Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 347

 

З.Э-ийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Засаг дарга, Ажлын хэсэгт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг,

                                                       Д.Мөнхтуяа,

                                                       Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:    Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, илтгэх хуудас болон Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Ж сумын … дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийлгүүлэх,

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0407 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 131.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн илтгэх хуудас, дүгнэлтийн хүүхдэд 1 хоол өгчхөөд 2 хоол өгснөөр баримт бүрдүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна, 13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн гэсэн хэсгийг, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх тухай захирамжийг тус тус хүчингүй болгож, З.Э-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Ж сумын … дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2848062 /хоёр сая найман зуун дөчин найман мянга заран хоёр/ төгрөгийг Ховд аймгийн Ж сумын ... дугаар цэцэрлэгээс гаргуулж З.Э-т олгож, З.Э-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0407 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Цэцэрлэгийн хүүхдэд өдөрт 2 удаа хоол өгөх байсан боловч нэг удаа хоол өгсөн зөрчлийн тухайд, Шалгалтын явцад нэгэнт хуралдаан дээр зөрчлийг хүлээн зөвшөөрсөн байхад энэ талаарх баримтыг цуглуулаагүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь буруу. З.Э нь өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, зөрчлийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөл байхгүй байхад хариуцагчийн зүгээс түүнийг нотолсон баримтыг бүрдүүлсэн байх ёстой гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх зохицуулалттай. Хэрэв гэрчийн мэдүүлгээр тухайн нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байна гэж үзсэн бол энэ талаарх нотлох баримтыг шүүх өөрөө цуглуулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй.

5. Хүүхдийн тоо нэмсэн зөрчлийн тухайд, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд 50 хүүхдийн тоог нэмсэн талаар тус цэцэрлэгийн 5 ажилтны бичгээр гаргасан тайлбар гаргасан ба уг тайлбарт З.Э гарын үсэг зурсан байдаг. Хүүхдийн тоог яг хэзээ нэмсэн талаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримт зөрүүтэй байхад дан ганц нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

6. Мөн шүүх З.Э-ийн өвчтэй байсан хугацааны талаар дүгнэсэн ба энэ талаар талууд маргаагүй, шүүх талуудын маргаагүй зүйлийн талаар дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн байхад ажлаас чөлөөлсөн гэж маргаагүй, хэрэв ингэж маргасан бол хариуцагчийн зүгээс энэ нөхцөл байдалтай холбоотой баримтуудыг гаргуулах байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өвчтэй байгаа ажилтныг ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэл нь хуульд нийцээгүй байна.

7. Үндэслэх хэсгийн 2-т ажлын хэсгийн дүгнэлтээс өөр үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэжээ. Сахилын шийтгэл ногдуулахад заавал ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэнэ гэсэн зохицуулалт байхгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нар маргаагүй. Ажлын байранд архи хэрэглэсэн талаар гэрч А.С, Х.Н нар “З.Э ажлын байранд архи уусан, миний жишгээр ууна шүү гээд өөрөө эхэлж уусан” гэж мэдүүлсэн, ... дугаар цэцэрлэгийн хөгжмийн өрөөнд ширээн дээр архи тавьсан, өөрөө зогсож байгаа зурагнууд хэрэгт авагдсан, тухайн өрөө ... дугаар цэцэрлэгийн хөгжмийн өрөө болохыг шүүх үзлэгээр тогтоосон байхад гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байна гэсэн нь буруу байна.

8. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв талаас нь үнэлээгүй, нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа хийгээгүй, талуудын маргаагүй асуудлын талаар дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн, нэг талын эрх ашигт үйлчилсэн гэхээр байна.

9. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

11.  Нэхэмжлэгч З.Э-ээс Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, илтгэх хуудас болон Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Ж сумын ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргажээ.

12.  Нэг. Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан Ажлын хэсгээс гаргасан дүгнэлт болон илтгэх хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын үндсэн шинж болох “өөрөө бие дааж эрх зүйн үр дагавар үүсгэх” урьдчилсан нөхцөлийг хангаагүй, захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцэх захиргааны акт биш байна.

13.  Учир нь Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж, зөвхөн Ж сумын ...дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зорилготой ажилласан байна. Уг Ажлын хэсэг нь маргаан бүхий асуудлаар эцсийн шийдвэр гаргаагүй, дүгнэлт, илтгэх хуудас нь нэхэмжлэгчийг ажлаас халах шийдвэрт шууд нөлөөлөх эрх зүйн үр дагавар үүсгээгүй буюу дангаараа эцсийн шийдвэр биш байсан, уг дүгнэлтийг харгалзах эсэх нь Засаг даргын эрх хэмжээний асуудал байх бөгөөд  энэ тохиолдолд Засаг дарга нь маргаан бүхий Б/03 дугаар захирамжийг гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас халахдаа дээрх Ажлын хэсгийн дүгнэлт, илтгэх хуудсыг үндэслэл болгоогүй байна.

14.  Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга нь цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх шийдвэр гаргах, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар тухайн төрийн албан хаагчийг ажилд томилох шийдвэр гаргасан этгээдээс сахилгын шийтгэл оногдуулах бүрэн эрхтэй тул тухайн асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрхтэй этгээд нь Засаг дарга байх бөгөөд Ажлын хэсэг нь шийдвэр гаргах ажиллагааны бэлтгэл үед шаттай холбогдуулан дүгнэлт, илтгэх хуудас гаргасан, мөн тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээгүй учраас Ажлын хэсгээс гаргасан илтгэх хуудас, дүгнэлт нь өөрөө бие дааж эрх зүйн үр дагавар учруулж чадахгүй, энэ утгаараа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулахгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзах байжээ.

15.  Хоёр. Маргаан бүхий 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар “хуурамч бичиг баримт бүрдүүлж, санхүү эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргаж ажил олгогчийн итгэл алдсан, ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлүүд гаргасан” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн хуулийг хэрэглэж, нэхэмжлэгчид “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

16.  Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатны төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулах ба хариуцагчаас санхүүгийн төсөвтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгчийг буруутгасан атлаа Үр дүнгийн гэрээг үнэлж дүгнээгүй, тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан Төсвийн тухай хуулийг хэрэглээгүй, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн “сахилгын зөрчил” гаргасан гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь маргаан бүхий захирамжийн үндэслэлтэй нийцэхгүй байна.

17.  Хариуцагчаас “хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” гэх үндэслэлийн хүрээнд “хүүхдэд өдөрт нэг  хоол өгчихөөд 2 хоол өгсөн  баримт бүрдүүлсэн” гэж маргаж байгаа боловч энэ зөрчлийг шалгаж тогтоогоогүй, түүнчлэн Ажлын хэсгийн хяналт шалгалтаар тогтоогдоогүй, дүгнэлт, илтгэх хуудаст “дахин шалгах шаардлагатай” гэсэн, хариуцагчийн “гэрч  Ц.А-ийн өдөрт 2 удаа хоол өгөх байсан боловч 1 удаа хоол өгсөн гэж хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлгээр энэ зөрчлийг гаргасан нь тогтоогдох тухай гомдол үндэслэлгүй.

18.  Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг бүрэн тогтоох, холбогдох нотлох баримтыг цуглуулж, баримтжуулах үүрэгтэй атал энэхүү үүргээ биелүүлээгүй буруутай байна. Гэрчийн мэдүүлэг нь дангаараа захиргааны байгууллагын үйл баримтыг тогтоох нотлох баримт биш, сүүлд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон нотлох баримт байхаас гадна нэхэмжлэгчээс дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй, нэг хоол өгөөд хоёр хоол өгснөөр бүрдүүлсэн санхүүгийн баримт байхгүй, анхан шатны баримтад тулгуурласан тооцоолол, зардлын баримт гаргаж, үндэслэл бүхий тайлбар гаргаагүй тул шүүхээс нотлох баримтаар шууд үнэлэх боломжгүй, өөрөөр хэлбэл, дээрх гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар тогтоогдоогүй байна.

19.  “Ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэх зөрчлийн тухайд: мөн захиргааны байгууллагаас шалгаж тогтоогоогүй, энэ зөрчилд холбогдох давж заалдах шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, архи хэрэглэсэн эсэх талаар шүүхэд мэдүүлэг өгсөн гэрчүүдээс өөр өөр агуулгатай мэдүүлэг өгсөн байгааг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй, хариуцагчийн “шүүх гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй.

20.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан, энэ хүрээнд шүүхээс гэрчийн мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан үнэлсэн, зарим гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй үндэслэлээ шүүхээс тодорхой тайлбарласан байна.

21.  “Хүүхдийн тоог дур мэдэн нэмсэн” гэх зөрчлийн тухайд:

22.  Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт зааснаар төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй. Энэ тохиолдолд төсвийн шууд захирагчийн үүргээ биелүүлээгүй, хүүхдийн тоо нэмсэн зөрчил гаргасан болохоо нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.

23.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс уг зөрчилд хариуцлага тооцох “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж дүгнэж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг маргааны үйл баримтад хэрэглэсэн нь буруу байна. Учир нь цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт зааснаар төсвийн шууд захирагч учраас энэхүү “санхүү эд хөрөнгөтөй холбоотой зөрчил гаргасан” гэх маргааны үйл баримтад хэрэглэх нарийвчилсан зохицуулалттай хууль нь Төсвийн тухай хууль юм.

24.  Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “батлагдсан төсвийг хэрэгжүүлэх нарийвчилсан хуваарь, төсвийн дэлгэрэнгүй хуваарилалт, төсвийн зарцуулалт болон бүрдүүлэлтэд тавих хяналтыг төсвийн сар улирлын батлагдсан хуваарийн дагуу хэрэгжүүлнэ” гэж зааснаар төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж, гүйцэтгэлийг шалгах, мэдээ тайлан гаргах тусдаа хугацаатай тул төсвийн зөрчилтэй холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр тооцохоор байна.

25.  Хариуцагчаас дээрх зөрчлийг 2018 онд гаргасан буюу “2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд 50 хүүхдийн тоог нэмсэн талаар тус цэцэрлэгийн 5 ажилтны бичгээр гаргасан тайлбараар тогтоогдсон” гэж маргаж байгаа боловч тухайн зөрчилд холбогдох баримт 2017 оны үйл баримтад хамаарч байгаа болох нь “Жижүүр хийж тоо авсан” тухай баримтаар тогтоогдсон, нөгөө талаар харицагчаас тухайн зөрчилд холбогдох санхүүгийн баримтыг бүрдүүлээгүй, хэдэн хүүхэд нэмж, нийт хэдэн төгрөг болсон, түүний зарцуулалтад холбогдох баримтыг цуглуулаагүй, шийдвэр гаргах ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн, энэ алдааг шүүхээс нөхөн засах боломж олгохыг шүүхээс шаардах эрхгүй, захиргааны байгууллага өөрөө шийдвэр гаргахаас өмнө бүрдүүлж, цуглуулсан байх үүрэгтэй учир хариуцагчийн “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай гомдлыг хангах үндэслэлгүй. 

26.  Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг ажлаас халсан захирамжийн үндэслэл няцаагдсан, санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангасан шүүхүүдийн шийдлийг хэвээр үлдээж, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0407 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Э-ийн Ажлын хэсэгт холбогдуулан гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт болон илтгэх хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. 2.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгож, З.Э-ийг Ж сумын ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгож, 3 дахь заалтын дугаарыг 4 болгон өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ