Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1063

 

          

 

М.С-т  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга, 

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/1836 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Төмөртулга 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн М.С-т холбогдох 2408001080752 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Б овгийн М-ын .........  тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тус ажил хийлгэх ял шийтгэгдсэн;

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.С нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 153 дугаар сургуулийн орчим байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.Э-ийн эзэмшлийн iPhone 12 загварын гар утсыг “утсаа өгчих, хоёр хоногийн дараа буцаагаад өгчихье” гэж хэлэн залилан авч, бусдад 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эрүүгийн хариуцлага хүлээлж байсан...тийм, дууссан гэж өөр өөрөөр тэмдэглэсэн байна. Яллагдагч М.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэзээ эдэлж дууссан нь тодорхойгүй, нийтэд тустай ажил хийлгэх ял биелсэн эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодруулсан зүйл хэрэгт авагдаагүй байна. Уг ажиллагааг хийж гүйцэтгээгүй нь яллагдагчийн хувийн байдал, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан ял оногдуулах журмыг хэрэглэх эсэх асуудлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэн, хамтран оролцох хэлбэрийг бүгдийг шалгаж, хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх учиртай.

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч М.Э-ийн, яллагдагч М.С-ын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байна. Гэрч А.Б-гийн үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцсон, яллагдагч М.С, А.Б нар нь хохирогчид хүч хэрэглэхээр заналхийлсэн эсэхийг шалгаж тодруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өөр төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах тул шүүхээс мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан сонсгоогүй зүйлчлээр яллагдагчийг гэм буруутайд тооцох, дээрх мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг таамаглах зэргээр шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд  мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Төмөртулга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхээс гэмт хэргийг хэн үйлдсэн, хамтран оролцох хэлбэрийг бүгдийг шалгаж, яллагдагч М.С, А.Б нар нь хохирогчид хүч хэрэглэхээр заналхийлсэн эсэхийг шалгаж тодруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өөр төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоогоогүй гэх дүгнэлтийг хийж буцаасан боловч дээрх дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагаагаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч М.С-ын өгсөн мэдүүлэг давхар нотлогдож болсон үйл баримт сэргээн дүрслэгдэж байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн.

...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар яллагдагч М.С нь А.Б-тэй хамтран оролцож тухайн эд зүйлээс олсон ашиг орлогыг хамтран зарцуулсан зэрэг үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн тогтоогдоогүй ба М.С нь ганцаараа хохирогчид урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.Э-ийн эзэмшлийн iPhone 12 загварын гар утсыг “утсаа өгчих хоёр хоногийн дараа буцаагаад өгнө” гэж хэлэн залилан авч, 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах" гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр хөндлөнгийн байр суурьнаас хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хэлэлцэх явцад гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүх хуралдааныг хуульд заасан 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж, прокурорт даалгаж шийдвэрлүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан заалттай нийцнэ.

...Мөн шүүх яллагдагч М.С-ын өмнөх ял биелэсэн эсэх баримт болон яллагдагчийн эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөл байдлыг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд дурдаж хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамааруулан буцаасан нь үндэслэлгүй, хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авснаас хойш хуульд заасан үндэслэлээр л урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, уг хуралдаанаар хуульд заасан хэлэлцэх асуудлуудыг л хэлэлцэж шийдвэрлэхээс гадна, яллагдагчийн хувийн байдлыг нотлох баримтыг хавсаргах асуудлаар буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиин 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцах үндэслэлд хамаарахгүй байна.

Яллагдагч М.С-ын өмнөх ял биелэсэн эсэх баримтыг гэм буруугийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж, шинжлэн судлуулах замаар хэлэлцэх боломжтой юм.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/1836 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүдийг шалгахад;

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өөр төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах ажиллагааг хийх шаардлагагүй байна.

Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд байсан М.Э, А.Б, М.С нараас мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохих оролцогчоор тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаануудыг хийсэн байна.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

  1. Яллагдагч М.С-ын хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй. Тухайлбал, шүүхийн шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял биелсэн эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодруулсан зүйл хэрэгт авагдаагүй байна гэсэн ажиллагааг прокурорт даалгах, үүрэг болгох байдлаар шүүхийн шатанд хийлгэх, тодруулах боломжтой ажиллагаа байсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж хэргийн прокурорт буцаах үндэслэл шаардлагыг хуульчилж өгсөн бөгөөд хэргийг бүхэлд нь хянахад энэхүү хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдсонгүй.

Иймд прокурор Т.Төмөртулгын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, М.С-т холбогдох 2408001080752 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Т.Төмөртулга 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/1836 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Яллагдагч М.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ