2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/03838

 

 

 

 

  

    2025              05            07                                              192/ШШ2025/03838

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Блюмон тауэр, ** тоот хаягт байрлах “Д э п” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах “У б” ХХК-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 191,459,805 /нэг зуун ерэн нэгэн сая дөрвөн зуун тавин есөн мянга найман зуун таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Борхүү оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Дэп” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Уб” ХХК-тай 22/20 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээний үлдэгдэл төлбөр 294,639,805 төгрөг, 34.5 тн арматурын төлбөр 96,600,000 төгрөг, нийт 391,239,805 төгрөгийн үлдэгдэл байсан. Үүнээс 2,967 м.куб бетон зуурмаг 148,350,000 төгрөг, 120 тууш метр өрөмдлөгийн ажлын хөлс 45,000,000 төгрөг, хайрганы төлбөр /5,10/ 3,100,000 төгрөг, хайрганы төлбөр /10,20/ 3,330,000 төгрөг, нийт 199,780,000 төгрөгийн бараа болон ажлын хөлсийг хасаж тооцвол 191,459,805 төгрөгийг одоо хүртэл хариуцагч төлөөгүй. Иймд гэрээний хохиролд хариуцагчаас 191,459,805 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчтай эхлээд 2021 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээг 2022 онд цуцлаад хоёр талаас акт үйлдсэн. Үйлдсэн акт дээрээсээ Хэнтий аймагт хийсэн ажлын үлдэгдэл төлбөрүүдийг хасаад манайх нэхэмжлэх үүсгэсэн. Хариуцагч манайхаас арматур аваад тэр нь дутсан. Гүйцэтгэхээр тохирсон 5 гүүрнээс зарим нь дутуу байсан. Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий гүйцэтгэгч нь манай компани бөгөөд хариуцагч байгууллага манайхтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж туслан гүйцэтгэгчээр оролцсон. 2022 онд төлбөр барагдуулах гэрээ хийсэн. 50,576,000 төгрөгийн гүүрний материалын хувьд аман тохироо хийсэн нь үнэн боловч бараа нь шаардлага хангахгүй, зэв идсэн байсан учир манайх аваагүй. Хашааны ажлын хувьд хариуцагч тал дутуу хийгээд, манайх өөрсдөө гүйцээгээд хийсэн. Хашааны материалуудыг нилээн юм болж хөөцөлдөж байж авсан. 2022 оны гэрээн дээр эксковаторын дүнг хассан байгаа. Бетон зуурмагийн тооцоолол дээр бол манайх алдсан байх магадлалтай...гэв.

            2. Хариуцагч “Уб” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 22/20 дугаартай гэрээ байгуулсан. Үлдэгдэл төлбөр болох 391,239,805 төгрөгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд доор дурдсан ажлын хөлс болон бараа материалын төлбөрийг хасаж тооцвол: 3,093 м.куб бетон зуурмаг 154,650,000 төгрөг, 120 тууш метр өрөмдлөгийн ажлын хөлс 45,000,000 төгрөг, Хайрганы төлбөр /5,10/ 3,100,000 төгрөг, Хайрганы төлбөр /10,20/ 3,330,000 төгрөг, Гэрээний 6-д заасан хашааны үлдэгдэл ажлын төлбөр 30,000,000 төгрөг, уг ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөн, Libherr 944 Эксковаторын 2021 оны 11 дүгээр сарын үлдэгдэл түрээс 50,000,000 төгрөг, менежер М.Урангоогийн нэр дээр гэрээ хийж түрээслэсэн, Гүүрний материал хүлээлгэн өгсөн төлбөр 50,576,000 төгрөг, “Дэп” ХХК-ийн зам хариуцсан захирал Ц.Борхүүтэй тохиролцсон, 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр М450 маркийн бетон 27м.куб*520,000=14,040,000 төгрөг. Уг бетоныг тухайн үед хотоос томилогдсон төслийн менежер хүлээн авсан. “Дэп” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Янжинхорлоо, “Уб” ХХК-ийн захирал Г.Баттүшигтэй өөрөө ярьсан. Дээрх ажлын хөлс, бараа материалын төлбөрийг хасан тооцож 40,543,805 төгрөгийн “Дэп” ХХК-д өглөгтэй байгааг хянан шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

            3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 22/20 дугаар гэрээний хуулбар /хх-6/,

            4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-15/, материалын бүртгэл болон төлбөрийн баримтуудыг гаргасан /хх-30-44/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “Дэп” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 191,459,805 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “2021 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг дүгнэж, 2022 онд хийгдсэн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийг шаардаж байгаа” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч нэхэмжлэлээс 40,543,805 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “2022 оны гэрээний дагуу төлөгдөж гүйцэтгэгдсэн төлбөрийг нэмж шаардаж байгааг зөвшөөрөхгүй” гэх агуулгаар тайлбарлаж маргасан байна.

            3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Урангоо, өмгөөлөгч А.Зоригтбаатар нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

            4.1. Захиалагч “Дэп” ХХК, гүйцэтгэгч “Уб” ХХК нар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 21/95 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тухайн гэрээний үүргээ дүгнэн тооцоо нийлж, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 27/20 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан байна.

            4.2. Дээрх гэрээгээр Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн Аэродромын ажлын перон, чулуун бэхэлгээ, модон шонтой торон хашаа, аваарын гарцны хаалга, автомашины хаалга, хуучин төмөр шонтой торон хашаа буулгах, хуучин төмөр шонтой торон хашааг зөөж байрлуулах ажлыг гүйцэтгэхтэй холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах гэрээний зүйлийг тодорхойлж, гэрээт ажлыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 90 хоногийн хугацаанд гүйцэтгэх, гэрээний нийт үнэ 170,500,000 төгрөг байх талаар тусгажээ.

            5. Зохигчид 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр нийт 391,239,805 төгрөг байсан талаар, энэ төлбөрөөс өрөмдлөгийн ажлын хөлс 45,000,000 төгрөг, /5,10/ хайрганы төлбөр 3,100,000 төгрөг, /10,20/ хайрганы төлбөр 3,330,000 төгрөг зэргийг хасах талаар маргаагүй. Харин уг гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгч талд төлвөл зохих төлбөрийн үлдэгдлийн талаар маргаантай байна.

            6. Талуудын хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэснээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд уг гэрээний үлдэгдэл төлбөр 391,239,805 төгрөг болсноос нэхэмжлэгч нь хариуцагчийг 2,967 м.куб бетон зуурмагийн 148,350,000 төгрөг, 120 тууш метр өрөмдлөгийн ажлын хөлс 45,000,000 төгрөг, 5, 10 хайрганы төлбөр 3,100,000 төгрөг, 10,20 хайрганы төлбөр 3,330,000 төгрөг, нийт 199,780,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 191,459,805 төгрөгийг төлөөгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч тал гаргаж, хариуцагч талын зүгээс үлдэгдэл төлбөр 40,543,805 төгрөг байгаа талаар тайлбарлаж маргасан байна.

            7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмжээгээр нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

8. Хариуцагч талын тайлбараас нэхэмжлэгч нь нийт төлбөрийн үлдэгдлээс 2,967 м.кубын үнэ 148,350,000 төгрөг биш, харин 3,093 м.куб бетон зуурмагийн үнэ 154,650,000 төгрөг нийт төлбөрийн үлдэгдлээс хасаж тооцох боломжтой гэж тайлбарлаж байна.

            8.1. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 391,239,805 төгрөгөөс нийлүүлэгдсэн дээрх бетон зуурмагийн төлбөр 154,650,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлээр илүү шаардсан 6,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            9. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй, шүүхэд гаргасан баримтууд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдаж, хариуцагч “Уб” ХХК-иас 185,159,805 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дэп” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            10. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,115,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийн 1,083,749 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Уб” ХХК-иас 185,159,805 /нэг зуун наян таван сая нэгг зуун тавин есөн мянга найман зуун таван / төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дэп” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,300,000/зургаан сая гурван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,115,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Уб” ХХК-иас 1,083,749 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дэп” ХХК-д олгосугай.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.САРАНТУЯА