Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 31

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хороонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын Ж.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жаргалант сумын Ардчилсан намын дарга Д.Н захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан тайлбарлахдаа: Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны ээлжит орон нутгийн сонгуулийн Жаргалант сумын тойрог бүрт нэр дэвшигч 31 хүний материалыг Жаргалант сумын Сонгуулийн хороонд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүргүүлсэн.

Гэтэл Жаргалант сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоолын 2 дахь заалтаар Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Ж-г Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтыг баримтлан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Нэр дэвшигч Ж.Ж нь Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны сайдын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр буюу Ардчилсан намаас нэр дэвшүүлэх үед ажилгүй байсан.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт ...Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино... гэж зааснаас харахад төрийн жинхэнэ албан хаагч болон байгууллагын дарга, дэд дарга гэж зааснаас биш даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж заагаагүй байна. Хамгийн гол нь нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэсэн шаардлагыг Ж.Ж хангасан.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.6-д төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар... бүрдүүлж сонгуулийн хороонд хүргүүлэхийг заасан байна. Энэ нь тус байгууллагын дарга, дэд дарга, захирал, дэд захирлаар ажиллаж байсан хүмүүст л хамаарах юм. Түүнээс биш ажилгүй байсан хүнд хамаарахгүй гэж үзэж байна.

Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажил үүргийг хашиж байсан нь Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тангараг өргөөгүй, мөн хуулийн 3.3.2, 3.3.3-д заасан төрийн жинхэнэ албан хаагчаар тооцогдохгүй юм. Ийм учраас Жаргалант сумын Ардчилсан намын хурлаар хэлэлцэж байж бид Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн.

Нэр дэвшигч Ж.Ж нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасны дагуу сонгууль нэр дэвших эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хорооны дарга Т.Ц шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сонгуулийн хороо нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд 2016 оны орон нутгийн сонгуульд оролцох намуудын материалыг хүлээж авсан. Үүнээс хойш нэр дэвшигч нарын материалыг шалгаад Сонгуулийн тухай хуульд заасныг зөрчсөн байвал засуулах, зарим тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эрхтэй. Ардчилсан намаас Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 10 дугаар тойрогт нэр Ж.Ж дэвшсэн. Ж.Ж-г бид яагаад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах болсон бэ гэхээр Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт ...Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино... гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, үүнийгээ нотариатаар батлуулан манайд ирүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Жаргалант сумын Ардчилсан намын дарга Д.Н Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хороонд холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоолын 2 дахь заалтын Ж.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ховд аймгийн Жаргалант сумын Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ховд аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар Сумдын Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолоор Ховд аймгийн Жаргалант сумын сонгуулийн хорооны дарга /Т.Ц/, нарийн бичгийн дарга /Я.Бямбадорж/, гишүүд /Б.Гантулга, Ж.Цэен-Ойдов, П.Оюунтунгалаг, Д.Ариунбилэг, Ц.Нанжид, Ш.Гандорж, З.Нямжав/, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баталсан байна.  

Ховд аймгийн Жаргалант сумын Ардчилсан намаас 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2016/08 дугаар албан бичгээр Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хороонд орон нутгийн сонгуульд оролцохоо мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн ба улмаар Ховд аймгийн Жаргалант сумын Ардчилсан намаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2016/12 дугаар албан бичгээр 2016 оны орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хуудсанд бичигдэх нэрсийн жагсаалтыг Жаргалант сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн.

Жаргалант сумын сонгуулийн хороо дээрх баримт бичгийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар Нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоол гаргасан ба тогтоолын 2 дахь заалтаар Ховд аймгийн Жаргалант сумын Ардчилсан намаас Тахилт багийн 10-р тойрогт нэр дэвшигч Ж.Ж-г Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

Ж.Ж нь Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн томилогдсон ба Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, шинэчлэн зохион байгуулагдаж байгаа гэх үндэслэлээр Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч ... Ж.Ж нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад орон тооны өөрчлөлтөөс шалтгаалж ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хүн нэр дэвшүүлэх үед ажилгүй байсан. Түр орлон гүйцэтгэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш.... гэж нэхэмжлэлийн шаардлагаа,

Хариуцагч .... Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар сонгуулийн жилийн 04-р сарын 01-ний өдрөөс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх хуулийн шаардлага байгаа. Энэ хуулийн шаардлагыг биелүүлээгүй тул сонгуулийн хороо бүртгээгүй... гэж хариу тайлбартаа тус тус тайлбарлажээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлэх зорилго нь эзгүй байгаа албан хаагчийн, мөн төрийн жинхэнэ албан тушаалын сур орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэл хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх зорилготой байдаг бөгөөд Ж.Ж-г тухайн албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсныг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж үндэслэлгүй юм.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ гэжээ.

Ж.Ж-ийн эрхэлж байсан Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5.1.2-т заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарч байгаа, Ж.Ж нь уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэж, тухайн албан тушаалд эдлэх эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа хэдий ч түүнийг хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхээргүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино., Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Төрийн жинхэнэ албан хаагч ... сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагч сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихэд хамаарах заалт бөгөөд Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, шинэчлэн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан албан тушаалаас чөлөөлөгдсөн Ж.Ж-д хамаарах заалт биш юм.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын Б/36 дугаар тушаал гарснаар Ж.Ж болон ажил олгогчийн хоорондын хөдөлмөрийн харилцаа 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Иймээс Ж.Ж-г сонгуульд өрсөлдөхөөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах ёстой гэж шууд дүгнэн хүсэлтээ 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө гаргасан байх ёстой гэж буруутгах үндэслэлгүй юм.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзэхэд Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нэр дэвшигчдийг бүртгэх тухай 01 дүгээр тогтоолын 02 дахь заалтын Ж.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дахь заалтын Ж.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгний 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг, төрийн сангаас нэхэмжлэгчийн илүү төлсөн 1800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЯНЖИНДУЛАМ