Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/76

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 202 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч холбогдох 21800000020 дугаартай эрүүгийн хэргийг 202 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд:

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 10 дүгээр сарын 16-ны өдрийн 252 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж ял хойшилсон,

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаатай хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хугацаатай хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх заалтад зааснаар 1 жил 01 сарын хугацаатай хорих ял тус тус шийтгүүлж байсан,

шүүгдэгч ******* нь 202 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багт байрлах 1 дүгээр байрны 9 дүгээр байрны подвалд байрлах ******* эзэмшлийн агуулахын цоожийг эвдэн орж хүүхдийн бэлэн хувцсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 7,29,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2. дэх заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******г (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гоос 6,939,000 (зургаан сая есөн зуун гучин есөн сая) төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын -р баг 1-р байрны тоотод оршин суух (РД:, утас: )-д олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 56 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Хэрэгт эд, мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 202 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс тоолж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 1 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.

Шийтгэх тогтоолоор ******* үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч д 16 нэрийн шинэ хувцас, 7 нэрийн хуучин хувцас буюу нийт 6,939,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг хохирлын хэмжээг дан ганц хохирогчийн мэдүүлэг /ХХ-2-25/-ийг үндэслэн ХХК-аас гаргасан /ХХ-50-52 хуудас/ байх ба хохирогч нь юуг үндэслэн тухайн агуулахад ямар нэр төрлийн, хэчнээн тооны хувцас байсан болохыг мэдүүлсэн нь тодорхойгүй, шүүх хуралдаанд хохирогч нь ...Надад тооцоо хийдэг, бүртгэдэг дэвтэр, падаан байгаа... гэж мэдүүлдэг боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй.          

Өөрөөр хэлбэл *******гийн үйлдлийн улмаас 6,939,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтын хүрзэнд бүрэн дүүрэн, хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 202/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 5-р заалтад өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа:

Хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааны хүрээнд *******гийн өмгөөлөгчөөр томилогдон түүний эрх ашгийг хамгаалан өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргасан. *******гийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч д 16 нэр төрлийн 7 шинэ хувцас, 7 нэр төрлийн хуучин хувцас буюу нийт 6,939,000 төгрөгийн хохирол учирсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн үндэслэлгүй гэж үзсэн. Хохирлын хэмжээ нь дан ганц хохирогчийн мэдүүлгийг үндэслэсэн. Уг мэдүүлгийг үндэслэсэн шинжээчийн дүгнэлт буюу ийн дүгнэлт гэсэн баримт бол хэрэгт авагдсан. Гэвч хохирогч нь өөрөө тухайн агуулахад ямар нэр төрлийн хэчнээн тооны хувцас байсан талаар тодорхой баримт ирүүлээгүй. Энэ талаар хохирогч шүүх хуралдаанд надад тооцоо хийдэг, бүртгэдэг дэвтэр падаан бол байгаа. Гэхдээ хэрэгт өгөөгүй байгаа талаар мэдүүлдэг. Энэ нь шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас ирэх 6,939,000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь хангалттай тогтоогдохгүй байна. Иймд иргэний журмаар дээрх хохирлын асуудлыг шийдвэрлэхэд нээлттэй үлдээж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан. Шүүгдэгчийн зүгээс гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүй. Шинжээчийн дүгнэлт мэдээж тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байх. Гэхдээ шинжээчийн дүгнэлт чухам юуг үндэслээд байгаа юм. Хохирогч мэдүүлэг өгөхдөө 16 төрлийн шинэ, 7 төрлийн хуучин гэдэг юмыг мэдүүлээгүй байдаг. Би дараа нь гаргаж өгнө гэдэг. Хэрэг дотор хохирогчийн бичгээр аваад гаргаж өгсөн энэ тоо ширхэгтэй эд хөрөнгө огт дурдагдаагүй. Шинжээчийн дүгнэлт дээр л нэрлэгддэг. Хохирлоо иргэний журмаар нээлттэй  нэхэмжлэхэд үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Өмгөөлөгч хохирлын хэмжээг эс зөвшөөрч гомдол гаргасан байгаа. ******* 16 нэр төрлийн шинэ хувцас, 7 төрлийн хуучин хувцас бүхий 7,29,000 төгрөгийн хохирол тогтоогдсон. Гэрч Өлзийцэцэгийн мэдүүлгээр тухайн *******гийн амьдарч байсан подвалын өрөөнд цэвэрлэгээ хийж байхдаа  *******гийн аваагүй,  мэдэхгүй байна гэх хохирогчийн алдагдсан хуучин хувцаснуудыг олж ирсэн. Ингээд дахин шинжээчийн дүгнэлт гаргаж нийт 7,29,000 төгрөгийн хохирол, үүнээс 355,000 төгрөгийн эд зүйлийг авсан учраас нэхэмжлэхгүй гээд хохирол нь 6,939,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах нь зүйтэй гэж гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч энэ хохирлоо зөвхөн хохирогчийн мэдүүлгээр гэж байгаа боловч үгүй юм. Хохирогчийн мэдүүлэг мэдээж авагдсан. Шүүх хурал дээр хохирогч өөрөө биечлэн оролцсон. Яагаад хохирлынхоо баримтыг 16 нэр төрлийн, 7 нэр төрлийн хуучин хуудас байсан бэ гэдгээ өөрийнхөө баримтыг гаргаж ирээд тайлбарласан. Шаардлагатай бол миний баримтыг авч болно гэсэн харин шүүгч болон прокурорын зүгээс шаардлага байхгүй гэсэн. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлтээр тухайн эд зүйлийнх нь тоо ширхэг нэр төрөл, бусад шинжээрээ таарч тохирч байна. Тийм учраас нотлогдож байна гэж үзсэн. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч тухайн эд зүйлийг бол хулгайлсан нь тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч энийг үгүйсгэх ямар нэгэн нотлох баримт гаргаж ирээгүй. Шүүгдэгч тухайн эд зүйлээ авснаа хүлээдэг, харин хэчнээн эд зүйлийг авснаа мэдэхгүй. Яагаад гэвэл 3 өдрийн турш тухайн эд зүйлийг зараад согтууруулах ундааны зүйл хэрэглээд одоо хэнтэй уусан, хэнд заруулах гэж өгсөн, хэчнээн төрлийн эд зүйл байсныг огт санадаггүй учраас тогтоох боломжтой. 2 дугаарт гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Тухайн цагаан шуудайтай гэж байгаа.  Хохирогч гэмт хэрэг гарсны дараа цагаан шуудайтай хувцаснууд байхгүй байна гэдэг бөгөөд үүнийг гэрчүүд хэлдэг. *******гийн амьдарч байсан өрөөнд ороход ******* тасарчихсан байсан. Харин цагаан шуудайтай хувцаснууд байсан гэдэг. Цагаан шуудайтай 3 хувцаснуудыг ******* авсан болох нь тогтоогдож байна гэж үзэж байгаа. Тийм учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч ******* 16 нэр төрлийн шинэ хувцас, 7 нэр төрлийн хуучин хувцсыг ******* авсан болох нь тогтоогдож байна. Иймд  шийтгэх тогтоол л үндэстэй гэж үзэж байгаа. Ингээд 27 дугаартай 202 оны 6 сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос шүүгдэгч *******г 202 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багт байрлах 1 дүгээр байрны 9 дүгээр орцонд байрлах подвалд байрлах ******* эзэмшлийн агуулахын цоожийг эвдэн орж хүүхдийн бэлэн хувцсыг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль бусаар авч 729000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасныг журамлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6939000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч д олгохоор шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч зүгээс гэмт хэрэг үйлдээгүй гэж маргадаггүй боловч гэмт хэргийн хохирол, хохирлын үнэлгээг тогтоосон “ ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээг эс зөвшөөрч байх ба шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээний объектын талаарх мэдээлэл үгүй, зөвхөн мөрдөгчийн тогтоолд дурдсан нэр төрлийн дагуу үнэлгээ тогтоосныг үнэн зөвд тооцсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд шууд нөлөөлжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тусгайлан хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршдог билээ.

Өөрөөр хэлбэл, нотолбол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, гэм бурууг тогтоох, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтдог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна хэргийн үйл баримтыг ямар нэгэн эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргахгүйгээр нотлон тогтоосны дараа тухайн этгээдийн эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч мэдүүлэхдээ...”би лангуун дээрээ зарж байсан үлдэгдэл хавар, зун, намрын хүүхдийн бэлэн хувцаснуудыг хадгалчихсан байсан юм. Тухайн бэлэн хувцаснуудыг нэр төрөл, тоо, ширхгээр нь дэлгэрэнгүй байдлаар гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх-25/, дахин хохирогчоор мэдүүлэхдээ...”хулгай хийсэн залуугийн амьдарч байсан подвалоос ...миний хавар, намрын богино түрийтэй гутал 1 хос 2 ширхэг, өвлийн урт түрийтэй гутал 1 хос, манай ээжийн гутал, миний өвлийн урт түрийтэй гутал 1 хос, богино ханцуйтай ноосон желетикэн цамц 1 ширхэг, манай алдагдсан хүүхдийн хувцас байсан цэнхэр өнгийн шуудай зэрэг зүйлс олдсон байсныг би хүлээж авсан” гэх мэдүүлэг /хх-27/ зэрэгт үндэслэн шүүгдэгч *******гийн хулгайлсан эд зүйлсийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлэг гаргагчийн мэдүүлгийн эх сурвалжийг нягталж шалгалгүйгээр зөвхөн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл мэдүүлэг өгөгчийн мэдүүлэг дангаар нотлох баримт болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байхад шүүгдэгч *******г гэм буруутайд тооцож, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 6939000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ өмгөөлөгч “шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас дээрх хохирол учирсан нь тогтоогдохгүй байна” гэх саналд дүгнэлт хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******гийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.

         2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                                                           З.ТӨМӨРХҮҮ