2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/00054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ***** тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Х.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч нь манай ******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 1.999.900 төгрөгийг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ бүрэн төлөхгүй зугтааж, манай байгууллагаас удаа дараа хаягаар очиход бүртгэлтэй хаяг дээрэ оршин суудаггүй болох нь тогтоогдсон.

Иймд ******* овогтой *******ь /РД:*******/-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг ирүүлжээ. /хх 2-12/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ХХК нь Х.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас Х.*******ь нар тохиролцож 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээ болоод түүний иргэний үнэмлэхний хуулбарт оршин суух хаягийг Баянгол дүүрэг, *******  тоот гэж тусгажээ.

4.Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 233 тоотоор тус хорооны ****** тоот хаягт Х.*******ь бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй нь үнэн гэж, харин 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 293 тоотоор тус хорооны ******* тоотод Х.*******ь бүртгэлгүй гэж тус тус тодорхойлсон байна.

5.Шүүхээс дээрх хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэж харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, шуудангийн байгууллагаас бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй талаар тэмдэглэж мэдэгдэх хуудсыг буцаажээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.*******ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ь /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

2.Х.*******ь /сүүлийн хаяг: Баянгол дүүрэг, *****  тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч О.*******, утас:*******, *******/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ