Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1049

 

 

 

 

Э.С, Э.Б, Ж.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

хохирогч Б.А-ийн өмгөөлөгч Ш.Ганбат,

иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү,

яллагдагч Э.Б-ы өмгөөлөгч Ц.Туяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/1426 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энх-Эрдэнэ 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн яллагдагч Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 2102000100068 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Яллагдагч нарын биеийн байцаалт:

1. Э.С ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

2. Э.Б   ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

3. Ж.Б   ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Э.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр өөрийгөө “Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац зэрэгт ажилладаг, Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2018 оны 01 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 40 удаагийн үйлдлээр бусдад 3,181,006,744 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

яллагдагч Э.С, Э.Б нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 1,749,900,710 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

яллагдагч Э.С, Ж.Б нар бүлэглэн 2018 оны 3 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 52 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 3,412,340,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

яллагдагч Ж.Б нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр “Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорацын болон Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна” гэх зохиол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөл оруулж 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 13 удаагийн үйлдлээр бусдад 434,740,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Э.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Ж.Б, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Нэг. Нотолбол зохих ажиллагаа, хохирол хор уршиг, яллах дугнэлтийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотолж тогтоогоогүй байна. Үүнд:

1. Хохирогч Ж.Б-т 346,020,000 төгрөгийн хохирол учруулсан гэснээс хохирогч нь яллагдагч Э.С-ын дансанд 6 удаагийн шилжүүлгээр 172,000,000 төгрөг, яллагдагч Э.Б-ы дансанд 57,940,000 төгрөг шилжүүлсэн, Э.Б, Э.С нарын дансанд 39,000,000 төгрөг шилжүүлсэн, эдгээрээс тооцоолоход 269,020,000 төгрөг болж, 77,000,000 төгрөг дутаж зөрүү гарч байгааг тэдний дансанд үзлэг хийж зөрүүг арилгах.

2. Яллагдагч Э.С нь хохирогч Б.А-аас авсан 120,000,000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Н” ХХК-д шилжүүлсэн гэх мэдүүлгийн эх сурвалжийг шалгах, санхүүгийн баримтад үзлэг хийх зэргээр тус иргэний хариуцагч нь дээрх хохирогчид төлбөр ямар хэмжээгээр хариуцах эсэхийг тогтоох.

3. Яллагдагч Э.Б-ыг 11 хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх боловч зарим хохирогч нарын мөнгийг хэрхэн авсан эсэх талаар тус яллагдагчаас үйлдэл тус бүр дээр мэдүүлэг авах ажиллагаа явуулаагүй нь гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдэгдсэн болон хэргийн бодит байдлыг нотлох тогтоохтой холбоотой ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэл болно.

Э.С нь Э.Б-ы дансыг ашиглаж гүйлгээ хийдэг, Э.Б, Э.С нарын дансанд хэдэн төгрөг оруулсан, Э.Б-ы дансаар хэдэн төгрөг хэн рүү дамжсан, юунд зарцуулсан зэрэгт тусгай мэдлэгийн хүрээнд эдийн засгийн шинжээч томилж 11 удаагийн үйлдлээр хохирогч нарт учруулсан хохирлоос яллагдагч Э.С, Э.Б нараас хэн нь аль хохирогчид хэдэн төгрөгийн төлбөртэй эсэх, хор уршгийн нөхөн төлбөрийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоох шаардлагатай.

4. Иргэний хариуцагчаар С, Н ХХК хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, уг компаниудын санхүүгийн тайлан, анхан шатны баримтад үзлэг, шинжилгээ явуулж хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээхэд шууд хамааралтай нөхцөл байдал тул иргэний хариуцагч нарын санхүүгийн баримтаар эдийн засгийн шинжилгээ хийх, дүгнэлт гаргуулах шаардлагатай.

5. А.О нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бусдад залилуулснаа мэдсэн гэх боловч 2021 оны 5 дугаар сарын 17-ны байдлаар хохирогч Б.Б-д чи энэ байрыг авсан нь дээр шүү дээ, чамд дахиж иймд хямд байр олдохгүй гэх зэргээр хохирогчийн төөрөгдөлд оруулж байсан нөхцөл байдал, хохирогч Б.Б-ы шилжүүлсэн мөнгөнөөс 20,000,000 төгрөгийн авсан зэрэг нь залилах гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл оролцоо буй эсэхийг шалгах шаардлагатай.

Хоёр. Оролцогчийн эрхийг хязгаарласан талаар:

- Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.С-ыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд хүндрүүлэн өөрчлөлт оруулсан атлаа мэдүүлэг авах ажиллагааг явуулаагүй, мөн хэргийн талаар харилцан эсрэг ашиг сонирхолтой яллагдагчийг өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй буюу өөрчлөлт оруулсан тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр танилцуулах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй зөрчилтэй байна. /41хх/

Тус хэргийн яллагдагч Э.С-д яллах дүгнэлт гардуулах ажиллагаа хийгдээгүй.

Гурав. Шүүхийн харьяаллын талаар:

Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Э.С нь 2018 оны 01 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн ба сүүлд “...хохирогч О.Э нь Орхон аймагт байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 80,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 33,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 18,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Хаан таурийн киоск машинаас 25,000,000 төгрөг нийт 193,000,000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 500хххххххтоот дансаар шилжүүлэн авч залилсан гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ж.Гантулгаас хохирогч О.Э нь 2021 оны 02 дүгаар сарын 02-ны өдөр мөнгөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс бус Орхон аймагт байхдаа шилжүүлсэн гэсэн тайлбар гаргасан.

Иймд яллагдагч Э.С-ын хамгийн сүүлд үйлдсэн гэх хохирогч О.Э-аас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг хаана үйлдэгдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосны эцэст шүүхийн харьяаллыг тодорхойлох шаардлагатай байна гээд мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр яллагдагч Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Энх-Эрдэнэ эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарыг 26-ны өдрийн 1426 дугаар захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Яллагдагч Э.С, Э.Б нар нь хохирогч Ж.Б-аас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд нийт 346,020,000 төгрөгийг дансаар болон бэлнээр мөнгө өгч байсан талаар мэдүүлдэг бөгөөд тэрээр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ Э.С, Э.Б нарт 346,020,000 төгрөг өгсөн талаар мэдүүлсэн (16-р хх-ийн 62), мөн хэрэгт яллагдагч Э.С, хохирогч Ж.Б нарын тооцоо нийлсэн гар бичмэл (16-р хх-ийн 86), хохирогч, яллагдагч нарын дансны хуулга авагдсан ба шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулан мэдүүлэг авч хэргийн болон хохирлын байдлыг тогтоох боломжтой.

2.3. Хавтаст хэрэгт Э.Б-ы 5012067499 тоот дансаар дамжиж нэр бүхий байгууллагуудад шилжсэн нь дансны хуулга хэрэгт авагдсан боловч энэ мөнгөнөөс Э.С нь Э.Б-ы дансыг ашиглаж гүйлгээ хийдэг, Э.Б, Э.С нарын дансанд хэдэн төгрөг оруулсан, Э.Б-ы дансаар хэдэн төгрөг хэн рүү дамжсан, юунд зарцуулсан зэрэгт тусгай мэдлэгийн хүрээнд эдийн засгийн шинжээч томилж 11 удаагийн үйлдлээр хохирогч нарт учруулсан хохирлоос яллагдагч Э.С, Э.Б нараас хэн нь аль хохирогчид хэдэн төгрөгийн төлбөртэй эсэх, хор уршгийн нөхөн төлбөрийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоох шаардлага байх ба энэхүү маргаан бүхий их хэмжээний зөрүүтэй хохирлын асуудлыг шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах замаар нөхөн гүйцэтгэх, хохирлыг тооцоолох боломжгүй,

4. Урьд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр тус хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаад дээрх ажиллагаануудтай холбогдуулан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй гэж дүгнэсэн атал анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрийг үл хэрэгссэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

6. Оролцогчийн эрхийг хязгаарласан гэх талаар:

Яллагдагч Э.С-д яллах дүгнэлт гардуулах ажиллагаа хийгдээгүй ба Э.С нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын гаргасан шийдвэрт дээд шатны прокурорт болон Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан байхад уг гомдлыг хянан шийдвэрлээгүй байх хугацаанд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлж оролцогчийн хуулиар олгогдсон эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.7 дугаар зүйл, 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд прокуророос хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 19 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Э.С-д яллах дүгнэлт гардуулах гэхэд гардаж авахгүй гомдол гаргана гэсэн ба энэ талаарх тэмдэглэл үйлдсэн /42-р хх-ийн 235/.

Гэвч яллагдагч Э.С-с яллах дүгнэлттэй буюу прокурорын шийдвэртэй холбогдуулан хуульд заасан хугацаанд дээд шатны прокурор болон дээд шатны прокурорын газарт гомдол гаргаагүй.

7. Шүүхийн харьяаллын талаар:

Шүүхийн харьяаллыг урьд давж заалдах шатны шүүхээс хянаад дүгнэлт хийгээгүй бөгөөд энэ нь харьяалал зөв байсны илрэл ба анхан шатны шүүх нотлох баримтыг шинжлэн судлахгүйгээр зөвхөн оролцогч нарын ам тайлбарт хөтлөгдөн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шүүх бүрэн шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1426 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Б.А-ийн өмгөөлөгч Ш.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд хэргийг прокурорт буцаасан захирамжид гомдол гаргаагүй. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Б.А-ийн хохирсонтой холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаануудыг бүгдийг хийж гүйцэтгэсэн. Хэргийг прокурорт буцаахгүйгээр хохирол төлбөр хэнээс, хэдэн төгрөг гаргуулах ёстой талаар яллагдагч, хохирогч нарыг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Э.Б-ы өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, шүүгчийн захирамжийн 12 дугаар хуудасны 3-т миний үйлчлүүлэгч Э.Б-ыг 11 хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх боловч ямар байдлаар мөнгийг нь авч залилсан талаар мэдүүлэг аваагүй. Хохирлын дүнг задаргаагаар гаргасан байдаг ч Э.Б, Э.С нар хэнд, хэдэн төгрөг төлөхийг тодорхой заагаагүй. Хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй буюу хохирогч Б-д 346,020,000 төгрөгийн хохирол учирсан гэдэг ч тооцоогоор 75,000,000 төгрөг дутдаг. Энэ мэтчилэн хохирлын зөрүү байгааг дахин шалгаж тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцлийг дэмжиж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна. Б.А-аас 120,000,000 төгрөгийг Э.С-д шилжүүлж, Э.С нь тухайн мөнгийг “Н” ХХК руу шилжүүлсэн асуудалтай холбоотойгоор ажиллагаа явуулсан. “Н” ХХК-иас прокурорт хүсэлт гаргаж тухайн мөнгийг битүүмжлүүлсэн. Тийм учраас уг компанийг иргэний хариуцагчаар татсан. Дансанд битүүмжлэгдсэн мөнгө нь Б.А-ийнх мөн эсэх нь тодорхойгүй ч үүнийг шүүх хуралдаанаар тодорхой болгох боломжтой. Мөн “Н” ХХК-ийн санхүүгийн баримт бичигт шинжилгээ хийлгэхээр буцаасан боловч давж заалдах шатны шүүхээс 2023 оны 07 дугаар сард магадлал гаргаж, тухайн ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэж байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Яллагдагч Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох хэрэгт шүүгчийн захирамжинд заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

НЭГ. Хохирол, хор уршгийн зөрүүг арилгах, хохирлын хэмжээг тогтоох талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох хэрэгт бэхжүүлэгдсэн хохирогч, гэрч, яллагдагч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлэг, тэдгээрийн дансны хуулга, прокурор яллах дүгнэлтийн хохирлын тооцоо бүхий хавсралт /42-р хх-ийн 217-234/, бусад баримтуудыг шүүх хуралдааны явцад шинжлэн судлаж хохирлын хэмжээг тогтоож, шүүгдэгч нарын төлөх хохирлын хэмжээг тодорхой болгож, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.1. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн 12.3.3 дахь заалтад зааснаар эдийн засгийн шинжилгээг эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан объектод хийдэг бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар эдийн засгийн шинжилгээний объект нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан баримт бичиг байх шаардлагатай байдаг тул “…Э.Б, Э.С нарын дансанд хэдэн төгрөг оруулсан, Э.Б-ы дансаар хэдэн төгрөг хэн рүү дамжсан, юунд зарцуулсан зэрэгт эдийн засгийн шинжээч томилох, …иргэний хариуцагч нарын санхүүгийн баримтад эдийн засгийн шинжилгээ хийх, дүгнэлт гаргуулах” гэсэн ажиллагааг хийлгэх хууль зүйн үндэслэлгүй.

1.2. Хохирогч нарт учруулсан хохирлын тооцоог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, хор уршгийн талаар /42 хх-ийн 217-234 тал/ хавсаргасан байна.  

1.3. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг.  

1.4. Иргэний хариуцагчаар хэрэгт тогтоогдсон “С” ХХК, “Н”ХХК гэх хуулийн этгээдүүд нэр бүхий хохирогчийн хэдэн төгрөгийг ямар үндэслэлээр хариуцах, тус этгээдүүдээс тухайн хөрөнгийг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэл байгаа эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүх хянан шийдвэрлэх боломжтой.

1.5. Шүүх, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой ба энэ нь тус хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцнэ.

ХОЁР. Оролцогчийн эрхийг хязгаарлаагүй талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.  

2.1. Яллагдагч Э.С-ыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /41-р хх-ийн 114-149 тал/-ыг түүнд танилцуулж, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлэг авсан /41-р хх-ийн 156-158 тал/ байна.

2.2. Прокурор Э.С нарт холбогдох тус хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 19 дүгээр яллах дүгнэлт үйлдэж, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Э.С-д яллах дүгнэлт гардуулах ажиллагааг хийсэн байх ба Э.С нь гардаж авахгүй, гомдол гаргана (42-р хх-ийн 235) гэсэн байх тул яллах дүгнэлтийг гардуулаагүй гэж үзэх үндэслэлгүй.

2.3. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр яллах дүгнэлттэй, 2102000100068 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 25-ний өдөр прокурор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ /42-р хх-ийн 240-242 тал/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана” гэж заасан ба яллагдагч Э.С нь хуульд заасан хугацаанд гомдол гаргасан талаар баримт хэрэгт байхгүй байна.

ГУРАВ. Шүүхийн харъяалал зөрчигдөөгүй байна.

Хохирогч О.Э нь цагдаад гаргасан өргөдөлдөө “...Миний бие нийт 193,000,000 шилжүүлж, ...02 дугаар сарын 02-ны өдөр Э.С-ын хэлснээр Хаан банкны 502ххххххххх тоот дансруу 25 сая төгрөг шилжүүлсэн. ...” /15 хх 120 тал/, хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ “...Э.С намайг урьдчилгаа болгож нэг байранд 10,000,000 төгрөг нийтдээ 18-байранд 180,000,000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд би урьдчилгаа болгоод нийт 193,000,000 төгрөг Э.С-ын Хаан банкны 500ххххххх тоот дансанд шилжүүлсэн. Би мөнгийг өөрийнхөө данснаас нийт 8-удаа шилжүүлсэн. ...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хамгийн сүүлд 25,000,000 төгрөгийг Б.Г гэдэг хүний 502ххххххххх дансанд Хан-Уул дүүргийн Наадам центрийн хойд талд байрлах Хаан таурийн Хаан банкны киоск машинаар шилжүүлсэн. Э.С нь намайг Б.Г гэх хүний дансанд шилжүүл гэж хэлсэн. ...” гэж мэдүүлсэн /15-р хх 127-128 тал/ ба энэхүү хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь О.Э-ын ХААН банкны 507ххххххх тоот дансны хуулга/15-р хх 131-134 тал/-аар нотлогдож байна.

Иймд давж заалдах шатны шүүх Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Б.Энх-Эрдэнийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаар прокурорын эсэргүүцэл хангаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/1426 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Яллагдагч Э.С, Э.Б, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                   Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                   Д.ОЧМАНДАХ