Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1061

 

 

 

 

                                              Л.П-д  холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Л.П-ийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/588 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Л.П-д холбогдох эрүүгийн 2310011770585 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Л-ын П, ........ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдосн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.П нь 2022 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хамтран амьдрагч Х.Д-ийн хоолойг нь боож унаган, нуруу хэсэгт нь гараараа 2 удаа цохисон үйлдэлдээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ЗШ/1675 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдаж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр,

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамтран амьдрагч Х.Д-ийн нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж, заазуурын ишээр бие рүү нь цохисон үйлдэлдээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ЗШ/128 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдаж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр,

мөн ...... дүүргийн .... дугаар хороо, 0000 хэсгийн 000 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Х.Д-г 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр баруун талын шанаа хэсэгт нь гараараа цохисон,

2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр толгойн тус газарт нь гараараа нэг удаа цохисон,

2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөсөн,

2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр нуруу руу нь хоёр удаа, толгой руу нь нэг удаа гараараа цохисон,

     2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үснээс нь зулгаах, толгойн ар хэсэг, нуруу хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохих, дух руу нь толгойгоороо мөргөх зэргээр байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Л.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.П-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч есөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон нийт 77 хоногийг хорих ял эдэлсэнд хугацаанд оруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс шүүгдэгч Л.П урьд ял шийтгэлгүй, гэм буруугийн талаар маргаагүй, бусдад төлөх төлбөргүй, ял хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байхад Зөрчлийн тухай хуулиар 2 удаа баривчлах шийтгэл хүлээж байсан нөхцөл байдлыг үндэслэж улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд оногдуулсан хорих ялын хугацааг багасгаж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Л.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

шүүгдэгч Д.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн ...... дүүргийн .... дугаар хороо, 0000 хэсгийн 000 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу хамтран амьдрагч Х.Д-г 2022 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2023 оны 1 дүгээр сарын 27, 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зодсон болох нь:

дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 7, 22, 30, 32, 39, 86, 7/,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд нь холбогдуулан нээсэн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолууд /хх-ийн 21, 85, 29,/,

гэр бүлийн хүчирхийллийн хэр хэмжээг хохирогч Х.Д-гаас асуумж аван  тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 11-12, 24, 38, 44, 91/,

хохирогч Х.Д-ийн: “...3 хүүхдийн гэртээ байж байхад хамтран амьдрагч Л.П 18:30 минутын үед согтууруулах ундаа хэрэглэсэн байталтай гэртээ орж ирээд намайг “чи хойд аавтайгаа унтаж, хэвтэж явдаг биз дээ, муу янхан минь чамайг би ална шүү” гээд зүүн гараараа миний баруун талын шанаа хэсэгт 2 удаа цохиод ... настай охин Х-г загнаад байсан...” /хх-ийн 88-89/, “...2022 оны 2 дугаар сарын 24-ний орой 23 цаг 30 минутын үед нөхөр Л.П согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гараараа миний толгойн хэсэгт нэг удаа цохихоор нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...” /хх-ийн 9/, “...2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед хамтран амьдрагч Л.П гарч яваад 16 цагийн үед хүү бид хоёр унтаж байхад “п-уудаа” гээд орилоод орж ирэхээр нь би босоод “чи яагаад орилоод байгаа юм бэ” гэхэд “хоолойг чинь бооно шүү, дэлгүүр орж архи авч өг” гэхээр нь би эсэргүүцэхэд гутал өмсүүлэхгүй чирээд байсан. Тэгээд том өрөө рүү ороод 2 хүүхэд рүү “муу хоёр гударга минь, та хоёр цагдаа дууддаа” гээд орилоод байхаар би гэрээсээ гарч гүйгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх-ийн 25-26/, “...2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гэртээ байхад хамтран амьдрагч Л.П согтуу орж ирээд “барахгүй шүү, боол минь” гээд миний нуруу руу гараараа 2 удаа, толгой руу 1 удаа тус тус цохисон...” /хх-ийн 31/, “...нөхөр Л.П гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 21:30 цагийн үед орж ирсэн. Манай охин Н /... настай, эмэгтэй/ нь “бие заслаа” гэхээр нь “миний охин ширээн доороос коршонкоо аваад бие засчих” гэсэн чинь нөхөр Л.П “муу гудрага баас, шээс нь дийлдэхгүй” гээд уурлаад байхаар нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь “танай 2 шээс дандаа цагдаа дуудаж өгдөг биз дээ” гээд босож ирээд над руу уурлаад байхаар нь “миний хань тайвшир” гэхэд “би яахаараа чиний хань байдаг юм” гээд цохих гээд байхаар нь би гэрээсээ гарч зугатаагаад буцаж орсон чинь өөдөөс гарч ирээд миний үснээс чирээд нойл орсон. ...Манай нөхөр согтууруулах ундааны зүйлийг ажил хийхээрээ уудаггүй, нэг уухаараа 3-4 өдөр дараалж уудаг бөгөөд намайг “пизда, гичий, янхан, өмхий алтай, балай гичий” гэх мэтээр байнга хэл амаар доромжилдог. Мөн намайг айлд орохоор уурлаад “яах гэж айл хэсээд байгаа юм” гээд гэрээс гаргахгүй байх санаатай байнга уурлаад байдаг. ...” /хх-ийн 41-42, 97/ гэсэн мэдүүлгүүд,

согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 37/,

Л.П-ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулсан шийдвэр /хх-ийн 66-68/,

гэрч А.Б-ийн: “...Д, П нар нь дандаа хэрэлдэж, зодолддог. Тэр чимээг нь хөрш айл болохоор хананы цаанаас сонсогддог бөгөөд Д-гийн охин нь манайд орж ирээд байнга “аав, ээжийг зодоод байна” гэж хэлдэг.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Л.П-ийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Д-г 7 удаагийн үйлдлээр гэртээ, хүүхдүүдийнхээ дэргэд зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон...” гэсэн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд анхан шатны шүүхийн Л.П-ийн үйлдсэн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг зөв зүйлчилсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар заасан.

Шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар нь хамтран “...ял хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байхад Зөрчлийн тухай хуулиар 2 удаа баривчлах шийтгэл хүлээж байсан нөхцөл байдлыг үндэслэж 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Л.П нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдаж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр /хх-ийн 117-118/, 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдаж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр /хх-ийн 16/ тус тус шийтгүүлж байжээ.

Энэхүү гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 2 зөрчил нь энэ удаа шийтгэгдэж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон...” гэсэн шинж болсон байхад түүний энэ байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нөхцөл байдалд тооцохгүй. ...” гэж заасныг зөрчсөн байх тул давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасган 7 сарын хугацаагаар хорих ял болгохоор шийдвэрлэв. 

Анхан шатны шүүх, Л.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан зорчих эрх хязгаарлах, хорих гэсэн ялын төрлөөс хорих ялыг сонгон оногдуулсан нь түүний тус гэмт хэргийг үйлдсэн үйлдлийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн зорилгод нийцсэн байна.

Шүүгдэгч Л.П нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 43 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/588 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 2 дахь заалтын “...Л.П-ийг 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Л.П-ийг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар...” гэж,

3 дахь заалтын “...9 сарын...” гэснийг “...7 сарын...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.    

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-ийн 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                             

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ