Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2016/ДШМ/011

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******

Хохирогч *******

Иргэний хариуцагч нарын өмгөөлөгч *******, *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 201505000353 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ... ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл регистрийн дугаар /*******/

******* нь Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сум дундын эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байхад буюу 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч галч ******* түлэгдэж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учирсан буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахин хангуулах үүргээ биелүүлээгүй гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол батлан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******ын *******ийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний      хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.1 дэх хэсэгт зааснаар *******ээс 9.981.798 төгрөгийг гаргуулж хохирогч *******од олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт ыг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар *******т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар *******ийн өмчлөлийн 55.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “” ХХК-ийн Богд сумын барилгын засварын ажил, хамтран ажиллах гэрээ, Богд сумын хүн эмнэлэгт хийсэн засварын тооцоо, Богд сумын хүн эмнэлэгт тавьсан халаалтын тогооны бичмэл тайлбар, фото зураг, барилгын засварын ажпын төсөв зэрэг 8 хуудас баримтыг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийг бүрэн дүүрэн дүгнэж үзээгүй, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр зөвхөн намайг буруутгаж бусад буруутай этгээдүүдэд арга хэмжээ хариуцлага тооцолгүй ял шийтгэл завшуулж шийдвэрлэлээ гэж үзэж байна. Эмнэлгийн уурын зуух дэлбэрсэн шалтгааныг Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1 тоот дүгнэлт, шинжээч эмч М.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээс үзвэл уурын зуух барьсан компаний этгээдүүд илт гэм буруутай байгааг хайхарч үзэлгүй шударга бус шийдвэр гаргасан.

Стандартын бус гар хийцийн гарал үүсэл тодорхойгүй зуух тавьж ашиглалтад оруулсаныг Улсын комисс хүлээн авалгүй, халаалтын тогоо гар хийцийн учраас автораас зөвшөөрөл авах, монометр тавих, хий авагчийг зургийн дагуу хийх, Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын хэлтсийн дарга өгсөн үүрэг даалгаварыг үл биелүүлж улмаар ийг улсын комиссод оруулалгүй ажил хүлээлгэж өгсөн байдаг. Гэхдээ уг комисс нь зуухны зөрчлийг засах үүрэг өгсөн байдаг, чанар муутай стандарт техникийн нөхцөл шаардлагад нийцээгүй материалаар хийгдсэн зуухыг ашиглалтад оруулж ашиглахыг зөвшөөрсөн төрийн эрх бүхий байгууллагын ажилтанг иргэний хариуцагчаар татаж оролцуулсан боловч эдгээр хүмүүст хуулийн хариуцлага болон эд материалын хохирлыг холбогдуулж шийдвэрлээгүй.

Миний бие хагас өнчин 2 хүүхдийг өсгөж байгаа, нөхөр бид хоёр тэтгэвэрт байдаг учир хохирлыг төлөх хүнд байна. Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасны дагуу тус тус шийдвэрлэж өгнө үү.

Миний бие хохирогчийг эрүүл болгох, учирсан гэм хорыг арилгах чиглэлээр өөрөө санаачлан өөрийн гэр бүл болон байгууллага, хамт олны тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж одоогийн байдлаар 8.490.000 төгрөгийн хохирол төлсөн байгаа гэв.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

Иргэний хариуцагч ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Эрүүл мэндийн газрыг хохирогчоор татах үндэслэлгүй, *******ийг Баянхонгор аймгийн Богд сумын Засаг дарга ажилд томилсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Иргэний хариуцагч “” ХХК-ийн захирал ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зуух нь 2011 онд ашиглалтанд орсон бөгөөд 2013 онд Улсын комисс хүлээн авсан байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн аваар гараагүй ажилласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

*******т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар нь “” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын хүн эмнэлгийн барилгын их засварын ажлыг гүйцэтгүүлэхээр нийт 45.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, /хх-ийн 1-р хавтас 116-119-р тал/ уг гэрээгээр тус сумын хүн эмнэлгийн халаалт, барилгын их засварын ажлыг 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон байх бөгөөд тус “” ХХК-ийн захирал нь дээрх хугацаанд уурын зуухыг ашиглалтад өгсөн, Барилгын тухай хуулиар 3 жилийн баталгаат хугацаа дууссан талаар сэжигтнээр мэдүүлэг өгсөн /хх-ийн 1-р хавтас 200-р тал/ боловч хэрэгт энэ талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй /хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй/, мөн Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн №01 тоот шинжээчийн дүгнэлтээр Баянхонгор аймгийн Богд сумын Сум дундын хүн эмнэлэгт хийгдсэн уурын зуух нь стандартын бус зуух суурилагдсан, энэ нь уг ослыг гарахад нөлөөлсөн талаар тусгагдсан байх тул дээрх зориулалтын бус уурын зуухыг суурилуулсан “” ХХК болон уг уурын зуухыг хүлээн авсан улсын комиссод оролцсон этгээдүүд нь аюулгүй ажиллагааны онцлог журмыг тусгайлан тогтоосон нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж гэм буруутай эсэхийг буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байна.

Иймд шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлын 1 дэх хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэрэгт дээр дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлын 2, 3 дахь хэсэгт хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2,

322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт тус тус

заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******т холбогдох эрүүгийн 201505000353 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт очтол *******т хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал нэн даруй заавал биелэгдэх шинжтэй бөгөөд хяналтын шатны журмаар гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                     ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                  Т.ДАВААСҮРЭН