Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 93

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.От холбогдох 1830000960072 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 13-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛК96060631/ Соном овгийн  Гирагийн О

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Яллагдагч Г.О нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Х” дэлгүүрийн баруун талын 3 дугаар тойргийн засмал зам дээр Приус-10 маркийн 95-15 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.1-д заасан “Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.О, П.О нарыг мөргөж Д.Оын эрүүл мэндэд нь “баруун хөлний шилбэний дээд 1/3 хэсгийн бяцарч сэтэрсэн зөрөөтэй далд хугарал, зүүн чих, мөр, зүүн сарвуу бугуй, зүүн хацар, цээжний хэсгийн зулгарсан шарх” бүхий  хүндэвтэр хохирол, П.Оийн эрүүл мэндэд нь “баруун хөлний дунд чөмөгний зөрөөтэй далд хугарал, сээрний 12 дугаар нугалмын их биеийн цууралт” бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 - Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын 12-ны орой найз Мийн хамт өөрийн эзэмшлийн 95-15 ӨМА улсын дугаартай Приус-10 маркийн автомашинтай Х дэлгүүрийн баруун талын засмал замаар урдаас хойшоо чиглэлтэй явж байтал нэг машин надтай зөрөхөд би гэрлийн гялбаанд гялбаад өнгөртөл гэнэтхэн миний салхины шил хагарахаар нь тормосоо гишгэж зогсоод буугаад харахад миний машины баруун талд нэг хүн хэвтчихсэн бас нэг хүн замын хажууд хэвтэж байхаар нь би цагдаа эмнэлэг дууд гэж найз Мэд хэлэхэд манай найз цагдаа, эмнэлэг дуудсан. Тэгээд би хүмүүсээ эмнэлэг хүргэж өгсөн. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Нөгөө 2 хүн маань согтуу байсан. Би Од 1680000, Октябрьд 1000000 төгрөг тус тус өгсөн” гэв. 

 

 - Хохирогч Д.Оын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 12-ны үдийн хойно 17 цагийн үед “Х” дэлгүүрийн зүүн талд байдаг айлд гурвуулаа 1 шил 0.5 литрийн архийг хувааж уучихаад 20 цаг өнгөрч байхад  гараад явсан юм. Уг айлаасаа гарахдаа нилээн согтсон байсан болохоор засмал замаар баруун тийш гарсан байсан. Тэгээд гэртээ харья гээд засмал замаараа зүүн тийш гараад машин явдаг зам дээр нь 1 танихгүй залуугаас энэ Х дэлгүүр мөн үү? гэж асуугаад зогсож байтал урдаасаа явж байсан машин ирээд мөргөсөн. Тэрнээс хойш болсон асуудлын талаар мэдэхгүй байгаа юм. Эмнэлэгт очоод үзүүлээд машинд мөргүүлснээс болж баруун хөл өвдөгний доогуур хугарсан, толгой хагарсан, нүүр урагдсан байсан. Одоогоор миний биеийн байдал дээрдээд гайгүй байна. Намайг мөргөсөн машины жолооч О надад эмчилгээний зардалд 1.680.000 төгрөг өгсөн. Уг мөнгийг эмчилгээний зардалд өгөөд дуусгасан. От гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

- Хохирогч П.О хэрэг бүртгэлтэнд өгсөн “...Би 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр айлд найз Нын хамт 0.75 литрийн архи хувааж уучихаад 20 цаг өнгөрөөгөөд Дэнжид байдаг “Х” дэлгүүрийн баруун талын засмал замаар баруунаасаа зүүн тийш гарчихаад засмал зам дээр нэг ах /сүүлд нэрийг нь От гэдгийг мэдсэн/ таараад энэ харагдаж байгаа “Х” дэлгүүр мөн үү гэж асуухаар нь мөн гээд хэлээд зогсож байтал урдаасаа машин ирээд мөргөсөн. Тэгээд л зам дээр хэвтэж байсан ба баруун хөл хөдөлж болохгүй байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд  авч явсан. Машинд мөргүүлсний улмаас баруун хөл дунд чөмгөөрөө хугарч хагалгаанд ороод гэртээ гарч ирчихээд байна. Одоо миний биеийн байдал гайгүй байна. Намайг машинтайгаа явж байгаад мөргөсөн О гэх залуу 1 сая төгрөг өгсөн, уг мөнгийг эмчилгээ болон шинжилгээнд өгөөд дууссан. Миний хувьд От ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 152 дугаартай дүгнэлтэд:   Д.Оын биед баруун хөлний шилбэний дээд 1/3 хэсгийн бяцарч сэтэрсэн зөрөөтэй далд хугарал, зүүн чих, мөр, зүүн сарвуу бугуй, зүүн хацар, цээжний хэсгийн зулгарсан шарх бүхий гэмтэл учирчээ. Энэ гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 32/

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 153 дугаартай дүгнэлтэд: П.Оийн биед баруун хөлний дунд чөмөгний зөрөөтэй далд хугарал, сээрний 12 дугаар нугалмын их биеийн цууралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 39 х / 

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх химийн шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 36 тоот дүгнэлтэд: Г.Оаас авсан гэх цусанд спиртийн агуулга илрээгүй гэх дүгнэл. /хх-ийн 30/   

 

- Техникийн шинжээчийн №23 тоот дүгнэлтэнд: 95-15 ӨМА улсын дугаартай цагаан өнгийн приус-10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Г.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэх дүгнэлт.

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-01 /

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-03-06/

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх-03-11 х /

 

  - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн засаг даргын 2018.04.12-ны 4/391 тоот тодорхойлолт /хх-61 х /

 

  - Г.Оын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64 х/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

  Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

 

   Шүүгдэгч Г.О нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Х” дэлгүүрийн баруун талын 3 дугаар тойргийн засмал зам дээр Приус-10 маркийн 95-15 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.1-д заасан “Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.О, П.О нарыг мөргөж Д.Оын эрүүл мэндэд нь “баруун хөлний шилбэний дээд 1/3 хэсгийн бяцарч сэтэрсэн зөрөөтэй далд хугарал, зүүн чих, мөр, зүүн сарвуу бугуй, зүүн хацар, цээжний хэсгийн зулгарсан шарх” бүхий  хүндэвтэр хохирол, П.Оийн эрүүл мэндэд нь “баруун хөлний дунд чөмөгний зөрөөтэй далд хугарал, сээрний 12 дугаар нугалмын их биеийн цууралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Оын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.О, П.О, гэрч Х.Мэ, нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 152,153 дугаартай дүгнэлтүүд, Техникийн шинжээчийн 23 тоот дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Г.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

Шүүгдэгч Г.О дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, “Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч анхаарал болгоомжгүй явснаас осол гарч, бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байна.

 

  Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд хэрэг бүртгэлт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Шүүгдэгч Г.Оыг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт  эмнэлгийн, болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Шүүгдэгч Г.Оыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.О, П.О нарт эмчилгээний болон бусад зардлыг төлсөн, хохирогч нар хохирлын маргаан байхгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Г.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,  хохирогч Д.О, П.О нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдая.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Оыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

      4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Отгонбяарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Ялтан  Г.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Од 1680000, П.От 1000000 төгрөг тус тус нөхөн төлөгдсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР