Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00491

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00491

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2021/03397 дугаар шийдвэртэй

Б.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Б, М.А нарт холбогдох

Гэм хорын хохиролд 17,885,805 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.Агийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2021 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 03.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн замд М.Агийн өмчлөлийн Т маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг М.Б жолоодож яваад Б.Б миний өмчлөлийн ӨА маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсөн. Дотор нь зорчиж явсан охин Б.Ц, хүү Б.Э, нөхөр Н.Бболон миний биед гэмтэл, тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан. Ослоос болж эмчилгээ, эрүүл мэндийн болон бусад зардал 4,204,800 төгрөг, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тээврийн хэрэгсэлд 13,681,000 төгрөг нийт 17,885,805 төгрөгийн хохирол учирсан. Ослын улмаас манай машин удирдах чадваргүй дугуй дээрээ 3-4 эргэж, Яармагийн замын голын хашлага дээр гарч зогссон. Тэгээд машинаас гарахад 2 талын урсгалд машин байгаагүй, хэн мөргөсөн нь мэдэгдээгүй, нөхөр маань замын урагшаа гүйж очиход Кроун гэх маркийн машинаас утаа гарсан, машинаас хариуцагч М.Б гарчихсан байдалтай байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа ирж, би хүүхдүүдийн хамт гэмтлийн эмнэлэгт анхан шатны тусламж авч, хэвлийн ЭХО-ны зургаа авхуулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний бие, хүүхдүүдэд хөнгөн гэмтэл тогтоогдож, 7 хоног нөхөн сэргээх сувилгаа хийлгэсэн. Медтравма эмнэлэгт Б.Э 120,000 төгрөг, Б.Ц 120,000 төгрөг, би 260,000 төгрөг нийт 500,000 төгрөгөөр оношилгоо хийлгэсэн. Мөн Грандмед эмнэлгийн мэдрэлийн эмчид 30,000 төгрөгөөр үзүүлсэн. Ази фарм, Монос эмийн сангаас 240,000 гаран төгрөгөөр эм авсан, Сиднэй консракшн ХХК-аар машиныг хэд хэдэн удаа ачуулахад 220,000 төгрөг болсон. Юу Би авто центрээр 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 55,000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн, Ашид билгүүн ХХК-аар автомашины хохирлыг үнэлсэн үнэлгээний зардалд 625,000 төгрөг төлсөн. Мөн бид ослын дараа сувилалд хэвтэж эмчлүүлсэн бөгөөд тус бүр 350,000 төгрөг, 490,000 төгрөг, 350,000 төгрөгийг төлснөөс гадна авах ёстой цалин 272,725 төгрөг нэхэмжилсэн. Нийт 17,885 гэм хор учруулсныг Кроун маркийн машины өмчлөгч М.А, жолоодож явсан М.Б нараас ижил тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч М.Боос 8,344,270 төгрөг, хариуцагч М.Агаас 8,344,270 төгрөг, нийт 16,688,540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, үлдэх 1,197,265 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,379 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 16,688,540 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 241,392.7 төгрөгөөс 120,696.35 төгрөгийг хариуцагч М.Боос, 120,696.35 төгрөгийг хариуцагч М.Агаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 184/ШТ2021/00221 дүгээр тогтоол нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэхийг дурдаж шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагч М.Агийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...Би дээрх зам тээврийн осол гарсан нөхцөл байдал буруугүй. Тухайн хэрэг болсон 2021 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Х маркийн 00-00 улсын дугаартай машиныг М.Б жолоодож явсан. Мөн шүүхийн шатанд шүүх хурал, шүүхийн хэлэлцүүлэгийн үед М.Б нь бүх хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж хэлдэг. Гэтэл шүүхээс хэрэгт хамааралгүй этгээд болох хариуцагч М.Агаас хохирол төлбөр 8,344,270 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдалд гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр илт үндэслэлгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Б.Бгийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

3. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.Б, М.А нарт холбогдуулан гэм хорын хохиролд 17,885,805 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2021 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 03.01 цагт Хан-Уул дүүрэг, 8 хороо, Наадамчдын гудамж, ертөнцийн зүгээр Оргил худалдааны төвийн баруун урд тал, Яармагийн зам дээр Т маркийн 00-00 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Н.Бжолоочтой ӨА маркийн 00-00 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж, зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон байна. /хх.4-25/

5. Хэргийн 29 дүгээр талд авагдсан Шийтгэлийн хуудас-аас үзэхэд хариуцагч М.Быг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-д зааснаар 400,000 төгрөгөөр торгосон байна. /хх.22, 29/

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

7. Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.Б болон Н.Бямбацогт, Б.Э, Б.Ц нарын эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 6499, 6500, 6498, 6501 дугаар дүгнэлтүүд /хх.34-41/, эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн үзлэгийн хуудсаар тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч нар оношилгоо үзлэг хийлгэсэн эм тариа худалдаж авсан бичгийн баримтуудыг нотлох баримтаар гаргажээ. /хх.42-54/

Мөн Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал гэх бичгийн баримт /хх.4/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ зэрэг бичгийн баримтаар ӨА маркийн 00-00 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14,581,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тус тус тогтоогдсон байна.

8. Анхан шатны шүүх хариуцагч М.Б, М.А нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Бгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

9. Хэргийн 26 дугаар талд авагдсан Тээврийн хэрэгслийн гэрчилгээ-ээр Т маркийн 00-00 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь М.Агийн өмчлөлийн машин болох нь тогтоогдсон.

10. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч М.А бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Учир нь Тээврийн Прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад хариуцагч М.Бын ...А гэх ахаас Т маркийн 00-00 улсын дугаартай автомашиныг гуйж авсан гэсэн мэдүүлэг авагдсан байх бөгөөд хуульд зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэг хүлээдэг. /хх.161/

11. Иймд М.Агийн ...машиныг М.Б жолоодож явсан. М.Б нь бүх хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж хэлдэг. Гэтэл шүүхээс хэрэгт хамааралгүй этгээд болох хариуцагч М.Агаас хохирол төлбөр 8,344,270 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

12. Анхан шатны шүүх хариуцагч М.Б, М.А нараас нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан гарсан болон эд хөрөнгөд учирсан хохиролд хариуцагч М.Боос 8,344,270 төгрөг, хариуцагч М.Агаас 8,344,270 төгрөг, нийт 16,688,540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэргийн 209-211 дүгээр талд авагдсан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ирээгүй байна. Иймд шүүх иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхироор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2021/03397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Агийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО