Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 30

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

   ТАТГАЛЗАСНЫГ БАТАЛЖ,ХЭРГИЙГ

     ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Ховд аймгийн Монгол ардын намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын Ховд аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг зөрчиж, Үенч сумын 2 мандаттай тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгүүлсэн Д.Ц-г нэр дэвшигчийн жагсаалтаас хасах талаарх өргөдлийг шийдвэрлэж, тогтоол гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ирүүлснийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Ардчилсан намын хорооны 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хурлын 09 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Үенч сумын 2 мандаттай тойрогт Д.Ц-г нэр дэвшүүлжээ. Гэтэл Д.Ц нь Монгол ардын хувьсгалт намын гишүүнчлэлтэй атлаа Ховд аймгийн Ардчилсан намаас Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвшсэн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-т “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэснийг зөрчжээ...

...Нэр дэвшигч Д.Ц урьд нь Ховд аймгийн ИТХ-ын 2012 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байжээ. Одоогийн байдлаар Д.Ц нь Монгол ардын Хувьсгалт намын гишүүнчлэлээс албан ёсоор хасагдаагүй байгаа нь Ховд аймгийн Монгол ардын хувьсгалт намын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар албан бичиг, тус намын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ёс зүйн дэд хорооны хуралдааны шийдвэр зэргээр хөдөлбөргүй нотлогдож байгаа болно....

.....Иймд Ховд аймгийн Сонгуулийн хорооны 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 100 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг зөрчиж, Үенч сумын 2 мандаттай тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгүүлсэн Д.Ц-г нэр дэвшигчийн жагсаалтаас хасах талаарх өргөдлийг шийдвэрлэж, тогтоол гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Хариуцагч Ховд аймгийн Сонгуулийн хороо нь Ховд аймгийн Монгол Ардын намын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний өргөдлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 100 дугаар албан бичгээр шийдвэрлэсний улмаас Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “шударга ёсыг сахих” зарчим зөрчигдөж, нэгэн зэрэг хоёр намын гишүүнчлэлтэй этгээд орон нутгийн сонгуульд өрсөлдөж нэр дэвшихээр эрхээ авсан Ховд аймгийн Монгол Ардын намын хорооны төрийн үйл хэрэгт оролцох, орон нутгийн эрх мэдлийн төлөө шударгаар өрсөлдөх, сонгох, сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэжээ.

 

Иргэн Б.А шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 24 дүгээр тойрогт Монгол ардын намаас өрсөлдсөн Б.А миний бие Монгол ардын намын нэхэмжлэлтэй Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргалаа.

Ховд аймгийн Ардчилсан намаас 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хурлын 9 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 24 дүгээр тойрогт Д.Ц-г дэвшүүлжээ.

Гэтэл Д.Ц нь Монгол ардын хувьсгалт намын гишүүнчлэлтэй атлаа Ховд аймгийн Ардчилсан намаас нэр дэвшсэн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг зөрчжээ.

Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол улсын иргэн нь зөвхөн нэг намын харъяалалтай байна” гэжээ. Үүнийг Улсын дээд шүүх тайлбарлахдаа “...Монгол улсын иргэн нь хоёр буюу түүнээс дээс намд нэгэн зэрэг гишүүнээр бүртгэгдсэн байх болохгүй...” гэж тайлбарлажээ.

Нэр дэвшигч Д.Ц нь урьд Ховд аймгийн ИТХ-ын 2012 оны сонгуульд Үенч сумын тойрогт Ховд аймгийн Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшин  өрсөлдөж байсан. Одоогийн байдлаар нэр дэвшигч Д.Ц нь уг намаас албан ёсоор хасагдаагүй байгаа нь хожим баримтаар тогтоогджээ.

Иймд бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ6

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Ховд аймгийн Монгол ардын намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М миний бие Ховд аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг зөрчиж, Үенч сумын 2 мандаттай тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгүүлсэн Д.Ц-г нэр дэвшигчийн жагсаалтаас хасах талаарх өргөдлийг шийдвэрлэж, тогтоол гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгааг үүгээр мэдэгдье гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.А шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Б.А нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр танайд Ховд аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан Сонгуулийн хорооны 2016 оны 07, 19 дүгээр тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбогдуулан бие даасан шаардлагаасаа татгалзаж байгааг үүгээр мэдэгдье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ховд аймгийн Монгол ардын намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь Ховд аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан, “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг зөрчиж, Үенч сумын 2 мандаттай тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгүүлсэн Д.Ц-ыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах талаарх өргөдлийг шийдвэрлэж, тогтоол гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.А нь “Ховд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолуудын Д.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Ц-д олгосон Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын түр үнэмлэхийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсан тухайгаа 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ыг нэхэмжлэлээсээ татгалзсан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.А-г бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Монгол ардын намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын Ховд аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг зөрчиж, Үенч сумын 2 мандаттай тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгүүлсэн Д.Ц-г нэр дэвшигчийн жагсаалтаас хасах талаарх өргөдлийг шийдвэрлэж, тогтоол гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.А-ын Ховд аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолуудын Д.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Ц-д олгосон Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын түр үнэмлэхийг хүчингүй болгуулах”-ыг бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Монгол ардын намын хорооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг,  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурьдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.СОНИНБОЛОР