Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 99

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Ц.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002350090 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казак, боловсролгүй, Билгүүн сар ХХК-нд барилгын туслах ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн *******,******* тоотод оршин суух, регистрийн *******, ******* овогт *******гийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 01 цагийн орчимд ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хасгууд ямар чанга чанга ярьдаг болчихоов” гэж хэлснээс болж маргалдан Ц.*******ын толгой руу гараараа цохиж унаган, өшиглөн тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр, хүзүү, цээж, нуруу, баруун бугалга, зүүн тохойд зулгаралт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд 22 цагийн орчим М., Т. нарын хамт согтууруулах ундааны зүйлээр үйлчлүүлээд 18-нд шилжих шөнө 01 цагийн үед уг баарнаас гарч явахдаа хажуугаар нь өнгөрч явсан Ц.*******тай маргалдан улмаар цохиж өшиглөн түүний биед хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэг өгөхгүй гэв.

       Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*******ын өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө М клубээс гарсан. Гэрлэн дохио өнгөрч ордон луу алхаж явах замдаа шүүгдэгч болон найзуудтай нь зөрсөн. Би жаахан уусан байсан тул шүүгдэгчийг Казак хэлээр ярьж байхаар нь надтай ярьж байна гэж бодоод би “ямар чанга ярьдаг юм бэ” гэж хэлсэн. Гэтэл шүүгдэгч цамцаа тайлж шидээд, үгийн зөрүүгүй намайг цохиж унагаагаад өшиглөсөн” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:

Мөрдөн байцаалтад гэрч Т.ийн өгсөн: “нэлээд холдоод байхад ард хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь манай 2 биш байлгүй дээ гэж бодоод өнгөрсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20, 26 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.н өгсөн: “шөнө 01 цагийн орчим Буян налайхын гэрэл дохиотой уулзвараар урагш эргэхэд дээгүүрээ нүцгэн 1 өндөр залуу газар унасан хүнийг хэд хэд өшиглөж байхад би дөхөөд очтол цаашаа зугтаад гүйсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 24 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.*******гийн өгсөн: “казакаар юм яриад явж байх үед зөрөөд өнгөрсөн согтуу бололтой залуу хасагууд ямар чанга дуутай юм бэ гэхээр нь би юу гэнээ хөгшөөн гээд буцаж очоод зууралдаад авсан, тэгээд би баруун гараараа толгойн зүүн хэсэгт нь цохиход ойчихдоо намайг татаж унасан, би босож ирээд хэд хэдэн удаа өшиглөж байхад гүйж ирээд намайг салгаж авч явсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 74 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/228 дугаар:

“1. Ц.*******ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр, хүзүү, цээж, нуруу, баруун бугалга, зүүн тохойнд зулгарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/  зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд 22 цагийн орчим М., Т. нарын хамт согтууруулах ундааны зүйлээр үйлчлүүлээд 18-нд шилжих шөнө 01 цагийн үед уг баарнаас гарч явахдаа хажуугаар нь өнгөрч явсан Ц.*******тай маргалдан улмаар цохиж өшиглөн түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр, хүзүү, цээж, нуруу, баруун бугалга, зүүн тохойнд зулгарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар *******, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******д мэдэгдсүгэй.

5. Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ц.******* цаашид нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан торгох ял биелүүлэхийг ******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

7. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Б.*******гаас 130.450 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.*******т олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ