Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0953/з |
Дугаар | 340 |
Огноо | 2019-10-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 340
Б.М-ийн нэхэмжлэлтэй,
ЧД-ийн ЗДТГ-ын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг,
Нэхэмжлэлийн шаардлага: ЧД-ийн ЗДТГ-ын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0260 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0382 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.М нарыг оролцуулж,
Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0260 дугаар шийдвэрээр: 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ЧД-ийн ЗДТГ-ын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Б.М-ийг ажилд томилох тухай” Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.М-ийг ЧД-ийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Б.М-д 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 13,523,372 (арван гурван сая таван зуун хорин гурван мянга гурван зуун далан хоёр) төгрөгийг олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, мөн Б.М-ийн суралцах хугацааны буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлөхийг хариуцагч ЧД-ийн ЗДТГ-ын даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 221/МА2019/0382 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0260 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 27 дугаар зүйлийн 27.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Б.М-хийг ЧД-ийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.М-ийг тухайн албан тушаалд томилохыг хариуцагч ЧД-ийн ЗДТГ-ын даргад даалгаж, ЧД-ийн ЗДТГ-ын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Б.М-ийг ажилд томилох тухай” Б/173 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-д 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу бодож олгохыг, мөн Б.М-ийн суралцах хугацааны буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлөхийг хариуцагч ЧД-ийн ЗДТГ-ын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Э.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Хариуцагчийн өмгөөлөгч Э.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5-д заасан зохицуулалтыг Б.М-ийн нэхэмжлэл бүхий хэрэг маргаанд хэрэглэх ёстой байтал тухайлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д заасан “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” гэх заалтыг баримтлан шийдвэрлэж, хуулийг буруу хэрэглэсэн.
4. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д “Төрийн хөрөнгөөр...” гэж заасаар байтал уг хуулийн заалтыг баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн. Б.М-ийн хувьд төрийн хөрөнгөөр суралцаагүй, харин Я улсаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд явж суралцаж ирсэн байдаг. Гэтэл шүүхээс төрийн хөрөнгөөр мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн төрийн албан хаагчтай дүйцүүлэн дүгнэсэн нь учир дутагдалтай.
5. Давж заалдах шатны шүүх нөөцөд байгаа албан хаагчдаас удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлаагүй гэж үнэлж байгаа нь хэрэглэх ёсгүй
хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Магадлалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан байтал 17.4 дэх заалтыг баримталсан нь учир дутагдалтай гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж заасан байна. О.Н-ын хувьд, ЧД-ийн ЗДТГ-ын дарга Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасантай нийцүүлэн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргыг төрийн жинхэнэ албан хаагчаас үр дүн мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасныг баримтлан О.Н-ыг дэвшүүлэн томилсон нь хуульд нийцсэн үйлдэл юм.
6. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж тодорхойлсон байтал давж заалдах шатны шүүхээс “хариуцагчаас сул орон тоог нөхөхдөө тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх болон тухай албан тушаалын нөөцөд байгаа иргэдээс нөхөх боломжгүй болсон тохиолдолд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлуулахаар захиалга хүргүүлэх ёстой байхад тухайн албан тушаалын нөөцөд бүртгэлтэй байгаа Б.М-ийг томилохгүйгээр сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлсэн нь буруу” гэх дүгнэлтийг гаргасан нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж дүгнэсэн гэж үзэж байна.
7. Түүнчлэн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэж дүгнэсэн. Б.М-ийг маргаж буй Төрийн удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд шууд томилох нь зүйтэй гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс үзэж байгаа нь гадаадад боловсрол эзэмшиж мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн бол тухайн хүнд Монгол улсын хууль үйлчлэхгүй байж болно гэж үнэлснээс өөрцгүй. Энэхүү маргаан бүхий харилцааг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд тодорхой тусгасан байхад ийн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үнэн зөв байх боломжийг үгүй болгосон.
8. Тиймээс шийдвэр, магадлалын нэхэмжлэгчийн суралцах хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоос бусад хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч цалин гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийг буруу тайлбарласан байх тул магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
10. Маргаан бүхий 2018 оны Б/173 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.М-ийг Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн тасгийн даргаар томилсон байх бөгөөд нэхэмжлэгчээс “урьд ажиллаж байсан төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын орон тоо сул байсаар байхад уг албан тушаалд томилохгүйгээр, ажлын байрны шаардлага хангаагүй этгээдийг томилж, тэгш эрхийн зарчим зөрчсөн” гэж, хариуцагчаас “Суралцагчтай байгуулсан гэрээгээр Б.М-ийг хэлтсийн даргаар томилох үүрэг хүлээгээгүй, ажлын байраар хангах үүргийн хүрээнд тасгийн даргаар томилсон тул түүний эрх нь зөрчигдөөгүй, гадаадад суралцаж ирснээр давуу эрх эдлэхгүй” гэж маргаж байна.
11. Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон” бол захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөхөөр зохицуулсан, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн бол … төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж тус тус зохицуулжээ.
12. Нэхэмжлэгч Б.М нь захиргаа, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад “гадаад улсад суралцах” шалтгаанаар 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь сургуулиа төгсөж ирээд, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Ажилд эргэн орох тухай” хүсэлт гаргасан боловч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа маргаан бүхий албан тушаалд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн б/87 дугаар тушаалаар О.Н-ыг томилсон байгаа нь дараах байдлаар хуульд нийцэхгүй байна.
13. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.1-д нөөцийн сан нь “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу ... гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон ... зэрэг мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц” гэсэн хэсэгтэй байна, 4.2-д “Энэхүү журмын 2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон 2.2.1, 2.2.2. 2.2.3, 2.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж тус тус зааснаас үзвэл Б.М-ийн хувьд тухайн захиргааны байгууллагад урьд эрхэлж байсан албан тушаалын сул орон тоо үүссэн тохиолдолд “төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”-өөс нэр дэвших бүрэн эрхтэй.
14. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг ажилд орохоор хүсэлт гаргах үед маргаан бүхий төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын орон тоо сул байсан буюу тухайн ажлын байранд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад ороогүй, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй этгээд ажиллаж байсан тул хариуцагч нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилох үүрэгтэй байсан, иймээс хариуцагчийн “хэлтсийн даргыг төрийн жинхэнэ албан хаагчаас үр дүн мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасныг баримтлан О.Н-ыг дэвшүүлэн томилсон нь хуульд нийцсэн” гэх гомдол үндэслэлгүй.
15. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасныг маргааны үйл баримтад хэрэглэхэд тухайн байгууллагад сул орон тоо үүссэн тохиолдолд эхний ээлжинд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулах ба энэ маргааны тухайд тухайн байгууллагад уг албан тушаалын шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан хаагч байхгүй байсан, /гуравдагч этгээд нь тухайн байгууллага дотроо ажиллаж байсан боловч төрийн удирдах албан тушаалын шалгалт өгөөгүй/ харин дээрх журамд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн санд бүртгэлтэй буюу орон тоо гарахад шууд нэр дэвших эрхтэй нэхэмжлэгч байсаар байхад, уг этгээдээс ажилд орох тухай хүсэлт гаргасаар атал түүнийг томилохгүй байгаа нь дээрх хуульд нийцэхгүй.
16. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлд байгаа этгээдтэй адилтгах боломжгүй, нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц, төрийн албанд анх орох иргэний нөөц гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй байгаа, нөөцөөс нэр дэвшүүлэх ажиллагаа хийгдсэн буюу Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 608 дугаар албан бичгээр “...Б.М одоо хүртэл ажилдаа эргэж томилогдоогүй байгаа нь суралцагч хооронд байгуулсан гэрээ зөрчигдөх, ... нэн даруй ажилд нь буцаан томилох буюу ажлын байраар хангах арга хэмжээ авч ...” гэж байсан тул нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэр гаргахыг захиргааны байгууллагад даалгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв болжээ.
17. Хариуцагчийн “нэхэмжлэгчийг заавал хэлтсийн даргаар томилох үүрэггүй, тасгийн даргаар томилж, ажлын байраар хангасан” тухай гомдол үндэслэлгүй, нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий хэлтсийн даргын албан тушаалаас түр чөлөөлөгдсөн, нөөцийн сангаас шууд нэр дэвших эрхтэй, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангасан тул гуравдагч этгээдээс түрүүлж эрх нь хамгаалагдахаар байна.
18. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар тухайн ажлын байрны шаардлагыг хангасан этгээд уг ажилд томилогдох эрх үүсэх ба 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн б/87 дугаар тушаалаар О.Н-ыг томилж, хуулийн дээрх заалтыг зөрчсөн, түүнчлэн хариуцагчийн “2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гуравдагч этгээдийг бүр томилсон байсан” гэх гомдол үндэслэлгүй, хэрэв 2016 онд жинхлэн томилсон бол 2018 онд дахин томилох ямар шаардлага байсан нь тодорхойгүй, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор О.Н-ыг томилуулахаар нэр дэвшүүлсэн гэх боловч захиргааны байгууллагаас хэзээ захиалга өгч, шалгалт ямар байдлаар явагдсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан, хамгийн гол нь нэхэмжлэгч энэ үйл баримтаас өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажилд орох хүсэлт гаргасан тул захиргааны байгууллагаас төрийн албаны шалгалт явуулахаар захиалга хүргүүлэх үндэслэлгүй байжээ.
19. Хариуцагчийн “Б.М-ийн хувьд төрийн хөрөнгөөр суралцаагүй, гадаадад боловсрол эзэмшиж мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн бол тухайн хүнд хууль үйлчлэхгүй байж болно гэж үнэлснээс өөрцгүй” тухай гомдол хэрэгт ач холбогдолгүй, ямар зардлаар суралцахаас үл хамааран төрийн албанаас “суралцах” зорилгоор түр чөлөөлөгдсөн бол төрийн албаны нөөцөд албан тушаалд томилогдох хүртэл бүртгэлтэй байх эрх хуулиар олгогдсон, гадаад улсад боловсрол эзэмшсэн байдлаас гадна дээр дурдсанаар сул орон тоог нөхөх хуулийн урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан байна.
20. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан, энэ тохиолдолд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг тасгийн даргын ажилд томилсон, нэхэмжлэгчээс энэ ажлын байранд “газрын даргын” асуудлыг шийдэгдэх хүртэл ажиллах бүрэн боломжтой байсан атал ийнхүү ажиллаагүй атлаа захиргааны байгууллагаас цалин хөлс нэхэмжлэх эрхгүй тул захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас хохирсон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас томилсон ажлыг эрхэлж, албан тушаалын цалин авах бүрэн боломжтой байсан, энэ эрхээ эдлээгүй тул нэхэмжлэгчийг цалин хөлсөөр хохирсон гэж үзэхгүй, тухайн тохиолдолд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох байтал хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
21. Хариуцагчаас “шийдвэр, магадлалын нэхэмжлэгчийн суралцах хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоос бусад хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдол гаргасан учраас шүүхүүдийн “нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” шийдлийг эрх зүйн маргаангүй гэж үзэж, нэхэмжлэгчийг тасгийн даргаар томилсон тушаалыг хүчингүй болгож, төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох тухайн шүүхүүдийн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
22. Дээрх үндэслэлүүдээр ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 221/МА2019/0382 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “нэхэмжлэгч Б.М-д 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу бодож олгохыг” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ