2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/04927

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 03 184/ШШ2024/04927

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо,* тоотод оршин суух, */-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *дугаар хороо, Бага наран 2 дугаар гудамж, * тоотод оршин суух, *-д холбогдох

20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч * хариуцагч Т.*, хариуцагчийн өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * миний бие нь 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Т.* гэдэг хүнээс 22,000,000 төгрөгөөр цайны газар худалдаж авсан. Худалдаж авахдаа гэрээ хийгээгүй. Мөнгөө бэлнээр авна гээд байхаар нь дансанд нь шилжүүлж өгсөн байдаг. Гэвч тухайн газрыг аваад 2 сар болж байтал эрчим хүчнээс тог тасдаж * руу залгаад хэлэхээр өмнө нь тийм юм болж байгаагүй ядаргаатай юм гэх мэтчилэн хавьтуулахгүй уурлаад байхаар нь за тэгвэл дулаан орохоор яаж ийж байгаад ажиллуулъя гэж байтал 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргээс шаардах хуудас ирж нүүлгэх ажил явагдсан. Энэхүү цайны газар нь Баянгол дүүргийн 20-р хороонд байрлалтай 5 шарын автобусны урд талын буудалд байрлах зөвшөөрөлгүй газар юм. Анх зарахдаа ямар ч шаардах ирж байгаагүй ирвэл 3 дээш ирж байж нүүлгэдэг ямар ч тийм асуудалгүй гэж хэлж байсан боловч Баянгол дүүрэг болон эрчим хүчнээс асуугаад явахад өмнө 2 жилийн өмнөөс хэд хэдэн удаа шаардаж байсан. *гаас өөрийг нь ажиллуулж байх хугацаанд тог тасдах ажил хүртэл явагдаж байсан юм билээ. Энэхүү цайны газар нь нүүлгэх боломжгүй шал нь цутгамал сэндвичийн материалтай шууд нураах үйл ажиллагаа явагдсан. Нөхөр бид хоёр хашаа байшингаа барьцаалж авч тухайн цайны газрыг худалдаж авч манайх ам бүл 6, дээр цалингийн зээлтэй манай гэр бүлд маш их санхүүгийн асуудал үүсэж байна. Цайны газрыг ажиллуулах 2 сарын хугацаанд гарсан мөнгө олж авч чадаагүй тул үнэхээр их хохиролтой байна. * гэдэг хүнээс мөнгө буцааж авах хүсэлттэй байна. Иймд *гаас 22,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Миний бие 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зарын дагуу хариуцагч Т.*тай очиж уулзан 22,000,000 төгрөгөөр цайны газрыг худалдан авсан. Тухайн үед хариуцагч Т.* нь үйл ажиллагаа явуулахад ямар ч асуудалгүй гэж зарсан. Тухайн цайны газрыг авахыг тулд нөхөр бид 2 хашаа байшингаа 22,000,000 төгрөгийн барьцаанд тавиад авсан. 2023 оны 11 сард мэдэгдэх хуудас ирээд тог тасарчихсан. Тухайн үед хариуцагч Т.* руу холбогдон хэлэхэд өмнө нь ийм зүйл байгаагүй, ямар ядаргаатай юм бэ, худалдаж авчхаад гэж хэлээд утсаа авахгүй алга болсон. Харьяалах дүүргийн Засаг даргаас нь очиж асуухад хариуцагч Т.*д нүүх талаар 2022 оноос хойш шаардах хуудас хүргүүлсэн, хариуцагч Т.*г нүүх талаар мэдэж байгаа гэсэн. Ингээд Газрын албанаас 2024 оны 3 дугаар сард нураасан. 2023 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр үйл ажиллагаагаа эхлэх гэсэн боловч аав маань нас бараад 2024 оны 10 дугаар сарын дундуур ажиллуулж эхэлсэн. Ингээд 11 дүгээр сарын дундуур тог тасарч ажиллуулах боломжгүй болсон. Гэхдээ би ажиллуулах гэж янз бүрийн аргаар үзсэн, нараар цэнэглэгддэг эрчим хүч хүртэл тавьж үзсэн ч болоогүй. Мөн бүх хоолой, бохир нь хөлдөөд үйл ажиллагаа явуулахааргүй болсон. Тэгээд дулааны улиралд ажиллуулж болох байлгүй дээ гээд ажиллуулах гэсэн нураахаар болчихсон. Залуу хүний хувьд бизнес хийж үзье, гэр бүл, үр хүүхдээ тэжээх гэсэн зорилготойгоор худалдан авсан. Миний хувьд бол санхүү мөнгөөрөө хохирсондоо гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийг хариуцагч Т.*гаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 5 дугаар сарын 26-нд энэхүү цайны газрыг худалдаж аваад 6,7,8 дугаар саруудад ажиллуулсан. Гэр бүлийн хүн маань хүнд өвдсөний улмаас гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болсон тул эмчилгээний зардлыг гаргах үүднээс цайны газраа зарсан. Нэхэмжлэгч * зарын дагуу ирээд уулзахаар нь хэлж байсан, замын урд талын ТҮЦ-үүдийг нурааж байгаа, манайхыг нүүх болон нураах мэдэгдэл одоогоор ирээгүй гэдгийг хэлсэн. Цайны газар маань автобусны буудал дээр ганцхан үйл ажиллагаа явуулдаг байсан болохоор орлого бол сайн байсан. 2024 оны 09 дүгээр сарын 17-нд аваад нийт 6 сар ажиллуулсан. Цайны газартаа байсан тоног төхөөрөмж болох хөлдөөгч, аяга, таваг, шанага гэх мэт зүйлүүдийг хүлээлгэн өгсөн. Миний хувьд нэхэмжлэгч *тай 5,000,000 төгрөгөөр тохирох боломжтой гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:

 

Нэхэмжлэгчээс *ын иргэний үнэмлэхийн лавлагаа, дансны хуулга, гэрэл зураг, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2104739 дугаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн мэдэгдэл, 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 20/20 дугаарт мэдэгдэх хуудас, гэрэл зураг, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн * дугаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн шаардлага зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.

 

Шүүх журмаар бүрдүүлсэн бичгийн баримтуудын тухайд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 24/301 тоот албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрүүдийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн цахилгаан эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэл, 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК ийн шаардлага, *дугаар хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг, хариуцагчийн хүсэлтээр Ж.Лойдогмааг гэрчээр асууж авсан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * нь хариуцагч Т.*д холбогдуулан 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 5 шар автобусны буудлын урд талын буудалд байрлах, Цайны газар-ын үйлчилгээ эрхэлж байсан ТҮЦ-ийг 22,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцжээ.

Дээрх талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга болон гол нөхцөлөөс үзвэл худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжүүдийг агуулжээ.

Худалдах худалдан авах гэрээг талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийж болох бөгөөд худалдан авагч * нь худалдагч Т.*гаас Цайны газар-ын үйлчилгээ эрхлэх боломжтой, ТҮЦ-ийг худалдан авахаар тохиролцож, түүний үнэ болох 22,000,000 төгрөгийг Т.*гийн ХААН банк дахь * тоот дансанд 2023 оны 09 сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 12,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгч, ТҮЦ-ийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйл баримтын талаар талууд маргахгүй байх тул дээрх үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байна.

Нэхэмжлэгч * нь худалдан авсан ТҮЦ-ийг цайны газрын зориулалтаар 2023 оны 09 сарын 18-ны өдрөөс өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, эхний 2 сар ажиллуулж байх хугацаанд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас зөвшөөрөлгүй ТҮЦ, цайны газруудын үйл ажиллагааг түдгэлзүүлэх шаардлага ирүүлж, тог цахилгааныг тасалж улмаар 2024 оны 3 сард ТҮЦ-ийг бүрэн нураасан тул доголдолтой, эрхийн зөрчилтэй эд хөрөнгө худалдсан гэж үзэн гэрээг цуцалж, өөрийн шилжүүлэн өгсөн 22,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч *д анх ТҮЦ-ийг худалдахдаа замын нөгөө талын ТҮЦ-ийг нурааж байгаа ч манайд энэ талаар нэг ч удаа мэдэгдэл өгч байгаагүй, ТҮЦ-ийг 3 сарын өмнө худалдаж аваад ажиллуулж байгаад нөхөр хүнд өвчний улмаас эмчлүүлэх шаардлагатай болоод зарах болсон. Зарснаас хойш 6 сар ажиллуулж ашиг орлогоо олсон учраас төлбөрийг би хариуцахгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдах үед холбогдох эрх бүхий байгууллагаас тухайн ТҮЦ-д цайны газар эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй, ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан талаар талууд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч ...хүсэлтээ холбогдох байгууллагад өгчихсөн удахгүй гарна... гэсэн гэх тайлбарыг гаргадаг. Хариуцагч эс зөвшөөрч ...намайг авахад зөвшөөрөл байхгүй байсан ч нэг ч удаа тог цахилгаан тасалж байгаагүй, мэдэгдэл ирж байгаагүй, тусгай зөвшөөрлийг хөөцөлдөж байгаа гэж хэлээгүй... гэж тайлбарлан маргаж байна.

Тус маргааны зүйл болох ТҮЦ-ийг 2022 оноос эхлэн ашиглаж байсан, ашиглаж байх хугацаандаа цахилгаан эрчим хүчээр хангах түр гэрээг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сонгинохайрхан ХҮТ-тэй байгуулж, н.* нэрээр, * дугаартай хэрэглэгчийн кодтой байсан болох нь хэрэгт авагдсан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ирүүлсэн 2024 оны 09 сарын 30-ны өдрийн 24/301 тоот албан бичиг түүнд хавсарган ирүүлсэн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байна. Талууд энэ талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ирүүлсэн 2024 оны 09 сарын 30-ны өдрийн * тоот албан бичиг түүнд хавсарган ирүүлсэн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланд авагдсанаар тус маргаан бүхий ТҮЦ нь нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл болон холбогдох бусад бичиг баримтгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан, 2022 оноос хойш цахилгаан кабель шугам, тогны утас г.м эрсдэлтэй нөхцөл байдлыг арилгах, цаашлаад цахилгааны хэрэглээг түдгэлзүүлэх мэдэгдэл шаардлага тавьж, хүргүүлж байсан, улмаар 2023 оны 11 дүгээр сар хүртэл цахилгаан эрчим хүчээр хангагдаж байсан, тухайн сараас хойш цахилгааны хэрэглээг хязгаарласан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ...2023 оны 11 сард цахилгаан тасалсан тул ажиллах боломжгүй болсон... гэх тайлбар нотлогдож байна.

Улмаар ТҮЦ-ийг өвлийн улиралд тог цахилгаангүйн улмаас ашиглахгүй байсаар 2024 оны 03 сарын 14-ний өдөр албадан чөлөөлж, буулгасан гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргадаг.

Дээрх бүгдээс дүгнэн үзвэл хариуцагч Т.* нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч * нь гэрээг цуцалж, эд хөрөнгийн үнийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. гэж заасан ба нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор ТҮЦ-ний тог цахилгааныг тасалсан, хэрэглээг түдгэлзүүлсэн талаар хариуцагчид мэдэгдэж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Шүүхээс талуудад нотлох баримт бүрдүүлж цуглуулах талаар бүхий л боломжит хугацааг олгосон бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.

Хариуцагч Т.* нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийг төлөх боломжтой, энэ хэмжээнд эвлэрэх боломжтой гэх тайлбарыг гаргадаг боловч нэхэмжлэгч энэ үнийн дүн дээр эвлэрэн хэлэлцэхээс татгалзсан, хариуцагч нэхэмжлэлээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа үлдэх хэсгийг төлөхөөс татгалзсан үндэслэл, тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй, мөн нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн эд хөрөнгөө буцаан гаргуулах шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

Иймд шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Т.*гаас 22,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан бол хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*гаас улсын тэмдэгтийн хураамжид 304,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-т заасныг баримтлан хариуцагч Т.*гаас 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*гаас улсын тэмдэгтийн хураамжид 304,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН