3.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 38.1.2, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд тэтгэмж олгоно гэж заажээ.

Учир нь ажил олгогч буюу хариуцагч байгууллага ажилтан буюу нэхэмжлэгч Ц.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, уг гэрээг ажил олгогч дуусгавар болгосон байх тул нэхэмжлэгчид журамд заасан дээрх нөхцлөөр тэтгэмж авах эрх үүсэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2021/02759 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Ц.ИЧИНХОРЛОО