Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 91

 

           Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх  саналтай ирүүлсэн яллагдагч Г.Бэд холбогдох 1830000730075  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

             Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Б 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

               Яллагдагч Г.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй бааранд 2018 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 22 цагийн орчим Г.Б нь иргэн Г.Хийг зодож эрүүл мэндэд нь “толгойн дагзны хуйханд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           - Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна.

            - Хохирогч Г.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой найз Иийн хамт “Б” бааранд 22 цаг өнгөрөөгөөд орсон юм. Тэгээд нэг нэг шилтэй пиво авч сууж байгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байтал манай найз Итэй нэг танихгүй залуу заамдалцаад зогсож байхаар нь голоор нь орж болиулсан. Тэгээд би Иөөс юу болсон талаар асуухад намайг мөрлөөд байсан гэж байсан. Тэгээд бид хоёр ширээн дээрээ очоод сууж байтал араас нэг хүн миний толгой руу пивоны шилээр цохьсон. Би тухайн үед эргээд хартал манай найзтай маргалдаж байсан залуутай цуг явж байсан залуу намайг цохьсон байсан. Тухайн үед миний толгойны дагз хэсгээс цус гарч байсан болохоор эмнэлэг рүү явж толгойдоо 2 оёдол хийлгэсэн. Толгой их хөндүүр байсан. Одоо зүгээр болж байгаа. ...Надад ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, / хх-ийн 8-9-р х / 

 

            - Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Би 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой 22 цаг өнгөрч байхад найз А.Сийн хамт Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” бааранд орсон. Тэгээд бид хоёр тус бүр 0.5 литрийн 2 ширхэг пиво уусан. Бүжгийн талбай дээр манай найз нэг үл таних залуутай маргалдаж байсан. Удалгүй манай найз А.Стой маргалдаж байсан залууг цуг явж байсан найз нь аваад ширээн дээрээ сууцгаасан. Би тэр хоёр залуугийн араас нь очоод ширээн дээр  байсан пивоны шилийг аваад тэр хоёр залуугийн нэгнийх нь толгойны араас нь нэг удаа цохьсон. Тэгээд цагдаад баригдаж ирсэн. ... Би тэр цохьсон залуугаа танихгүй. Цагдаа дээр ирээд миний цохьсон залууг Х гэдгийг нь мэдсэн юм. Тухайн үед  тэр хоёр залууг манай найз А.Стой муудаад  дээрэлхэж байна гэж бодсон юм. Тэгээд л очоод тэр Х гэх залууг пивоны шилээр цохьсон юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Г.Хтэй эвлэрч хохирлыг бүрэн барагдуулсан ” гэх мэдүүлэг, / хх-ийн13-14-р х / 

 

            - Гэрч Н.И мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:“...Би 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим “Б” нэртэй бааранд найз Г.Хийн хамт орж нэг нэг шил пиво авч уусан. Пиво авчихаад уугаагүй бүжгийн талбай руу гараад бүжиглэж байтал намайг үл таних залуу мөрлөөд байхаар нь “зүгээр бай” гэж хоорондоо маргалдаж байтал манай найз Г.Х ирээд болиулаад цуг ширээн дээрээ ирээд суутал Г.Хийн араас үл таних залуу пивоны шилээр цохиод зугтаагаад явчихсан. Би тэр залууг харсан. Надтай муудалцаад байсан үл таних хүнтэй цуг явж байсан хүн байсан. ... Манай найз Г.Х нь цагдаа дээр очоод уулзсан. Намайг пивоны шилээр цохьсон залууг Б гэдэг юм байна гэж надад хэлж байсан” гэх мэдүүлэг, / хх-ийн11-р х / 

 

- Насанд хүрээгүй гэрч А.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн найз Г.Бийн хамт 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой 22 цаг өнгөрөөгөөд Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг “Б” бааранд орсон. Тэгээд бид хоёр бүжгийн талбай дээр гарсан чинь үл таних залуу намайг мөрлөсөн . Түүнтэй маргалдаж байтал тэр залуугийн найз нь ирээд татаж аваад тэр хоёр ширээн дээрээ суусан. Гэтэл надтай цуг явж байсан манай найз Г.Б тэр хоёрын ширээн дээр очоод нэг залуугийнх нь толгой руу нь цохьсон юм билээ. Би тухайн үед бүжгийн талбай дээр бүжиглээд Г.Бийг тэр залууг цохихыг нь хараагүй. Тэр орой нь цагдаа дээр би Г.Бийг хүний толгой руу шилээр цохьсон гэдгийг мэдсэн. ... Г.Б бид хоёр бүжгийн талбай дээр намайг мөрлөсөн залуу болон түүнтэй цуг явж байсан найз хоёрыг танихгүй. Харин цагдаад баригдаж ирээд Г.Бийн  шилээр цохиж толгойг нь хагалсан залууг Х гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг, / хх-ийн12-р х /

 

            - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 119 дугаартай  дүгнэлтэд: Г.Хийн биед толгойн дагзны хуйханд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт, / хх-ийн 17-рх/

 

           - Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол / хх-1 х /, 

- Яаралтай тусламжийн хуудас / хх-н10 х / 

- Г.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 30 х /,

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018.04.16-ны өдрийн 110 дугаартай тодорхойлолт / хх-н 32 х /,

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар талаарх прокурорын санал / хх-н 45 х / зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

          Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас шүүгдэгч Г.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу шүүгдэгч Г.Б гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан  хохиролоо нөхөн төлсөн   байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй бааранд 2018 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 22 цагийн орчим  иргэн Г.Хийг зодож эрүүл мэндэд нь “толгойн дагзны хуйханд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч Г.Бийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Хийн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн гэрч Н.И, Насанд хүрээгүй гэрч А.Сийн  нарын мэдүүлэг болон  Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 119 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Г.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа шилээр хохирогчийн толгой тус газар санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Г.Бэд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Г.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн  үндэслэл тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Г.Бэд ял оногдуулахад хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

           Шүүгдэгч Г.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

           Шүүгдэгч  Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Х нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           4. Ялтан Г.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Х нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

            5. Ялтан Г.Бэд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР