Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00490

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00490

 

О.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/03070 дугаар шийдвэртэй

О.Оын нэхэмжлэлтэй хариуцагч Өд холбогдох

40,348,015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, түүний өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Миний бие 1990 оны хавар сургуулиа төгсөөд Улаанбаатар Төмөр замын татах хэсэгт засварчнаар анх ажилд орж ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэврийг гарах хүртлээ Өын татах хэсэгт тасралтгүй 30 жил 11 сар 12 хоногийн хугацаанд ажилласан. Би Өын татах хэсэгт 1990-1994 оны хооронд засварчин, 1994-1998 оны хооронд машинист, 1998-2005 оны хооронд машинист, 2005-2006 оны хооронд зааварлагч машинист, 2006-2011 оны 10 дугаар сар хүртэл машинистаар ажилласан. 2011 оны 10 дугаар сараас албан тушаал буурч 2012 оны 04 дүгээр сар хүртэл 6 сарын хугацаанд Өын татах хэсэгт туслах ажилтан, 2012 оны 04 дүгээр сараас 2014 оны хооронд туслах машинист, 2014-2021 оны 06 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах хүртэлх хугацаанд машинистаар тус тус ажилласан. Манай байгууллагын хамтын гэрээгээр байгууллагадаа ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтанд ажилласан жилээс нь тооцон тэтгэмж олгодог. Тухайлбал 30-35 жил ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад нь сүүлийн 3 гурван сарын цалингийн дунджаар тооцож гаргасан сарын цалинг 14 сараар тооцон олгодог. Миний хувьд дээр дурдсанаар Өын татах хэсэгт 1990 оны 07 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл тасралтгүй 30 жил 11 сар ажилласан тул өндөр насны тэтгэвэрт гарахдаа байгууллагаасаа сарын цалинг 14 сараар тооцон нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй. Миний сүүлийн гурван сарын цалингийн дундаж нь 3,668,001 төгрөг юм. Уг сарын цалингийн дундаж болох 3,668,001 төгрөгийг 14 сараар тооцвол 51,352,019 төгрөгийн тэтгэмжийг авах эрхтэй. Гэтэл ажил олгогчоос 3,668,001 төгрөгийг 3 сараар тооцон 11,004,004 төгрөгийг тэтгэмж болгон 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдөр шилжүүлсэн. Ажил олгогч байгууллага ажилд орсон хугацааг 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тооцож байгууллагадаа тасралтгүй 9 жил 1 сар ажилласан гэж үзэж сарын цалинг 3 сарын хугацаагаар тооцож 11,004,004 төгрөгийн тэтгэмж олгосон. Өөрөөр хэлбэл байгууллагаас намайг 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тушаал бууруулж 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх 6 сарын хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсныг байгууллагадаа ажилласанд тооцохгүй буюу таны байгууллагадаа тасралтгүй ажилласан байдал энэ 6 сарын хугацаанд тасалдсан гэх үндэслэлгүй тайлбарыг өгсөн. Миний бие Өын татах хэсэгт тасралтгүй 30 жил 11 сар ажилласан болох нь ажилласан байдлыг тогтоох хамгийн гол үндэслэл болдог нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөөр нотлогдсоор байхад 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр туслах ажилтнаас албан тушаал дэвшүүлэн туслах машинистаар томилсон тушаалыг үндэслэн уг өдрөөс эхлэн байгууллагад ажилд орсон мэтээр миний тасралтгүй ажилласан хугацааг 9 жилээр тооцож байгаа нь үндэслэлгүй. Миний хувьд 30-35 жил ажилласан ажилтанд хамаарч сарын цалинг 14 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй бөгөөд энэ нь 51,352,019 төгрөг байна. Үүнээс байгууллага 11,004,004 төгрөгийг шилжүүлж үлдэх 40,348,015 төгрөгийн тэтгэмжийг олгоогүй. Иймд Өаас дутуу олгосон тэтгэмжид 40,348,015 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч О.О нь анх 1990 оноос эхлэн татах хэсэгт засварчин, машинист зэрэг ажил, албан тушаалд ажиллаж байсан. Нэхэмжлэгч О.Оын хүсэлтийг үндэслэн Улаанбаатар төмөр замын Улаанбаатар ХМ даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б-505 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А ХНН-ээс өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнууддаа А ХНН-ийн даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А-195 тоот тушаалаар батлагдсан Улаанбаатар төмөр зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам, Улаанбаатар төмөр зам ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам-ыг тус тус баримтлан А-д ажилласан хугацаагаар нь тодорхой тэтгэмж нэг удаа олгодог. Нэхэмжлэгч О.О нь А ХНН-ээс 30-35 жил ажилласан тул 14 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах ёстой гэх шаардлага нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч О.Оын хувьд тус журмын 4.1.4-т заасан нөхцөл буюу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.Оыг Улаанбаатар ХМ даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №714 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн байдаг. А ХНН-ийн даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А-195 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Улаанбаатар төмөр зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3.1.9 болон 3.2-т зааснаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтан нэг сарын дотор өөр алба, салбар нэгжид эргэн ажилд орвол тасралтгүй ажилласан хугацааг үргэлжлүүлэн тоолдог журамтай. Нэхэмжлэгч О.Оын хувьд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №714 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн боловч А-д эргэн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №312 тоот тушаалаар ажилд орсон байна. Нэхэмжлэгч О.О нь А-ын салбар нэгжид ажилд эргэн орсон боловч журамд заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн буюу 6 сарын дараа ажилд орсон нь тасралтгүй ажилласан хугацааг үргэлжлүүлэн тооцох нөхцөлд хамаарахгүй байна. Ийнхүү уг журмыг үндэслэн нэхэмжлэгчийн А ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 26-аас эхлэн шинээр тоолон 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тооцсон нь үндэслэл бүхий болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйл, 128 дугаар зүйл, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг тэтгэмжийн зөрүүний талаар маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай бөгөөд хэрэв комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 127 дугаар зүйлд зааснаар комиссын шийдвэрийг шүүхэд давж заалдах боломжтой. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Өаас 40,348,015 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.От олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Өаас 359,690 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ... Шүүх маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч О.Оыг ажлаас чөлөөлсөн талаарх ажил олгогчийн шийдвэр болон түүнийг буцаан ажилд авсан тухай тушаал шийдвэрүүд авагдсан талаар дүгнэлт хийсэн боловч тухайн дүгнэлтээ үгүйсгэж ажлаас чөлөөлөгдсөн саруудад ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлсөн байна гэж үзсэн. Гэтэл хавтаст хэргийн 30 дугаар талд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж хөдөлгөөний бус ажилд шилжүүлсэн ажил олгогчийн 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 630 дугаартай шийдвэр, тухайн шийдвэрийг эс зөвшөөрөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт тавьсны дагуу нэхэмжлэгчтэй тохиролцон ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хэрэгт авагдсан. 6 сарын дараа А-ын Улаанбаатар ХМ даргын 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 312 дугаартай ажилд авах тухай тушаалаар О.Оыг туслах машинчаар ажилд авч 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хэрэв нэхэмжлэгч О.О ажлаас чөлөөлөгдөөгүй, түүний ажилласан хугацаа тасалдаагүй, хөдөлмөрийн харилцаа үргэлжилсэн гэж үзвэл түүнтэй шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй юм. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч О.Оын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар авагдсан бөгөөд уг дэвтрийн 26-27 дугаар талд 2011 оны 12 дугаар сард нийгмийн даатгалыг сайн дураар өөрөө төлж байсан нь бичилтээр тодорхой байтал шүүхээс энэ талаар дүгнэлгүй шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн харилцаа хэвээр үргэлжилж байсан тохиолдолд ажилтан нийгмийн даатгалын шимтгэлийг давхардуулан сайн дураар төлөх боломжгүй юм. А ХНН-ийн даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А-195 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Улаанбаатар төмөр зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3.1.9 болон 3.2-т зааснаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтан нэг сарын дотор өөр алба, салбар нэгжид эргэн ажилд орвол тасралтгүй ажилласан хугацааг үргэлжлүүлэн тоолдог журамтай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.О нь А-ын салбар нэгжид ажилд эргэн орсон боловч журамд заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн буюу 6 сарын дараа ажилд орсон нь тасралтгүй ажилласан хугацааг үргэлжлүүлэн тооцох нөхцөлд хамаарахгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйл, 128 дугаар зүйл, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг тэтгэмжийн зөрүүний талаар маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар хариу тайлбар болон шүүхэд хэрэг хянан хэлэлцэх үед тайлбарласаар байтал энэ талаар шийдвэрлээгүй ба шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй бөгөөд агуулгаараа байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хамаарах асуудал юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай бөгөөд хэрэв комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 127 дугаар зүйлд зааснаар комиссын шийдвэрийг шүүхэд давж заалдах боломжтой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комиссоос энэ асуудлаар нэхэмжлэгч хандаж байгаагүй талаар бичиг авагдсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч О.О, түүний өмгөөлөгч Ч.Б нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүх тухайн хэрэг маргааныг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Нэхэмжлэгч нь 1990 оноос 2021 он хүртэл 31 жилийн турш тасралтгүй ажилласан. 2021 оны 06 дугаар сард хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Ажил олгогчийн хувьд ажилласан жилийг тасалдсан гэж үздэг. 2011 онд тушаал бууруулсан. Үүний дараа 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 714 тоот тушаалаар ажлаас бүр мөсөн халсан. 2012 оны 04 дүгээр сард ажилд нь буцаагаад авсан гэж хариуцагч тал тайлбарладаг. Ингээд баримтуудаас харахад нэхэмжлэгч нь 2011 оны намраас 2012 оны хавар хүртэл ажлаас гарсан, хөдөлмөрийн харилцаа тасалдсан асуудал огт байгаагүй. Албан тушаал бууруулаад туслах ажилтанд шилжүүлсэн. Хөдөлгөөний бус ажилд шилжүүлэхэд нэхэмжлэгч нь ...би ингээд ажлаас халагдаж байгаа юм байна, миний нийгмийн даатгалыг ажил олгогч төлөхгүй юм байна гэж буруу ойлгоод тухайн үед сандраад ганцхан сарыг сайн дураар төлсөн... гэдэг. Хөдөлгөөний бус ажилд томилогдож цалингаа аваад нийгмийн даатгалаа төлөөд Улаанбаатар төмөр замд ажилласаар байсан. 4 дүгээр сард нэхэмжлэгчийг машинистаар нь томилсон, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Үүнээс үзэхэд байгууллагын дотоод журам, хуульд зааснаар ажилласан жил нь тасалдаагүй. Тухайн байгууллагадаа байх юм бол нийгмийн даатгалыг тасалдсан гэж үзэхгүй юм билээ. Нэхэмжлэлийн шаардлага нотолсон баримт болон цалингийн цэсийг гаргаж өгсөн. Нийгмийн даатгал тасралтгүй төлөгдөж байсан. Мөн гэрч буюу нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдсэн. Давж заалдах гомдол 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гарсан. Гэтэл хуучин мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 126, 127 дугаар зүйлүүдийг үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй. Ийм учраас энэхүү хэрэг маргааныг шүүх шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Өд холбогдуулан тэтгэмжид 40,348,015 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тус байгууллагад 30 жил 11 сарын турш тасралтгүй ажилласан, 14 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог ба 51,352,019 төгрөгийн тэтгэмж авах эрх үүссэн. Гэтэл хариуцагч байгууллага 11,004,004 төгрөгийг шилжүүлж үлдэх 40,348,015 төгрөгийн тэтгэмжийг олгоогүй. Иймд дутуу олгосон тэтгэмжид 40,348,015 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан байна.

5. Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгч О.О нь А-ын салбар нэгжид ажилд эргэн орсон боловч журамд заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн буюу 6 сарын дараа ажилд орсон нь тасралтгүй ажилласан хугацааг үргэлжлүүлэн тооцох нөхцөлд хамаарахгүй гэсэн үндэслэл зааж маргажээ.

6. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч Улаанбаатар төмөр замын Улаанбаатар ХМ даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/505 дугаар тушаалаар ашиглалтын 10 дугаар цувааны илчит тэрэгний машинч О.Оын өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл, хувийн хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна. /хх.10/

7. Өын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/195 дугаар тушаалаар батлагдсан Улаанбаатар төмөр зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам хэрэгт нотлох баримтаар авагдсан, уг журмын 4.1.4-т Өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан бол А-д тасралтгүй ажилласан хугацааг тасарсанд тооцно /энэ журмын 3.1.9-д зааснаас бусад/ гэж, 3.1.9-д А-ын алба, салбар нэгж хоорондын тохиролцоогоор буюу нэг алба, салбар нэгжээс нөгөө рүү шилжин ажиллах зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан ажилтан 1 сарын дотор А-ын өөр алба, салбар нэгжид ажилд орсон бол гэж тус тус заажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Оын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, мөн цалингийн дансны хуулгуудаас үзэхэд Өын татах хэсгээс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж байсан, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн маргасан хугацаанд цалингаа тогтмол авч байсан үйл баримт тогтоогдож байна гэсэн дүгнэлт нь учир дутагдалтай болсон байна.

Учир нь Улаанбаатар төмөр замын Улаанбаатар ХМ даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 714 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар ... хөдөлгөөний бус ажилд шилжсэн О.О нартай харилцан тохирсон тул хөдөлмөрийн гэрээг 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож, /хх.31/ мөн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 312 дугаар Ажилд авах тухай тушаалаар О.Оыг 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс илчит тэрэгний туслах машинчаар ажиллуулсан байна. /хх.32/

Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч О.О нь 2011 онд 10 дугаар сарын 13-ны өдөр ажлаасаа гарсан, 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр буцаж ажилдаа орсон үйл баримт тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч О.Оыг Өын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/195 дугаар тушаалаар батлагдсан Улаанбаатар төмөр зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3.1.9-д заасан хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэв.

9. Иймд ажил олгогч байгууллага нэхэмжлэгчид А ХНН-ээс өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнууддаа А ХНН-ийн даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А-195 тоот тушаалаар батлагдсан Улаанбаатар төмөр зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам-ын 4.1.4-т заасныг үндэслэн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тооцож байгууллагадаа тасралтгүй 9 жил 1 сар ажилласан гэж үзэж сарын цалинг 3 сарын хугацаагаар тооцож 11,004,004 төгрөгийн тэтгэмж олгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

10. Нэхэмжлэгч О.О нь тэтгэмжийн талаарх маргаанаа Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргах эрхтэй ч шүүхэд гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/03070 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, О.Оын нэхэмжлэлтэй хариуцагч Өд холбогдох тэтгэмжид 40,348,015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,690 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО