Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00492

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00492

 

Ү.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/02396 дугаар шийдвэртэй

Ү.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Б ХК-д холбогдох

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 49,508,287 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ү.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Ү.Бийн эхнэр 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баян суманд айлд байхдаа нас барсан. Ү.Бэ болон талийгаач нар нь 2019 оны 05 дугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас 8 хувийн зээл авч Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 байрны 00 тоот байрыг худалдаж авсан. Уг зээлийг авахдаа Б ХК-д даатгуулж, амь насны даатгалыг хийлгэсэн. Даатгалын хураамж төлөлтийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөд явж байгаа. Б ХК нь амь насны даатгалд даатгуулсан учир амь насны даатгал авах хүсэлт гаргасан боловч хариуцагч талаас даатгалын тохиолдол болоогүй байна, иймээс нөхөн төлбөр өгөх боломжгүй гэх хариуг өгсөн. Нэхэмжлэгчийн эхнэр хариуцагч компанитай даатгалын гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар амь насны эрсдэлийг даатгахаар заасан. Тухайн үед гэнэтийн улмаас амь нас нь хохирсон учир даатгалын гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл төлбөр 49,508,287 төгрөгийг Б ХК-аас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Өийн тайлбарын агуулга: Даатгалын тухай хуулийн 3.2-д зааснаар даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд сайн дурын үндсэн дээр даатгалын гэрээ байгуулагдсан. Уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй юм. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д даатгагч нь даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүрэгтэй. Хууль болон журамд заасны дагуу хариуцагч компани даатгуулагчид хуульд заасан үүргийнхээ дагуу даатгалын гэрээний нөхцөл, холбогдох хуулийг тайлбарлаж өгсөн зүйл байхгүй. Мөн Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.4.2-т зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгоно, 4.5-д даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж тус тус заасан. Тус журмын 5.4.2-т даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлнэ гэсэн зохицуулалттай. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд заасны дагуу зээлдэгчид даатгалын эрсдэл, сонгох эрхийг олгоогүй. Тус журмын 4.5-д заасан заасан мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүй. Иймд хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.Н нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Ү.Бэ болон түүний эхнэр талийгаач н.М нар нь манай компанитай 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлээ даатгуулсан. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр н.М нь нас барсанаас даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг манай компанид гаргасан. Манай зүгээс хүсэлтийг нь судалж үзэхэд нас барсан тохиолдол нь гэрээнд заасан гэнэтийн ослын улмаас бус өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдож, манай компанийн зүгээс даатгалын гэрээний 8.1.8-д заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгалын гэрээний 2.1.2-т зааснаар даатгалын зүйл нь даатгуулагчийн амь нас байхаар тохиролцсон. Даатгалын гэрээний 3.1.6-д зааснаар даатгалын зүйл нь даатгуулагчийн амь насанд гэнэтийн ослын улмаас хохирол учирсан тохиолдолд даатгалын тохиолдол гэж үзнэ. Гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн ахуйн зам, тээврийн байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл эс үйлдэхээс үүссэн ослыг ойлгоно. Эдгээр ослын улмаас даатгуулагчийн амь насанд эрсдэл учрах юм бол нөхөн төлбөр олгоно гэдгийг тодорхой заасан.

Даатгуулагч даатгалын нөхөн төлбөр авах хүсэлт гаргасны дагуу даатгуулагчийн нас барсан шалтгааныг судалж үзэхэд хавтаст хэрэгт Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 469 дүгээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолд талийгаач н.М нь 2006 оноос зүрхний хавхлагын дутагдал өвчнөөр эмнэлгийн байгууллагын байнгын хяналтанд эмчлэгдэж байгаа, уг өвчний улмаас группт байдаг байсан болох нь нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эмчийн мэдүүлэг зэргээс тогтоогдож байна. Даатгалын тухай хуулийн дугаар зүйлийн 8.3.5-д даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 24,754,143 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Бэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,754,143 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,491 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 281,721 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.Н нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... Шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талийгаач Б.М нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээ, Төв аймгийн прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 469 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, өвчний түүх, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь мөн Б.М нь өвчний улмаас нас барсан гэдэгтэй маргадаггүй. Шүүх Даатгуулагч Б.Мын нас барсан шалтгааныг даатгалын тохиолдол болсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдол гэж даатгагч болон даатгуулагчийн хооронд байгуулсан гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгалын зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгох бөгөөд даатгалын гэрээгээр даатгуулагчийн амь насанд гэнэтийн осол буюу үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл эс үйлдлээс үүссэн осол-ын улмаас хохирол учирсан тохиолдолд даатгалын тохиолдол гэж үзэн даатгалын нөхөн төлбөр олгохоор тохиролцсон. Даатгуулагч өвчнөөр нас барсан нь даатгалын эрсдэл буюу гэнэтийн осолд хамаарахгүй тул энэ тохиолдол нь даатгалын тохиолдолд хамаарахгүй. Даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь хэсэгт Өвчин эмгэгийн улмаас нас барах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж тодорхой заасан байдаг. Гэтэл шүүхээс даатгуулагчийн өвчний улмаас нас барсныг тогтоосон атлаа ямар шалтгаанаар нас барсан нь хамааралгүй, нас барсан бол даатгалын нөхөн төлбөр олгох ёстой гэж даатгалын гэрээний харилцааг буруу тайлбарлаж, Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон даатгалын гэрээний зохицуулалтыг хэрэглэлгүйгээр шийдвэрлэж байгаа нь даатгалын компанийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, практикт буруу жишиг тогтоож байна. Шүүхээс даатгалын гэрээний 8.1.8 дахь хэсгийг харгалзаж үзээгүй, мөн хариуцагчийн зүгээс архаг хууч өвчин" гэж маргаагүй зөвхөн өвчин гэж маргасан. Талууд анх гэрээ байгуулахдаа даатгалын зүйл, даатгалын эрсдэл, даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл зэргийг тодорхой тохиролцсон байхад талуудын хүсэл зориг, гэрээний гол нөхцөлүүдийг үл харгалзан даатгалын нөхөн төлбөр олгох огт боломжгүй тохиолдолд даатгагчаас нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/02396 дугаартай шийдвэрийн 1 дэх хэсэгт Б ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 24,754,143 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.Бэд олгож шийдвэрлэснийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Өийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүрэгтэй. Мөн даатгалын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.4.2 буюу 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасныг биелүүлээгүй. Энэ нь амь нас, эрүүл мэндийн үндсэн эрсдлээс сонголт хийлгээгүй, датгуулагчид гэрээний заалт агууллыг ойлгуулаагүй, даатгуулагчийг буруутгах үндэслэл болохгүй. Даатгагч хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул даатгалын эрсдэлийг хариуцах үндэслэлтэй. Мөн журмын 5 дугаар зүйлийн 5.4.2-д зааснаар даатгагч нь хууль заасан үүргээ биелүүлээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Ү.Бэ нь хариуцагч Б ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 49,508,287 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч ...даатгалын гэрээний дагуу талууд даатгалын эрсдэлийг тодорхойлсон, талийгаач Б.М өвчний улмаас нас барсан тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж тайлбарлажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ү.Бэ, Б.М нар Б ХК-тай Ипотекийн даатгалын баталгааны гэрээ-г байгуулж, орон сууцыг 143,200,000 төгрөгөөр, даатгуулагчийн амь насыг 100,000,000 төгрөгөөр үнэлж, даатгалын хураамжид 243,200 төгрөг төлсөн байна. /хх.66/ Даатгуулагч Б.М 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан үйл баримт тогтоогдсон байна. /хх.51/

5. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

6. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх гэж тус тус заасан, даатгуулагч талийгаач Б.Мын нөхөр буюу хууль ёсны өвлөгч нэхэмжлэгч Ү.Бэ хариуцагч Б ХК-аас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

7. Анхан шатны шүүх даатгалын нөхөн төлбөрийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч байгууллагаас 24,754,143 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасантай нийцжээ.

8. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасан бөгөөд хариуцагч Б ХК нь нэхэмжлэгч Ү.Бэ, Б.М нарт даатгалын гэрээний нөхцөл шаардлагыг танилцуулсан талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

9. Зээлдэгчийн хуулиар олгогдсон амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн сонголтоо хийх эрхийг нь эдлүүлэлгүй, даатгуулагчид гэрээний заалт түүний агуулгыг тайлбарлан ойлгуулаагүй, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлүүдээс сонголт хийлгээгүй нь даатгуулагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд даатгагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай тул даатгуулагчийн даатгалын зүйл болох амь насаа өвчний улмаас алдсан эрсдэлийг даатгалын тохиолдол биш гэж үгүйсгэх үндэслэл болохгүй тул даатгуулагчийн хохирлыг даатгагч хариуцан төлөх үндэслэлтэй.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах-аар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

11. Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/02396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч байгууллагаас төлсөн 281,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ц.ИЧИНХОРЛОО