2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/04041

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 09 184/ШШ2024/04041

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *дүгээр хороо, *дугаар хэсэг, * тоотод оршин суух, *-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,* дүгээр хороо, Цээлийн *гудамж, *тоотод оршин суух, М*/-д холбогдох

Гэм хорын хохиролд 4,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 12 сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн * УАТ улсын дугаартай, Toyota land cruiser маркийн автомашинтай Сүхбаатар дүүргийн * баруун хойд уулзварын баруун талын замд явж байтал * нь *УАМ улсын дугаартай, Toyota prius маркийн суудлын автомашинаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж миний автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан.

Тээврийн цагдаад дуудлага өгч зөрчил гарсан газарт үзлэг, хэмжилт хийхэд иргэн * буруутай нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгуулах шийтгэлийг 2023 оны 12 сарын 28-ны өдрийн 0762258 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан. Мөн * нь зөрчил гаргасан буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч *гийн 2023.12.28-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа-ны 2.2-т * овогт* нь Toyota prius маркийн *УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна, 2.3-т Toyota land cruiser маркийн * УАТ улсын дугаартай авто машины жолооч * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн байдаг. Миний бие хохирлын үнэлгээг Арвижих эстимэйт' ХХК-иар хийлгэхэд 3,980,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан бөгөөд үнэлгээний төлбөр 260,000 төгрөг болсон болно. Гэвч * нь миний хохирлыг барагдуулахгүй, утсаа авахгүй зугтаасаар байна. Иймд замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй замын хөдөлгөөнд оролцож миний эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай нь тогтоогдсон хариуцагчаас хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 3,980,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 260,000 төгрөг, нийт 4,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Энэ зам тээврийн осол 9 сарын өмнө гарсан, шүүхэд нэхэмжлэлээ гаргаад бас 6 сар орчим болж байна. Намайг машинтайгаа явж байх үед хариуцагч машинтайгаа хажуу талаас ирээд мөргөсөн. Цагдаа ирээд аль буруутайг тогтоож хариуцагчтай хамт үнэлгээний төв явж машинаа хамт үнэлүүлж үнэлгээний мөнгийг хариуцагч төлөх ёстой байсан боловч мөнгөгүй гэсэн учраас тухайн үед миний бие үнэлгээний төлбөрийг төлж барагдуулсан. Хариуцагч үнэлгээний мөнгийг маргааш өгнө гээд явсан боловч тэр өдрөөс хойш хариуцагч утсаа аваагүй. Өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нь анх удаа уулзаж байна. Нийт 3,400,000 төгрөг нэхэмжилсэн бил үү, баримтаа хараагүй байгаа болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Өмнө нь нэг удаа хариуцагчийн эхнэр ярихдаа манай талаас төлбөрийг төлөхгүй гэж ярьсан. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг л нэхэмжилж байгаа ч үүнээс их хэмжээний хохирол учирсан. Мөргөлдсөн хэсгийн хуулгыг шинээр наах л үнэлгээ гаргасан, миний машин бүтэн хуулгатай байсан. Хуулга зах зээлийн үнэлгээ нь 8 сая орчим төгрөг байгаа, зөвхөн мөргөсөн хэсгийн хуулга, будаг, хаалганы гишгүүр цаашаа орсон хэсгийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гаргаж өгсөн. Үнэлгээ гаргахад хариуцагч өөрөө хамт байсан. Миний хувьд хариуцагч мөнгө байхгүй гээд үнэлгээний хөлсийг төлөхгүй байхаар нь би цагдаагаас асуухад та өөрөө төлөөр иргэний журмаар нэхэмжилж болно гэхээр нь өөрөөсөө төлсөн, тэр хүний торгуулийг өмнөөс нь төлөөгүй. Хариуцагч тухайн үед өөр хүний машиныг барьж явсан гэж хэлэхэд торгуулийн 100,000 төгрөг өгөөд машинаа ав гэхэд машины эзэн нь ирээд мөнгийг нь төлөөд авсан. Би үнэлгээгээр тогтоосон хохирлоо гаргуулж авна, хариуцагчийн төлөөлөгчийн 230,000 төгрөг төлнө гэдэг таагүй санагдаж байна. Тухайн үед ослын улмаас автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлаагүй байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан гэм хорын хохирол 4,240,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэтэрхий нэг талыг баримтлан явуулсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч гаргаж байгаа үнийн дүнгээ тодорхой хэлэх ёстой. Бичгийн хэлбэрээр гаргасан үнийн дүн, ярьсан тайлбар нь зөрүүтэй байна. Нэхэмжлэгч хэлэхдээ зам тээврийн осол гарсан гэж тайлбарлаж байна. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт нь хэргийн газрын схем зураг билээ. Хэргийн газрын схем зургаас харахад тухайн зам нь эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ зам, нэг тийшээ 2 эгнээгээр явдаг зам, ямар нэгэн эвдрэл гэмтэлд ороогүй, хөдөлгөөнгүй цэгийг А цэг байдаг. 2 машин хоорондоо мөргөлдсөн А цэг нь нэгдүгээр эгнээ байна. Хоёрдугаар эгнээнд явж байгаа машин баруун гар тийшээ эргэх гэж байгаад мөргөлдсөн байдаг. Мөрдөгчийн магадалгаа үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Зогсож байгаад хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явах үед хариуцагч талаас зүүн гар талаас орж ирсэн гэх асуудал байна. Тус тээврийн хэрэгслийн эзэмшигч нь замын цагдаагийн газраас хэргийн материал хүсэлт гарган татуулсан. Замын цагдаагийн газраас ирүүлсэн материалын 12 дахь талд тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч нь хэн бэ гэх нотлох баримт байна. Ц.* гэх хүний эзэмшилд тус машин байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т заасан зам тээврийн ослоос болсон гэм хорыг тээврийн хэрэгслийн өмчлөгч ашиглагч хохирлыг төлж барагдуулах ёстой. Тээврийн хэрэгслийн өмчлөгч Ц.* гэх хүн хохирлыг хариуцаад өөрөө гэм буруутай этгээдээс өөрийн гаргасан төлбөрийг нэхэмжлэх эрхтэй. Тээврийн хэрэгслийн үнэлгээ хийхэд учирсан шууд хохирол нь 230,000 төгрөг байна. Баруун хойд хаалга, баруун урд хаалга, баруун гишгүүрийг үнэлгээ хийлгэсэн. Тус тээврийн хэрэгслийг будсан, хуулга наасантай холбоотой шууд хохирол гарахад зарцуулагдсан нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Ийм учраас шууд хохирол 230,000 нийт хохирол нь 3,980,000 төгрөгийн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч хэлэхдээ 3,400,000 төгрөг гэж байна. Үнэлгээгээр 230,000 төгрөгийн хохирол гарсан. 2 хаалга, гишгүүр нь дунд зэргийн эвдрэлтэй байна. Будаж, хуулга наасан талаар үнэлгээ дээр тодорхой байхгүй байна. Хуулганд хэдэн төгрөг зарцуулсан талаар үнэлгээний тайлан дээр тусгагдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зөрчлийн хэрэгт хариуцагчийг 100,000 төгрөгөөр торгосон байгаа ч түүнийг хариуцагч өөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч хурдан асуудлаа дуусгая гээд торгуулийг төлж, шийтгэврийг хүчин төгөлдөр болгосон гэж хэлсэн. Ц.*ын зөвшөөрлөөр хариуцагч автомашиныг барьж явсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, * машиныг осол болох үед барьж байсан талаар маргахгүй, бодит учирсан хохирол нь 230,000 төгрөгийг шүүхээс төлөх шийдвэр гаргавал төлнө гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, бэлэн мөнгөний орлогын баримт, Арвижих-Эстимейт ХХК-ийн үнэлгээний тайлан, 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн * дугаартай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, *ий иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн * дугаартай шийтгэлийн хуудас, *ий иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Toyota land cruiser-j300 *УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зэрэг баримтыг гаргасан байна.

 

Хариуцагчаас хариу тайлбар, итгэмжлэл зэрэг баримтыг гаргасан байна.

 

Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар *д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэх материал зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан гэм хорын хохиролд 4,240,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхээс талуудад хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар дуусгавар болгох талаар тайлбарлан өгч талуудад эвлэрэн хэлэлцэх боломжоор хангасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байгаа учир хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан бөгөөд нэхэмжлэгчид учирсан гэх хохирол хариуцагчийн гаргасан гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой тохиолдолд нэхэмжлэгч *ий нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл бий болно.

Хариуцагч * нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Шангриллагийн баруун хойд уулзварын баруун талын замд, *УАМ улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, * УАТ улсын дугаартай, Toyota land cruiser маркийн автомашиныг *ийг жолоодон явахад нь мөргөж осол гаргаж, хохирол учруулсан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Замын цагдаагийн газраас ирүүлсэн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн тухай материалд авагдсан Замын Цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэг хийсэн тэмдэглэл, газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс гаргасан Эрх бүхий албан тушаалтын магадалгаа, автомашины фото зураг зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.

Ослын талаарх үйл баримт болон гэм буруугийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь эс зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байгаа ч дээрх зөрчлийн хэрэг материалд авагдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс гаргасан Эрх бүхий албан тушаалтын магадалгаа, мөн өдрийн * дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар хариуцагч * нь осол гаргасан, гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, дээрх баримтуудтай танилцаж, гарын үсэг зурсан байна. Улмаар уг ажиллагаатай холбогдуулан ямарваа нэгэн гомдол гаргаагүй бөгөөд * дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 100,000 төгрөгийн торгуулийг төлсөн талаар хэн аль нь маргахгүй байна.

Иймд хариуцагч * нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан тул уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагчийн төлөөлөгчөөс хариуцагч *ий осол болох үед барьж явсан *УАМ улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл нь Ц.*ын өмчлөлд бүртгэлтэй байсан тул эд хөрөнгийн өмчлөгчөөс хохирлыг шаардах ёстой, хариуцагч эзэмшигчийн тухайд өмчлөгчид учруулсан хохирлоо төлнө гэсэн агуулгатай тайлбарыг гаргаж байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн автомашины эвдрэл хохирлын зардлыг уг тээврийн хэрэгслийг ашиглаж эзэмшиж байсан тул хариуцагч * хариуцан арилгах үүрэгтэй.

 

Талууд уг ослын улмаас учирсан хохирлын талаар талууд маргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч *ээс өөрийн өмчлөлийн *УАТ улсын дугаартай автомашинд * ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан автомашины техникийн хохирол үнэлгээний тайлангаар тогтоогдсон 3,980,000 төгрөгийн хохирлыг, үнэлгээний төлбөрт төлсөн 260,000 төгрөгийн хамт нийт 4,240,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс ...үнэлгээгээр тогтоогдсон шууд зардал буюу эвдэрсэн эд ангийг завсарлахад гарсан зардалд тооцон 230,000 төгрөгийг төлөх боломжтой, шууд бус зардал буюу будах зардал, будаг, туслах материал, лак авах зардал, хуулга наахад гарах зардалд тооцсон 3,750,000 төгрөгийг төлөхгүй, энэ хэмжээний зардал гаргасан гэх баримт байхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

* ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг тодорхой заасан байх бөгөөд үнэлгээгээр тогтоогдсон нийт хохирол 3,980,000 төгрөг, уг үнэлгээг гаргахад үйлчилгээний хөлсөнд * ХХК-д 260,000 төгрөгийн төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх бөгөөд уг хохирол нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Хариуцагч *, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй байна.

Иймд талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *ээс 4,240,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *д олгохоор шийдвэрлэж байна.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохоор томилогдсон иргэдийн төлөөлөгч *т шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар /бага насны хүүхэдтэй, хүүхэд харах хүнгүй/ шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид түүнийг эзгүйд шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан бол хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс улсын тэмдэгтийн хураамжид 82,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *ээс 4,240,000 /дөрвөн сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс улсын тэмдэгтийн хураамжид 82,970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Б.ХИШИГБААТАР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН