Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/30

 

Н.Агваанжамбад холбогдох  эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Ц.Мөнх-Эрдэнэ

          Яллагдагч                                                                               Н.Агваанжамба        

                                                                                                            /цахимаар/     

          Яллагдагчийн өмгөөлөгч                                                    Б.Энхжаргал

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч      Б.Баярцогт

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                 Б.Мядагбадам

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/127 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Н.Агваанжамбад холбогдох 2323000230007 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүх: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнх-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Н.Агваанжамбад холбогдох 2323000230007 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэл болон тайлбартаа: ...Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан яллагдагч Н.Агваанжамбыг "Тотал дистрибюшин” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт худалдааны төлөөлөгчөөр ажилд томилсон тушаал, уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээ, хөдөлмөрийн гэрээ, тус компанийн зээлийн борлуулалтын үйл ажиллагааны журам зэргээс дүгнэхэд худалдааны төлөөлөгчийн албан тушаал нь зээлээр бараа, үйлчилгээ худалдан авагч байгууллагуудаас зээлийн эргэн төлөлтөө шаардах эрхтэй байх бөгөөд уг эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын эд хөрөнгийг завшсан нь түүний албан тушаалын байдалтай холбоотой байна. Улсын яллагчийн зүгээс яллагдагчийн дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нөхцөл байдал буюу ГДЖЭ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхсайхан нь М.Чулуунтөмөрөөс 29,770,000 төгрөгийн авлагатай байсан эсэх болон М.Чулуунтөмөр нь яллагдагч Н.Агваанжамбад уг мөнгийг шилжүүлж түүгээр нь Н.Агваанжамба өөрөө цахим бооцоот тоглоом тоглосон эсэхийг бүрэн тогтоосны эцэст гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодорхойлох нь зүйтэй байна.

"Тотал дистрибюшин” ХХК-д харилцагч байгууллага болох "ГДЖЭ" ХХК нь яллагдагч Н.Агваанжамбын байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирол болох 44,531,199 төгрөгийг "Тотал дистрибюшин” ХХК-д бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэтэл улсын яллагч 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 89,082,379 төгрөгийн буюу их хэмжээний хохирол "Тотал дистрибюшин" ХХК-д учруулсан гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг үнэн зөв тогтоогоогүй байна гэж дүгнэлээ. Уг хэрэгт Улсын ерөнхий прокурорын туслах прокурорын 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 4/90 дугаартай "Прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай" тогтоолд "...хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, Н.Агваанжамбын бусдаас авсан мөнгөө цахим бооцоот тоглоом болон бусад байдлаар хууль бус эргэлтэд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэгт хэрхэн зарцуулсан эсэхийг нэг мөр шалгаж тогтоогоогүй байна" гэж дурдсан нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Иймд яллагдагч Н.Агваанжамбад холбогдох 2323000230007 дугаартай эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Шүүгчийн захирамжийг 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 22 минутад хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэж байна Үүнд: Эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээд буюу "Тотал дистрибюшин” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Н.Агваанжамбын хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд эд хөрөнгийг зээлээр худалдан борлуулах, борлуулсан төлбөрийг байгууллагын дансанд тушаах үүрэгтэй албан ажилтан нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу хөрөнгө завших гэмт хэргийн субъект болж байна. Улсын яллагчийн зүгээс Н.Агваанжамбад холбогдох 23230002300007 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилсэн. Учир нь, "Тотал дистрибюшин” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарын "худалдааны төлөөлөгч"-өөр ажиллаж байсан Н.Агваанжамба нь хувийн өмчийн хуулийн этгээдийг тэргүүлэх, төлөөлөх, ажилтнуудыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах болон тэдгээрийн ажлыг удирдан зохицуулах зэрэг бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, хөрөнгө захиран зарцуулах үйл ажиллагаанд шийдвэр гарган оролцдоггүй, түүнчлэн санхүүгийн баримтад 1, 2 дугаар гарын үсэг зурдаггүй болох нь Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Нууц хадгалах гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Зээлийн борлуулалтын үйл ажиллагааны журам зэргээр тогтоогдож байх тул түүний ажил, албан тушаалыг тухайн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтанд хамааруулан үзэх боломжгүй юм. Дээр дурдсан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй буюу иргэн хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль тогтоомж, аливаа гэрээ болон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд уг хөрөнгөөс хууль бусаар өөрийн мэдэлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсныг "албан тушаалын байдлаа ашигласан" гэж дүгнэх, хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар яллах дүгнэлтийн 15-17 дахь хуудсанд хууль зүйн дүгнэлт хийж бичсэн болно. -Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Агваанжамба нь "Тотал дистрибюшин” ХХК-ийн Завхан аймгийн салбар дэлгүүрийн бараа, эд хөрөнгийн эрхийг шууд итгэмжлэн хариуцан ажиллаж байхдаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нэр бүхий 7 дэлгүүрээс авлага болох нийт 89,082,379 төгрөгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан, захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн обьектив шинжийг хангасан байна гэж дүгнэсэн. Н.Агваанжамбын "Тотал дистрибюшин” ХХК-д учруулсан хохирол нь 89,082,379 төгрөг гэж хөдөлбөргүй тогтоогджээ. Иймд Н.Агваанжамба нь тухайн мөнгийг хэрхэн яаж, юунд зарцуулсан, бооцоот тоглоом тоглосон эсэхийг шалгах шаардлагагүй болно. Хөрөнгө зөвших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Н.Агваанжамба нь 7 харилцагч байгууллагаас 89,082,379 төгрөгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулан, завшсаны улмаас "Тотал дистрибюшин” ХХК-д их хэмжээний буюу 89,082,379 төгрөгийн хохирол учруулсан. Хэдийгээр "ГДЖЭ" ХХК-ийн "Бадархундага" дэлгүүр 44,531,199 төгрөгийг "Тотал дистрибюшин” ХХК-д төлж барагдуулсан ч нийт 89,082,379 төгрөгийн хохирол хамруулан авч үзэх нь зүйтэй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилснаас дугнэхэд "Тотал дистрибюшин” ХХК-д учирсан 89,082,379 төгрөгийн хохирол хэрхэн яаж төлөгдсөнөөс үйл хамааран "Тотал дистрибюшин” ХХК-д учирсан бодит хохирол тул хэргийн зүйлчлэлд их хэмжээний хохирол гэж зүйлчлэх нь хууль хэрэглээний тогтсон ойлголт юм. Захирамжид дурдагдсан ГДЖЭ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхсайхан нь М.Чулуунтөмөрөөс 29,770,000 авах авлагтай байсан эсэх, Н.Агваанжамба 7-н дэлгүүрээс авсан мөнгөө хэрхэн зарцуулсан нь хэргийн зүйлчлэлд хамаарахгүй. Учир нь "Тотал дистрибюшин” ХХК-д учирсан 89,082,379 төгрөгийн хохирол баримтаар тогтоогдсон байна. Н.Агваанжамбын мөнгө завшсан үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учирсан тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхэд хүрэлцээтэй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/127 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Яллагдагч Н.Агваанжамба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд Н.Мөнхсайхантай 10 жилд сурч байхдаа мөн оюутан байхдаа нэг анги байсан.  1XBET гэх бооцоот тоглоомыг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс тоглож үзсэн. Н.Мөнхсайхантай багын найзууд юм. Бооцоот тоглоом тоглоод хорь гаруй сая төгрөг алдсан байх үедээ Н.Мөнхсайхан дээр очиж байсан. Найз нь 1XBET бооцоот тоглоомыг тоглоод, мөнгө олно гэж бодсоор байгаад тоглож алдсаар байгаад 20 гаруй сая төгрөг болчихлоо. Чи манай компанид мөнгө өгөхөөр байгаа гэхэд тухайн үед өөрт нь бэлэн мөнгө байхгүй байсан. Тэгэхээр нь хүмүүсээс мөнгөө авахаараа найзынхаа алдсан 20 гаруй сая төгрөгийг төлөөд өгчих, би сар болгон бага хэмжээгээр төлөөд дуусгая гэж хэлсэн. Найзад нь тийм боломж байхгүй. Манай үеэл дүү 1XBET бооцоот тоглоомын агент ажиллуулдаг. Чи тэндээс очоод зөвлөгөө авчих гэсэн. Зөвлөгөө авч чадалгүйгээр илүү мөнгө дэлгүүрүүдээс авч бооцоот тоглоом тоглож алдсан. Миний дансанд 2,000,000 төгрөгийн бэлэн мөнгийг Н.Мөнхсайхан шилжүүлсэн, бусад мөнгийг 1XBET бооцоот тоглоомын дансаа цэнэглүүлсэн. 10,000,000 төгрөгийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийг М.Чулуунтөмөр өөрийнхөө данс руу авсан. М.Чулуунтөмөр нь миний бооцоот тоглоомын дансыг цэнэглээгүй, алдчихлаа гэсэн. Миний аккуантаас тоглоод 30,000,000 төгрөг олсон байхад М.Чулуунтөмөр миний данс руу хийвэл 5 хувийн ашиг авдаг. Би өөрийнхөө данс руу хийгээд маргааш депозит хийчихье. Маргааш ирээд мөнгөө аваарай гэсэн. Маргааш нь очсон чинь манай дүү 3х3 сагсан бөмбөгийн дасгалжуулагч хийдэг. Европын тэмцээнд оролцож байгаа. Тоглолтын үр дүн тодорхой та энэ дээр бооцоо тавьбал мөнгөө өсгөж авах боломжтой гэхэд нь би багын найз, түүний дүүд нь итгэсэн байсан тул бооцоо тавьсан. Тэгсэн хожигдчихлоо гэсэн. Надаас илүү туршлагатай хүн байсан тул итгэсэн. Миний аккуантаас 10,000,000 төгрөг болон 20,000,000 төгрөгөөр М.Чулуунтөмөрийн аккуант руу нь шилжүүлсэн нь тодорхой байгаа. Тухайн үед би дэлгүүрүүдэд 89,000,000 төгрөгийн өртэй байсан. Миний хувьд 8,900,000 төгрөг маш их мөнгө. Би өөрийн гэсэн ухаангүй, самуурчихсан байсан. Тухайн 3х3 сагсан бөмбөгийн тоглолт болсон эсэх нь эргэлзээтэй дараа нь судлахад тийм тоглолтын хуваарь байгаагүй. Бооцоо тавихдаа миний аккуантаас тавиагүй. М.Чулуунтөмөр өөрийнхөө аккуантаас бооцоо тавьсан. Тухайн үед Н.Мөнхсайханы дүүд итгэсэн байсан учир хожигдсон. Б.Мядагбадам эгч 2023 оны 01 дүгээр сард захиралтайгаа уулзаад нөхцөл байдлаа хэлээд, ажлаас гарах өргөдлөө өгсөн. Н.Мөнхсайхан 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойших бүх зүйлийг мэдэж байгаа. Н.Мөнхсайханы төлбөрийг М.Чулуунтөмөрөөс аваагүй. М.Чулуунтөмөр миний аккуантын данснаас өөрийн аккуантын данс руугаа 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. М.Чулуунтөмөрт болоогүй тоглолт дээр бооцоо тавьсан талаар нь хэлж, мөнгөө авъя гэхэд ах аа би таны 89,000,000 төгрөг байтугай өөрөө 1 тэрбумын өрөнд орсон. Эхнэр хүүхэдтэй хэцүү байна гэж хэлсэн. Энэ талаар Н.Мөнхсайхан мэдэж байгаа. Н.Мөнхсайхан би чамд дансаар 2,000,000 төгрөг, бэлнээр 8,000,000 өгсөн байна. Энэ баримт дээр ирж гарын үсэг зур гэсэн. Би баримт дээр гарын үсэг зурсан гэв.

Яллагдагч Н.Агваанжамбын өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгчийн захирамжид дурдсан зарим зүйл дээр санал нийлэхгүй байна. Албан тушаалын байдлаа Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ашигласан гэж дүгнэсэн дээр прокурорын байр суурьтай адил саналтай байна. Албан тушаалын байдлаа ашигласан зүйл байхгүй. Н.Агваанжамба нь борлуулалтын ажилтан. Бараа материал тараах, зарим тохиолдолд дэлгүүрүүдээс бэлэн мөнгө авч, хүлээлгэн өгдөг байсан нь тогтоогддог. Байгууллагын мөнгөтэй харьцдаг этгээд биш гэдэгтэй санал нэг байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу "Тотал дистрибюшин” ХХК-аас "ГДЖЭ" ХХК-аас 44,000,000 төгрөгийг асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Нийт 89,00,000 сая төгрөгийн хохирол гэж үзэн их хэмжээний хохирол гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэргийн хүчин төгөлдөр шийдвэрээр “Бадархундага” дэлгүүр буюу Н.Мөнхсайханы дэлгүүр нь "Тотал дистрибюшин” ХХК-д төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг Н.Агваанжамбын буруутай үйл ажиллагаанаас болоод их хэмжээний хохирол учирсан байна гэж үзээд шүүхийн шийдвэрт хариуцлага хүлээхээр болсон компанийг гуравдагч этгээдээр татан оролцуулж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй асуудал дээр маргаж, миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг дордуулж байгаа нь үндэслэлгүй байна. Н.Мөнхсайхан, Н.Агваанжамба нарын хооронд тоглоом тоглох асуудлаар мөнгө төгрөг өгсөн, авсан буюу тоглоомын дансыг М.Чулуунтөмөрөөр цэнэглүүлснийг бодитоор өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна. М.Чулуунтөмөр нь Н.Агваанжамбыг хуурсан байдаг. "ГДЖЭ" ХХК нь Н.Агваанжамбад мөнгийг бэлнээр өгсөн эсэх асуудал нь эргэлзээтэй байна. "Тотал дистрибюшин” ХХК нь "ГДЖЭ" ХХК-аас мөнгөө иргэний хэргийн журмаар авсан иргэний хэргийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул үүнийг хохирлоос хасаж, миний үйлчлүүлэгчийг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мядагбадам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүх болсон зүйлийг Н.Агваанжамба ярьлаа. Н.Агваанжамбын үйлдлээс болж манай компанид хохирол учирсан. Хэрэг маань шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа. Хохирлоо төлүүлмээр байна. Манай компанид нийт 89,000,000 төгрөгийг хохирол учирсан. Хохирлын 44,000,000 төгрөгийг "ГДЖЭ" ХХК-аас гаргуулахаар болсон. Үлдэгдэл 45,000,000 төгрөгийн хохирол байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхсайханы өмгөөлөгч Б.Баярцогт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний нэхэмжлэгч Н.Мөнхсайханы өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Болсон явдлын талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс эсрэг байр суурьтай байна. Н.Агваанжамба нь худалдааны төлөөлөгч хийдэг. Н.Агваанжамба хэрхэн ажиллаж байсан гэхээр тухайн байгууллагад "Тотал дистрибюшин” ХХК-ийн барааг хүргэж өгдөг. Өр авлагыг нэхдэг. Бэлнээр өгсөн мөнгийг кассандаа тушаадаг ажлыг хийж байсан. Н.Мөнхсайхан, Н.Агваанжамба нарын тухайд орлогоо бэлнээр, дансаар хийдэг байсан. Бэлнээр өгсөн мөнгийг Н.Агваанжамба тушаадаг үйл явц тогтоогдсон. 89,000,000 төгрөгийг Н.Агваанжамба хүлээн авсан. Өөрийнх нь ярьж буйгаар аккуантын дансны хуулга байгаа гэж ярьж байна. 1XBET бооцоот тоглоомны аккуантын дансны хуулга бүрэн гарах боломжтой. Н.Агваанжамба нь албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагуудаас мөнгийг нь бэлнээр авч тушаадаг байдлаа ашиглаж, байгууллагуудаас өгсөн бэлэн мөнгийг үрэгдүүлж буйг албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэхээр байна. Албан тушаалын байдлаа ашигласан гэж зүйлчлэх нь үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан эсэх асуудлын тухайд 89,000,000 төгрөг нь 50,000,000 төгрөгөөс их байх тул их хэмжээний хохирол учруулсан байна. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хэргийг зүйлчлэх үндэслэлтэй байна. Прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт 44,000,000 төгрөгийг "Тотал дистрибюшин” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн гэж байна. Энэ нь Н.Агваанжамбын 89,000,000 төгрөгийг авч үрэгдүүлснээс 44,000,000 төгрөгийг төлсөн асуудал биш. "ГДЖЭ" ХХК нь бүх төлбөрөө төлсөн боловч Н.Агваанжамба мөнгөөр нь тоглоод үрэгдүүлсэн асуудал байна. "Тотал дистрибюшин” ХХК, "ГДЖЭ" ХХК-ийн хоорондох иргэний хэргийн харилцаа нь 2 байгууллагын хооронд байгуулсан гэрээ юм. Гэрээний дагуу "Тотал дистрибюшин” ХХК-ийн дансанд хийх ёстой байсныг иргэн Н.Агваанжамбын дансанд хийснээр хохирол учирсан гэх үндэслэлээр "Тотал дистрибюшин” ХХК-аас хохирол гаргуулахаар шийдвэрлэгдсэн. 89,000,000 төгрөгийг Н.Агваанжамба авсан. Н.Агваанжамба тоглоод үрэгдүүлсэн талаараа өөрөө хэллээ. Н.Агваанжамбын тоглох эсэх нь хувь хүний эрхийн асуудал. Өөрөө дансаа цэнэглүүлж тоглочихоод би аваагүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Н.Мөнхсайханы зүгээс нэхэмжилсэн нэхэмжлэлийг прокурор хэрэгсэхгүй болгоод, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаад шийдвэрлэсний дараа Н.Мөнхсайхан өмгөөлөгч авахаар ирсэн. Хэргийн материалтай танилцахад Н.Мөнхсайханы нэхэмжилсэн мөнгийг Н.Агваанжамбаас нэхэмжлэх боломжтой байна. Н.Агваанжамбад гэрээний дагуу 44,000,000 төгрөгийг төлсөн байна. Иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод төлсөн мөнгөө нэхэмжлэх  үндэслэлтэй байна. Прокурор Ц.Мөнх-Эрдэнэ татгалзаад, аймгийн ерөнхий прокурорт гомдол гаргахад татгалзаад, Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргахад Улсын Ерөнхий прокурор гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоох чиглэлээр даалгавар бичиж хүргүүллээ гэх хариу ирсэн. Прокурорын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тодорхой үйл ажиллагаа гүйцэлдүүлж, баримт мэдээлэл цуглуулахаар бичгээр, эсвэл нийтийн мэдээллийн ил тод байдлын 18.2-т заасан системийг ашиглан цахим хэлбэрээр даалгавар өгнө.”, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “прокурорын даалгаврыг хүлээн авсан албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан. Прокурорын даалгавар ирсэн байхад даалгаварт тусгасан ажиллагааг хийхгүйгээр хэргийг шууд шүүхэд шилжүүлж буй нь энэ хуулийг зөрчиж байна. Хуулийг зөрчиж, шүүхэд шилжүүлснээр иргэний нэхэмжлэгч Н.Мөнхсайханы Н.Агваанжамбын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон хохирлыг гаргуулах, эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэх эрхийг хааж боогдуулж буй зүйл юм. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан. Жишээ нь иргэн эмээл хулгайлчихаад өөр хүнд зарсан тохиолдолд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эмээл худалдаж авсан хүнээс эмээлийг хурааж аваад эзэнд нь буцааж өгөхөд эмээл худалдаж авсан хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр орж байгаатай ялгаагүй юм. "ГДЖЭ" ХХК, "Тотал дистрибюшин” ХХК хоорондын гэрээний асуудлыг эрүүгийн хэрэгт оруулж ирээд, хохирлыг хасаж буй нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2. Прокуророос яллагдагч Н.Агваанжамба нь ”Тотал дистрибюшин” ХХК-ны Завхан аймгийн салбарт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ныг өдрийг хүртэлх хугацаанд компаний бараа бүтээгдэхүүнийг харилцагч байгууллагуудад худалдан борлуулж, компанид тушаах ёстой байсан зээлийн эргэн төлөлтийн мөнгийг өөрийн эзэмшлийн арилжааны банкны ХААН банкны 5435460648 дугаарын дансаар болон бэлнээр нийт 7 дэлгүүрээс 89.082.379 төгрөгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч захиран зарцуулан завшсаны улмаас “Тотал дистрибюшин” ХХК-нд их хэмжээний буюу 89.082.379 төгрөгний хохирол учруулсан гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан  буюу “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчлэн ирүүлсэн байна.

3. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Агваанжамбын үйлдэл түүний албан тушаалтай холбоотой байхад улсын яллагчийн зүгээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг бүрэн тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоож ирүүлээгүй  гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

4. Прокурор яллах дүгнэлтдээ  яллагдагч Н.Агваанжамба нь  ”Тотал дистрибюшин” ХХК-тай гэрээгээр ажиллаж байсан “ГДЖЭ” ХХК-ны “Бадархундага” дэлгүүрийн байгууллагад тушаах ёстой байсан гэх 44.531.199 төгрөгийг хууль бусаар авч завшсан гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар үүнээс 29.770.000 төгрөгийг  хэрхэн ямар байдлаар авсныг тодорхой, ойлгомжтой тогтоож ирүүлээгүй байна

Тодруулбал, хэрэгт авагдсан гэрч, хохирогч шүүгдэгч нарын мэдүүлгээр Н.Агваанжамба нь дээрхи мөнгийг М.Чулуунтөмөрөөс өөрийн цахим бооцоот тоглоомын дансыг цэнэглүүлж авсан гэх боловч тухайн дансыг хэрхэн ямар байдлаар яаж, цэнэглэсэн эсэх, Н.Агваанжамба уг цэнэглэсэн мөнгөөр тоглосон эсэх, М.Чулуунтөмөр нь Н.Агваанжамбад ямар өр төлбөр төлж, уг дансыг цэнэглэсэн эсэх, уг мөнгө нь “ГДЖЭ” ХХК-ны “Бадархундага” дэлгүүрийн “Тотал дистрибюшин” ХХК-нд төлөх ёстой мөнгө мөн эсэхийг бүрэн шалгаж, тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч Н.Агваанжамба нь “Тотал дистрибюшин” ХХК-ны худалдааны төлөөлөгчийн хувьд албан тушаалын байдлаа ашигласан эсэхийг хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

6. Дээрхи нөхцөл байдлуудыг тогтоох нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хэргийн зүйлчлэлийг тогтооход чухал ач холбогдолтой тул, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

7. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захиармжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/127 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Мөнх-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД                                                     Б.НАМХАЙДОРЖ

                                                                        Ж.БАТТОГТОХ