Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 

Э.*******аад холбогдох  эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Ч.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлээр Э.*******аад холбогдох 2423000000073 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 32 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, модон эдлэлийн мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* баг Шинэ ******* хэсэг ******* тоотод оршин суух хаягтай,

Урьд: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ийн *******аа, /регистрийн дугаар *******/

Шүүгдэгч Э.*******аа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ааг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******аагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс 1 жил 6 сарын хугацаанд гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******аа нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******аад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 2 жил, 6 сарын нэмэгдэл ялын хугацааг түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Э.*******ааг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ч.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа:  ...Шийтгэх тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүгдэгч Э.*******аа нь 2024 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулах үед 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдэлж дууссан, 2 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг биелүүлж дуусаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа атал шүүх Э.*******аад 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хуйвалдан шийтгэх тогтоолоор ял оногдуулах хэм хэмжээг хэрэглээгүй, орхигдуулсан үндэслэлийг шийтгэх тогтоолд тусгаж, хууль зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан шүүхийн шийдвэр хууль ёсны тусдаа хууль биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.*******аа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр. 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус тус өөр өөр цаг хугацаанд, өөр өөр газар оронд тээврийн хэрэгсэл жолоодож дээрх үйлдлүүддээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 удаа ял шийтгүүлсэн ба бие даасан 2 гэмт хэрэг үйлдсэн атал шүүх сүүлийн шийтгэх тогтоол буюу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Ялтан оногдуулах ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн нь... шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтооно" гэх заалтыг хэрэгжүүлээгүй, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрд нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоож ял оногдуулах заалтыг хэрэглэлгүй шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй, биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төруүлэхгүй бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй, хууль ёсны зарчимд нийцээгүй шийдвэр болжээ. Шүүгдэгч Э.*******аа нь 2024/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдсон байдаг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял нь дуусгавар болоогүй, нийтэд тустай ажил хийлгэх ял нь дуусгавар болсон зэргийг шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан атлаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа 2024/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй байна. Мөн 2024/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.*******аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг биелүүлэхэд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын биелэлтийг хэрхэн тооцох, хэд хэдэн шийтгэх тогтоолоор, хэд хэдэн гэмт хэрэгт, нэг хүнд оногдуулсан, нэг төрлийн ялыг хэрхэн биелүүлэх эсэх нь ойлгомжгүй, эргэлзээ төрөхөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго алдагдсан, үр нөлөөгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хэрэгжүүлэхэд хүндрэл, эргэлзээ үүсгэх эрсдэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан …Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" үндэслэлээр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3. Прокуророос шүүгдэгч Э.*******аа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай “Toyota prius” 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

4. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Э.*******аа нь өмнө нь буюу 2024 оны 04 дугаар сарын 25-ны өдөр мөн дээрхи гэмт хэргийг үйлдэж, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан байна.

5. Түүнчлэн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Э.*******аа нь өмнөх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдэлж дууссан байгаа боловч тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй байсан байна.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ялтан оногдуулах ялыг эдэлж дуусахаас өмнө, шинээр гэмт хэрэг үйлдсэн нь ...шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

7. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.*******аад ял оногдуулахдаа “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  хэрэглэж, нийт эдлэх нэмэгдэл ялыг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх  хэрэглэвэл зохих  хуулийг хэрэглээгүй байна.

8. Ингэснээр шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоол, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолд тус тус эдлүүлэхээр тогтоосон нэмэгдэл ялыг хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй болжээ. Энэ нь  “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  3 дахь хэсгийг зөрчсөн байна.

9. Дээрхи зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан шүүх  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Ч.*******ын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД                                         Б.НАМХАЙДОРЖ

                                                                  Ж.БАТТОГТОХ