Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 106

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,

хохирогч О.Батзориг,

шүүгдэгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Сүмчин овогт Балбарын Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807001580068 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4-14 насны 4 хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 13-3 тоотод оршин суух, регистрийн НУ85022352, Сүмчин овогт Балбарын Алтангэрэл нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнийн 03 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 8а-3 тоот хашааны үүдэнд хамт цэрэгт алба хааж байсан гэх О.Батзоригтой таксинд явсан төлбөрөөс болж маргалдан шил цохилоо гэж нүүрэн тус газар нь нэг удаа цохиж газар унаган улмаар хэвлий орчимд нь 2 удаа өшиглөж түүний биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн зовхинд тус хуралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Алтангэрэл нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнө цэрэгт алба хамт хааж байсан гэх О.Батзоригийг Хорго зоогийн газраас гэрт хүргээд өг гэж дуудахад нь 03 цагийн үед очиж түүнийг эхнэр О.Алтантуяагийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 8а-3 тоотод хүргэж өгөхдөө таксины төлбөрөөс болж О.Батзоригтой маргалдан нүүрэн тус газар нь цохиж, хэвлийн тус газар нь өшиглөсний улмаас түүний биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл учруулсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтангэрэл мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Батзоригийн өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 09-10 шилжих шөнийн 03 цагийн орчим би найзуудын хамт ууж идэж явсан. Шүүгдэгчтэй таарч урьдны итгэлцлийн үүднээс тухайн үйлдэл гарсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч О.Алтантуяагийн өгсөн: “ Би Б.Алтангэрэл гэх залуу Батзоригийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж байхыг нь хараагүй харин газар татаж өвдөглүүлж байгаад гэдэс хавьд нь урдаас нь 2 удаа өшиглөж байхыг нь харсан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08шэ/173 дугаар:

1. О.Батзоригийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, нарийн гэдэсний цоорлыг оёсон мэс заслын дараах байдал /2018.03.12/, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 34 дүгээр хуудас/

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас, өвчний түүх,

/хх-ийн 35-49 дүгээр хуудас/

Хохирогчийн мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт судалсан хохирогч О.Батзориг, гэрч О.Алтантуяа нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Алтангэрэл нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнө цэрэгт алба хамт хааж байсан гэх О.Батзоригийг Хорго зоогийн газраас гэрт хүргээд өг гэж дуудахад нь 03 цагийн үед очиж түүнийг эхнэр О.Алтантуяагийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 8а-3 тоотод хүргэж өгөхдөө таксины төлбөрөөс болж О.Батзоригтой маргалдан нүүрэн тус газар нь цохиж, хэвлийн тус газар нь өшиглөсний улмаас түүний биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Алтангэрэлд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа энэ гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч нь “миний хохирол төлбөрийг төлсөн, шүүгдэгчийн ар гэр, ахуйн харж үзэж түүнд хөнгөн ял оноож өгнө үү”, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар “торгох ял оногдуулах” тухай гаргасан санал, дүгнэлт, тайлбар нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид 3.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сүмчин овогт Балбарын Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Алтангэрэлд 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Алтангэрэлд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Алтангэрэлд мэдэгдсүгэй.

5. Б.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид 3.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Алтангэрэлд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Алтангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ