| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/06467/И |
| Дугаар | 184/ШШ2024/00789 |
| Огноо | 2024-02-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/00789
2024 02 14 184/ШШ2024/00789
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, *тоотод оршин суух, *-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, *т холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9-р сарын 29-ний өдрийн * дугаар захирамжаар*гаас 83,187,766.36 төгрөгийг гаргуулж "*" ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийн дагуу * шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж барьцаа хөрөнгө болох * тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн * дугаартай 41.2 м2 талбайтай 3 өрөө байрыг үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж 131,084,294 төгрөг гэж үнэлгээ тогтоосон байдаг. 2023 оны 03-р сарын 29-ний өдрийн* дугаартай "Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 03-р сарын 30-ны өдрийн * дугаартай "Мэдэгдэл-ээр шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 131,084,294 төгрөгийн 70 хувь буюу 91,759,006 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон дуудлага худалдаанд оруулахаар болсон байдаг. Миний хувьд өөрийн барьцаалуулсан эд хөрөнгөө ийм зах зээлийн үнээс хэд дахин бага доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар уг үнэлгээнд гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдах учиртай бөгөөд хууль зөрчсөн бол үүнийг хүчингүй болгох нь хууль ёс, шударга ёсонд нийцэх юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т "Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно" 54 дүгээр зүйлийн 54.1-т "Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэж заасан бөгөөд уг ажиллагааг хийх журмыг хуульд нэг бүрчлэн заасан байхад шийдвэр гүйцэтгэгчээс уг ажиллагааг хуульд нийцүүлэн хийж гүйцэтгээгүй байна.
Тухайн үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд ийм бага үнэлгээтэй зарлагдан дуудлага худалдаанд орж байгаа нь төлбөр төлөгч * миний өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй" гэж Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна", 99.3-т "Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна, 100 дугаар зүйлийн 100.1-т хуульд өөрөөр заагаагүй бол ....... иргэн...... өмчлөгч байна" гэж заасан бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулахаар, эсхүл өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.1-т "өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэж тус тус хуульчилсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд "Талуудын эрх, үүрэг-ийг зохицуулсан байх бөгөөд 33 дугаар зүйлийн 33.1.3-т "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах" эрхтэй байхаар мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно", 62.2-т "Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно" гэж заасан байх бөгөөд дээрхээс үзвэл 33.1.3-т заасан ". санал гаргах" эрхийг 62.1, 62.2-т тус тус бататгаж хуульчилж өгсөн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь талуудын дээрх эрхийг хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаж өгөөгүйгээс гадна төлбөр төлөгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар олгогдсон эрхийг хангах үүргээ биелүүлээгүй байгаа бидний хууль ёсны эрх ашгийг давхар зөрчиж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад * миний өмчлөлийн эрхийн бүртгэлийн * дугаартай Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 4/30 дугаар байрны 12 тоот хаягт байрлах 41.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 131,084,294 төгрөгөөр тогтоосон байдаг. Гэтэл уг үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлгээ бөгөөд анхны албадан дуудлага худалдаагаар 91,759,006 төгрөгөөр худалдан борлогдохоор дуудлага худалдааны үнийг тогтоож байгаа нь өмчлөгчийн эрх ашгийг зөрчиж байна.
Иймд *т явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад * миний өмчлөлийн эрхийн бүртгэлийн * дугаартай Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, * дугаар байрны 12 тоот хаягт байрлах 41.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 131,084,294 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
Хөрөнгийн үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ тус орон сууцны гол хамгийн давуу талуудыг орхигдуулсан. Тухайлбал уг орон сууц нь автобусны буудал, сургууль, цэцэрлэг, хороо, өрхийн эмнэлэг, Цагдаагийн газар, Нийгмийн даатгалын газар болон нийтийн үйлчилгээний газар, цэгүүдтэй маш ойрхон байрлалтай, төв зам дагуу байрлалтай зэргийг орхигдуулсан. Талбайн хувьд гэрчилгээ дээр 41.02 м.кв боловч үүдний хэсэг, тагт, угаалгын өрөөг оруулаагүй. Бодитоороо 80 м.кв талбайтай орон сууц байсан. Хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгө үнэлгээний тухай хуулийг зөрчсөн.
Үндэсний статистикийн хорооноос жил бүр орон сууцны үнэлгээний талаар судалгаа, тайлан гаргасан байгаа, үүн дээр дундаж үнэлгээ жил бүр өссөн, одоогийн байдлаар энэ байршилд 1 м.кв нь 3,000,000-3,500,000 төгрөг болон түүнээс дээш үнэлгээтэй байхад зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн.
Нэхэмжлэгч өөрөө үнэлгээ гаргаснаас хойш хугацаанд худалдан борлуулах ажиллагаандаа ч шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаандаа ч хойрго анхааралгүй хандсан зүйл байдаг. Бас өвчтэй гэсэн шалтгаан хэлдэг. Миний бие итгэмжлэл авч 2023 оны 10-р сард нэхэмжлэл гаргасан, энэ үеэс хойш энэ хэрэгт оролцож байгаа. Өмнө нь нэхэмжлэгч өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаад буцаалгаж байсан, энэ хэргээс материалуудыг хуулбарлан гаргаж өгсөн байгаа. Энэ хугацаанд төлбөр төлөгдөөгүй, ажиллагаа зогссон байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2962 дугаар захирамжаар *гаас 2020 оны төгрөгийг гаргуулж Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэл барьцаалсан *гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн *байрны 30 тоот 3 өрөө орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн * битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн * дугаар хураах тогтоолоор хураан, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр шинжээч томилж үнэлгээ тогтоож, тогтоосон үнэлгээг 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн * дугаартай мэдэгдлийг гардуулж үнэлгээтэй танилцуулсан төлбөр төлөгч нь нэг сарын хугацаад худалдан борлуулах хүсэлт гарсан тул 2023 оны 4 дугаар сарын 14-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээнд авагдсан м.кв талбайг шүүхийн шийдвэрт заасны дагуу ажиллагаа хийдэг учир бид талбайн хэмжээг өөрчлөх боломжгүй. Тухайн хөрөнгийг биет байдлаар ямар байгааг газар дээр нь үзээд үнэлгээ гаргаж буй шинжээч бүх талын аргыг ашиглан үнэлгээг гаргасан гэж үзэж байгаа. Уг орон сууц насжилтын хувьд 1986 онд ашиглалтад орсон байр одоогийн шинээр баригдаж байгаа барилгатай үнэлгээ ижил байхгүй байх. Төлбөр төлөгч үнэлгээтэй танилцаад өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацаагаа авна гээд энэ хугацааг олгоод 30 хоногийн дараа албадан худалдах тухай тогтоол гаргасан байгаа. нэхэмжлэгч үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоногийн дотор гаргах ёстой байсныг шүүх хугацааг анхаарч үзэх байх. Хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байгаа. Өмнө нь мөн шүүхэд нэхэмжлэл гаргаад өөрөө ирэхгүй буцаагдаж байсан. Уг захирамжид гомдол гараагүй, дараа нь дахин нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн * тоот *газрын мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/50 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Үндэсний стастикийн хорооны орон сууцны үнийн талаарх статистикийн мэдээ зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.
Хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн * дугаар шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн * дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн * дугаартай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, *дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн * дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн *дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, *гийн эд хөрөнгийн үнэлгээний санал, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн *дугаар Голомт банк ХК-ийн үнийн санал илгээх тухай албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн * дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2023 ооны 02 дугаар сарын 02-ны өдрийн * дугаартай * ХХК-ийн итгэмжлэл, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, * ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-*дугаар *газрын мэдэгдэл, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн * дугаар *газрын албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн*дугаар *газрын мэдэгдэл зэрэг баримтыг гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь *т холбогдуулан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд гаргасныг шүүх 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж үнэлгээ гаргах тухай мэдэгдээгүй, үнийн санал аваагүй, томилсон шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, өөрөө бие даан худалдан борлуулах хугацаа олгоогүй гэж тайлбарладаг бол хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч хугацаа хэтрүүлэн гомдол гаргасан гэж маргаж байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн * дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 83,187,766.36 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 83,187,766.36 төгрөгийг 2020 оны 10 сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 11 сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 12 сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 01 сарын 28-ны 300,000 төгрөг, 2021 оны 02 сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 03 сарын 28-ны өдөр 81,687,766 төгрөгийг тус тус төлж барагдуулах, тус хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд *гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1* дугаар байрны 12 тоот 41.2 м.кв талбайтай улсын бүртгэлийн * дугаар бүхий гурван өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 15-17-р хуудас/
Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн * дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн * дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн * дугаартай шүүхийн шийдвэрт *газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ.
Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааг хийж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид буюу төлбөр төлөгч нарт мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан дээрх ажиллагааны талаар маргаагүй байна. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр, түүнийг үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудаст дурдагдсан төлбөр төлөгч нарын барьцаа хөрөнгийг битүүмжилсэн болон хураасан тогтоол, уг тогтоолын талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн нь хэрэгт авагдсан дээрх эд хөрөнгө хураах болон битүүмжлэх тухай тогтоолууд болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Талууд дээрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн хөрөнгийг үнэлэх хүртэлх шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны талаар маргадаггүй.
Харин нэхэмжлэгч * нь хариуцагч байгууллагын дээрх ажиллагаанаас эд хөрөнгийн үнэлгээ гаргуулсан ажиллагааг эс зөвшөөрсөн гомдлыг гаргажээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан байна.
Улмаар *газраас төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалан шийдвэр гүйцэтгэгчээс хураан авч битүүмжлэгдсэн *гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 хороолол, 4/30 дугаар байрны 12 тоот 41.2 м.кв талбайтай улсын бүртгэлийн * дугаар бүхий гурван өрөө орон сууцны үнийн саналаа өгөхийг мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч * нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 260,000,000 төгрөг гэж, төлбөр авагч Голомт банк 59,000,000 ирүүлсэн болох нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарын бичгээр гаргасан үнийн санал хүргүүлсэн тухай хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч *гийн үнийн санал авах талаар мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Ийнхүү төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн * тоот тогтоолоор Б.Батзаяаг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Шинжээчийн үнэлгээгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан * талбайтай орон сууцны зах зээлийн үнийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт үнэлгээг 131,084,294 төгрөг гэж үнэлж хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргаж, шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тайланг хүлээлгэн өгсөн байна.
*газраас төлбөр төлөгч *д үнэлгээний тайланг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн * тоот хөрөнгө үнэлсэн тухай мэдэгдлийг 2023 оны 02 сарын 09-ний өдөр танилцуулан мөн өдрөөс хойш 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй бөгөөд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногт бие даан худалдан борлуулах саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж болохыг танилцуулсан, улмаар төлбөр төлөгч * 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасан болох нь 4-* тоот мэдэгдэл дээрх нэхэмжлэгч *гийн гарын үсэг зурагдсан баримт болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Иймд төлбөр төлөгчийн шүүхэд гаргасан ...бие даан худалдан борлуулах боломжоор хангаж өгөөгүй... гэх тайлбар няцаагдаж байна.
Улмаар хуульд зааснаар төлбөр төлөгчид олгогдсон 1 сарын хугацаа дууссан тул шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/50 дугаартай Анхны албадан дуудлага худалгаа явуулах тогтоол гарч анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дуудлага худалдаа зохион байгуулах болсныг талуудад 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн * тоот мэдэгдлээр талуудад мэдэгдсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсгүүдэд үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх, талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах-аар заажээ.
Төлбөр төлөгч * шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр * дугаартай тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн * тоот мэдэгдлийг хүлээн авч тус шүүхэд *т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн * дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч * уг * тоот шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргаагүй. Улмаар шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх хугацаанд нэхэмжлэгч *г өвчтэй эмнэлэгт байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх зэрэг тайлбар гаргадаг ч уг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй, мөн хэн аль нь дээрх * тоот шүүгчийн захирамжтай хэргийн материалаас шаардлага, татгалзалтайгаа холбогдох материалыг хуулбарлан ирүүлсэн бөгөөд эдгээр бичгийн нотлох баримтын талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Нэхэмжлэгч * тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн * дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсноос хойш даруй 4 сарын дараа дахин дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар *гийн хариуцагч *т холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН