Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/01528

 

 

 

 

2025 09 08 312/ШШ2025/01528

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч:

зээлийн гэрээний үүрэгт 3,165,064.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ХХК нь 2021 оны 10-р сарын 14-ний өдөр 2110438 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 2,199,800 /Хоёр сая нэг зуун ерэн есөн мянга найман зуун/ төгрөгийг сарын 3.3% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн интернэшнл ХХК-иас Samsung А52 загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн Интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь ******* тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж нийт 1,401,100 /Нэг сая дөрвөн зуун нэг мянга нэг зуун/ төгрөг төлсөн ба 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлөлтийн 899 хоногийн хугацаа хэтрэлттэй болно. Зээлийн гэрээний 3.2-т ноцтой зөрчил гэж зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй, бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3, 4.2.12, 4.2.13, 4.2.14 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Тиймээс дээрх төлбөр болох нийт 3,165,064.35 /Гурван сая нэг зуун жаран таван мянга жаран дөрвөн төгрөг 35 мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Д.******* нь ******* ХХК-иас нэхэмжилсэн 3,165,064.35 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,165,064.35 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 3,165,064.35 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,592 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 32,796 төгрөгийг, төрийн сангаас 32,796 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 3,165,064.35 төгрөгийг хариуцагч Д.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,592 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 32,796 төгрөгийг, төрийн сангаас 32,796 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ