Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар   2024/ДШМ/1047

 

 

 

 

П.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа,   

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/504 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Л-д холбогдох эрүүгийн 2410000000595 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б овгийн П.Л ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч П.Л нь “К банкнаас 550,000,000 төгрөгийн зээл гаргаж өгнө таньдаг хүн байгаа урьд нь хамтарч зээл гаргаж байсан” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч А.Э-аас 2023 он 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадам центрийн хажууд байхад нь 15,000,000 төгрөгийг Хас банкны 5002ххххххх тоот дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

     Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт П-ийн Л-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууц замаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш ер хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй хорих ялаар солихыг ялтанд тайлбарлаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг А.Э-д нөхөн төлснийг тэмдэглэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Х.Ургаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Х.Ургаа нь тус шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа: “...1. 2410000000595 дугаартай эрүүгийн хэрэг нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татахаар болжээ. Тухайн эрүүгийн хэрэг үүсгэж шалгахдаа хохирогч, яллагдагч гэж тодорхойлогдсон иргэдийн хооронд байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3561 дугаар зээлийн гэрээг огт дурьдаагүй бөгөөд энэхүү зээлийн гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байсаар байгаа бөгөөд тухайн иргэдийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Энэхүү гэрээнд оролцогч талууд гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн болно. Гэрээг тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, гэрээний агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан бөгөөд бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлд авталгүйгээр, бидний хүсэл зоригт бүрэн нийцсэн тул нотариатчийн ажлын байранд Ц.Ц-д түүний дэргэд гарын үсэг зурсан болно гэжээ.

Анхан шатны шүүхээс иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх байдалд дүгнэлт хийхдээ зээл гаргуулахын тулд эхлэж зээлийн гэрээ байгуулж хийдэг гэсний дагуу хохирогч А.Э нь зээл гаргуулах урьдчилгаа төлбөрт 15,000,000 шилжүүлж өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн боловч дээрх дүгнэлт нь чухам ямар байдлаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй. Зөвхөн хохирогч өөрөө зээлийн гэрээ байгуулах санал гаргаснаа шүүх хуралдаанд хэлдэг энэхүү байдалд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн буруу болсон. Уг агуулга бүхий зээлийн гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр энэхүү иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан бичиг баримт нь хэвээр хадгалагдсаар атал энэхүү байдалд анхан шатны шүүхээс ямар нэгэн хууль зүйн болон эрүүгийн эрх зүйн онолын дүгнэлт хийлгүйгээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 13-д “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалтай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээнд ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь, мөн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байх бөгөөд энэхүү нотлох баримтаар П.Л-гийн үйлдэл залилан мэхлэх гэмт хэрэг байсан уу аль эсвэл иргэний эрх зүйн харилцаа байсан уу гэдэг нь эргэлзээ төрөхүйц байгаа бөгөөд уг нотлох баримтыг үнэлээгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн хэргийн жинхэнэ бодит байдлаас зөрсөн.

Эрүүгийн 2410000000595 дугаартай хавтаст хэрэгт зөвхөн хохирогч л залилсан гэсэн ганц мэдүүлэг байдаг. Мөн М гэдэг хүний мэдүүлэг авагдсан байдаг бөгөөд тухай мэдүүлэгт Л нь Э-ыг залилсан талаарх ямар нэгэн эх сурвалж зааж мэдүүлсэн зүйл байхгүй байдаг. Үүнээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоохгүйгээр нотлох баримтыг огт үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь энэ хуулийн 1.1-д “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах...” хуульчилсан бөгөөд энэхүү хэргийг мөрдөн шалгах явцад дээр дурьдсан хуулийн зорилт огт хэрэгжээгүй төдийгүй мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт тухайн зээлийн гэрээ байгуулагдсан талаарх ажиллагаа огт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт зөрчигдөж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан бөгөөд хуульд заасан энэхүү ажиллагааг бүрэн хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн яллагдагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголтыг агуулдаг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд тодорхойлсон бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэж тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийг аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай, харин дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах үйл ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог. Гэтэл энэхүү гэмт хэргийг дүгнэхдээ субъектив санаа зорилго агуулж байсан уу гэдэг дүгнэлт хийлгүй зөвхөн объектив яллах ажиллагаа хийгдсэн байна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэмт хэргийн шинжгүй” байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.     

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, зээлийн гэрээнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй гэж өмгөөлөгч ярьж байна. Гэвч гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг бүрэн тогтоосон. П.Л, А.Э нар өмнө нь харилцаа хамаарал бүхий хүмүүс биш. А.Э нь П.Л-г өмнө зээл гаргаж өгч байсан, таньдаг хүнээр яриулбал хурдан бүтээж өгөх юм байна гэсэн найдварын үндсэн дээр түүний утасны дугаарыг хүнээс олж аваад холбогдон 550,000,000 төгрөгийн зээлийг гаргуулахын тулд 15,000,000 төгрөгийг өгсөн. Зээлийн гэрээ байгуулсан, иргэний эрх зүйн харилцаа байхад эрүүгийн журмаар шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж байгаа хэдий ч огт танихгүй хүнд, анх удаа уулзаад 15,000,000 төгрөгийг зээлж, гэрээнд заасны дагуу буцаан авахаар тохирох үндэслэл байхгүй. Анхнаасаа зээл гаргаж өгөх боломжгүй хүн зээл гаргаж өгнө гэж хэлээд хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон А.Э-аас 15,000,000 төгрөгийг авсан. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч М, Я нарын мэдүүлгийг үзвэл бүгд зээлтэй холбоотой зүйл ярьдаг бөгөөд зээл гаргуулах гэсэн санаа сэдлийг нь ашиглаж мөнгө авч буй үйлдэл харагддаг. Банкинд ажилладаг М-тэй П.Л холбогдсон гэдгийг мэдүүлдэг. Тийм учраас гэмт хэргийн санаа сэдэл хөдөлбөргүй тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгсөн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч П.Л-д холбогдох 2410000000595 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч П.Л нь “К банкнаас 550,000,000 төгрөгийн зээл гаргахад урьд нь хамтарч зээл гаргаж байсан хүнээрээ гаргуулна” гэж А.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хохирогч А.Э-аас 2023 он 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадам центрийн хажууд байхад нь 15,000,000 төгрөгийг Хас банкны 5002ххххххх тоот дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч А.Э-ын “...Лгийн гар утасны дугаар руу яриад зээл гаргуулах гэсэн юм гэж хэлсэн чинь болно, бүтнэ таньдаг хүн байгаа найз маань Капитрон банканд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М гэдэг хүн байгаа гэж хэлээд би уулзсан... ...М бид хоёр урьд нь хэд хэдэн зээлийг гаргаж байсан туршлагатай гэж хэлээд 550.000.000 төгрөгийн зээлийн чинь 8 хувь гэж хэлэхээр нь би өндөр байна та доошоо буулгаач гэж хэлэхэд 6.5 хувь болгоод хувиа тохирсон чинь надаа урьдчилгаа мөнгө хэрэгтэй, би хүнээс юм гуйж байгаа юм чинь гэхээр нь би хэдэн төгрөг хэрэгтэй юм гэж хэлсэн чинь 6.5 хувийн тал нь гэхээр нь би үгүй өшөө доошоо буулгаач гэж хэлээд ярилцаад 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан- Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн хажууд байдаг нотариатын газарт Л-тэй уулзаж 15 сая төгрөг өгсөн, 14-30 хоногийн дараа бүтнэ гэсэн...” /хх-ийн 9-10/,

гэрч Г.М-ийн “...Л гэдэг хүн миний нэрийг барьж бусдаас мөнгө гүтгэж аваад байгаад би бас гомдолтой байна. Энэ оны 03 дугаар сард байх шиг хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Нэрийг нь мэдэхгүй байна нэг хүн надтай утсаар яриад би банкнаас зээл авах гээд Л гэдэг хүнд 15,000,000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг танд өгсөн гэдэг зүйлийг яриад байна гэж надтай ярихаар нь би тухайн хүнд би ямар нэгэн мөнгө авсан зүйл байхгүй. Хэрвээ тийм зүйл яригдсан бол яаралтай цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн нь дээр гэдэг зүйлийг хэлсэн...” /хх-ийн 14-16/,

гэрч Б.Я-ын “...Л гэдэг хүн өөрөө надаа таньдаг хүн байгаа асуудалгүй чиний хүсээд байгаа 550.000.000 төгрөгийг 14 хоногт бүтээж өгнө гэж 2023 оны 10 дугаар сарын 09-ний Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Токио тауны гадаа уулзсан. Тэгтэл өнөөдрийг хүртэл тухайн зээл нь гараагүй. Би арга бараад Капитрон банкны ТУЗ-ын гишүүн М-тэй утсаар яриад асуусан чинь Л гэдэг хүнийг танина гэхээр нь би дүү маань танай банкнаас зээл авах гээд танд 15,000,000 төгрөгийг дүгээс маань аваад танд өгнө гэж хэлээд авсан. Тэгтэл өнөөдрийг хүртэл зээл гаргаагүй байна гэж хэлсэн чинь би огт мөнгө аваагүй гэхээр нь та тэгүүл Л-д хэлээд өгөөч гэж хэлсэн чинь за гэж хэлээд Л-гийн гар утас руу мессеж явуулсан гээд над руу зэргийг нь дараад явуулсан. Тухайн үед Л-д 15,000,000 төгрөг өгсний дараа дүү маань зээлийн хурлаар ороод таны зээл гарахгүй гэсэн шийдвэр гарахаар нь Л-гээс мөнгөө авмаар байна гэдэг шаардлага тавьсан чинь өнөөдрийг хүртэл дүү маань мөнгө аваагүй. ...” /хх-ийн 19-21/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч П.Л нь хохирогч А.Э-ыг “...Капитрон банкнаас 550,000,000 төгрөгийн зээл гаргаж өгнө таньдаг хүн байгаа, урьд нь хамтарч зээл гаргаж байсан...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, А.Э-аас 15,000,000 төгрөгийг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох ...замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.

“Капитрон банкнаас 550,000,000 төгрөгийн зээлийг таньдаг хүнээрээ туслуулан гаргаж өгнө” гэсэн П.Л-гийн хуурсан, төөрөгдөлд оруулсан байдалд итгэн А.Э 15,000,000 төгрөгөө П.Л-д өгсөн байна. А.Э, П.Л нар хоёр талаас тохиролцон, нэг нь зээлүүлж нөгөө нь зээлж авснаа баталгаажуулж зээлийн гэрээ хийгдээгүй буюу иргэний эрх зүйн харилцаа тэдний хооронд үүсээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарын хамтран гаргасан  “...залилах гэмт хэргийн шинжгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн П.Л-гийн үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-уудаас П.Л-гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд торгох ялыг сонгож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн “Залилах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирчээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/504 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ