Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/31

 

Ш.*******д холбогдох  эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******

          Хохирогчийн өмгөөлөгч                                                       Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Ш.*******д холбогдох 2423000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 45 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн ******* сумын ******* ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг, *******ийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт гийн *******. /регистрийн дугаар: /

Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.аатай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний эрүүн тус газарт цохиж, нүүр хэсэгт нь мөргөж эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нум сэртэнгийн дунд хэсгийн хугарал, тархи доргилт, хамрын нурууны дунд хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулж, шүүгдэгчид 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ш.*******аас нийт 5,312,210 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.аад 3,666,960 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,645,250 төгрөгийг тус тус олгож, хохирогч Э.аагийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,790,930 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:  ...шүүгдэгч Ш.******* нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсон, мөн хохирогч Э.аад учруулсан хохирлоос 200.000 төгрөгийг төлсөн, шүүхээс тогтоосон хохирлыг төлөхийг зөвшөөрсөн байр суурьтай оролцсон байдаг. Хувийн байдлын тухайд анх удаа  гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс түүнд ял оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хүндэдсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзэж, эрх хэмжээнийхээ хүрээнд түүнд оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү.

Ш.*******ын хувийн байдлын тухайд ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлээрээ ажил хийж тэжээдэг. Өмнөговь аймгийн ******* сумд ажилладаг байсан. Өөрийн холбогдсон хэргийг шийдвэрлүүлсний дараа Өмнөговь аймагт буцаж очиж ажилдаа орох гэсэн боловч ажил тасалсан гэх үндэслэлээр ажилд аваагүй. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нүүрсний компанид ороод нүүрсний тээвэрт яваад сар болж байна. Гэр бүлээ тэжээдэг, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, торгох ялаар шийтгэж өгөөч гэх гомдлыг гаргасан. Ш.*******ын хувьд шүүх хуралдаандаа ирж оролцох гэсэн боловч шинэ орсон ажил нь чөлөө өгөөгүй. Цахим хэлбэрээр оролцох гэсэн боловч  сүлжээгүй газар байна гэж хурлын өмнө ярьсан. Хохирогчтой холбоотой асуудлыг хохирогч Э.аад хохирол төлбөр төлье гээд холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй, утсаа авахгүй байгаа гэсэн. Хохиролд төлөх 1,000,000 төгрөг бэлэн байна гэж ярьсан. Ар гэрийн байдал, хувийн байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолын 2 дахь заалтад давж заалдах шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулж, торгох шийтгэх оногдуулж өгөөч гэх саналыг гаргаж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хувьд хөдөө ажлаар явсан байгаа тул шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцож чадсангүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч талаас тусгайлан гаргах саналгүй байна гэв.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: …Ш.******* нь анхан шатны шүүх хуралдаан дээр хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байдаг. Тухайн хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгтэй харьцуулах юм бол хүндэвтэр гэмтэл учруулсан. Тухайн үеийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж, дүгнэлт өгч шүүгч дотоод итгэлээрээ гэмт хэрэгт тохируулан шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан бүх ажиллагаа, шийдвэрийг хянахын зэрэгцээгээр, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

3. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.аатай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний эрүүн тус газарт цохиж, нүүр хэсэгт нь мөргөж эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нум сэртэнгийн дунд хэсгийн хугарал, тархи доргилт, хамрын нурууны дунд хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулжээ. Энэ  үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

хохирогч Э.аагийн "...зогсоол дээр зогсож байтал нөгөө таксины жолооч машинтайгаа ирж зогсоод, машинаасаа гарч ирээд, чи одоо хүнд зам тавьж өгчихөд яадаг пизда вэ гэж хэлэхээр нь би миний машины таван бул ойрхон дарахаар хагарчих гээд дуугараад байгаа болохоор алсуур дарж эргэж, явж байгаа юм аа. Тэгээд би жаахан зайтай зогсчихлоо гэж хэлсэн. Тэгтэл таван булаа солиход яадаг юм гэж хэлсэн. Би хариуд нь надад солих мөнгө алга гэж хэлчхээд, машин руугаа явж байтал араас ирээд, миний эрүүн тус газарт нэг удаа цохисон. Тэр үед миний малгай газарт унасан учир би малгайгаа аваад, малгайгаараа нүүр лүү нь 1 удаа ороолгосон. Тэгтэл намайг заамдаж аваад, хамар руу толгойгоороо 1 удаа мөргөсөн. Тэр үед миний хамраас цус гараад байхаар нь би урдаас нь 1 удаа тургисан юм. Намайг өөдөөс нь тургисны дараа миний шанаа руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би газарт унаад, босож ирээд дараа нь цагдаа руу залгаж дуудлага өгсөн. ...Тухайн хүнд мөргүүлэх болон цохиулснаас болж миний хамар халцарсан, цус гараад хавдсан. Мөн зүүн талын шанаа хэсэгт өвчин орсон. ...Тэр хүн таксинд явдаг учир ...ганц нэг удаа харж байсан..." гэсэн мэдүүлгээр,

гэрч Б.ын "...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би ...Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт байх таксины зогсоол дээр ...байж байсан. ...Тухайн үед 4 цаг өнгөрч байсан ...Ш.*******, Э.ааг чи урагшлаад зогсооч би гарах гэж байна. Чи гарц хаагаад байна гэж хэлэхэд Э.аа миний машин болохгүй байна гэж хэлээд тэр 2 жаахан маргалдаад ******* хажуугаар гараад явсан юм байна лээ. Тэгээд Ш.*******, буцаж ирээд тэр 2 өмнөх асуудлаасаа болоод маргалдаад, эхлээд Ш.******* Э.аагийн мөр рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэр үед Э.аа Ш.*******ын толгой руу гараараа 2-3 удаа цохих шиг болоод нүүр рүү нь нулимсан. Тэгтэл Ш.******* Э.ааг заамдаж аваад нүүр рүү нь толгойгоороо 1 удаа мөргөөд, аагийн хамраас цус гараад тэр 2 салсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ч.ын "...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үдээс хойш... арлын таксины зогсоол дээр машиныхаа хажуу талд зогсож байтал 2 хүн барьцалдчихсан зогсож байхлаар нь очоод боль гэж хэлээд, очиж салгасан боловч дахиад барьцалдаад авчихсан. Би тэр хоёрыг хоёр ч удаа салгасан боловч дахин, дахин барьцалдаж аваад л байсан.... Нэгийг нь ******* гэдэг хүн, нөгөө хүний нэрийг хэн гэдэг талаар би мэдэхгүй, урьд өмнө нь хэд, хэдэн удаа зүс харж байсан. Сүүлд нь нэрийг нь мэдэхэд түүнийг аа гэдэг гэж байсан... Би тэр хоёрыг зодолдож, цохилцож байхыг хараагүй, харин хоорондоо барьцалдчихсан зогсож байхаар нь хоёр ч удаа салгасан... Эхэлж очиж салгах үед хэн хэнийх нь биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй, харин сүүлд очоод салгах үед Э.аагийнх нь хамраас цус гарчихсан, Ш.*******ын нүүр хэсэг нь цус болчихсон харагдаж байсан... Э.аа, Ш.******* нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байх, хоёулаа л такси үйлчилгээнд явж байсан..." гэсэн мэдүүлгээр, 

шүүгдэгч Ш.*******ын “...Би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын ...Богдын гол багийн нутаг дэвсгэр трубаны хажууд байрлах таксины зогсоол дээр ...очоод зогсоход миний урд саарал өнгийн Приус-20 маркийн машин гарц хаагаад зогссон байхаар нь би чи машинаа жаахан шахаад зогсчих л доо гэхэд миний машины таван бул мултарчих гээд байна гэхэд нь чи таван булаа янзалчихад яадгийн гэхэд надад мөнгө алга гээд бид хоёр маргалдсан тухайн үед хажууд байсан , аа гэх хүмүүс бид хоёрыг боль гээд салгасан. Тэгээд тухайн хүн эргээд хүрээд ирэхээр нь бид хоёр барьцалдаж аваад би тухайн хүний нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөсөн юм. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрын салгаад тухайн хүн цааш явснаа эргэж хүрч ирээд малгайгаараа намайг цохиж аваад нүүр лүү амандаа байсан цусаар нулимсан.  Тэгэхээр нь би шанаа руу нь гараараа нэг удаа цохисон тэгээд тухайн хүн цагдаа дуудсан юм” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ш.*******ын үйлдлийн улмаас Э.аагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 19 дугаартай "...1.Э.аагийн биед зүүн хацар ясны нум сэртэнгийн дунд хэсгийн хугарал, тархи доргилт, хамрын нурууны дунд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх учирсан гэмтлүүд нь хохирогчийн хэлж буй цаг хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Э.аагийн биед учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Э.аагийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож  байна.

4. Давж заалдах гомдол болон эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар нь давж заалдсан гомдолдоо ...шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсон, хувийн байдлын тухайд анх удаа гэмт хэрэгт холбогдсон анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хүндэдсэн, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж эрх хэмжээнийхээ хүрээнд түүнд оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, хувийн байдал, хохирол нөхөн төлсөн, хор уршиг зэргийг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд тохирсон ял хүнддээгүй байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийг оролцогчдын хуулиар тогтоосон эрхийг хязгаарлаагүй байна. Шүүгдэгч Ш.******* нь гэмт хэргийн улмаас хохирогч Э.аад 3,666,960 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,645,250 төгрөгний хохирол төлбөр төлөхийг хуульд зааснаар шийдвэрлэсэн байна.

Дээрхи байдлаас дүгнэлт хийхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар солих үндэслэл, шалтгаан байхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.БАТТОГТОХ 

ШҮҮГЧИД                                                    Б.АРИУНБАЯР

                                                                        Б.НАМХАЙДОРЖ