Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 78

 

                       

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

 Улсын яллагч: С.Мөнхтулга,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Орчуулагч: Ц.Үрлэнцэцэг

 Шүүгдэгч: Ма минг /Ma Ming/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ма Минг /Ма Ming/-д холбогдох 1828000030020 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

БНХАУ-ын иргэн шүүгдэгч Ма Минг /Ма Ming/ нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтоор өөрийн гар тээшиндээ хуулиар хязгаарлалт тогтоосон 9 ширхэг улаан хас, 2 ширхэг ногоон хас, 3 ширхэг мана нэртэй эрдэнийн чулуунуудыг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.          

Шүүгдэгч Ма Минг /Ма Ming/-г гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Ма Минг /Ма Ming/-г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Кемпийн гэрийн гадаа байсан чулуу өнгө нь гоё харагдаад авсан. Зүгээр л аваад явж байсан юм. Гар тээшиндээ хийгээд авч гарах гэж байсан. Асууж мэдсэн зүйл байхгүй. Гоё харагдаад авсан юм. Монголын хуулийг дагана. Манай улсад хориглодоггүй. Чулуу түүхэд хууль зөрчсөн юм байдаггүй. Тоног төхөөрөмж суурилуулах гэж ирсэн. Хаа сайгүй чулуу байсан. Кемпийн гэрийн гаднаас түүж авсан. Нөгөө чулууг нь Монголын хилээр орж ирэх үед Гаалийн хашааны тэндээс авсан.

        Гэрч Ю.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017.12.21-ний өдөр 16 цаг 10 минутын үед Өмнөговь аймгийн Шивээхүрэн хилийн боомтоор хилийн гарах чиглэлд экспортын рентгэн төхөөрөмж дээр ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Өнөржаргал нь чулуу илэрлээ гэж намайг утсаар дуудсан. Тэгээд би яваад очсон чинь БНХАУ-ын иргэн нь өөрийн барьж явсан цүнхэн дотроо байгалийн чулууг нууж яваад баригдсан байсан. Уг зөрчлийг Өнөржаргал нь БНХАУ-ын иргэн Ма Мингийн барьж явсан цүнхийг рентген төхөөрөмжид хийж шалгаснаар илрүүлсэн байсан. Улмаар би уг БНХАУ-ын иргэн Ма овогтой Минг гэх хүнийг Өнөржаргалын хамт дагуулаад өөрийн албан өрөөндөө оруулаад Ма Минг гэх хүний ачаа тээшинд нарийвчилсан үзлэг хийсэн. Түүний цүнхэн дотор хувцаснууд, болон чулуунууд байсан. Мөн Ма Мингийн паспортыг авч шалгахад Шивээхүрэн хилийн боомтоор 2017.12.13-ны өдөр Монгол улс руу орж ирсэн байсан. Уг хүний авч явсан чулууг хиллэж үзэхэд 10 килограмм жинтэй шаргал өнгийн байгалийн том хэмжээтэй чулуу байсан. Мөн уг чулуунаас гадна 60 грамм жинтэй жижиг хэмжээтэй чулуунууд байсан. Улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж ажилласан. Ма Минг гэх хүн нь Монгол хэлээр ярьж чаддаггүй хятад хүн байсан. Түүнээс мэдүүлэг авахдаа орчуулагч оролцуулсан. Уг орчуулагч нь Ма Минг гэх хүнтэй хамт ажилладаг Динг Шунчинг гэдэг нэртэй хүн байсан. Уг Динг Шунчинг гэдэг хүн нь Ма Минг гэх хүнийгээ Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Шивээхүрэн боомт руу хүргэж ирсэн байсан юм байна лээ. Динг Шунчинг нь Өвөрмонгол хүн ба Монгол хэлээр ярьдаг хүн байсан. Гэхдээ овор хэмжээ том шаргал өнгийн чулуу байсан. Уг чулуу нь тарифын бус хязгаарласан бараанд хамаарах чулуу гэж ойлгож байгаа. Ер нь улсын хилээр ямар нэгэн бараа, эд зүйл байгалийн чулууг нэвтрүүлэх гэж байгаа этгээд нь заавал авч яваа зүйлээ гаальд мэдүүлж нэвтрүүлэх ёстой байдаг. Энэ тохиолдлоос бусад нь бол хууль бус үйлдэл юм” /хх-ийн 28-29-р хуудас/,

        Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017.12.21-ний өдөр би Шивээхүрэн хилийн боомтын зорчигч экспортын гарах чиглэлд рентген аппаратын байцаагчаар ажиллаж байсан. Тэгсэн чинь 16 цагийн үед рентген аппаратаар 2 ширхэг чемодамыг шалгахад тас хар өнгийн нягтаршилтай зүйл харагдсан. Улмаар би уг чемодамыг авч нарийвчилсан шалгалт хийхэд БНХАУ-ын иргэн Ма овогтой Минг гэх хүний авч явсан ачаа тээш байсан. Чемодамыг нээж үзэхэд дотор нь хар өнгийн малгайны доод талд том хэмжээтэй 1 ширхэг байгалийн чулуу, мөн 14 ширхэг жижиг хэмжээтэй чулуу гарч ирсэн. Улмаар би зөрчил хариуцсан байцаагч Жаргалсайханыг дуудаж энэ талаар хэлсэн. Дараа нь манай байгууллага зөрчлийн талаар шалгалт явуулж цагдаагийн байгууллагад харьяаллаар шилжүүлсэн. Тарифын бус хязгаарлалтанд ордог чулуу гэж ойлгож байгаа. Мөн нарийн сайн мэдэхгүй байна. Ма Минг гэх хүн бас нэг Хятад хүнтэй хамт явж байсан. Тэр нь Хятад руу гараад явчихсан. Уг хамт явсан Хятад хүний ачаа тээшийг нь шалгаж үзэхэд ямар нэгэн зүйл гарч ирээгүй юм. Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас гарсан чулуу гэж ярьж байсан” /хх-ийн 30-31-р хуудас/,

        Гэрч Динг сун чин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би Монгол улсад 2015 онд орж ирээд Улаанбаатар хотод суурьшиж байна. Хувийн ажлаар орж ирсэн. Би энэ хятад улсын иргэн Ма Минг 2018 оны 12 дугаар сарын 13-нд Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоор оруулж ирсэн юм. Манай алтны уурхай дээр техник үзэх зорилгоор авчирсан байсан. Энэ хүн Хятад улсаас ганцаараа гарч ирсэн. Тухайн үед би мэдээгүй байсан. Би 2018 оны 12 дугаар сарын 21-нд Шивээхүрэн боомтоор Хятад улс руу явуулах гээд фургонд суулгачихаад буцаад явж байтал Ма Минг над руу утсаар залгаад хэдэн ширхэг чулууг цүнхэндээ авч яваад Монголын гааль дээр саатуулагдсан байна гэж хэлсэн. Би буцаж Ма Минг дээр очоод уулзахад нэг ширхэг том цагаан саарал өнгийн улаан судалтай чулуу мөн жижиг жижиг чулуунууд байсан. Тэгээд эдгээр чулуунуудыг хаанаас авсан талаар Ма Мингээс асуухад тэр том чулуу, мөн 9 ширхэг улаан хүрэн чулуу, 2 ширхэг ногоон өнгийн чулууг Баянхонгор сумын Тарган гэх манай кемп дээр байж байхдаа тэр хавиас түүж авсан гэж хэлсэн. Мөн Монголд орж ирж байхдаа гадаа машины зогсоол дээр намайг хүлээж байхдаа тэр хавиас 3 ширхэг улаан шар өнгийн жижиг чулууг авсан гэж хэлсэн. Түүсэн чулуу нь тэр манай кемпийн ойролцоо зөндөө байдаг юм. Янз бүрийн өнгөтэй том жижиг чулуунууд зөндөө байдаг юм. Зүгээр сонирхоод түүж авсан гэж надад сүүлд хэлж байсан өөр зорилго байхгүй. Тэр чулуунуудыг сонирхоод авсан байсан. Миний монгол нэрийг Дэн Тунгаа гэж дууддаг” /хх-ийн 64-р хуудас/,

        Шинжээч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Манай байгууллагын дотоод журам дээр тодорхой заасан байдаг юм. Шинжээч бид нарт тамга байдаггүй болохоор байгууллагын захирал, дэд захирал нар нь шинжээчийн гаргасан дүгнэлтийг баталгаажуулан тамга дарж, гарын үсгээ зурдаг юм. Ш.Чимгээ гэдэг хүн бол манай технологи туршилт, эрдэс, чулуу судлалын тасгийн дарга мөн хянаж гарын үсгээ зурж, тамгаа дарж баталгаажуулдаг юм. Олон дамжлагатай байдаг юм. Би бол зөвхөн чулууны найрлага, бүтэц чулууны нэрийг тогтоож өгдөг юм. Энэ хоёр төрлийн чулуу нь Үнэт болон Хагас үнэт чулууны төрөлд хамаарахгүй, Ногоон хас чулуу нь өнгөлгөөний чулууны төрөлд хамаардаг, харин мана чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд хамаардаг юм. Эдгээр чулууг ээмэг бөгжний шигтгээ, гоёл чимэглэлийн зүйлд хэрэглэдэг юм” /хх-ийн 65-р хуудас/,

        Шүүгдэгч Ма минг /Ma Ming/ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол улс руу орох гэж Сэхээ боомтоор ганцаараа орж ирсэн юм. Намайг Монголын хил дээр Дэн Шунчин гэдэг Өвөрмонгол хүн тосож авсан. Би Баянхонгор аймгийн Шинэ-жинст сумын Тарган гэх газарт очиж алтны хуурай паажуурыг тохируулах ажлаар Монголд орж ирсэн. Би тэр том чулууг нь мөн 9 ширхэг улаан хүрэн чулуу, 2 ширхэг ногоон өнгийн чулууг Баянхонгор сумын Тарган гэх кемпийн гэрийн хажууд ил хэвтэж байхаар нь чулуунуудын өнгө нь гоё харагдаад байхаар би сонирхоод авчихсан. Харин нөгөө 3 ширхэг улаан шар өнгийн чулууг Монголд орж ирэхдээ гаалийн хашааны гадаа машинууд зогсдог газраас түүж авсан байсан. Тэгээд би тэнд кемп дээр 7 хоночихоод буцаад Шивээ хүрэн боомт руу явсан. 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Монгол улсын гааль дээр баригдсан. Би эдгээр чулуунуудыг зүгээр сонирхоод авсан байсан юм. Өөрийнхөө авч яваа хувцастай цүнхэн дотроо аваад гааль дээр ирсэн тэгээд гааль дээр орох гээд гаалийн шалгах төхөөрөмж дээр цүнхтэй зүйлээ шалгуулсан тэгтэл дүрэмт хувцастай гаалийн ажилтан эрэгтэй, эмэгтэй хүрч ирээд миний цүнхэнд байсан чулуунуудыг гаргасан. Нийт 10.6 кг чулуу байсан. Тэр үед миний чулуунуудыг хиллээд тэгээд би 10.6 кг чулуу байна гэж мэдсэн. Ямар нэртэй чулуунууд байсныг мэдэхгүй байна Энэ чулуунуудыг хориотой гэдгийг нь мэдэхгүй учраас хилээр авч орох гэж байсан, хэрвээ хориотой гэдгийг нь мэдсэн бол авахгүй байсан. ...Ойлгож байна Үрлэнцэцэгийг хэлмэрчээр оролцуулахад татгалзах зүйл байхгүй байна.  Баянхонгор аймгийн Тарган гэх кемп дээр байж байхдаа эхлээд тэр цагаан улаан өнгийн том чулууг тэр кемпийн гэрийн хажууд хэвтэж байхад нь сонирхоод авсан юм.Тэгээд дараа нь алтны уурхайн хажуугаас газар хэвтэж байсан 9 ширхэг улаан хүрэн өнгийн мөн 2 ширхэг ногоон чулууг түүж авсан юм. Эдгээр чулуунууд надад их гоё харагдаад байхаар нь би түүж авсан юм. Тэгээд Монгол улсаас гарах гээд Шивээхүрэн боомтын хашааны гадаа машин зогсдог том зогсоолд хүн хүлээгээд зогсож байхад тэнд газарт хэвтэж байсан 3 ширхэг улаан шар өнгийн чулууг тэр газраас түүж аваад цүнхэндээ хийсэн юм. Би тухайн үед ганцаараа байсан, Тунгаа гэдэг нэртэй Өвөрмонголыг хүлээж байхдаа авсан юм. Хятад нэрийг Диншүнь чин гэдэг юм. Миний түүсэн чулуунуудтай адилхан чулуу тэр хавьд байгаагүй. Тэр хавийн газар элсэрхэг хөрстэй машинууд зогсдог зогсоолын газар байсан. Надад их гоё харагдаад байхаар нь гэртээ аваачиж тавих \загасны аквуромд\ гэж тэр чулуунуудыг түүж авсан юм. Янз бүрийн ашиг сонирхол байгаагүй. Надад тийм зөвшөөрлийн бичиг байхгүй. Би чулуу түүсэн газраа олноо. Гэхдээ би тэр газрыг зааж өгөхийг зөвшөөрөхгүй байна яагаад гэвэл тэр газар Өмнөговь аймгаас 300 гаруй км хол байдаг газар юм. Би Монголд орж ирээд 3 cap гаруй болж байна. Монголын хоол унд тохирохгүй, буудалд олон хоногоор байрлаж байна. Өвөрмонголын Тунгаа намайг дуудсан юм. Тэнд байдаг уурхайн багаж төхөөрөмжийг засварлах гэж Монгол руу орж ирсэн байсан юм. Өөр ямар нэгэн зорилго байхгүй. Би тухайн үед хэн нэгэн хүнд хэлээгүй гаальд баригдсан дараа нь Тунгаад хэлсэн юм.” /хх-ийн 42-43, 66-67-р хуудас/,

         Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2018.01.04–ний өдрийн №11 шинжээчийн дүгнэлт: Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгаас ГТЛ (ТӨҮГ)-т тодорхойлуулахаар ирүүлсэн 10.6 кг жинтэй, 14 ширхэг жижиг (2.0-8.5 см), 1 ширхэг том (32x20x9 см) чулуунаас төлөөлүүлэн 2 ширхэг тунгалаг шлиф (0.03 мм зузаан чулуун ялтас) бэлтгэн петрографийн шинжилгээ хийж дараах дүгнэлт гаргаж байна. Үүнд: -14 ширхэг жижиг чулууны 9 ширхэг улаан хүрэн, 1 ширхэг шар ногоон, 1 ширхэг ногоон өнгөтэй, бүгд 11 ширхэг нь хас чулуу, 2 ширхэг шаравтар, 1 ширхэг цэнхэр өнгөтэй, бүгд 3 ширхэг нь мана чулуу байна. -1 ширхэг том (32x20x9 см), улаан хүрэн толбонуудтай, бор саарал өнгөтэй чулуу нь риолит байна. Энэ риолит нь өвөрмөц бөмбөлгөн (сферолитлог, перлитлэг) бүтэцтэй, дараах эрдсийн найрлагатай байна. Үүнд: Кварц- 25-30% Хээрийн жонш-55-60 Биотит- 5-10%. Танай тавьсан асуултанд дараах хариултыг өгч байна. 1. 14 ширхэг жижиг чулууны 9 ширхэг нь улаан хас чулуу, 2 ширхэг нь ногоон хас чулуу, 3 ширхэг нь мана чулуу, 1 ширхэг том чулуу нь бөмбөлгөн бүтэцтэй риолит байна. 2. Хас чулуу нь өнгөлгөөний, мана чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд хамаарагддаг. Риолит нь хүчиллэг найрлагатай магмын бялхмал (эффузив) чулуунд багтдаг. 3. Дээрх чулуунууд нь байгалийн төрц, эрдэс болон үнэт, хагас үнэт чулууны ангилалд хамаарахгүй. Тунгалаг шлиф 2 ширхэг, үлдэгдэл дээжийг захиалагчид буцаан хүргүүлэв. /хх-ийн 33-37-р хуудас/,

         Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2018.02.26–ны өдрийн №217 шинжээчийн дүгнэлт: Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгаас ГТЛ (ТӨҮГ)-т тодорхойлуулахаар ирүүлсэн 10.06 кг жинтэй, 14 ширхэг жижиг (2.0-8.5 см), 1ширхэг том (32x20x9 см) чулуунаас төлөөлүүлэн 2 ширхэг тунгалаг шлиф (0.03 мм зузаан чулуун ялтас) бэлтгэн петрографийн шинжилгээ хийж дараах дүгнэлт гаргаж байна. Үүнд: -14 ширхэг жижиг чулууны 9 ширхэг улаан хүрэн, 1 ширхэг шар ногоон, 1 ширхэг ногоон өнгөтэй, бүгд 11 ширхэг нь хас чулуу, 2 ширхэг шаравтар, 1 ширхэг цэнхэр өнгөтэй, бүгд 3 ширхэг нь мана чулуу байна. 1 ширхэг том (32x20x9 см), улаан хүрэн толбонуудтай, бор саарал өнгөтэй чулуу нь риолит байна. Энэ риолит нь өвөрмөц бөмбөлгөн (сферолитлог, перлитлэг) бүтэцтэй, дараах эрдсийн найрлагатай байна. Үүнд: Кварц- 25-30% Хээрийн жонш-55-60 Биотит- 5-10% Танай тавьсан асуултанд дараах хариултыг өгч байна. 1. 14 ширхэг жижиг чулууны 9 ширхэг нь улаан хас чулуу, 2 ширхэг нь ногоон хас чулуу, 3 ширхэг нь мана чулуу, 1 ширхэг том чулуу нь бөмбөлгөн бүтэцтэй риолит байна. 2. Хас чулуу нь өнгөлгөөний, мана чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд хамаарагддаг. Риолит нь хүчиллэг найрлагатай магмын бялхмал (эффузив) чулуунд багтдаг. 3. Дээрх чулуунууд нь байгалийн төрц, эрдэс болон үнэт, хагас үнэт чулууны ангилалд хамаарахгүй. Тунгалаг шлиф 2 ширхэг, үлдэгдэл дээжийг захиалагчид буцаан хүргүүлэв. /хх-ийн 69-р хуудас/,

       Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

       Эд мөрийн баримтыг хураан авах тогтоол, тэмдэглэл  /хх-ийн 23-25-р хуудас/,

       Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2018.03.02-ны өдрийн №55 дугаартай албан бичигт: ...БНХАУ-ын иргэн Ма минг-д ердийн ашигт малтмал олборлох ашиглах зөвшөөрөл олгогдоогүй байна. /хх-ийн 72-р хуудас/,

       Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын 2018.03.31-ний өдрийн 4/2441 дугаартай албан бичигт: БНХАУ-ын иргэн Ма минг /Ma ming/-д ... Монгол улсын хилээр шинжилгээний дээж нэвтрүүлэх тодорхойлолт олгож байгаагүй болно. /хх-ийн 79-р хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        Улсын яллагч БНХАУ-ын иргэн шүүгдэгч Ма Минг /Ма Ming/-ыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтоор өөрийн гар тээшиндээ хуулиар хязгаарлалт тогтоосон 9 ширхэг улаан хас, 2 ширхэг ногоон хас, 3 ширхэг мана нэртэй эрдэнийн чулуунуудыг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

        Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ма Минг /Ma Ming/-энэхүү гэмт хэрэгтээ гэм буруутай байна гэж үзэв.

        Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

         Монгол улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “газар” гэдэгт газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга”-ыг хэлнэ гэж томъёолсон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн Төрөөс газрын талаар баримтлах зарчимд Монгол улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх, газар төрийн хяналт, хамгаалалтад байх хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх ойлголтууд тус тус хамаарч байна.

        Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд...геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ашигт малтмал гэнэ гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлд Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн гэж тус тус хуульчилсан.

      Шүүгдэгч БНХАУлсын иргэн Ма Минг /Ma ming/-н Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээ хүрэн хилийн боомтоор Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн 10.6 кг бүхий чулуу нь:

          Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2018.01.04–ний өдрийн №11 шинжээчийн дүгнэлтэд: 1. 14 ширхэг жижиг чулууны 9 ширхэг нь улаан хас чулуу, 2 ширхэг нь ногоон хас чулуу, 3 ширхэг нь мана чулуу, 1 ширхэг том чулуу нь бөмбөлгөн бүтэцтэй риолит байна. 2. Хас чулуу нь өнгөлгөөний, мана чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд хамаарагддаг. Риолит нь хүчиллэг найрлагатай магмын бялхмал (эффузив) чулуунд багтдаг. 3. Дээрх чулуунууд нь байгалийн төрц, эрдэс болон үнэт, хагас үнэт чулууны ангилалд хамаарахгүй.  /хх-ийн 33-37-р хуудас/,

         Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2018.02.26–ны өдрийн №217 шинжээчийн дүгнэлтэд: 1. 14 ширхэг жижиг чулууны 9 ширхэг нь улаан хас чулуу, 2 ширхэг нь ногоон хас чулуу, 3 ширхэг нь мана чулуу, 1 ширхэг том чулуу нь бөмбөлгөн бүтэцтэй риолит байна. 2. Хас чулуу нь өнгөлгөөний, мана чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд хамаарагддаг. Риолит нь хүчиллэг найрлагатай магмын бялхмал (эффузив) чулуунд багтдаг. 3. Дээрх чулуунууд нь байгалийн төрц, эрдэс болон үнэт, хагас үнэт чулууны ангилалд хамаарахгүй. /хх-ийн 69-р хуудас/ гэснээр өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулууны ангилалд  хамаарч байна.

        Иймд шүүгдэгчийн  улсын хилээр нэвтрүүлсэн өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулуу нь аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалд хамаарч байх тул дээрх хуульд томъёолсны дагуу ашигт малтмал гэж үзэх үндэслэлтэйг дурьдах нь зүйтэй.

        Монгол улсын Үндсэн хуулийн  6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж хуульчилсан.

         Иймд БНХАУлсын иргэн Ма Минг нь дээр дурьдсан хуулийн заалтуудыг зөрчиж, тус улсын газар, түүний баялагт хамаарах өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулууг улсын  гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.

         Монгол улсад иргэдэд өмчлүүлнээс бусад газар, газрын гадаргуу, түүний хэвлий, газрын баялаг нь төрийн өмч мөн болох талаар Үндсэн хууль болон бусад салбар олон хуулиудад хуульчилсан бөгөөд газар, түүний баялагын өмчлөгч болох төр, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрөөс улсын хилээр нэвтрүүлэх эрх олгоогүй байхад улсын гаалийн хилээр дээрх чулууг нэвтрүүлж буй нь шүүгдэгчийн үйлдлийн гэмт хэргийн шинжийг бий болгож байна гэж дүгнэв. 

       Улсын яллагч шүүгдэгчийг хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж байх боловч шүүх дээрх байдлаар тайлбарласан хуулийн дагуу төрийн өмчид хамаарах газрын баялаг /ашигт малтмал/ болох өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулууг Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлж байгаа нь хуулиар хязгаарлалт тогтоосон бус хориглолт тогтоосон бараанд хамаарна гэж үзэж шийдвэрлэв.

       Түүнчлэн шүүгдэгч Ма минг /Ma ming/ нь тус чулуунуудыг улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаа талаараа мэдүүлээгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон гэрч Ю.Жаргалсайханы ...улсын хилээр ямар нэгэн бараа, эд зүйл байгалийн чулууг нэвтрүүлэх гэж байгаа этгээд нь заавал авч яваа зүйлээ гаальд мэдүүлж нэвтрүүлэх ёстой байдаг. Энэ тохиолдлоос бусад нь бол хууль бус үйлдэл юм” /хх-ийн 28-29-р хуудас/ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан чулууг авч явж байгаа үйлдлээ нууж, гаальд мэдүүлээгүй байгаа нь гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хуульд заасан үндэслэл болж байна.

        Иймд шүүгдэгч Ма Минг /Ma Ming/-г 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтоор өөрийн гар тээшиндээ хуулиар хориглосон, төрийн өмчид хамаарах 9 ширхэг улаан хас, 2 ширхэг ногоон хас, 3 ширхэг мана нэртэй эрдэнийн чулуунуудыг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

       Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал тус тус гаргасан  ба шүүх Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ма Минг /Ma Ming/-г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон эрүүгийн хариуцлага болно гэж үзэв.  

         Шүүгдэгч Ма минг /Ma ming/ нь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй байна.   

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10.6 кг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэн, энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.   

       Шүүгдэгч Ма минг /Ma Ming/-д 2.000.000 / хоёр сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, шүүх хуралдаанаас түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус

 удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Ма минг /Ma Ming/-г хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ма минг /Ma Ming/-д 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ма минг /Ma Ming/ нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ма минг /Ma Ming/ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10.6 кг чулууг /9 ширхэг улаан хас чулуу, 2 ширхэг нь ногоон хас чулуу, 3 ширхэг нь мана чулуу нийт 14 ширхэг жижиг чулуу/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төрийн өмчлөлд шилжүүлэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ма минг /Ma Ming/-д авсан 2.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА

 

 

 

 

 

 

 

.