Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00463

 

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00463

 

Г.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/03133 дугаар шийдвэртэй

Г.Аийн нэхэмжлэлтэй хариуцагч Эт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00065 дугаартай шийдвэрээр Г.Аээс 118,226,300 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Э нь шинжээчээр хөрөнгийн үнэлгээний ямар компанийг томилсон нь тодорхойгүй, энэ талаараа төлбөр төлөгч надад танилцуулаагүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заалтыг зөрчсөний зэрэгцээ үнийн саналыг танилцуулах хуульд заасан хугацааг хангаж ажиллаагүй тул гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Б дүүрэг 0 дугаар хороо, Ү төвийн бүс хороолол, Э гудамж, 0 дугаар байр, 00 тоотод байрлах 102,68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 303,900,000 төгрөгөөр үнэлсэн, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шуудангаар хүлээж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь Г.А надад 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн /засвартай/ 4-179/14417 дугаартай мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гардуулан өгсөн нь нэг талыг барьсан үйлдэл, эс үйлдэхгүй гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулаагүй учир мэдэгдэл хүлээж аваад маргааш нь шүүхэд гомдлын шаардлагаа гаргасан. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Харин үнэлсэн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний ямар аргаар, үнэлгээний стандарт баримталсан эсэх нь тодорхойгүй, үнийн дүн үндэслэл муутай болсон байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан хөрөнгийн үнэлгээний тайлан нь үндэслэл муутай гарсан, мөн шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан хугацаагаа баримталж ажиллаагүй байх тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Згийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Төлбөр төлөгч Г.Ат холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн. Г.А нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Б дүүрэг 0 дугаар хороо, Ү төвийн бүс хороолол, Э гудамж, 0 дугаар байр, 00 тоот 102,68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17290383/1 дугаар бүхий актаар битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 17290383/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4/137/14817 тоот албан мэдэгдлийг хүлээлгэн өгөхөөр Г.Аийг дуудахад утсаа авдаггүй тул оршин суугаа хаяг болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн вилла хотхон 208 дугаар байр, 101 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн саналаа ирүүлээгүй. Төлбөр авагч Б ХХК-аас барьцаа хөрөнгөд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хөндлөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгийг 303,900,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн. Г.А нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг 2017 оноос хойш нэг ч төлөөгүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугарын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Манай байгууллагын зүгээс хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч нь 2017 оноос хойш 5 жилийн хугацаанд хууль бусаар шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргаж байсан. Мөн зах зээлийн ханшнаас хэтэрхий доогуур үнэлсэн гэж байна. Энэ нь 2020 оны 09 дүгээр сард шийдэгдсэн шүүхийн шийдвэрээр 220,000,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Одоо 303,900,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ хийсэн шинжээч нь 13 үл хөдлөх хөрөнгийн жишиг тогтоож үнэлгээг гаргасан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг хэтэрхий доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Б дүүрэг 0 дугаар хороо, Ү төвийн бүс хороолол, Э гудамж, 0 дугаар байр, 00 тоот хаягт байрлалтай 102,68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 303,900,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн давж заалдах гомдлын агуулга: ....Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 00065 дугаартай шийдвэрээр Г.Аээс 118,226,300 төгрөгийг гаргуулж, Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Э нь шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Файн-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж Б дүүрэг 0 дугаар хороо, Үйлдвэр төвийн бүс хороолол, Э гудамж 0 дугаар байрны 00 тоотод байрлах 102,68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 303,900,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Энэхүү үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийн талаар, яагаад үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа талаараа, үнэлгээний тайлан нь яагаад хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх хуралдаан дээр мэтгэлцэж маргах байтал шүүх нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн хариуцагч байгууллагаас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Файн-Эстимэйт ХХК-ийг хөрөнгийн үнэлгээ тогтоох зорилгоор шинжээчээр томилсон байхад Н.Цолмонгэрэл нь үнэлгээний тайлан гаргасан нь үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, мөн хуулийн 77 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугарын хариу тайлбарын агуулга: ... Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсыг талуудын оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Үүнийг мэдэгдсэнээ баримтжуулна гэж байгаа. Шүүхийн ажилтны хувьд утсаар мэдэгдсэн. Хавтаст хэрэгт авагдсан 194 дүгээр талд байгаа. Н.Цолмонгэрэл нь тухайн үнэлгээний компанитай хөдөлмөрийн гэрээтэй хууль ёсны дагуу ажиллаж байгаа үнэлгээчин юм гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

3. Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна. Харин шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв баримтлаагүй, мөн баримталсан хуулийн заалтыг зөв бичээгүйг залруулан өөрчлөх нь зүйтэй байна.

4. Нэхэмжлэгч Г.А нь Эт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг /хх.1-2/ хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбар гарган маргажээ. /хх.1-2, 46/

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00065 дугаар шийдвэрээр хариуцагч Г.Аээс 118,226,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Г.А үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Г.Аийн өмчлөлийн Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Ү төвийн бүс хороолол Э гудамж 0 дугаар байр, 00 тоот 102,68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ./х.50-52/

6. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17290383/02 дугаар тогтоолоор Э өмчлөгч Г.Аийн Б дүүрэг 0 дугаар хороо, Ү төвийн бүс хороолол, Э гудамж, 0 дугаар байр, 00 тоот хаягт байрлалтай 102,68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17290383/2 дугаар тогтоолоор хураасан байна. /хх.57-75, 112/

7. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээгээр Б дүүрэг 0 дугаар хороо, Ү төвийн бүс хороолол, Э гудамж, 0 дугаар байр, 00 тоот хаягт байрлалтай 102,68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч нь Г.А болох нь тогтоогдож байна. /хх.53/

8. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4-137/14817 тоот албан бичгээр төлбөр төлөгч Г.Ат үнийн санал ирүүлэх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад төлбөр төлөгч Г.А тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй үйл баримт тогтоогдсон байна. /хх.63/

9. Э 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 8/186 тоот тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Файн эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

10. Файн эстимейт ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа ...орон сууцны зах зээлийн хандлагаарх үнэ цэнийг 303,900,000 төгрөг гэж тогтоосон гэсэн дүгнэлт хийсэн, дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцсэн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.

11. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4-137/16416 тоот ...барьцааны зүйл болон орон сууцны үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Г.Ат Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлжээ. /хх.84/

12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээний талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

13. Нэхэмжлэгч Г.А үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлоо 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуулиар тусгайлан тогтоосон гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

14. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2021/15362 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байна. /хх.190-191/ Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

14а. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ...Файн-Эстимэйт ХХК-ийг хөрөнгийн үнэлгээ тогтоох зорилгоор шинжээчээр томилсон байхад Н.Цолмонгэрэл нь үнэлгээний тайлан гаргасан нь зөрчилтэй гэж заасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм. Учир нь, Файн эстимейт ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс үзэхэд Н.Цолмонгэрэл нь тус компанийн үнэлгээчин байх бөгөөд Файн эстимейт ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлд Э 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хууль тайлбарласан, шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан баримт хэрэгт авагдсан байна. /хх.119-120/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч буюу Г.Аийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/03133 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...55 дугаар 55.7 дахь гэснийг ...55 дугаар зүйлийн 55.7 дахь гэж, мөн заалтад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг гэж нэмсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ц.ИЧИНХОРЛОО