Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00462

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00462

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00023 дугаар шийдвэртэй

А ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох

хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уа, түүний өмгөөлөгч П.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөөгч Э.Уын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01408 дугаар захирамж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 00754 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 20390634 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу төлбөр төлөгч О.Мт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр төлөгчийн эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хураан авсан. 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолуудын дагуу хураан авсан эд хөрөнгүүдийг үнэлүүлж, үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр талуудад мэдэгджээ. Анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах болсныг талуудад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, уг тогтоолын хугацааг сунгасны дагуу хойшилсон. Анхны дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, уг дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутанд зохион байгуулахаар болсон талаарх мэдэгдлийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд дуудлага худалдаанд оролцохоор болсон. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 цаг 00 минутанд хөл хорио дуусч, ажил эхэлсэн өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудаснаас 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар зарласныг мэдсэн. Ийнхүү Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болгон хойшлуулсныг тухайн үеийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Гэвч А ХХК-ийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах дуудлага худалдааг мөн оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт болохыг өөрөө олж мэдсэн. Иймээс хөрөнгийн дуудлага худалдаанд оролцохоор 720 799 050.3 төгрөгийг кассанд тушаахаар бэлнээр авчирсан боловч банкинд тушааж баримтыг авчир гэсэн өөрчлөгдсөн шаардлагын улмаас үүдэн цаг хугацаа алдаж дуудлага худалдаанд оролцох эрхээ эдлэх боломжгүй болгосон. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажлын цаг 17:30 цагт дуусах ёстой байтал ямар хууль, дүрэм журмыг үндэслэн дэнчин авах цагийг 16:58 цагт дуусгавар болгосон нь ойлгомжгүй байсан. Мөн Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 цаг хүртэл нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосон энэ нөхцөл байдлын үед албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад товлосон нь дуудлага худалдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй. Нэгэнт дуудлага худалдаанд оролцох эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн тул арга буюу төлбөр авагч А ХХК-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б-60 тоот албан бичгээр гаргаж, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 08 цаг 30 минутанд танилцуулахад манай хүсэлтийг хүлээн авах боломжтой тухайгаа илэрхийлж, хүсэлтээ засаад ир гэсний дагуу засварласан. Тус газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Оюунцэцэгт танилцуулахад манай бичгээр гаргасан хүсэлтэд хариу өгөлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан. Уг дуудлага худалдаагаар манай банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авахаар сонирхогч иргэн, хуулийн этгээд дэнчин байршуулаагүй тул үнэ хаялцах ажиллагаа огт явагдаагүй. Иймд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б-87 тоот албан бичгээр 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэрийг цуцалж, дуудлага худалдааг дахин явуулж өгөхийг хүссэн агуулга бүхий гомдлыг бичгээр гаргаж, дээрх хүсэлт болон гомдлын хариуг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 175 тоот хариу мэдэгдэх хуудасаар дэнчин авах ажиллагааг зохион байгуулж дуусах үед буюу 16 цаг 58 минутад тус газрын Худалдаа, хөгжлийн банкинд дэнчин байршуулсан тул дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлж, хүсэлтээ өгөх гэж хандахад баримтын бүрдэл дутуу буюу танай банкнаас итгэмжлэл олгогдоогүй тул бүртгэхээс татгалзсан гэх хариуг өгсөн. Манай зүгээс албан ёсоор олгосон итгэмжлэл, төлбөр тушаасан баримтыг бүрэн бүрдүүлсэн байсан. Түүнчлэн, банкны зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б-219 тоот албан бичгээр дахин гомдол гаргасан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй тул 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 4 дэх удаагаа дахин гомдол гаргахад 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2/544 тоот хариу мэдэгдэх хуудасаар 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/175 тоот албан бичгээр хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох боломжгүй гэх хариуг өгсөн. Иймд албадан дуудлага худалдаанд оролцуулах боломжийг олгож, дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хоёр дахь дуудлага худалдааг хуулийн дагуу дахин зохион явуулсан бол тус банкны үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүд орлогдож банкны өр авлага барагдах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Иймээс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бгийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 000000 дугаар захирамжаар О.Маас 1 676 360 756.96 төгрөгийг гаргуулж, А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч О.Мын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 20390634/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө хураан авах 20390634/03 дугаар тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч О.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл дээрх эд хөрөнгөд шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 9/489, 9/490, 9/491 дүгээр тогтоолоор шинжээч томилсон. Үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт оруулах, 12/40, 12/41, 12/42 тоот тогтоолууд болон мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Аны итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн. Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зарлагдсан анхны албадан дуудлага худалдаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Бүх нийтийн бэлэн байдал буурсантай холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт явуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4-136/170, 171, 172 дугаар мэдэгдэл болон анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг мөн өдөртөө Аинд баталгаат шуудангаар хүргүүлсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт явуулахаар зарласан боловч Улсын онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр хурлын шийдвэрээр 2.1-2.23-ны 6 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тул хоёр дахь албадан дуудлага худалдааг хойшлуулсан тухайгаа нийтэд мэдээлж, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт явуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-136/2252, 2253, 2254 дугаартай мэдэгдэл болон тогтоолыг тухайн өдөртөө баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт зохион байгуулах үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оролцогчдыг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутаас 12 цаг 00 минут, 14 цаг 00 минутаас 17 цаг 00 минутийн хугацаанд бүртгэж, дэнчинг хүлээн авсан. Дэнчин авах ажиллагааг зохион байгуулж дуусах үед буюу 16 цаг 58 минутад Аны ажилтнаас тус газрын Худалдаа, хөгжлийн банкинд дэнчин байршуулсан тул дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлж, хүсэлтээ өгөх гэж худалдан борлуулах ажиллагаа хариуцсан ажилтанд хандахад баримтын бүрдэл дутуу буюу Анаас итгэмжлэл олгогдоогүй байсан тул бүртгэхээс татгалзсан. Нэхэмжлэлд дурдсан дуудлага худалдаанд оролцох, дэнчин байршуулах эрхээ эдлэх боломжит хугацаагаар хангаагүй гэх гомдол үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хуульд заасан хугацаанд хүргүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгч О.Мын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Соёл амралтын Жамьян гүний гудамж 22 дугаар барилга, 301 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203036333 дугаартай, 132.62 м.кв талбайтай, 302 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203036331 дугаартай, 89.39 м.кв талбайтай, 303 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203036356 дугаартай, 110.8 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгүүдэд хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бгийн давж заалдах гомдлын агуулга: ... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 184/Ш32020/07309 дугаар захирамжаар О.Маас 1,676,360,756.96 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч О.Мын өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг битүүмжилж хураасан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч О.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл дээрх эд хөрөнгөд шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 9/489, 9/490, 9/491 дүгээр тогтоолоор шинжээч томилсон. Үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт оруулах 12/40, 12/41, 12/42 тоот тогтоолууд болон мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Аны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэгтэд биечлэн гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн. Бүх нийтийн бэлэн байдал буурсантай холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт явуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4-136/170, 171, 172 дугаар мэдэгдэл болон анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг мөн өдөртөө Аанд баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт явуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 4-136/2252, 2253, 2254 дугаартай мэдэгдэл болон тогтоолыг тухайн өдөрт нь баталгаат шуудангаар хүргүүлсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар тус газар нь хоёр дахь албан дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад баталгаат шуудангаар хүргүүлсэн байхад шүүх нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн А нь хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар тус газарт хандаж 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гомдолд НШШГГ-аас 2021 оны 03 . дугаар сарын 31 -ны өдөр хариу мэдэгдэх хуудсаар гомдлын хариуг өгчээ. А нь гомдлын хариуг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байхад шүүх энэ хугацааг анхаарч үзэлгүй эрх бүхий албан тушаалтнуудад шат дараалан гомдол гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уа, П.М нарын хариу тайлбарын агуулга: ... Н нь хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол, мэдэгдлийг А ХХК-д хүргүүлээгүй бөгөөд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дахин товлосон тогтоол, мэдэгдлийг өмнөх мэдэгдлүүдтэй хамт хүргүүлсэн гэх боловч шуудангийн дардасны огноо тодорхойгүй, шууданг хүлээн авсан баримт байхгүй, хүлээн авсан Удирдах албан тушаалтны гарын үсэг, гардуулсан огноог тэмдэглээгүй байгаагаас үзвэл хуульд заасан журмын дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт явуулах талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчид аливаа хэлбэрээр мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан тэмдэглэлийг хөтөлж баталгаажуулах арга хэмжээ аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбараар тус тус нотлогдоно. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг А ХХК-д хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тогтоол мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Банкны зүгээс хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б-87 дугаар, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б-219 дүгээр албан тоотоор гомдол гаргасан бөгөөд тус газраас удаа дараа гомдлын хариу тайлбарыг шаардаж байсан боловч хариу өгөөгүй тул арга буюу дээрх гомдлуудаа нэгтгэн 2021 оны 08 дугаар сарын 18- ны өдөр Б-495 дугаар албан тоотоор дахин гомдол гаргасан болно. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь гомдлын хариуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2/544 дугаар Хариу мэдэгдэх хуудас-аар хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Уг хариуг эс зөвшөөрч, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б-578 дугаар албан тоотоор Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаснаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04/2317 дугаар Гомдолд хариу өгөх тухай албан тоотыг хүлээн авч хуулийн хугацаанд шүүхэд гомдол гаргасан юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан дээрх гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч А ХХК нь Нт холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ ...хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүргүүлээгүй гэж тайлбарласныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргаж маргажээ.

 

4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/001408 дугаар захирамжаар нэхэмжлэгч А ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчийн нэхэмжлэлтэй О.Мт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,499,999,537.49 төгрөг, зээлийн хүү 176,956,109.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 405,109.92 төгрөг нийт 1,676,360,756.96 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.10-11/

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 20390634 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай 20390634/02 тоот тогтоолоор нэрлэн заагдсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Эд хөрөнгө хураах тухай 20390634/03 тоот тогтоолоор дээрх эд хөрөнгүүдийг хураажээ. /хх.103-109/

 

6. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж барьцаа хөрөнгүүд болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ. /хх.116-128/

 

7. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анхны дуудлага худалдаагаар ...үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/21, 2/22, 2/23 дугаар тогтоол гарч хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар товлосон байна. /хх.143-144/

 

8. Зохигчид хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүргүүлсэн эсэх талаар маргаж, хариуцагч байгууллага А нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4-136/1795, 4-136/1796, 4-136/1797 дугаар мэдэгдэх хуудсаар хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах болсныг А ХХК-д тус тус мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн гэсэн тайлбар гаргажээ.

 

Хэргийн 144-148 дугаар талд авагдсан дээрх баримтад Монгол шуудан ХК-ийн дардас дарагдсан байх боловч он, сар, өдөр гаргацгүй, тодорхойгүй байдлаар дарагдсан байна. Иймд хэрэгт авагдсан баримтаар хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар хуульд заасан хугацаанд мэдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл, тухайн мэдэгдлийг Монгол шуудан ХК-д хийсэн огноо тодорхойгүй байгаагаас уг мэдэгдлийг хэзээ хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Иймд хариуцагч байгууллагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

9. Түүнчлэн хариуцагч Н нь дээрх мэдэгдлүүдийг төлбөр авагч А ХХК-ийн хаягаар хүргүүлсэн бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 9.30 цагт жолооч н.Батболдод гардуулсан гэх боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь буруу биш байна. /хх.150/

 

10. Мөн Н нь хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр авагч А ХХК-ийн хаягаар хүргүүлж, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэ талаар утсаар мэдэгдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдсэн эсэх нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

11. Иймд анхан шатны шүүх барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдэд хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

12. Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн заалтыг зөв баримтлаагүй байх тул уг үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00023 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт ...63 дугаар зүйлийн 63.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д гэснийг ...122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ц.ИЧИНХОРЛОО