Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00269

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00269

 

 

                                       Б.Дийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/03222 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Дийн хариуцагч М.О, Ш.Д, Ж.Э, У.Тнарт холбогдуулан гаргасан Б Э ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэл бүртгүүлсэн 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дүрмийн М.О, Ш.Д, Ж.Э нарт холбогдох хэсэг буюу хувьцаа эзэмшигчээр дурьдаж, эзэмших хувьцааны тоо ширхэг, хувь хэмжээг тодорхойлсон заалтуудыг, Б Э ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд У.Тийг хувьцаа эзэмшигчээр шинэчлэн бүртгэсэн дүрмийн өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Б Э ХХК-ийн М.О, Ш.Д, Ж.Э нарын нэр дээр бүртгэлтэй тус бүр 1629 ширхэг хувьцаа, У.Тийн нэр дээр бүртгэлтэй 725 ширхэг хувьцааг тус тус нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагч Ж.Э, хариуцагч М.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхтуяа, хариуцагч У.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр, хариуцагч Ш.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, өмгөөлөгч В.Энхтамир, Д.Мөнхболд, хариуцагчийн нарын өмгөөлөгч П.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Б Э ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дүрмийн М.О, Ш.Д, Ж.Э нарт холбогдох хэсэг буюу хувьцаа эзэмшигчээр дурьдаж, эзэмших хувьцааны тоо ширхэг, хувь хэмжээг тодорхойлсон заалтуудыг, Б Э ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд У.Тийг хувьцаа эзэмшигчээр шинэчлэн бүртгэсэн дүрмийн өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, М.О, Ш.Д, Ж.Э нарын нэр дээр бүртгэлтэй Б Э ХХК-ийн тус бүр 1629 ширхэг хувьцаа, У.Тийн нэр дээр бүртгэлтэй Б Э ХХК-ийн 725 ширхэг хувьцааг тус тус нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Д нь Э.Энхтайван, Ш.Д, Х.У, М.О нартай эрүүл мэндийн чиглэлээр ажиллах хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэж 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б Э ХХК-ийг 724,412,300 төгрөгийн дүрмийн сантай, 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй 7,240 ширхэг энгийн хувьцаа гаргахаар болж, хувьцаа эзэмшигч бүр хөрөнгө оруулахаар тогтоосон. Б.Д 162,900,000 төгрөгийн хөрөнгө оруулж, 162,900,000 үнэ бүхий 1629 ширхэг хувьцаа буюу компанийн нийт хувьцааны 22.5 хувийг эзэмшихээр, М.О 162,900,000 төгрөгийн хөрөнгө оруулж 162,900,000 үнэ бүхий 1629 ширхэг нийт хувьцааны 22.5 хувийг эзэмшихээр, Ш.Д 162,900,000 төгрөгийн хөрөнгө оруулж, 1629 ширхэг компанийн нийт хувьцааны 22.5 хувийг эзэмшихээр, Ж.Э 162,900,000 төгрөгийн хөрөнгө оруулж 1629 ширхэг хувьцаа буюу компанийн нийт хувьцааны 22.5 хувийг, Х.У (хариуцагч У.Тийн аав) 72,400,000 төгрөгийн хөрөнгө оруулж, 724 ширхэг буюу компанийн нийт хувьцааны 10 хувийг эзэмшихээр болсон. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн хувьцаанд хамаарах төлбөр буюу хөрөнгө оруулалтыг эмнэлэгийн зориулалттай барилга, эд хөрөнгөөр оруулж компанийн өмчлөлд шилжүүлсэн. Харин хариуцагч нар оруулах хөрөнгө оруулалтаа санхүүгийн боломжгүй, дараа оруулна, үйл ажиллагааны явцад оруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт оруулаагүй, хувьцааны үнийг төлөөгүй. Хариуцагч нар тохиролцсон хөрөнгө оруулалтаа оруулаагүй атлаа Б Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үндэслэлгүйгээр бүртгэгдсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул хариуцагч М.О Ш.Д, У.Т Ж.Э нарыг компанийн хувьцаа эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн.

Х.У хэлэлцэн тохиролцсон хөрөнгө оруулалтаа оруулаагүй атлаа хууль зөрчин Б Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үндэслэлгүйгээр бүртгэгдсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн. У.Тийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн нь Иргэний хуулийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд түүнийг компанийн хувьцаа эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар Б.Дтай хамтран Б эмнэлгийг менежментийн хувьчлалаар авч зориулалтынх нь дагуу эмнэлгийн үйл ажиллагааг эрхлэн явуулсан. Өмч хувьчлалын комиссоос менежментийн гэрээний үр дүнг үнэлж дүгнээд 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн өмчлөх эрх олгох тухай 109 дүгээр тогтоолоор баталгаажуулсан. Багийн ахлагч байсан гэдэг утгаар нэхэмжлэгч Б.Дт тусгайлан давуу эрх олгоогүй, эмнэлгийг багт хувьчилсан. Менежментийн гэрээний үр дүнг харгалзан зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр хувьчилж өмчлөх эрхийн гэрчилгээг 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Д ахлагчтай багийн бүрэлдэхүүнд буюу М.О, Х.У, Ш.Д, Ж.Э нарын багт өгсөн. Тус эмнэлгийг худалдан авсан үнэ болох 195,050,000 төгрөгийг менежментийн гэрээгээр эмнэлгийг ажиллуулж байх үедээ хуримтлуулсан үйлчилгээний орлогоос цувуулж төлсөн. Уг мөнгийг хувьцаа эзэмшигч Ж.Э аваачиж тушаадаг байсан. Б эмнэлгийг-ыг хувьчилж ХХК болгохдоо багийн гишүүд эзэмших хувь хэмжээгээ хэлэлцэн тохирч тогтоосон. 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн багийн хурлын тэмдэглэлд энэ талаар тодорхой тусгасан. Б Э ХХК-ийн 2006 оны анхны дүрэм болон 2012, 2018 оны дүрэмд багийн гишүүдийн компанийн хувьцааг эзэмшдэг хувь хэмжээг заасан байгаа нь нэхэмжлэл үндэслэлгүй болохыг харуулна. Мөн компанийн үйл ажиллагааг зориулалтынх нь дагуу тогтвортой эрхлэн явуулах хариуцлагыг хангах үүднээс багийн гишүүдийн хурлаар хэлэлцэн тохирч багийн ахлагч Б.Дтай багийн гишүүд хамтран ажиллах гэрээг байгуулж байсан. 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Б эмнэлэг" ХХК-ийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн товч анкет, хувьцаа эзэмшигчид болох багийн ахлагч болон гишүүдийн эзэмших хувьцааны тоо, хэмжээг анхнаасаа заасан ба үүсгэн байгуулагчид болохыг нотолж 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсныг Д үгүйсгэж чадахгүй. ТУЗ нь компанийн хувьцаа эзэмшигчдээс бүрдсэнээс харахад хариуцагч нарыг менежментийн багийн гишүүн хувьцаа эзэмшигч болохыг хүлээн зөвшөөрсөн.

 Хувьчилж авсан, хувьчилсан 193,000,000 төгрөгтэй холбоотой мөнгийг хэн нэгэн дураараа авчраагүй. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүгдээрээ зээл авч хувьчилж авахаар ярилцсан. 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Алтанхуягаас зээл авч компанийг хувьчилсан. 15 жилийн хугацаанд энэ асуудал хөндөгдөж байгаагүй. 1999 оны Компанийн тухай хуулийг зөрчөөгүй, хуулиар хориглосон заалт байхгүй. Иргэний хуулийг зөрчөөгүй.

2006 оны үйл баримтын талаар ярихдаа 2011 оны хуулийг тайлбарлаж байна. Гэрч Б.Алтанхуяг нь хэдэн төгрөг, яаж төлсөн гэдгийг сайн мэдэхгүй гэж мэдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.1 Хариуцагч М.Оийн тайлбарт: 1997 онд Б.Д төрийн үйлчилгээний албан хаагч байсан. Хувьцаа эзэмшигч нар өөрсдийнхөө орон сууцыг барьцаалж эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байсан. Мөнгөө нийлүүлж 700,000,000 гаруй төгрөгийн хувь нийлүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.2 Хариуцагч Ж.Эы тайлбарт: Эмнэлгийг 5 хүнд хувьчилсан. Анхнаасаа хувьцаа эзэмшигчдэд их мөнгө байгаагүй. 723,000,000 төгрөгийг үйл ажиллагааныхаа мөнгөнөөс тооцсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.3 Хариуцагч Ш.Дгийн тайлбарт: 5 гишүүний бүрэлдэхүүнтэй 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр компанийг хувьчилж, 5 гишүүн хөрөнгө оруулахаар харилцан тохиролцсон. Б.Д 700,000,000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.3 Хариуцагч У.Тийн тайлбарт: Хувьцаа эзэмшигч нар эмнэлгийг хувьчилж авахаар харилцан тохиролцсон. Бүх хувьцааг хувьцаа эзэмшигчид харилцан тохиролцож төлөхөөр тохиролцсон, ямар хууль зөрчсөн болох нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 3. Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан, хариуцагч М.О, Ш.Д, Ж.Э, У.Тнарт холбогдох, Б Э ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэл бүртгүүлсэн 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дүрмийн М.О, Ш.Д, Ж.Э нарт холбогдох хэсэг буюу хувьцаа эзэмшигчээр дурьдаж, эзэмших хувьцааны тоо ширхэг, хувь хэмжээг тодорхойлсон заалтуудыг Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар, Б эмнэлэг ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд У.Тийг хувьцаа эзэмшигчээр шинэчлэн бүртгэсэн дүрмийн өөрчлөлт нь Иргэний хуулийн 56.1.10-т зааснаар тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, М.Оийн нэр дээр бүртгэлтэй Б эмнэлэг ХХК-ийн 1629 ширхэг хувьцаа, Ш.Дгийн нэр дээр бүртгэлтэй Б эмнэлэг ХХК-ийн 1629 ширхэг хувьцаа, Ж.Эгийн нэр дээр бүртгэлтэй, Б эмнэлэг ХХК-ийн 1629 ширхэг хувьцаа, У.Тийн нэр дээр бүртгэлтэй Б эмнэлэг ХХК-ийн 725 ширхэг хувьцааг тус тус Б.Дийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэгч Б.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,261,800 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд бодит дүгнэлт өгөөгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага гаргаагүй буюу хариуцагч нарыг хуульд заасан хөрөнгө оруулах үүргээ гүйцэтгэхтэй холбоотой ямар нэгэн байдлаар төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй, гэрээний эрх зүйн харилцаа мэтээр дүгнэж хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь байгуулагдсан цагаасаа эхлэн эрх зүйн үндэслэлгүй байдаг тул гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

4.2 Хариуцагч нар худалдан авсан хувьцааны төлбөрийг үйл ажиллагааны явцад компанийн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Шүүх хуралдааны явцад хариуцагч нар хувьцааны үнийг төлөөгүй болох нь гэрчийн мэдүүлэг болон хариуцагч нарын тайлбараар бүрэн тогтоогдсон бөгөөд өөрсдийн эзэмшиж байгаа хувьцааны үнийг төлөөгүй, төлөх боломжгүй байсан талаараа тодорхой тайлбарласан. Гэтэл шүүх хариуцагч нар хуульд заасан шаардлагын дагуу хувьцааны үнийг төлсөн эсэх асуудлаар ямар ч эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтыг үндэслэлтэй үнэлээгүй. Нэхэмжлэгч нь эмнэлгийн хувьчлалын төлбөрийг бусдаас зээл авах, өөрийн байрыг барьцаалж зээл авах байдлаар бүрдүүлж, 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б эмнэлгийн эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулж, төлбөр төлөх хуваарийг тогтоосон. Өөрийн эзэмшлийн хувьцаанд хамаарах хөрөнгө оруулалтыг өмч хувьчлалын дагуу төлсөн мөнгө, түүний үр дүнд авсан эмнэлгийн барилга, эд хөрөнгөөр оруулж, шинээр байгуулагдсан Б эмнэлэг ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Хариуцагч нарын зүгээс өмч хувьчлалын төлбөрийг өөрсдөөсөө гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг зээлийн төлбөрийг өөрсдөө төлөөгүй, компанийн үйл ажиллагааны орлогоор төлсөн болохоо хүлээн зөвшөөрсөн. Компанийн хувьцааны төлбөрийг ямар нэгэн байдлаар үйл ажиллагааны орлогоос нөхөн төлөх талаар тохиролцоогүй бөгөөд хувь хүний өөрт ногдох эрхийн хөрөнгийн төлбөрийг эмнэлгийн үйл ажиллагааны орлогоор төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.  Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шүүх зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хувьцаанд ногдох хөрөнгөө барилгаар болон эд хөрөнгөөр оруулсан гэж тайлбарласан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдсөн. Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэл болон маргаж байгаа үндэслэл нь зөрүүтэй байна. Эмнэлгийг хувьчлахдаа менежментийн гэрээгээр 193,000,000 төгрөгөөр Б.Д ахлагчтай багт хувьчлахаар шийдвэрлэсэн. 193,000,000 төгрөгийн үүргийг хамтран хэрэгжүүлээд холбогдох зээл аваад зээлээ компаниас төлөх байдлаар хувьчлал бүрэн гүйцэд явсан. Нэхэмжлэгчийн тодорхойлоод байгаатай адил 162,900,000 төгрөгийн үүргийг хувьцаа эзэмшигчид хүлээх байдлаар хувьчлал явсан гэх баримт байхгүй. Хариуцагчийн тайлбарын үндэслэл болоод байгаа баримтууд хэрэгт хангалттай байгаа, харин нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэл зөрүүтэй, энэ талаар баримт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч У.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд

 6.1 Шийдвэрийн үндэслэх хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул энэ хэсэгт холбогдуулан гомдол гаргасан. Үндэслэх хэсгийн агуулгаас харахад Б Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь зөвхөн нэхэмжлэгч Б.Д байсан мэт ойлголт төрүүлэхүйц дүгнэлт хийсэн нь бусад хувьцаа эзэмшигчид болох хариуцагч Ж.Э, Ш.Д, У.Т, М.О нарын эрх зүйн байдлыг дордуулах агуулгатай болсон. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь няцаасан нотлох баримтуудыг өөрөө болон шүүхийн журмаар гаргуулан шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон ямар ч баримт гаргаагүй, хариуцагчийн няцаалтыг үгүйсгэсэн нотлох баримтгүй байхад шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бусад үндэслэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй орхисон.

... Б эмнэлгийг хувийн өмчид шилжүүлэхэд 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хаалтын баланс, 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн эхлэлтийн балансаар нийт хөрөнгийн дүн буюу өр төлбөр ба эзэмшигчдийн өмчийн дүн 724,412,300 төгрөг байсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн өмч хувьчлалын комиссын архивын баримтууд болон хариуцагч нараас гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдсон байдаг.

6.2 Компанийн дүрмийн 8.1-д эзэмшигчдийн өмчийн дүн болох 724,412,300 төгрөгийн дүнд суурилан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 7240 ширхэг хувьцаа байх, үүсгэн байгуулагч болох нэр бүхий 5 хүний эзэмших хувьцааны хувь хэмжээг багийн хурлаар шийдвэрлэсэн хэмжээгээр тогтоож дүрэмдээ зааж бүртгүүлсэн нь хэн нэгэн этгээдийн буюу нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үздэг. Б Э ХХК нь багийн гишүүдийн хувьчилж авсан бэлэн мөнгө, мөнгөн дээр үндэслэж байгуулагдсан тус компанийн дүрмийн 8.1 дэх заалт нь 1999 оны Компанийн тухай хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй тул 2011 оны Компанийн тухай хуулийн 44.2 дах хэсэг энэ маргаанд хамааралгүй.

6.3 Хариуцагч тал нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй талаар маргасан байхад шүүх дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж харагдуулахуйц байдлыг үүсгэсэн. Менежментийн гэрээний үр дүнг бий болгохын тулд зарим үед цалин хөлс авахгүй өдөр шөнөгүй зүтгэж байсан, бидний хамтын хүч хөдөлмөрийнхөө үр шимийг шингээж менежментийн хувьчлалаар авсан хөрөнгийг нэхэмжлэгч дангаараа өмчлөх эрхгүй ба шударга ёсны зарчимд нийцэхгүй. Компанийн дүрмийн санг бүрдүүлэхэд нэхэмжлэгч ганцаараа хөрөнгө оруулсан гэж худал тайлбарласан. Тухайн үед төрд ажиллаж байсан хүмүүст  цалин хөлснөөс өөр орлого байгаагүй. Нэхэмжлэгчээс оруулсан хөрөнгө гэж компанийн данс бүртгэлд байхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг хариуцагч нарын эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн тул шийдвэрийн үндэслэх хэсэгт нэмэлт дүгнэлт хийж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Өмч хувьчлал болон компани байгуулах харилцаа 2 тусдаа эрх зүйн харилцаа, 2 өөр үйл баримт юм. Өмч хувьчлалын асуудлаар хүлээж авсан мөнгөн төлбөрийн үүргийг дангаараа нэхэмжлэгч биелүүлчихсэн байсан. Тийм учраас тухайн хөрөнгийн үнийг төлсөн гэдгээрээ өмчлөгч юм. Хариуцагч нарын хувьд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй. Нэхэмжлэгч өөрийн хувьцаанд ногдох хөрөнгөө шинээр байгуулагдаж байгаа компанид шилжүүлээд өгчихсөн. Бусад хувьцаа эзэмшигчид оруулах ёстой мөнгөн хөрөнгөө оруулаагүй. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг зөрчсөн учраас хүчин төгөлдөр бус хэлцэл. Хувьцаа эзэмшигч нар хувьцаанд ногдох төлбөрөө төлсөн эсэх нь маргаантай. Төлөөгүй гэдэг нь хэргийн явцад тодорхой харагдсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Дийн Б Э ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дүрмийн М.О, Ш.Д, Ж.Э нарт холбогдох хэсэг буюу хувьцаа эзэмшигчээр дурьдаж, эзэмших хувьцааны тоо ширхэг, хувь хэмжээг тодорхойлсон заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр, Б Э ХХК-ийг үүсгэн байгуулж улсын бүртгэлд У.Тийг хувьцаа эзэмшигчээр шинэчлэн бүртгэсэн дүрмийн өөрчлөлтийг мөн хуулийн 56.1.10-т заасан үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Б Э ХХК-ийн М.О, Ш.Д, Ж.Э нарын нэр дээр бүртгэлтэй тус бүр 1629 ширхэг хувьцаа, У.Тийн нэр дээр бүртгэлтэй 725 ширхэг хувьцааг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийг хариуцагч М.О, Ш.Д Ж.Э, У.Т нар эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын маргаанд хамаарал бүхий үйл баримт хангалттай тогтоогдсон байна. Үүнд, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаар тогтоолоор, “Б” эмнэлгийг менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлахаар зарласан тендерт шалгарч менежментийн гэрээний үүргийг биелүүлсэн Б.Д ахлагчтай багт тус эмнэлгийг зориулалтынх нь дагуу ажиллуулах нөхцөлтэйгээр хувьчлан авахыг санал болгожээ. Улмаар 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Б.Д ахлагчтай Ш.Д, Х.У, М.О, Ж.Э нарын багтай Б нэгдсэн эмнэлгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, худалдан авагч тал гэрээний төлбөр болох 193,050,000 төгрөгийг 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 30-ны шийдвэрээр Б.Д ахлагчтай Ш.Д, Х.У, М.О, Ж.Э нарын багт өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. 

Нийслэлийн өмч хувьчлалын газраас 2005 оны жилийн эцсийн тайлангийн хаалтын балансаар нийт 724,412,363 төгрөгийн хөрөнгөтэй Б эмнэлгийг-ыг Б.Д ахлагчтай Ш.Д, Х.У, М.О, Ж.Э нарын багт 2006 оны 2 дугаар сарын 07-ны өдөр  актаар хүлээлгэн өгчээ. Тэрээр 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.Д, Ш.Д, М.О, Х.У, Ж.Э нар Б Э ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн дүрмийн санг тус эмнэлгийг актаар хүлээлгэн өгөх үеийн санхүүгийн балансад тусгагдсан дүнгээр буюу 724,412,363 төгрөгөөр тогтоосон байна. Компани нь 7,240 ширхэг хувьцаатай бөгөөд нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 100,000 төгрөг байна. Б.Д нийт хувьцааны 1,629 ширхэг буюу хөрөнгийн 22,5 хувийг, Х.У 724 ширхэг буюу 10 хувийг, Ж.Э 1,629 ширхэг буюу 22,5 хувийг, Ш.Д 1,629 ширхэг буюу 22,5 хувийг, М.О 1,629 ширхэг буюу 22,5 хувийн хөрөнгийг тус тус эзэмших, мөн У.Тийг компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигчээр 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэжээ. /1хх6, 49-50, 52-59, 67-80, 112, 2хх4-9, 67-79, 214-250, 3хх1-39/

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч талыг “хувьцааны үнийг төлөөгүй, хууль зөрчин хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон хүрээнд хэргийг шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ. Талууд компани байгуулах шийдвэр гарган, компанийн дүрмээ баталж Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн байна. Компанийн дүрэмд хэн, хэдэн хувийн хувьцаа эзэмших, нэгж хувьцааны үнэ хэд байх, эзэмших хувьцааны хувь хэмжээг зааж, үүсгэн байгуулсан гэх этгээдүүд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар гарын үсгээ зурсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарна.  

Компанийн дүрэмд заасан хөрөнгийг хувьцаа эзэмшигч шилжүүлээгүй гэх үндэслэл нь уг дүрмийг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. 1999 оны Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дах хэсэгт “Компанийг үүсгэн байгуулахаар гаргасан хувьцааны төлбөрийг компанийг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө төлнө” гэж заасан нь талуудын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд уг үүргээ талууд биелүүлээгүй нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэл болохгүй. 

Мөн компанийн дүрэмд хувьцааны үнийг хэрхэн төлөх талаар тусгагдаагүй бөгөөд энэ талаар хувьцаа эзэмшигчид ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Хэрэгт зөвхөн тухайн хувьцаа эзэмшигчийн ажил үүргийн талаар тусгасан хувьцаа эзэмшигч бүртэй байгуулсан хамтран ажиллах үйл ажиллагааны гэрээ авагдсан. /1хх8-11, 63-64, 3хх31-34/

Талуудын хэн аль нь хувьцааны үнэ төлөгдсөн эсэх үйл баримтын талаар маргасан бөгөөд хэрэгт 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б Э ХХК-ийг үүсгэн байгуулах үед болон үүсгэн байгуулснаас хойш хувьцаа эзэмшигч нараас хувьцааны үнийг төлсөн талаар баримтгүй байна. Ийнхүү хувьцааны үнэ төлөөгүй гэх нөхцөл байдал нь компани үүсгэн байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш.  

Хариуцагч нарт нэхэмжлэгчээс компанийн хувьцааг шилжүүлж өгөөгүй буюу талуудын хооронд хувьцааны үнийг харилцан төлөх үүрэг үүсээгүй. Энэ талаар зохигчид маргаагүй. 

Компанийг анх үүсгэн байгуулах дүрэм нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна хариуцагч нарыг Б Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасч, өөрийн нэр дээр хувьцааг шилжүүлэхийг шаардах эрхийн үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй.

5. Харин Компанийн тухай хуульд зааснаар компани үүсгэн байгуулснаас хойш хувьцаа эзэмшигчдийн эрх, уг эрхийн зөрчлийн асуудлууд хөндөгдөж болох бөгөөд нэхэмжлэгчийн эрх аливаа этгээдүүдийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зөрчигдсөн бол үүргийг биелүүлэхийг, эсвэл учирсан хохирлоо шаардахад энэ шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүй.

6. Хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан тэдгээрийг компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчээр дурьдаж, эзэмших хувьцааны тоо ширхэг, хувь хэмжээг тодорхойлсон заалтуудыг хүчин төгөлдөр буст тооцуулж, хувьцаа эзэмшигчийн нэрийг өөрчлүүлэх агуулгатай нэхэмжлэл гаргасан байхад шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр дүгнэсэн нь буруу. 

Дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/03222 дугаар тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Дийн хариуцагч М.О, Ш.Д, Ж.Э, У.Тнарт холбогдуулан гаргасан Б Э ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэл бүртгүүлсэн 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дүрмийн М.О, Ш.Д, Ж.Э нарт холбогдох хэсэг буюу хувьцаа эзэмшигчээр дурьдаж, эзэмших хувьцааны тоо ширхэг, хувь хэмжээг тодорхойлсон заалтуудыг, Б Э ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд У.Тийг хувьцаа эзэмшигчээр шинэчлэн бүртгэсэн дүрмийн өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Б Э ХХК-ийн М.О, Ш.Д, Ж.Э нарын нэр дээр бүртгэлтэй тус бүр 1629 ширхэг хувьцаа, У.Тийн нэр дээр бүртгэлтэй 725 ширхэг хувьцааг тус тус нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,261,800 төгрөг, хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                                   Д.НЯМБАЗАР

                                                                                         А.МӨНХЗУЛ