| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0068/э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 84
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг, Х.Эрдэнбаатар
Шүүгдэгч Т.Э, А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн яллагдагч Т.Э, А.С нарт холбогдох 1830000720062 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3 ээж дүүгийн хамт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг, “Х” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялаа эдэлж дууссан А.С
2. Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2000 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Т.Э
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтээр/
Яллагдагч А.С нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р баг, ...хашаанд иргэн М.Гийн гэрт 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдөр Т.Эыг хутгалж, эрүүл мэндэд нь “баруун гарын сарвууны 2,4,5 дугаар хурууны зүсэгдсэн шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Т.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ...хашаанд иргэн М.Гийн гэрт 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдөр А.Сыг зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхины цус хуралт, толгойн үстэй хэсгийн болон баруун хөмсөг, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч А.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Эт манай эхнэрийг битгий уруу татаад архи уугаад байгаарай гэж л хэлэх байна гэв.
- Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: би тэр орой Гтэй 0.33 литрийн архи уугаад сууж байхад С хаалга балбасан. Г манай нөхөр байна гээд хаалгаа нээхгүй байсан. Би нээгээд өг гэхэд Г “одоо орж ирээд чамайг ална гэчихнэ” гэж хэлсэн. Нилээн байж байгаад хаалгаа нээхэд С чамайг ална гээд хутга далайгаад хутгалсан. Би гараад Т дүүгээ дуудахад Т гарч ирээд хашааны буланд барьж байхад нь би очоод Сыг мөргөсөн. Тэгээд гэртээ ирээд цагдаа дуудсан. Цагдаа нь намайг эмнэлэгт үзүүлчихээд ир гэсэн гэв.
- Хохирогч А.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
- Хохирогч Т.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
- Шүүгдэгч А.С мөрдөн байцаалтанд өгсөн: “…2018 оны 02 дугаар сарын 26-ний орой Э гэх айлд 2 шил архи хувааж уусан. Тэгээд хамтран амьдрагч М.Гийн гэрт буюу ... тоотод байдаг гэр рүү нь очтол хаалгаа тавихгүй байсан. М.Г нь “манай нөхөр ирчихсэн байна, чи яах гээд байгаа юм бэ, яв” гээд оруулахгүй байсан. Тэгээд би хаалгыг нь балбаад байсан чинь тавьсан. Гэрт ороход Э болон М.Г нар архи уучихсан байсан. Э нь намайг харчихаад “чи архи авчраагүй л байна ш дээ” гэхээр нь би “та нарт яагаад архи авчирч өгөх ёстой юм бэ” гээд өмднийхөө арын халааснаас хутга гаргаж ирээд Эыг айлгах гээд дайрсан юм. Гэтэл Э миний хутганы ирээс барьж хуруугаа зүссэн байсан. Тэгээд би Этай зууралдаад гадаа гартал Т.Э “Т” гэж бахиртал хажуу талын хашаанаас түүний дүү Т нь гарч ирээд намайг хашаанд шахаж зогсоогоод явуулахгүй “цагдаа дуудна” гээд зогсож байтал Т.Э ирээд миний баруун нүд рүү болон уруул руу цохиж гэмтэл учруулсан. Т.Э бид хоёр хоорондоо эвлэрч учраа олсон, надад ямар нэгэн гомдол, тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-34-35/
- Шүүгдэгч Т.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “…2018 оны 02 дугаар сарын 26-ний өдөр би М.Гийн гэрт очиж түүнтэй 0.33 литрийн архи хувааж уугаад сууж байтал тэдний хаалгыг С нь балбаад байсан. тэгээд эхлээд хаалгаа тавьж өгөхгүй байж байгаад М.Г гэрийнхээ хаалгыг тавьж өгөхөд С гаднаас орж ирээд шууд намайг ална гээд хутга бариад дайрсан. Би хутганы ир хэсгээс нь барьж авахад шууд шувтарч аваад миний гарыг зүссэн.Би гэрээс гараад дүү Тг дуудсан. Т ирээд гэр дотроос Сыг чирээд гаргаад ирсэн. Би Стай заамдалцаж байгаад түүнийг нэг удаа мөргөсөн. Гэр дотор маргалдах үед нь М.Г, С бид 3 байсан. Харин дараа нь гэрийн гадаа манай дүү Т.Т нэмэгдэж ирсэн. Өөр хэн нэгэн байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31/
- Хохирогч А.С мөрдөн байцаалтанд өгсөн: “…2018 оны 02 дугаар сарын 26-ний орой Э гэх айлд 2 шил архи хувааж уусан. Тэгээд хамтран амьдрагч М.Гийн гэрт буюу ... тоотод байдаг гэр рүү нь очтол хаалгаа тавихгүй байсан. М.Г нь “манай нөхөр ирчихсэн байна, чи яах гээд байгаа юм бэ яв” гээд оруулахгүй байсан. Тэгээд би хаалгыг нь балбаад байсан чинь тавьсан. Гэрт ороход Э болон М.Г нар архи уучихсан байсан. Э нь намайг харчихаад “чи архи авчраагүй л байна ш дээ” гэхээр нь би “та нарт яагаад архи авчирч өгөх ёстой юм бэ” гээд өмднийхөө арын халааснаас хутга гаргаж ирээд Эыг айлгах гээд дайрсан юм.
Гэтэл Э миний хутганы ирээс барьж хуруугаа зүссэн байсан. Тэгээд би
Этай зууралдаад гадаа гартал Т.Э “Т” гэж бахиртал хажуу талын хашаанаас түүний дүү Т нь гарч ирээд намайг хашаанд шахаж зогсоогоод явуулахгүй цагдаа дуудна гээд зогсож байтал Т.Э ирээд миний баруун нүд рүү болон уруул руу цохиж гэмтэл учруулсан. Т.Э бид хоёр хоорондоо эвлэрч учраа олсон, надад ямар нэгэн гомдол, тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,/хх-ийн 8 /,
- Хохирогч Т.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “…2018 оны 02 дугаар сарын 26-ний өдөр би М.Гийн гэрт очиж түүнтэй 0,33 л-ийн архи хувааж уугаад сууж байтал тэдний хаалгыг С нь балбаад байсан. тэгээд эхлээд хаалгаа тавьж өгөхгүй байж байгаад М.Г гэрийнхээ хаалгыг тавьж өгөхөд С гаднаас орж ирээд шууд намайг ална гээд хутга бариад дайрсан. Би хутганы ир хэсгээс нь барьж авахад шууд шувтарч аваад миний гарыг зүссэн.Би гэрээс гараад дүү Тг дуудсан. Т ирээд гэр дотроос Сыг чирээд гаргаад ирсэн. Би Стай заамдалцаж байгаад түүнийг нэг удаа мөргөсөн. Гэр дотор маргалдах үед нь М.Г, С бид 3 байсан. Харин дараа нь гэрийн гадаа манай дүү Т.Т нэмэгдэж ирсэн. Өөр хэн нэгэн байгаагүй. ...А.С бид хоёр хоорондоо эвлэрч учраа олчихсон. Надад ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 6/
- Гэрч М.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн:“… 2018 оны 02 дугаар сарын 26-ны орой манай гэрт Т.Э нь согтуу нэг шил архитай орж ирээд надтай тэр архиа хувааж уусан. Удалгүй А.С манай гэрийн гадаа ирж хаалга балбаад байхаар нь хаалгаа нээж өгтөл гаднаас А.С нь хутга бариад согтуу орж ирээд намайг Этай хардаад “янхан гичий Этай унтаж хэвтлээ” гээд байсан. Гэтэл Т.Э “пизда минь чамаас би хариугаа авна” гэж маргалдаж байтал А.С нь Т.Э руу хутга бариад дайртал Т.Э хутганы үзүүр хэсгээс бариад авахаар нь би хутгыг авч болиулсан. Тэгээд Т.Э, А.С хоёр хоорондоо зодолдоод гэрээс гарсан. Эын баруун гарын хэдэн хуруу зүсэгдсэн, Сы баруун нүд хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг, / хх- 10/
- Гэрч Т.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Хашааны цас арилгаж байтал Гийн хашаанаас Т гэж манай ах Э бахирахаар нь гүйгээд очтол гэрээс Э ах “Сг битгий гаргаарай” гэтэл хажууд нь байсан Г “С Э ахын чинь гарыг хутгалсан” гэж байсан. Би Сг хашаанд налж хорьж байтал Э ах ирээд Сг мөргөж байсан” гэх мэдүүлэг / хх-12-13/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 125 дугаар дүгнэлтэнд: 1. А.Сы биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, толгойн үстэй хэсгийн болон баруун хөмсөг, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцралт,дээд уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл учирчээ.2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хх-17-18/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 126 дугаар дүгнэлтэнд: 1. Т.Эын биед баруун гарын сарвууны 2,4,5 дугаар хурууны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-21/
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол, /хх-1 х /
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багийн Засаг даргын 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 3/195 дугаартай албан тоот, / хх-н 37 х /
- Т.Э, А.С нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-н 39, 45 х /
- Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоол, /хх-н 41 х /
- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 48 тоот шийтгэх тогтоол, /хх-н 48-49 х /
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар талаарх прокурорын санал, / хх-н 46 х / зэрэг болно.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар шүүгдэгч Т.Э, А.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд хангагдсан буюу шүүгдэгч Т.Э, А.С нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирол, нэхэмжлэх зүйлгүй тул тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.С нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ...8 тоот хашаанд иргэн М.Гийн гэрт 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдөр Т.Эыг хутгалж, эрүүл мэндэд нь “ баруун гарын сарвууны 2,4,5 дугаар хурууны зүсэгдсэн шарх бүхий ” хөнгөн хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч Т.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ...8 тоот хашаанд иргэн М.Гийн гэрт 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдөр А.Сыг зодож эрүүл мэндэд нь “ баруун нүдний дээд зовхины цус хуралт, толгойн үстэй хэсгийн болон баруун хөмсөг, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцралт, дээд уруулын дотор талын салстын нь баруун нүдний дээд зовхины цус хуралт, толгойн үстэй хэсгийн болон баруун хөмсөг, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцралт, дээд уруулын дотор талын салстын язарсан шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэрч М.Г, Т.Т нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн эмчийн 125,126 тоот дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Э, А.С нарыг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэдгээр нь бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсэн атлаа бусдын эрүүл мэндэд зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Т.Э, А.С нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Т.Э, А.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Т.Э, А.С нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Т.Эыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Шүүгдэгч А.Сыг 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн энэ хэргийн шүүгдэгч Т.Э нь шүүгдэгч А.Сы хамтран амьдрагч М.Гтийн гэрт очдог, архи уудаг асуудлаас болж өмнө нь С Т.Эыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж байсан, /Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 48 тоот шийтгэх тогтоол/, шүүгдэгч А.Сы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Т.Эыг дахин битгий манай эхнэрийг уруу татаж байгаарай гэсэн хүсэлт, мөн өмгөөлөгч Эрдэнэбаатарын Т.Эыг М.Гтэй уулзуулахгүй байх, хамтран архи уухгүй хязгаарлалт тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Эт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3-т заасан тодорхой газарт очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хийгээд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Э, А.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, гомдол, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдав.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн бариултай 23 см хутгыг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.С, Т.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч А.Сыг 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Э, А.С нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3-т заасаныг баримтлан шүүгдэгч Т.Эт шүүгдэгч А.Сы хамтран амьдрагч М.Гийнд очих, харьцах, хамтран архи уухгүй байх хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Эыг уг хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
6. Ялтан Т.Э, А.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн бариултай 23 см хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Ялтан Т.Э, А.С нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР