| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0071/э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 85
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар Э.Хосбаяр,
Шүүгдэгч Х.Х, Д.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Х, Д.Г нарт холбогдох эрүүгийн 1830000400028 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.Х
Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Г
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/
Яллагдагч Х.Х, Д.Г нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 28-наас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Г” гэх газраас иргэн Я.Эийн 2 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 04 сарын сүүлээр Я.Э эгчийн 2 адууг авсандаа харамсаж байна. Би Я.Э эгчид бэлнээр 300.000 төгрөг нэг адуутай өгсөн. Уг адуу нь Эрдэнэцагаан суманд байгаа 05 сарын 02-ны өдөр авна гэсэн гэв.
- Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: би Хтай хамт явж адуу хулгайлсан нь үнэн. Би хохирогч Я.Э эгчид нэг адуу өгсөн. Я.Э эгч уг адууг адуундаа байлгаж бай 5 сар гарахаар авна гэсэн гэв.
- Яллагдагч Х.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын сүүлчээр Гын хамт Гэнд бэлчдэг Я.Э эгчийн адуун дотроос хонгор морь, хээр үрээ зэргийг бариад Гын Пусса маркийн 12-37 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Налайх руу явсан. Тухайн үед адуу ачихад Б хамт байсан бөгөөд түүнд хулгайн адуу гэж хэлээгүй. Я.Э эгчээс авах авлагатай юм гэж хэлсэн. Г бид хоёр Налайхад ирээд ченжид 2 адууг нийт 1 сая төгрөгөөр зараад би 400.000 төгрөгийг нь Г 600.000 төгрөгийг авсан. Бид хоёр адууг амьдаар нь ачиж явсан бөгөөд малын гарал үүслийн бичиг аваагүй юм. Мөнгөний хэрэг гараад хулгай хийчихсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26/
- Яллагдагч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын сүүлчээр Хын хамт Баруун-Уртын Гэнд бэлчиж байсан адуун дотроос хонгор морь, хээр үрээ зэргийг бариад өөрийнхөө Пусса маркийн 12-37 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Налайх яваад тэнд 2 адууг нийт 1 сая төгрөгөөр зараад би 400.000 төгрөгийг нь Х 600.000 төгрөгийг авсан. Уг 2 морийг барихад Б хамт байсан. Гэхдээ Б хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Сүүлд нь сонсоход тэр адуу Я.Э гэдэг хүний адуу байсан. Бид хоёр явахдаа малын гарал үүслийн бичиг аваагүй. Я.Э нь бид хоёроос нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 /
- Хохирогч Я.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай адуу Баруун-Уртын Гээр бэлчдэг юм аа. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 28-наас 30-ны хооронд Хавтага тамгатай нас гүйцсэн хонгор морь, хээр морь алга болсон байсан. Эрж хайсан боловч олдоогүй. Тухайн үедээ олдох байлгүй гээд цагдаад хандаагүй. Тэгээд 2018 оны 01 дүгээр сард манайхтай ойролцоо байдаг Х, Г нарыг шалгуулмаар санагдаад гомдол гаргасан юм. Гэтэл тухайн хүмүүс манай 2 адууг хулгайлсан болох нь илэрсэн. Энэ талаар Б гэдэг залуу ярьсан байсан. Би алдсан адуугаа нэгийг нь 1 сая төгрөгөөр үнэлнэ. Уяж сойж байсан зүйл байхгүй. Би алдсан адууныхаа хохирлыг нэхэмжилнэ. ...Г, Х нар нь хоёр адуу өгсөн уг адуугаа 2018 оны 05 дугаар сард өгөхөөр тохиролцсон. Надад гомдол санал байхгүй, энэ хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 6, 51/
- Гэрч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2017 оны 04 дүгээр сард би “Н” гэх газар Ж ахын 1 тооны үрээ тэжээж байсан юм. 2017 оны 04 дүгээр сарын 28-наас хойш 05 дугаар сар гараагүй байхад Г ахын 99513335 дугаарын утаснаас миний 8... дугаарын утас руу залгаад О /Х/ ах нь байна, би Г ахтай нь Улаанбаатар хот руу явах гэж байна. Чи надад Я.Э хүүхний 2 морийг бариад өг гэж хэлсэн юм. Утсаар ярьсныхаа 2-3 хоногийн дараа орой 21 цагийн орчим Г ахын Пусса маркийн 12-37 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй О /Х/ ахын хамт 3 адуу машин дээрээ ачсан Улаанбаатар хот руу явлаа гэж ирсэн. Би Я.Э эгчийн хүрэн халзан азаргатай 9 тооны адуун дотроос оодон сүүлтэй хонгор морь, хээр үрээ зэргийг барьж өгч О /Х/, Г ах нарт ачуулсан юм. Тэр 2 шууд Улаанбаатар хот руу явсан. О /Х/, Г ах хоёр бид Я.Э эгчээс авлагатай гэж надад хэлсэн. Тэгээд би барьж өгсөн юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 14/
- Баруун-Урт сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын гаргасан “нас гүйцсэн морь 1 ширхэг 800.000 төгрөг” гэсэн үнэлгээ /хх-ийн 37/
- Шүүгдэгч Х.Х, Д.Г нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32,35 /
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн засаг даргыг 2018.01.23-ний өдрийн 05/231 дугаартай, тодорхойлолт /хх-33/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн засаг даргыг 2018.01.23-ний өдрийн 02/156 дугаартай, тодорхойлолт /хх-36/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Х.Х, Д.Г нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 28-наас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Г” гэх газраас иргэн Я.Эийн 2 тооны адууг машин механизм ашиглан хулгайлсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Я.Э, гэрч Ч.Б нарын мэдүүлгүүд Баруун-Урт сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын гаргасан малын үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Х, Д.Г нарын дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.
Шүүгдэгч Х.Х, Д.Г нар нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, шунахай сэдэлтээр, мал хулгайлж бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна.
Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Х.Х, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Х.Х, Д.Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Х.Х, Д.Г нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд болно.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Х.Х, Д.Г нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч бусдад учируулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзлээ.
Х.Х, Д.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Д.Гын эзэмшлийн Пусо маркийн 12-37 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зээлийн барьцаанд хураагдаж “Хас” банкны эзэмшлийн хөрөнгө болсон нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, бичил зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр нотлогдож байх тул битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн одоо бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал байхгүй тул шүүгдэгч нараас хэрэг үйлдэхдээ ашигласан гэх машины үнийг гаргуулах шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ. Учир нь:Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг хурааж гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар заасан бөгөөд дээрхи 2 шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Х, Д.Г нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Хыг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Д.Гыг 300 / гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялтан Х.Х, Д.Г нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Х.Х, Д.Г нарыг ялыг биелүүлээгүй нөхцөлд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Д.Гын эзэмшлийн Пусо маркийн 12-37 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.Х, Д.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Ялтан Х.Х, Д.Г нарт энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, Я.Эт учирсан хохирол 2 морийг нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР