Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/32

 

Г.*******т холбогдох  эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.*******

          Шүүгдэгч                                                                                  Г.*******          

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******

 

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.******* давж заалдах гомдлоор Г.*******т холбогдох 2423000690079 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн ахмадын хороонд жижүүр ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын ******* баг *******ийн ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: /

Шүүгдэгч Г.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 137.4 кг килограмм хуурамч хонин арцыг 2024 оны 05 дугаар сарын 07-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг “Хар хүнх” гэх газраас түүж бэлтгэн, экологид 13,533,900 (арван гурван сая таван зуун гучин гурван мянга есөн зуу) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жилийн хугацаагаар хориглож, шүүгдэгчид шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулж, Шүүгдэгч Г.*******т 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3,  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Г.*******аас 67,669,500 төгрөгийг гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 шуудай хуурамч хонин арцыг худалдан борлуулж үнийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, хар өнгийн бариултай хайчийг устгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:  ...Шүүгдэгчийн хувьд гэм буруу Эрүүгийн хэрэгт холбогдох үеэс бүрэн хүлээн зөвшөөрч, хохирлоо төлөхөө илэрхийлсэн мэдүүлгийг тогтвортой өгч, анхан шатны шүүх хуралдаан дээр хүртэл гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хохирлоо анхан шатны шүүх дээр нөхөн төлөхөө илэрхийлсээр шүүх хуралдааныг дуусгасан байхад өвчтэй шүүгдэгчийн хувийн байдал, биеийн байдлыг харгалзан үзэлгүй эмчилгээ хийлгэх боломжгүй ял оногдуулсан нь энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугаа сайн дураараа хүлээх, хөнгөн ангилалын хэрэгт холбогдсон шүүгдэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн шинжээчийн дүгнэлтээр хуурамч хонин арц гэж арцны зүйлийг буруу тогтоосон бөгөөд арцны чиглэлээр мэргэшсэн шинжээчийг томилоогүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Мөн прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндсэн зарчмыг зөрчиж буюу прокуророос гэмт хэргээс учирсан хохирол гаргуулахдаа шүүх хуралдаан эд мөрийн баримт шинжлэн судлах үед арц нь 98,9 кг буюу 38.5 кг арцны хилний зөрүүг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх санал оруулсан боловч шүүх прокурорын саналын хүрээнээс хэтэрч, 137.4 кг-аар бодож шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 246, А80 дугаар хамтарсан захирамж, тушаалын нэгдүгээр хавсралт ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ ХУРААН АВСАН, БИТҮҮМЖИЛСЭН ХӨРӨНГӨ, ОРЛОГО, БАРЬЦААНЫ МӨНГӨ, ЭД МӨРИЙН БАРИМТЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ-ын дагуу тусгай зориулалтын хадгалах өрөөнд зохих стандартын агааржуулалттай, чийгшил алдагдуулдаггүй тусгай багаж хэрэгсэлтэй, зориулалтын гэрэлтүүлэгийн орчинтой эд мөрийн баримт хадгалах ереенд анхнаасаа хийгээгүй ажиллагааны явцад жинлэсэнийг прокурорын зүгээс харгалзан үзэж шүүх хуралдаан дээр жинлэсэн жингээр шүүхэд санал оруулахад шүүх прокурорын саналаас хэтрүүлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд 7 хүний бүрэлдэхүүнтэй арцны шинжээчийн бүрэлдэхүүн томилох, шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй гэж үзсэн тохиолдолд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд хохирлыг 98.9 кг-аар тооцож, эмчийн хяналтанд байнга байдаг, Улаанбаатар хот руу эмчилгээ авах боломжтойгоор тэнсэн харгалзах өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: …37,4 кг хуурамч хонин арцыг тухайн үед анхны авсан жин нь байгаль орчинд учруулсан бодит хохирол байна. Шүүгдэгчийн үйлдэл нь хуурамч хонин арцыг түүж, бэлтгэсэн байдаг. Түүсэн байсан арцыг байгаль хамгаалагч гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг өгч, гомдол мэдээллийн дагуу очиж шалгасан бодит жин нь өмнө жинлэсэн жин байдаг. Шинжилгээний явцад гарсан жингийн өөрчлөлтэй холбоотойгоор байгаль орчинд учруулсан хохирлоо багасгах гэж буй нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 37.4 кг гэж жинлэсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээнд явуулсан объект байхгүй байгаа тул арцны жинг хасъя гэж байна. Эд мөрийн баримтын онцлогоос хамаарч хасагдаж буй жинг, энэ хүн учруулаагүй тул 37.4 кг-ыг хасъя гэх боломжгүй юм. Байгаль орчинд анх учруулсан хохирлоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

Завхан аймгийн Алтангадаст одонт Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт байна. Шүүгдэгч халдвартын эмнэлгийн хяналтад байхыг тодорхойлсон баримт байна. Улаанбаатар хотод заавал эмчилгээ хийлгэх талаарх холбогдох баримт байхгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хязгаарласан зохицуулалт байхгүй. Улиастай сум буюу шүүгдэгчийн ажил, амьдралаа эрхэлж буй Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах хязгаарлалтыг тогтоож өгсөн. Түүний эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хязгаарлаагүй. Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод өөрийнхөө бүхий л тусламж үйлчилгээг авах боломжтой гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******ийн гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

4. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

5. Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Хөх нуурын “Хар хүнх” гэх газраас арц түүж бэлтгэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

гэрч Ц.ын “... ******* ах ...... бид гурав 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд ууланд очсон тэгтэл ******* ах машины араас шуудайнууд гаргаж ирээд за ах нь жаахан арц түүгээдэхье гэсэн би урьд өмнө  нь арц түүж байхыг хараагүй болохоор түүнийг жаахан дагаж арц түүж байхыг нь харж байгаад машин дээрээ ирээд машиныхаа стачер, тормоз хоёр жаахан болохгүй байхаар нь янзалсан…******* ахын түүсэн арцыг машинд ачихад 7 шуудай арц түүсэн байсан. Тэгээд бид нар байгаль хамгаалагч ааг дагаж аймаг орж ирсэн юм...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Б.аагийн “...Би 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Отгон тэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Даян орчимд судалгаа шинжилгээ хийхээр ганцаараа явж байтал машин явсан шинэхэн мөр байхаар нь дагаад явахад “Хөх нуур” -ын хар хүнх гэдэг газарт нэг машин уулын дунд хэсэгт зогсож байсан. Би холоос дурандаж харахад нэг машин харагдаж байсан машины дээд хэсэгт нэг хүн уулнаас арц түүж байгаа нь харагдсан тэгээд яваад очиход гэсэн улсын дугаартай хар өнгийн Ланд-80 маркийн машин зогсож байсан бөгөөд машины хойд талын хоёр хаалга онгорхой байхаар нь очиж үзэхэд дотор нь хоёр хүн унтаж байхаар нь дуудаж сэрээгээд уулзаад ууланд арц түүж байсан хүнийг дуудаж түүсэн арцыг нь үзэхэд нийт 7 шуудай арц түүгээд тавьчихсан байсан бөгөөд тэр хүн бас нэг шуудайны ёроолд жаахан арц түүгээд явж байсан. Тэгээд би дархан цаазат газар нутгаас арц түүж болохгүй гэдгийг нь тайлбарлаад машин болон арцны зургийг нь гар утсаараа дарж аваад түүсэн арцыг нь машинд нь ачуулаад дагуулж Улиастай сум орж ирсэн...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн “...Намайг Алдархаан сумын засаг даргын тамгын газраас энэ хэрэгт оролцож мэдүүлэг өг гэж хууль ёсны төлөөлөгчөөр томилсон тул би ирсэн. Иргэн Г.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр “Арц” түүж бэлтгэсэн гэх асуудлаар миний хувийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин энэ хэрэгт сумын засаг даргын тамгын газрыг төлөөлөн оролцож байгаа тул байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн орчимд Улиастай сумаас эхнэр , хуурай дүү болох нарын хамт ын Ланд-80 маркийн машинтай нь гарч яваад Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Хөх нуурын хар хүнх гэдэг газарт очсон...Тэгээд машины ар талаас шуудай, гар хайчаа аваад уулнаас арц түүж эхэлсэн би арц түүж чадахгүй гээд машинаа янзалж байсан, миний эхнэр хоол, цай хийгээд байж байсан...” гэсэн мэдүүлгээр,

 Г.******* нийт 137,4 кг арц түүсэн нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр, түүсэн арц нь ховор ургамалд хамаарах хуурамч хонин арц бөгөөд нийт 13,533,900 төгрөгийн үнэтэй болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1845 дугаартай шинжээчийн “1. Шинжилгээнд хүргүүлж буй 1-7 хүртэл дугаарласан 7 уут ургамлын дээжид шинжилгээ хийж ургамлын төрөл зүйлийг тогтоох боломжтой байна.

А. Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг ууттай ургамал нь Cupressaceae-Агарууны /Арц/ овог, Juniperus L- Арцны төрөл, Juniperus pseudosabina Fisch.et C.A.Mey- Хуурамч хонин арц байна.

Б. Шинжилгээнд ирүүлсэн 7 ууттай ургамлууд нь бүгд нэг төрөл, нэг зүйлийн Juniperus pseudosabina Fisch.et.C.A.Mey- Хуурамч хонин арц байна.

В. Cupressaceae-Агарууны /Арц/ овог, Juniperus L- Арцны төрөл, Juniperus pseudosabina Fisch.et C.A.Mey- Хуурамч хонин арц нь Монгол улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралт “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан.

Г. Шинжилгээнд ирүүлсэн ургамлыг хуурай, нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор уут тус бүрээс дээж авч жинлэн, хатаах зууханд 105° С -ийн температур 5 цагийн турш хатаан хэмжиж, жингийн алдагдлыг тооцож үзэхэд дундаж чийг 66.3% байх тул нойтон байна.

Д. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1кг нойтон Juniperus L-Арцны төрөл, Juniperus pseudosabina Fisch.et C.A.Mey- Хуурамч хонин арц ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.500 төгрөг байна.

Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 137.4 кг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ тооцвол 98.500 төгрөг × 137.4кг= 13,533,900 төгрөг байна...” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

6. Анхан шатны шүүгдэгч Г.*******ын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нь давж заалдах гомдолдоо “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсээр байхад өвчтөй шүүгдэгчийн хувийн байдал, биеийн байдлыг харгалзан үзэлгүй эмчилгээ хийлгэх боломжгүй ял оногдуулсан энэрэнгүй ёсны зарчимыг зөрчсөн мөн  шинжээчийн дүгнэлтээр хуурамч хонин арц гэж арцны зүйлийг буруу тодорхойлсон,  шүүх хуралдаан дээр эд мөрийн баримт шинжлэн судлах үед  арц нь 98.9 кг буюу 38.5 кг арцыг хилний зөрүүг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх санал оруулсан боловч прокурорын саналын хүрээнээс хэтэрч 137.4 кг-аар бодож шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэжээ.

8. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо _нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанарт тохирсон байна.

8.1.Шүүгдэгч Г.******* нь ”С” вирусын шалтгаант элэгний архаг үрэвсэлийн оношоор халдвартын эмчийн хяналтанд байдаг нь үнэн болно гэсэн Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын тодорхойлолтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгчийн эрүүл мэндийн дээрхи байдал нь анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхэд саад болохуйц нөхцөл байдал биш байна гэж давж заалдах шатны шүүхээс үнэлсэн болно.Тодруулбал, шүүгдэгчийн эмнэлэгийн тусламж авах эрхийг хязгаарлаагүй байна.

8.2.Мөн хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж, дүгнэхэд мөрдөгч нь шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох арцыг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн жингээр буюу бодит хохирлоор тодорхойлж, хохирлыг тооцсон нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д заасантай нийцсэн байх ба Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Г.*******аас 67.669.500 төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна..

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД                                                     Б.АРИУНБАЯР

                                                                              Ж.БАТТОГТОХ