| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/02905/И |
| Дугаар | 192/ШШ2025/04684 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/04684
2025 06 02 192/ШШ2025/04684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах Т з ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Энгельсийн гудамж, Нарны гүүрний урд, М эвент центрийн 2 дугаар давхарт байрлах И кХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
- И кХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 1,296,000,000 /нэг тэрбум хоёр зуун ерэн зургаан сая/ төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ширэм цутгуурын цех байсан, суурийн 1,764 мкв талбай бүхий объектыг чөлөөлөхийг И кХХК-д даалгах, түрээсийн төлбөр болон гэрээ цуцлагдсанаас хойш түрээсийн зүйлийг ашигласан төлбөрт 1,801,800,000 /нэг тэрбум найман зуун нэг сая найман зуун мянган/ төгрөгийг И кХХК-иас гаргуулах тухай Т з ХК-ийн үндсэн нэхэмжлэл,
- 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, И кХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг Т з ХК-д даалгах, ашиглаж байсан үл хөдлөх эд хөрөнгийг засварлахад зарцуулсан зардал, оруулсан хөрөнгө оруулалтад нийт 5,457,540,493 /таван тэрбум дөрвөн зуун тавин долоон сая таван зуун дөчин мянга дөрвөн зуун ерэн гурван/ төгрөгийг Т з ХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалаг, Т.Лувсандорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа, Г.Буяндэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших, шинжээч Д.Амгалан, А.Эрдэнэбаатар нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Жанар хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т з ХК шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл:
1.1. Т з ХК нь И кХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 01 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр түрээслүүлэгч Т з ХК нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ширэм цутгуурын цех байсан, суурийн квадрат метрээр 1,764 мкв объектыг соёл, үйлчилгээний цогцолборын зориулалтаар И кХХК-д 10 жилийн хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Түрээсийн төлбөрийгг түрээслэгчийн нөхцөл байдалд нийцүүлэн засварын хугацааны түрээсийн төлбөр авахгүй, төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 11,500,000 төгрөг, энэ хугацаанаас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 23,000,000 төгрөг, энэ хугацаанаас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 27,000,000 төгрөг, энэ хугацаанаас 2027 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 30,000,000 төгрөг байхаар тохиролцсон.
Түрээслэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Бид төлбөр төлөхийг хариуцагчид удаа дараа шаардлага тавьж, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлэн, гэрээг цуцалж байгааг албан ёсоор мэдэгдэж, мөн оны 05 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн зүйлийг чөлөөлөх хугацааг олгосон. Хариуцагчид дахин бичгээр мэдэгдэл хүргүүлж, хариуцагч талын хүсэлтээр талууд уулзаж хуралдсан ба энэ хуралд хариуцагч тал гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрсөн. Дахин 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн зүйлийг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэхэд хариуцагч тал мөн өдрийн 40 дугаартай хариу мэдэгдлээр түрээсийн зүйлийг чөлөөлөхгүй болохоо мэдэгдэж, сайн дураар чөлөөлж өгөхөөс татгалзсан. Тус хөрөнгө нь манай компанийн үндсэн хөрөнгө бөгөөд санхүүгийн тайлан балансад үндсэн хөрөнгөөр тусгагддаг.
1.2. Хариуцагч нь нийт 58 сарын хугацааны түрээсийн төлбөр 891,000,000 төгрөг төлөөгүй ба гэрээ 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр цуцлагдсанаас хойш түрээсийн зүйлийг чөлөөлж өгөхгүй ашиглан үндэслэлгүй хөрөнгөжиж байх тул 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үнэ хөлсгүйгээр эзэмшиж ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн 910,800,000 төгрөг, нийт 1,801,800,000 төгрөгийг хариуцагч И кХХК-иас гаргуулахаар шаардаж байна...гэжээ.
2. Хариуцагч И кХХК-ийн хариу тайлбар:
2.1. Тус компанийг үүсгэн байгуулагч Г.Бномын ажилд санхүүжилт болох мөнгө бүрдүүлэх арга байна, тусалъя гээд н.Мгэх хүн санал тавьсан. Ямар ажил болохыг асуухад нурсан барилгыг гүйцээж бариад түрээслэж үйл ажиллагаа явуулан ашиг орлого олох талаар Т.Лгэдэг хүнтэй нэг удаа уулзаж ярилцсан. Т.ЛТ з ХК-ийн бүх эрх мэдэл бүхий хүн гэдгээ хэлээд тухайн компанийн хөрөнгө болох нурсан барилгыг гүйцээн барьж засаад, хөрөнгө оруулалт хийгээд уг барилгыг түрээслэж, соёл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж ажиллуулах нь ашигтай талаар ярилцаад, манай компанийг н.Мтөлөөлж, Т з ХК-ийг Т.Лтөлөөлж түрээсийн гэрээ гэх бичгийг үйлдэж, тэр хоёр хүн гарын үсэг зурсан. Энэ үед манай компанийн захирал С.Бгэдэг хүн байсан. Т з ХК-ийн захирал энэ үед хэн байсныг мэдэхгүй.
Энэ барилгыг гүйцээж барихад маш их хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү орохоор байсан учир даацын хана, дээвэр, шал гээд бүх зүйл нурсан, хогондоо дарагдсан байна гэхэд н.Мятгалгаар, түүний үгэнд итгэж, ах дүү, найз нөхөд, намайг мэдэж таних олон хүнээс мөнгө зээлж, хандив тусламж авч н.Мт дансаар, бэлнээр, мөн барилгын материал авсан хүмүүст мөнгө шилжүүлж байсан. Барилгыг гүйцээн барих, гадна дотор тохижилт хийхэд миний тооцоогоор хэдэн тэрбум төгрөг зарцуулсан. Гэрээ гэх бичигт барилгыг засаж барих хугацааг 4 сар гэж тогтоосон нь амьдралд нийцэхгүй, том хэмжээний барилгыг гүйцэж барих ажил үргэлжилсээр удаж, Ковид өвчин дэлгэрч, зогсонги байдалд орж, хөл хорио, хил гаалийн хязгаарлалт зэргээс шалтгаалан барилгын материал ажиллах хүчний үнэ өсөж, барилга одоо ч гүйцэт дуусаагүй байгаа.
Нурсан барилгыг түрээслэх гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлэх, түрээслэн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримт зөвшөөрөл авах хэрэгтэйн улмаас энэ барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг Т з ХК-иас шаардахад гаргаж өгдөггүй, уг барилгыг түрээслэж ашиглах боломжгүй байдлыг бий болгосоор ирсэн. 1,764 мкв талбай бүхий нурсан барилгад хөрөнгө оруулалт хийж 2,500 мкв газарт асфальтан зам тавьж олон тэрбум төгрөгийн хөрөнгийн зардал гаргаж барилгыг ашиглах боломжтой болгосон. Түрээсийн зүйл болсон үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлийнх бус, мөн гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ тул түрээсийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.
2.2. Нэхэмжлэгчийн шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч хууль бусаар эзэмшээгүй, хууль ёсны эзэмшилдээ байлгаж байгаа. Иргэний хуульд зааснаар Т з ХК-ийн зөвшөөрлийн дагуу И кХХК нь хөрөнгө оруулалт хийж, засан сайжруулалт хийж байгаа учир хууль бус эзэмшил байхгүй. Түрээсийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, зохигч талуудад байдаггүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа. Харин хөрөнгө оруулж хамтран ажиллах холимог гэрээ байгуулагдсан гэж харагдаж байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нь тухайн хөрөнгийн шударга эзэмшигч учраас хууль бус эзэмшил гэж үзэхгүй. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэж заасан учир хууль бус эзэмшлээс чөлөөлөх боломжгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талаас түрээсийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаад канондсон 2-3 хуудас баримт гаргаад түүнийг үндэслэж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг гэрээ талуудад байгаагүй учраас гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан. Маргааны явцад уг гэрээнд н.Мгэдэг хүн гарын үсэг зурсан байсан. Хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд ч н.Мнь хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд болох нь тогтоогдсон. Түрээсийн төлбөр гаргана гэж үзвэл хугацааг хэзээнээс эхэлж тооцох вэ гэдэг нь тодорхойгүй, төлбөрийн хэмжээг ч баримтаар нотлоогүй. Нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй. Нэхэмжлэгч тал объектод хариуцагч засвар хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа татгалзлын үндэслэл тодорхойгүй байна...гэжээ.
3. Хариуцагч И кХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл:
3.1. Түрээсийн зүйл болох объектод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй, Т з ХК өмчлөгч нь биш гэдэг нь илэрхий болсон. Өөрийн өмчлөлийн бус хөрөнгийг И кХХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 318.1-д нийцэхгүй, суурийн квадрат метрээр 1,764 мкв табай бүхий объект нь үл хөдлөх эд хөрөнгө ба тус хөрөнгийг түрээслэх гэрээ нь 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно. Гэрээг талууд бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Манай компани түрээсийн зүйлийг 8 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, одоо эвент холл буюу хүлээн авалтын заала ашиглаж, 1000 хүний босоо, 500 хүний суугаа хүлээн авалтын хүчин чадалтай, уран гимнастикийн клуб, оффис түрээс, спорт заалны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус барилгын цахилгаан, дулаан, халуун хүйтэн ус нь бүгд Т з ХК-иас хамааралтай ба тус компани нь манай үйл ажиллагааг тасалдуулах зорилгоор цахилгаан таслах, халуун хүйтэйн ус таслах зэргээр манай компанийн ажилд байнга хүндрэл учруулж ирсэн. Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Т з ХК нь манай цахилгаан, усыг таслаж, улмаар харуул хамгаалалтын үй лажиллагаа явуулдаг С ХХК-ийн 50 орчим залуучуудаар барилгын хаалгыг эвдүүлэн хүчээр дайран орж, манай үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон. Манай компани хууль ёсоор эзэмшиж байгаа хөрөнгөд хууль бусаар халдаж, компанийн үйл ажиллагааг зохион байгуулалттай тасалдуулж байгага үйлдлийг таслан зогсоох, компанийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг тус тус Т з ХК-д даалгах шаардлагатай байна.
Тус барилга болон түүний гаднах зам талбайг засан сайжруулахад нийт 4,456,153,493 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нэхэмжлэгч нь уг барилгаас хариуцагчийг албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа учир нэхэмжлэгч нь засварын зардлын дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн, уг гарсан зардлыг Т з ХК-иас шаардаж байна. И кХХК нь Т з ХК-ийн зөвшөөрснөөр тухайн барилга, зам талбайг өөрийн эзэмшилдээ авч, их засварын ажил хийж гүйцэтгэн барилгыг ашиглалтанд оруулж одоо үйл ажиллагаа явуулж байгаа тул манай компани уг барилга, зам талбайн шударга эзэмшигч юм.
Эд хөрөнгийг шударгаар эзэмшиж буй хүн, хуулийн этгээд эд хөрөнгөд засвар хийгээд, уг засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээ буюу их засварын улмаас бий болсон үнэ цэнийг И кХХК нь өөрт шаардан авах эрхтэй гэж үзэж Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-т заасны дагуу засан сайжруулалтын зардалд зарцуулсан 4,456,153,493 төгрөгийн үр дүнд суурийин хэмжээгээр 1,764 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, гаднах зам талбайн үнэ өссөн эсэхийг тусгай мэдлэг бүхий мэргэжлийн байгууллагаар тогтоолгуулж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр Хаан үнэлгээ ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар уг хөрөнгийн зах зээлийн одоогийн үнэлгээ 14,153,461,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгөд анхны өртгийг 10,454,313,000 төгрөгөөр үнэлж, үнийн өсөлт 20,8 хувиар тооцож, хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнийг 11,933,512,000 төгрөгөөр тогтоосон ба өнөөгийн үнэ цэнээс анхны хөрөнгө оруулалтын үнэ цэнийг хасаж, хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнийг тооцоход 2,219,949,000 төгрөг болж байна. Нийт хөрөнгө оруулалтын 45.1 хувь нь манай компанид ногдох хөрөнгө оруулалт тул түүнд ногдох үнэ цэн нь 1,001,387,000 төгрөг болж байгааг нэхэмжлэгчээс мөн шаардаж байна...гэжээ.
4. Нэхэмжлэгч Т з ХК-иас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт:
4.1. Маргаан бүхий объектыг хариуцагч И кХХК нь соёл, үйлчилгээний цогцолборын зориулалтаар ашиглуулахаар 10 жилийн хугацаатайгаар түрээслэхээр тохиролцсон. Энэ түрээсийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдаагүй, талуудад тус гэрээ эх хувиар байхгүй боловч тухайн гэрээ байгуулагдсан гэдэгт талууд маргадаггүй. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд бүрэн шилжүүлсэн. Энэ үйл баримтад өнөөдрийг хүртэл гуравдагч этгээд шаардлага гаргаагүй байх тул Т з ХК-ийн өмчлөх эрхийн асуудал маргаангүй юм. Үүнээс гадна хариуцагч нь түрээсийн зүйлийг хүлээн авч, хуулийн этгээдийн зорилгодоо нийцүүлэн засан сайжруулах үйл ажиллагаа явуулж байгаа тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Түрээслэгч нь түрээсийн зүйлийн ашиглалтад хяналт, шардлага тавих эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэх зорилгоо түрээсийн зүйлд хэзээд ч нэвтэрч орох эрхтэй билээ. Сөрөг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтууд И кХХК-ийг 4,456,153,493 төгрөгийн зардал гаргасан гэдгийг нотлож чадахгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл болон талуудын байгуулсан түрээсийн гэрээнд засан сайжруулалтын улмаас барилгын нэмэгдсэн үнэ цэнийг нэхэмжлэгчээс шаардах эрх хариуцагчид олгогдоогүй байна. Хариуцагчийн үндэслэл болгож буй Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн зохицуулалт нь талуудын хооронд үүсээд буй гэрээний харилцаанд хамааралгүй, эрх зүйн өөр харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалт юм. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-3, 2-р хх-175, 3-р хх-19, 141, 5-р хх-27 ард/, Төлөөлөгчид олгосон итгэмжлэл /1-р хх-4, 2-р хх-49, 152, 3-р хх-18, 55, 5-р хх-29/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар /1-р хх-5-17/, Т з ХК-иас И кХХК-д 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн 01 тоот, 05 дугаар сарын 14-ний өдрийн 22/02 тоот, 05 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот албан бичгүүд /1-р хх-18, 21, 27/, И кХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 39 тоот, 05 дугаар сарын 24-ний өдрийн 40 тоот хариу мэдэгдэл хүргүүлэх албан бичиг /1-р хх-19-20, 28/, Хурлын тэмдэглэл /1-р хх-22-26/, Т з ХК-ийн үндсэн хөрөнгийн жагсаалт /1-р хх-32-36/, Аудиторын тайлан /1-р хх-37-67/, Т з ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газар эзэмшүүлэх гэрээний хамт /1-р хх-68-73/, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлсөн баримтууд /1-р хх-138-159/, Мэргэшсэн төсөвчин С.Мөнхцэцэгийн 2016 онд гаргасан Ширмэн цутгуур үйлдвэрийн барилгын төсөв /1-р хх-242-249/, Их эрин констракшн ХХК-ийн 2017 онд гаргасан Т з, сладын барилгыг шинэчлэн засварлах ажлын төсөв, төлөвлөгөө /2-р хх-1-8/, Т з ХК-ийн хувьчлалтай холбоотой баримтууд /3-р хх-59-104/, Т з ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /3-р хх-156/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /3-р хх-157/, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12/36 тоот тогтоолын хуулбар /3-р хх-158-160/
01 тоот Түрээсийн гэрээний хуулбар /1-р хх-29-31/-ыг нотлох баримтаар гаргасан боловч шүүгчийн 2023 ооны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШЗ2023/07108 дугаар захирамжаар уг баримтыг нотлох баримтаас хасаж, зохигч талуудад уг гэрээ байхгүй талаар тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
6. Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-76/, Төлөөлөгчид олгосон итгэмжлэл /1-р хх-77, 2-р хх-63, 3-р хх-34, 5-р хх-35/, фото зургууд /1-р хх-85-92/, Сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2-р хх-60-62, 3-р хх-162, 5-р хх-180/, М эвент центр өнөөдөр ба өчигдөр гэх 2017-2022 оныг харьцуулсан фото зургууд /2-р хх-66-107/, И кХХК-ийн бусадтай байгуулсан Өрөө болон Талбай түрээслүүлэх гэрээнүүд /2-р хх-109-121/, Хүлээн авалтын гэрээнүүд /2-р хх-123-155/, Спорт заал түрээслүүлэх гэрээнүүд /2-р хх-157-144/, И кХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /2-р хх-188-190/, Төлбөрийн баримтууд /2-р хх-191-237/, И кХХК-ийн Хур секьюрити ХХК-тай байгуулсан Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ /2-р хх-238-241/, Тусгай арга хэмжээнд зориулан үйлчилгээ үзүүлэх гэрээ /2-р хх-242-246/, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан, холбогдох баримтын хамт /3-р хх-167-239/, Хөрөнгийн үнэлгээний Хаан үнэлгээ ХХК-ийн гаргасан 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлан /5-р хх-140-176/
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Хариуцагч талын хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-132/, захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас Т з ХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг дүрмийн хамт ирүүлсэн. /1-р хх-169-194/
- Хариуцагч талын хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /3-р хх-8/, захирамжийн дагуу нэхэмжлэгч Т з ХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээний хуулбарын хамт /3-р хх-10-15/, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс хариу албан бичиг тус тус ирүүлсэн байна. /3-р хх-45-46/
- Хариуцагч талын хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /3-р хх-107/, захирамжийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас Т з ХК-ийн 2017-2022 оны санхүүгийн тайланг ирүүлсэн. /3-р хх-109-139/,
- Хариуцагч талын хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /3-р хх-147/, захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас Т з ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг лавлагааны хамт ирүүлсэн. /3-р хх-152-153/
- Хариуцагч талын хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /5-р хх-43/, захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас И кХХК-ийн 2017-2023 оны санхүүгийн тайлангуудыг ирүүлсэн. /5-р хх-54-138/
- Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилон /4-р хх-106/, шинжээч дүгнэлтээ ирүүлсэн ба дүгнэлт гаргасан шинжээч Д.Амгалан, А.Эрдэнэбаатар нарыг шүүх хуралдаанд оролцуулсан. /4-р хх-113-239, 5-р хх-36-40/
Шинжээч нар шүүх хуралдаанд: ...Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар Барилгын төсөвчдийн холбоо нь шинжээчийн дүгнэлт гаргах эрхтэй. Сангийн яамнаас олгогдсон тусгай зөвшөөрөл гэж байхгүй ба шаардлагагүй. Өргөтгөлийн болон гадна тохижилтын ажлын хэмжээ нь 1,764 м.кв дотор хамаарахүй боловч шүүгчийн захирамжийн 3 дахь заалтын дагуу ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг тогтоосон бол гэж заасны дагуу дүгнэлт хийх явцад хийсэн ажлыг нь тооцож гаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлтэд хөдлөх хөрөнгүүд ороогүй. Дүгнэлтийн 17 дахь нүүрэнд шууд зардал 1,8 тэрбум гэсэн байна. Ашиг-15%, удирдлага зохион байгуулалт-61%, НӨАТ-10%...г.м-ээр зардал нэмсэн байгаагийн хувьд: Барилгын төсөв зохиох норм, дүрмийн дагуу гаргасан. Шууд зардал нь ажилчдын цалин, материал, тээвэр зэргийг хэлнэ. Ашиг...зэрэг нь ...бусад зардлын хувьд шүүгч яаж тогтоохоо мэднэ байх. Бодит шууд зардал нь 1,8 тэрбум байсан. Засвар 2017 онд хийгдэх ёстой. 2025 он болоход элэгдэл тооцоогүй шалтгаан: Төсөвт өртгийн зардал гарснаас элэгдэл, хорогдол тооцно гэсэн зүйл байхгүй. Үнэ тооцохдоо хэдэн оны үнээр авсан тухайд: Засвар хийх үеийн үнээр, фото зургийг үндэслээд он сартайгаар тооцсон. Хариуцагчид байсан 400-500 орчим зураг байсан. Дүгнэлтэд энэ талаар заасан байгаа. Газар дээр нь үзэж танилцаад, ирсэн материал, фото зургуудыг харьцуулан тооцсон гэж 2 дахь хуудсанд заасан байгаа. Тухайн үед 2020-2021 оны үед бетон цутгасан байсан, тэр үетэй харьцуулсан. Барилгын материал сэтгүүлийн үнэ байгаа. Фото зургаас хугацааг нь тооцсон. Ажил эхлэх үеийн зургийг нэхэмжлэгч талаас авсантай сүүлийн зурагтай харьцуулахад ямар нэгэн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжгүй байсан. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг харсан. Үнэлгээ гаргахаас гадна төсөв гаргасан байсан. Тэр компанийн хувьд 2024 оны үнэлгээгээр тооцсон байсан. Он оныг үе шатаар үнэлээгүй байсан... гэж тайлбарлав.
- Нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.Мийг гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн. /5-р хх-47-51/
Гэрч Б.М: ...Би И кХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Бид нар аль болох бага зардлаар хийнэ гэж төлөвлөж байсан. Гэхдээ намайг ажлаа өгөхөд 700,000,000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийсэн. 2019 онд намайг гарахад бүх соёлын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон байсан. Би 2 жил 6 сар болоод халагдсан. И кХХК-ийн захирал Г.Бболон гэр бүлийн хүмүүст нь ажлаа хүлээлгэж өгсөн. Барилгын өргөтгөлөөр 3 дахь давхар болгох ажлыг миний үед хийсэн. Энэ ажил 700,000,000 төгрөгийн төсөвт багтсан. Оффис нь өөрөө 2 давхар байсан. 3 давхарт жижиг Б заал хийснэ гэсэн. Гадна зам талбайн тохижилт миний үед хийгдсэн. Надад хувийн сонирхол байхгүй. 2017 оны 07 дугаар сард энэ барилгад үйл ажиллагаа явуулахаар байгаагүй, цех байсан юм билээ. 2019 онд хар замтай, явган хүний замтай, эргэн тойрон битүү зам хийгээд дууссан байсан. 2 дахь хүлээн авалтаа авсан. Гэрээнүүдийг Г.Бгарын үсэг зурж байгуулдаг байсан. Би байгуулж байгаагүй. Намайг улсын бүртгэлд компанийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлээгүй. Би аж ахуйн ажил хийдэг байсан учир санхүүгийн тайлан гаргаж байгаагүй. Намайг гүйцэтгэх захирлаар томилсон тушаал миний утсан дээр, файлаар байдаг. Гарын үсэг зурж, тамга дараагүй... гэж мэдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Т з ХК нь хариуцагч И кХХК-д холбогдуулан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр болон ашигласан хугацааны төлбөр 1,801,800,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
2.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулсан учир цуцлах хүртэл хугацааны төлбөрийг шаардаж, цуцалснаас хойш хугацааны ашигласан төлбөрийг шаардана. Гэрээ байгуулснаас хойш түрээсийн төлбөр огт төлөөгүй учраас гэрээг цуцалсан. Цуцалснаас хойш хөрөнгийг чөлөөлж өгөхгүй байгаа учраас хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардана гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ түрээсийн гэрээг бичгээр байгуулсан ч эрх бүхий этгээдүүд гэрээ байгуулаагүй, гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй учир Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус. Тухайн хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрлөөр засварлан ашиглаж байсан учраас хууль бусаар эзэмшээгүй, төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.
4. Хариуцагч тал нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж талуудын байгуулсан гэх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийг хариуцагчийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг даалгах, дулаан, халуун хүйтэн усыг хаахгүй байхыг даалгах, тухайн хөрөнгөнд хийсэн засварын зардал 4,456,153,493 төгрөг, хөрөнгө оруулсан 1,001,387,000 төгрөг, нийт 5,457,540,493 төгрөг гаргуулахаар шаардсан.
4.1. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Их хэмжээний хөрөнгө оруулалт, засан сайжруулалт хийсний дараа хөрөнгийг буцаан авахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжих санаа агуулж байгаа учир оруулсан засварын зардлыг болон хөрөнгө оруулалтаа гаргуулахаар шаардана. Нэхэмжлэгчийн санхүүгийн тайланд үндсэн хөрөнгө 75,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан учир өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй, балгас байдалтай байсан гэдэг нь тогтоогдоно гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ анх нэхэмжлэгч талын гаргасан төсөв болон гэрчийн мэдүүлгээр 700,000,000 төгрөгийн зардал гарсан. Засвар хийхдээ түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн учраас зардлыг хариуцахгүй. Энэ хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр бодит буюу шууд зардал 1,8 тэрбум төгрөг гарсан гэж байгаа ч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлан маргаж байна.
6. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
6.1. Монгол улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар тогтоолоор Т зыг хувьцаат компани болгон өөрчилж, Т з ХК-ийн хувьцаа гаргах хөрөнгийн хэмжээ, өмчлөлийн эд хөрөнгүүдийг үнэлж бүртгэлжүүлсэн ба цутгуурын цехийн барилга энд хамаарч байна. /3-р хх-60-104/
6.2. Цутгуурын цех байрлах, суурийн квадрат метрээр 1,764 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө байрлах нэгж талбарын **дугаар бүхий Баянгол дүүргийн 3 дугаар нутаг дэвсгэрт байрлах 24,856 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээ 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 5 жилийн хугацаатай Т з ХК-д олгогдож, Нийслэлийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээг байгуулан эзэмшиж /1-р хх-68-73/, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/125 дугаар захирамжаар мөн хаягт байрлах 24,087 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг мөн Т з ХК-д олгож, гэрээ байгуулжээ. /3-р хх-10-15/
6.3. Дээрх газарт байрлах 2,872.67 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн **гэрчилгээ бүхий Ү-**эрхийн улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрх Т з ХК-д олгогдсон байх бөгөөд /3-р хх-153, 156/ ийнхүү улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнө Т з ХК нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар тогтмол төлж байсан байна. /1-р хх-138-159/
6.4. Хөрөнгийн өмчлөгч Т з ХК нь цутгуурын цехийн буюу үйлдвэрийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1,764 мкв талбайтай хэмээн тодорхойлж, И кХХК-тэй 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Түрээсийн гэрээ гэх баримтыг бичгээр үйлдэн, уг хөрөнгийн үндсэн зориулалтыг өөрчилж, урлаг соёлын үйлчилгээ явуулах зорилгоор засан сайжруулж 10 жилийн хугацаатай ашиглуулахаар тохиролцсон байна.
6.5. Дээрх тохиролцоогоо баталгаажуулан бичгээр гэрээ хийсэн гэж зохигчид тайлбарлах боловч хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гэрээ хэрэгт авагдаагүй, түрээслэгч И кХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд тухайн баримтад гарын үсэг зурсан талаар хариуцагч тал тайлбарлан, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
6.6. Хариуцагч И кХХК нь 2017 оны 07 дугаар сараас хойш нэхэмжлэгч Т з ХК-ийн өмчлөлийн хөрөнгийг эзэмшил, ашиглалтдаа байлгаж, засан сайжруулалт хийн засварлаж, одоогоор объектыг бусдад өрөө болон талбайгаар гэрээний дагуу түрээслүүлж, өргөтгөж барьсан зааланд гэрээний дагуу хүлээн авалт зохион байгуулах, спорт заал түрээслүүлэх зэргээр ашиглаж, үр шимийг хүртэж байгаа болох нь хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан гэрээнүүд, холбогдох бусад баримтуудаар тогтоогдох бөгөөд нэхэмжлэгч Т з ХК-д ашиглалтын зардлаас бусад байдлаар төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /2-р хх-108-144/
6.7. Т з ХК нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 01 тоот мэдэгдлийг И кХХК-д хүргүүлж, түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж байгааг мэдэгдэж, мөн оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор түрээсийн объектыг чөлөөлөх, төлбөрийг тухайн өдрөөр тасалбар болгон төлөхийг шаардаж, үүний хариуд И кХХК-иас 05 дугаар сарын 12-ны өдрийн 39 тоот албан бичгээр дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ...Ковид-19 цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл байдал үүсэж төлбөр төлж чадахгүйд хүрсэн, байгууллагын гол үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрлүүдийг авах, хугацааг сунгахад шаардлагатай бичиг баримтуудыг Т з ХК гаргаж өгөөгүйгээс үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, тус объектыг бусдад дамжуулан түрээслээгүй, гэрээ цуцлахыг шаардаж байгаа тохиолдолд оруулсан хөрөнгө оруулалтаа нэхэмжлэх ба цаашид үндэслэлгүйгээр гэрээг цуцлахыг шаардаж, саад учруулсан тохиолдолд олох ёстой байсан орлого, зардлаа нэхэмжлэнэ.. гэх агуулга бүхий хариу өгсөн байна. /1-р хх-18, 19-20/
6.8. Улмаар талууд 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр уулзаж хуралдан, гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн талаар тэмдэглэлд тусгаж, тухайн өдрөө Т з ХК-иас И кХХК-д 22/02 тоот мэдэгдэл дахин хүргүүлж, уг мэдэгдлээр цаашид түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй тул объектыг нэн даруй чөлөөлөхийг хүссэн ба дахин 05 дугаар сарын 24-ний өдөр 03 тоот мэдэгдлээр объектыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор чөлөөлөхийг мэдэгжээ. /1-р хх-21, 27/
Дээрх 03 тоот албан бичигт И кХХК 40 тоот албан бичгээр хариу хүргүүлж, тухайн объектод 8-9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн асуудлыг бүрэн шийдсэний дараа гэрээг цуцалж, хөрөнгө оруулалт хийсэн объектыг чөлөөлөх үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг мэдэгдэн, түрээсийн гэрээний харилцааг цуцлах, дуусгавар болгохгүй болохоо мэдэгдсэн байна. /1-р хх-28/
6.9. Үл хөдлөх эд хөрөнгийг засварлахад зарцуулсан санхүүгийн анхан шатны баримт гарах боломжгүй талаар хариуцагч тал тайлбарлаж, хийгдсэн засан сайжруулалтын улмаас хөрөнгийн үнэлгээ 4,456,153,493 төгрөг болсныг тогтоолгож, уг үнэлгээг гаргасан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргасан. /3-р хх-207-227/
6.10. Нэхэмжлэгч Т з ХК-ийн зүгээс Мэргэшсэн төсөвчин С.Мөнхцэцэгийн 2016 онд гаргасан Ширмэн цутгуур үйлдвэрийн барилга-ын засварын ажлын төсөвт өртгийг гаргуулсан байх бөгөөд уг баримтаар төсөвт өртөг 529,673,338 төгрөг байхаар тогтоогдсон байна. /1-р хх-242-249/
6.11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч Барилгын төсөвчдийн холбооноос маргаан бүхий Т з ХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд И кХХК-ийн хийж гүйцэтгэсэн засварын ажлын нэр төрөл, тоо хэмжээ, засварын ажлын зардлын хэмжээ зэргийг тогтоохоор ажиллаж, дүгнэлтээр: буулгалтын ажил, гадна засварын ажил, дотор засварын ажил, дотор цахилгаан холбооны ажил, дотор сантехникийн ажил, өргөтгөлийн ажил, гадна тохижилтын ажил хийж гүйцэтгэснийг гүйцэтгэсэн ажил тус бүрийн тоо хэмжээг тогтоон, нийт 4,042,875,202 төгрөгийн зардал гарах тооцоо гаргасан байна. /4-р хх-110-238/
6.12. Хариуцагч И кХХК нь маргаан бүхий объектод оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг хөрөнгийн үнэлгээний Хаан үнэлгээ ХХК-иар тогтоолгож, үнэлгээний тайланг хэрэгт нотлох баримтаар гаргасан байна. /5-р хх-140-176/
7. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, Т з ХК-ийн хувьд И кХХК-ийг гэрээ байгуулагдсан үйл баримттай маргаагүй учир гэрээг хүчин төгөлдөр гэж тайлбарлан, түрээсийн төлбөр болон гэрээ цуцлагдсанаас хойш хугацаанд объектыг ашигласан хугацааны төлбөрийг шаардсан бол хариуцагчийн зүгээс тухайн гэрээнд И кХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, гэрээ талуудад бодитоор байхгүй, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхэээр тохиролцсон гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй хууль зөрчсөн учир хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарлан маргаж байна.
7.1. Т з ХК-ийн өмчлөлийн цутгуурын үйлдвэрийн зориулалт бүхий хөрөнгийг И кХХК нь соёлын арга хэмжээ явуулах зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон талаар зохигчид маргаагүй. Харин тухайн хөрөнгийг засварлахад гарсан зардлын хэмжээний талаар маргаантай байна.
7.2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий энэ төрлийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлж байгаа тохиолдолд гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульчилсан ба хуульд заасан энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байхаар 318.4 дэх хэсэгт заадаг.
7.3. Зохигч талуудад маргаан бүхий түрээсийн гэрээ бичгийн хэлбэрээр хэн алинд нь байхгүй, шүүхэд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хуулбар баримтыг шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хассан ба талуудад шүүхэд гаргаж өгөх гэрээ бичгийн хэлбэрээр байхгүй байгаа талаар хэн аль нь тайлбарлаж байна.
7.4. Талууд 2017 онд дээрх тохиролцоог хийх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэсэн бол аль нэг талын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байна. Хуульд зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь түрээслүүлэгч болон түрээслэгчийн хэн алинд нээлттэй ба улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, үүргийг талуудын хэн нэгэнд олгож хуульчлаагүй. Талууд хуульд заасан шаардлагыг хангаж түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, бичгээр байгуулсан гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, гэрээний нөхцөл болон үнийн талаар маргаантай байгаа учир тэдний хооронд аман хэлбэрээр хэлцэл хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, мөн хуулийн 318.3 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр Т з ХК, И кХХК нарын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн гэж дүгнэн, энэ талаар гаргасан хариуцагч И кХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
8. Харин нэхэмжлэгч Т з ХК нь хүчин төгөлдөр бус гэрээний дагуу тухайн гэрээг үндэслэн түрээсийн төлбөрт 1,801,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Хэдийгээр хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу Т з ХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг 2017 оны 07 дугаар сараас хойш хугацаанд ашигласны үнийг И кХХК-иас шаардах эрхтэй боловч уг төлбөрийг тооцоолон шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хангалттай нотлоогүй байх тул 1,801,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
9. Маргаан бүхий Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Т з ХК-ийн өмчлөлийн хөрөнгө мөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Т зыг эд хөрөнгийн хамт хувьчлахтай холбоотой баримтууд, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т з ХК нь хариуцагч И кХХК-ийн хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэв.
9.1. Хариуцагч И кХХК-ийн хувьд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр тухайн объектыг ашиглаж байсан тул хууль бусаар эзэмшээгүй, шударга эзэмшигч гэх үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
9.2. Гэтэл уг хөрөнгийг ашиглах үндэслэл болсон түрээсийн гэрээ нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу Т з ХК-ийн өмчлөлийн хөрөнгийг ашиглаж байгаа нь өөрөө хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа үйлдэл мөн. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.
Сөрөг нэхэмжлэл:
10. Хариуцагч И кХХК нь нэхэмжлэгч Т з ХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа учраас Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд зааснаар дараах сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд:
10.1. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,
10.2. Тухайн хөрөнгийг засварлаж засан сайжруулахад гарсан зардал 4,456,153,493 төгрөгийг гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй учир биет байдлаар бус мөнгөн хөрөнгөөр нэхэмжилж, нэхэмжлэгчээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 4,456,153,943 төгрөг гаргуулахаар шаардаж, энэ нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-т засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлно. Энэ тохиолдолд шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнийн болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй гэж заасны дагуу шаардсан гэж тайлбарласан.
10.3. И кХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байхыг, цаашид И кХХК-ийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг тус тус Т з ХК-д даалгах,
10.4. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Хаан үнэлгээ ХХК-ийн 2025 онд гаргасан тайланг үндэслэн маргаан бүхий хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт 1,001,387,000 төгрөгийг тус тус шаардаж байна.
11. Талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн, түрээсийн гэрээний үүрэгт төлбөр шаардсан Т з ХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
11.1. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар гаргасан И кХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
11.2. Харин нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч хууль ёсны буюу гэрээний дагуу эзэмшилдээ байлгаагүй учир И кХХК-ийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд явуулж буй үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг даалгах, барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байхыг Т з ХК-д даалгах зэрэг хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12. Сөрөг нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн засан сайжруулалтад зарцуулсан зардлаа хариуцагч И кХХК нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Т з ХК-иас шаардах эрхтэй ба сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагаа хариуцагч нь хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-иар хийлгэсэн үнэлгээг үндэслэж 4,456,153,943 төгрөг шаардсан.
12.1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж хуульчилсан ба хариуцагч И кХХК-ийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй байна.
12.2. Харин шударга бус эзэмшигчийн хувьд тухайн эзэмшиж буй хөрөнгөд оруулсан засан сайжруулалтын зардлыг шаардах эрхтэй байхаар хуульчилсан Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт Шударга бус эзэмшигч эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулахад зориулж гаргасан зардал нь эрх бүхий этгээдэд орох ашгийг нэмэгдүүлсэн тохиолдолд дээрх зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй. Энэхүү шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнэ болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй байна гэж заасны дагуу хариуцагч нь засан сайжруулалтын зардлаа нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.
12.3. Нэхэмжлэгч тал уг засварын зардлын тооцооллыг эс зөвшөөрч, хариуцагчийг засан сайжруулалтад зарцуулсан зардлыг нотлох санхүүгийн анхан шатны баримтууд гаргаагүй гэх агуулгаар маргаж, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын нэр төрөл, тоо хэмжээ, зардлыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчдийн бүрэлдэхүүнээс И кХХК-ийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд нийт 4,042,875,202 төгрөгийн зардал гарсан талаар дүгнэлт гаргасан байна.
12.4. Нэхэмжлэгч Т з ХК-иас 2016 онд хийлгэсэн Ширмэн цутгуур үйлдвэрийн барилгын төсөвт өртөг бүхий баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж, тухайн объектыг засварлахад 529,673,338 төгрөгийн зардал гарах тооцоо гарсан гэж тайлбарлан, гэрч Б.Мшүүхэд засварын ажилд 700,000,000 орчим төгрөгийн зардал гарсан талаар мэдүүлсэн.
12.5. Нэхэмжлэгч талын татгалзлын үндэслэл болгож буй гэрч Б.Ммэдүүлэг хэрэгт авагдсан өөр баримтаар давхар нотлогдохгүй, Ширмэн цутгуур үйлдвэрийн барилгын засварын ажлын төсөв нь маргаан бүхий объектыг соёлын үйл ажиллагаа явуулахад зориулж хийгдэх засварын төсөв биш байх бөгөөд шүүхээс томилогдсон шинжээч Барилгын төсөвчдийн холбооны тэргүүлэх төсөвчин Д.Амгалан, Д.Оюунцэцэг, А.Эрдэнэбаатар нар дүгнэлтийг гаргахдаа Монгол улсын Барилгын тухай хууль, Норм дүрэм, стандарт болон бусад холбогдох хууль, тогтоомжийг удирдлага болгож, барилгатай холбоотой аажлын зураг, фото зураг, бусад холбогдох бичиг баримтуудыг үндэслэж, ажил хийгдсэн цаг хугацааны байдлаар гаргасан байх тул бодит байдалд илүү нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө анх ямар байдалтай байсан, одоо ямар байдалтай болсон талаар шинжээчийн дүгнэлтэд дурдахын зэрэгцээ зохигчоос гаргасан фото зургуудаас харьцуулан дүгнэвэл эд хөрөнгийн үнэ засан сайжруулалтын улмаас нэмэгдсэн байх боломжтой.
12.6. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаар гаргасан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн тооцоолол нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тооцоологдсон байгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй гарах магадлалтай учир шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 4,042,875,202 төгрөгийн засварын зардал гарсан гэж дүгнэн, уг нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 413,278,741 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т з ХК-иас 4,042,875,202 төгрөг гаргуулан хариуцагч И кХХК-д олгох нь зүйтэй.
13. Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаар Хаан үнэлгээ ХХК-иас тогтоогдсон хөрөнгө оруулалтын үнэлгээ 1,001,387,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хувьд И кХХК нь энэ хэмжээний хөрөнгө оруулалт хариуцагчид ногдохоор тогтоогдсон, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар тогтоолгосон ба нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг баримтаар няцааж үгүйсгээгүй учир шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн уг шаардлагыг мөн хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Т з ХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны гүүрний зүүн урд байрлах, ширэм цутгуурын цех байсан 1,746 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч И кХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч И кХХК-иас 1,801,800,000 /нэг тэрбум найман зуун нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т з ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т з ХК, И кХХК нарын 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.
4. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 95 дугаар зүйлийн 95.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т з ХК-иас 5,044,262,202 /таван тэрбум дөчин дөрвөн сая хоёр зуун жаран хоёр мянга хоёр зуун хоёр/ төгрөг гаргуулан хариуцагч И кХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 413,278,741 /дөрвөн зуун арван гурван сая хоёр зуун далан найман мянга долоон зуун дөчин нэгэн/ төгрөг гаргуулах, И кХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, И кХХК-ийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг Т з ХК-д даалгах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,711,050 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 8,000,000 төгрөг, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,591,955 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И кХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т з ХК-д, нэхэмжлэгч Т з ХК-иас 25,379,261 төгрөг гаргуулан хариуцагч И кХХК-д олгосугай.
5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА