2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/04581

 

 

 

 

  

    2025              05            29                                              192/ШШ2025/04581

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 62, Юнион бьюлдинг, С блок, 14 дүгээр давхар *** тоот хаягт байрлах “Б и” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 14 дүгээр гудамж, **** тоот хагят байрлах “Т х к” ХХК-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: 25,596,000 /хорин таван сая таван зуун ерэн зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнэ оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Б и” ХХК-ийн төлөөлөгч Д.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1.1. Манай компани 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Т х к” ХХК-тай №21 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан цэвэр ус, бохирын систем угсрах ажлыг нийт 54,780,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу ажлыг 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хийхээр тохиролцсон. Бид гэрээнд заасан урьдчилгаа төлбөрт хариуцагчид нийт дүнгийн 80 хувьтай тэнцэх 43,824,000 төгрөгийг “Т х к” ХХК-ийн Голомт банкны *** тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч нь янз бүрийн шалтаг тоочиж, гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэхгүй, анх тохирсноос дордуулж хийж гүйцэтгэх зөрчлүүдийг удаа дараа гаргасаар байсан. Тухайлбал: Ковид-19 цар тахлын хөл хорионд орох шаардлгатай гэж ажлаа орхиж явсан хэдий ч бодит байдал дээр өөр байгууллагын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Цэвэр усны шугамыг тохирсон хэмжээнээс бага гүнд ухаж суурилуулсан, ажил гүйцэтгэх хугацаагаа байнга хойшлуулж гэрээгээ ноцтой зөрчсөн. Үүнээс болж бид амралтын газраа нээж үйл ажиллагаа явуулах, орлого олох боломжоо бүрэн алдсан. Бид хариуцагчаас урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрөөс хийж гүйцэтгээгүй ажлын төлбөрийг буцаан шилжүүлэхийг шаардахад үл ойлголцох нөхцөл байдал үүссэн учраас арга буюу шүүхэд хандаж байна. Тиймээс хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хасаж тооцоод, үлдэх 25,596,000 төгрөгийг хариуцагч “Т х к” ХХК-иас гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү.

1.2. Хариуцагчийн хийсэн ажлыг бид 18,228,000 төгрөг болсон гэж тооцоод 25,596,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн хийсэн ажлыг тооцож гаргасан байгаа. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Хариуцагч нь нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт тус тус зааснаар татгалзлын үндэслэлээ нотолсон баримтаа хэрэгт өгөөгүй учир харуицагчийн хариу тайлбар үндэслэлгүй байна. Шинжээчийн тогтоосон үнэлгээ үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Манай компани мэргэжлийн тусгай мэдлэг бүхий компани биш учраас тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр гүйцэтгэсэн ажлыг нь тооцож нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг 20,723,450 төгрөг гэж тооцсон нь үндэслэлтэй бөгөөд үүнийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч байгаа...гэв.

            2. Хариуцагч “Т х к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ошүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хасаж тооцоод үлдэх 25,596,000 төгрөгийг гаргуулах” гэжээ. Гэвч уг мөнгөн дүнг хэрхэн тооцоолж, ямар ажлыг хийсэнд тооцож, ямар ажлыг хийгээгүй тухай огт дурдаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэлдээ манай компанийн буруугаас амралтын газраа нээж, үйл ажиллагаа явуулах, орлого олох боломжоо бүрэн алдсан гэжээ. Гэвч уг амралтын газар нь одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж, манай компанийн хийсэн цэвэр, бохирын шугамыг ашигласаар байгаа. Манай компани гэрээний дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж, гэрээнд заагдсан ажлуудыг хийж байсан. Гэтэл захиалагч талаас гэрээний үүргээ зөрчиж, ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болох цэвэрлэх станцыг гуравдагч компаниар хийлгэсэн. Манай компани гэрээнд заагдсан ажлуудыг болон захиалагч байгууллагын хүсэлтээр нийт 61,047,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгсөн. Хүлээлгэн өгсөн цэвэр, бохирын шугам хоолой нь “Б и” ХХК-ийн эзэмшлийн амралтын газарт одоог хүртэл ашиглагдаж байна. Хийсэн ажлын тайлан буюу нэхэмжлэхээ “Б и” ХХК-д имэйлээр явуулж байсан. Иймд “Т х к” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

            3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрмийн хуулбар /хх-5-7/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-8/, Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-9-11/, гэрээний урьдчилгаа төлбөр төлсөн төлбөрийн баримтын хуулбар /хх-12/,

            4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-17-18/, фото зургууд /хх-30-36/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-70/

            5. Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтууд:

            - Нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилохоор шийдвэрлэж /хх-66/, шүүхээс томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтээр “Т х к” ХХК-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоон, ажлын дүн 20,723,450 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-75-100, 105-121/ Нэхэмжлэгч “Б и” ХХК нь шинжээчийн зардал 3,300,000 төгрөг төлсөн байна. /хх-128/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “Б и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч “Б и” ХХК нь хариуцагч “Т х к” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгээгүй ажлын хөлсөнд төлсөн төлбөр 25,596,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

            Нэхэмжлэлийн үндэслэлээ “ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчид урьдчилгаа төлбөрт нийт төлбөрийн 80 хувьтай тэнцэх 43,824,000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас захиалагчид хохирол учирсан тул нийт төлсөн төлбөрөөс гүйцэтгээгүй ажилд тооцогдох төлбөрийг буцаан шаардана” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч “Т х к” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, заагдсан ажлаа хийж байсан боловч нэхэмжлэгч нь гэрээний гол нөхцөл болох цэвэрлэх станцыг гуравдагч компаниар хийлгэсэн, захиалагчийн хүсэлтээр нийт 61,047,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, манай гүйцэтгэсэн цэвэр, бохирын шугамыг ашигласаар байгаа” гэж тайлбарлан маргасан байна.

            4. Хариуцагч “Т х к” ХХК-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдов.

            5.1. Талууд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр №21 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, гүйцэтгэгч “Т х к” ХХК нь захиалагч “Б и” ХХК-ийн зааварчилгаа, Р6-р загвар, шүүрүүлэх талбай, шугам сүлжээ, ариутгах татуургын хамт захиалгын техникийн даалгаврын дагуу ажлыг 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээт ажлын нийт дүн 54,780,000 төгрөгийн урьдчилгаа 80 хувь 43,824,000 төгрөгийг гэрээ байгуулсны дараа гүйцэтгэгчийн Голомт банк дахь дансанд шилжүүлэх, үлдэгдэл 20 хувь 10,956,000 төгрөгийг гэрээт ажил дууссан өдөр хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээн, талуудын эрх үүрэг болон бусад нөхцөлийг гэрээнд тусгаж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ. /хх-6-7/

            5.2. Гэрээний хавсралтаар нийт гүйцэтгэх ажлыг бараа материал, нэгж, нэгжийн болон нийт үнийн хамт баталсан байна. /хх-11/

            Хавсралтад: Цэвэрлэх станц-1ш 17,000,000 төгрөг, Ф150-н бохир усны шугам 110м нийт 6,600,000 төгрөг, Ф100-н бохир усны дулаалгагүй шугам 120м нийт 3,600,000 төгрөг, Ф100-н бохир усны дулаалгатай шугам 1м нийт 6,700,000 төгрөг, Ф50 цэвэр усны дулаалгагүй шугам 120м нийт 1,800,000 төгрөг, Ф40 цэвэр усны дулаалгатай шугам 240м нийт 7,200,000 төгрөг, эргэлтийн насос 2ш нийт 1,100,000 төгрөг, Помп/вакум насос 1ш 1,800,000 төгрөг, 4тн нирж нөөцийн сав 1ш 4,000,000 төгрөг, нийт дүн 49,800,000 төгрөгийн үнийн задаргаа гаргажээ.

            5.3. Нэхэмжлэгч “Б и” ХХК 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Б и ХХК-с сангийн ажлын урьдчилгаа” гэх гүйлгээний утгаар “Т х к” ХХК-ийн Голомт банк дахь *** тоот дансанд 43,824,000 төгрөгийг шилжүүлжээ. /хх-12/

            5.4. Гэрээний дагуу “Т х к” ХХК ажлын гүйцэтгэлээ эхлүүлж, ажлын явцыг баталгаажуулан фото зураг авсныг хэрэгт нотлох баримтаар гаргасан байна. /хх-30-36/

            5.5. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “Т х к” ХХК-ийн хийгээгүй ажлууд: “цэвэрлэх станц, Ф100 мм бохир усны дулаалгатай шугам, эргэлтийн насос, помп/вакум насос” болохыг, дутуу хийсэн ажлууд: “Ф150мм бохир усны дулаалгатай шугам 69м хийсэн, Ф50мм цэвэр усны дулаалгатай шугам 108,6м хийсэн, уг шугам нь Ф50 биш Ф40 байсан” болохыг тус тус тогтоосон байх бөгөөд талууд хийсэн ажлын тоо хэмжээн дээр маргаагүй болохыг дурдаж, “Б и” ХХК-иас 998,250 төгрөгийн үнэ бүхий 15ш худгийн хуванцар таг нийлүүлсэн талаар тусгаж, гэрээт ажил нь ажлын зураггүй хийгдсэн болохыг тогтоосон байна.

            6. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнэ, нэхэмжлэгчээс төлсөн төлбөрийн хэмжээ зэргийн талаар маргаагүй. Харин хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргаантай байна.

            7. Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд зохих ёсоор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байжээ.

            7.1. Тодруулбал: нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар төлбөрийн урьдчилгаа 80 хувьтай тэнцэх 43,824,000 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлж, хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлаас Ф100мм бохир усны дулаалгагүй шугамыг гэрээгээр тохирсон 120м хэмжээнээс илүү буюу 168м хэмжээтэй, Ф40мм цэвэр усны дулаалгагүй шугам 220,6м хэмжээтэй, Ф50мм цэвэр усны дулаалгатай шугамыг 108,6м хэмжээтэй, 4тн нөөцийн сав 1ш зэргийг хийж гүйцэтгэсэн болох нь төлбөрийн баримт, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

            8. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 43,824,000 төгрөгөөс хариуцагчийн хийсэн ажлыг өөрсдөө тооцоолон 18,228,000 төгрөгөөр тогтоож, зөрүү 25,596,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

            9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд уг гэрээний зүйл нь ажлын үр дүн байна.

9.1. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үүргийн зөрчил гаргаагүй бол хариуцагч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын үр дүнг захиалагчид бүрэн хүлээлгэж өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг болон мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлд тооцогдох төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

9.2. Харин нэхэмжлэгчийн тооцоолсон “Т х к” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тооцсон 18,228,000 төгрөгийн тооцоолол баримтаар нотлогдоогүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон үнэлгээг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нь гэрээт ажлаас 20,723,450 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж дүгнэн, хийгдээгүй ажлын төлбөрт төлсөн зөрүү 23,100,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 2,495,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            10. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний дагуу нийт 61,047,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан боловч уг тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

            11. Нэхэмжлэгч нь шинжээчийн зардал 3,300,000 төгрөгийн төлбөрийг төлсөн болох нь төлбөрийн баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 3,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            12. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 273,453 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т х к” ХХК-иас 23,100,550 /хорин гурван сая нэг зуун мянга таван зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б и” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,495,450 /хоёр сая дөрвөн зуун ерэн таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т х к” ХХК-иас 273,453 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б и” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 3,300,000 төгрөгийг хариуцагч “Т х к” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Б и” ХХК-д олгосугай.

            4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА