| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0066/э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 81
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Б.Бд холбогдох 11830000630058 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1990 оны 05 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, Дөрвөлж ХХК-д засварын слесарь ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Б
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:
Яллагдагч Баярсайханы Батхүү Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Залуус” хорооллын хойд талын засмал зам дээр 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 08 цагийн орчим Королла испесо маркийн 61-70 сүэ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 6 настай, эмэгтэй Г.Гыг мөргөж, эрүүл мэндэд нь “тархины дунд зэргийн доргилт, дух ясны цууралт, духны зулгаралт, зүүн хөлний шилбэний зөрөөгүй далд хугарал бүхий гэмтэлтэй” хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 55 минутын үед 7 дугаар цэцэрлэг рүү Королла испесо маркийн 61-70 сүэ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ хүүхдээ хүргэж өгчихөөд ирээд найз Б.Бийн хүүхдийг 3 дугаар цэцэрлэг хүргэж өгөх гээд явж байхдаа Залуус хорооллын ард талын засмал зам дээр зүүн тийш явж байхад нэг машинтай зөрөхөд зам дээр хойноос урагшаа чиглэлтэй нэг эмэгтэй хүүхэд гэнэт гараад ирэхээр нь би машиныхаа тормоз гишгэсэн боловч машины жолооч талын эсрэг талын урд талын гупер хэсгээр шүргээд мөн жолооч талын эсрэг талын толинд хүүхдийн толгой цохигдож унасан. Миний анхаарал болгоомжгүйгээс болж зам тээврийн осол гарсан гэж бодож байна. Ингээд би хүүхдийг шууд эмнэлэгт хүргэж өгсөн. Анх хэвтэхэд нь 385000 төгрөг, томаграфикт харуулахад 90000 төгрөг өгсөн мөн гаднаас авах эм тариаг нь бүгдийг нь авч өгсөн бөгөөд саяхан хот явж үзүүлнэ гэхээр нь 2 сая төгрөг өгсөн. Хүүхдийн бие сайн байгаа би байнга очиж эргэж тойрч байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
- Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 55 минутын үед 7 дугаар цэцэрлэг рүү Королла испесо маркийн 61-70 сүэ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ хүүхдээ хүргэж өгөөд найз Б.Бийн хүүхдийг 3 дугаар цэцэрлэг хүргэж өгөх гээд явж байхдаа Залуус хорооллын ард талын засмал зам дээр зүүн тийш явж байхад нэг машинтай зөрөхөд зам дээр хойноос урагшаа чиглэлтэй нэг эмэгтэй хүүхэд гэнэт гараад ирэхээр нь би машиныхаа тормоз гишгэсэн боловч машины жолооч талын эсрэг талын урд талын гупер хэсгээр шүргээд мөн жолооч талын эсрэг талын толинд хүүхдийн толгой цохигдож унахаар нь машинаасаа буугаад хүүхэд рүү очиход хүүхэд газар суучихсан “хөл хөл” гээд уйлчихсан, мөн толгойноос нь цус хамрыг нь дагаад урсаж байхаар нь би машиндаа өргөж суулгаад шууд эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тухайн үед хүүхэд ганцаараа замаар гарч ирсэн бөгөөд цуг явж байсан хүүхэд замын хойд талд байсан. Миний машинд мөргүүлж биедээ гэмтэл авдаг хүүхэд нь явган хүний гарцаар гарч байсан. Би 30-40 км/цагийн орчим л хурдтай явсан. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Хүүхдийн зүүн хөлийн шилбэ нь хугарсан. Мөн толгойны дух хэсэг нь шалбарч цус гарч байсан. Өөр бэртэл гэмтэл байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Миний анхаарал болгоомжгүйгээс болж зам тээврийн осол гарсан гэж бодож байна. Охины эмчилгээний зардал мөнгийг өгсөн” гэх мэдүүлэг,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед ажил дээрээ байж байхад манай эхнэр О над руу утсаар залгаж манай охин Г машинд мөргүүлчихлээ гэхээр нь шууд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд үзэж байсан эмч нар манай охины хөл хугарсан мөн тархиндаа гэмтэл авсан байна гэж хэлж байсан. Тухайн үед манай охин Гын ухаан нь орж гарсан, мансуурсан байдалтай миний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй байсан. Тэгээд би хаана мөргүүлсэн талаар эхнэрээсээ сонсож мэдээд уг газар дээр очиход Б.Б гэсч нь Королла испесо маркийн 61-70 сүэ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад манай охиныг явган хүний гарцан дээр мөргөж гэмтээсэн байсан. Манай охин Г.Гын биед тархины дунд зэргийн доргилт, дух ясны цууралт, духны зулгаралт, зүүн хөлний шилбэний зөрөөгүй хугаралт зэрэг гэмтэл учирсан. Миний бодлоор Королла испесо маркийн 61-70 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Б гэгчийн анхаарал болгоомжгүйгээс болж энэ осол гарсан гэж үзэж байна. Надад одоо гаргах санал, гомдол байхгүй, манай охины эрүүл мэнд нь одоо эдгэрч байна. Эмчилгээний зардал, мөнгийг Б.Бгээс авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 67 дугаартай: 1. Г.Гын биед тархины дунд зэргийн доргилт, дух ясны цууралт, духны зулгаралт, зүүн хөлний шилбэний зөрөөгүй далд хугарал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт,
- Замын цагдаагийн албаны шинжээчийн 17 дугаартай дүгнэлтээр: 1. Королла Испесо маркийн 61-70 СҮЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 2. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. 3. Явган зорчигч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт,
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 183000063 дугаартай мөрдөгчийн тогтоол / хх-н 1 х /
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 3-4 х /
- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-9 х/
- Б.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41 х /
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн засаг даргын 2017.10.05-ны өдрийн 4/785 дугаартай тодорхойлолт / хх-н 54 х / зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд
хангагдсан буюу Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нь Б.Бгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдох тул Б.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Б нь Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Залуус” хорооллын хойд талын засмал зам дээр 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 08 цагийн орчим Королла испесо маркийн 61-70 сүэ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчснөөс явган зорчигч 6 настай, эмэгтэй Г.Гыг мөргөж, эрүүл мэндэд нь “тархины дунд зэргийн доргилт, дух ясны цууралт, духны зулгаралт, зүүн хөлний шилбэний зөрөөгүй далд хугарал бүхий гэмтэлтэй” хүндэвтэр хохирол учруулсан болох шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гын мэдүүлэг, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх шинжилгээний албаны 67 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 17 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Б.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учируулсан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Бгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Б.Бгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд 2475000 төгрөг
нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1,2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, уг гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учируулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бг 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид эмчилгээний болон бусад зардалд 2475000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Ялтан Б.Бд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР