2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/04570

 

 

 

 

  

    2025              05            28                                              192/ШШ2025/04**0

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Иххэт сум, 3 дугаар баг, Зүлэгт, Гандан гудамж ** тоот хаягт оршин суух, Боржигон ургийн овогт Эрдэнэбаатар овогтой Эын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамж, **а тоот хаягт оршин суух, Ж ургийн овогт П овогтой Г,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Ч овогтой Г нарт холбогдох,

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ Энгельсийн гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт оршин суух, Г ургийн овогт Х овогтой А,

            Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг П.Гад даалгаж, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах 61,5 м.кв 2 өрөө орон сууцыг Э.Эт хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан, хариуцагч П.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галбадрах, хариуцагч П.Гын өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, гуравдагч этгээд Г.А, гэрч Б.Балжинням нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.  Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

1.1. Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр П.Гтай Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй орон сууцны зориулалт бүхий Ч.Ггийн барьж буй барилгаас 10 дугаар давхарт байрлах 61,5 мкв 2 өрөө орон сууцыг түүний 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ч.Гтэй байгуулсан ЗГ-20 дугаар бүхий гэрээний үндсэн дээр “Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх” гэрээг байгуулсан. Тус гэрээгээр байрны нийт үнэ 92,250,000 төгрөгөөс харилцан тохирсны дагуу П.Г өөрийн хамтран ажилладаг Б.Балжинням гэх хүнтэй төлбөр тооцоотой тул түүний данс руу шилжүүлчих гэж хэлээд 68,000,000 төгрөгийг урьдчилан шилжүүлэн авч гэрээ байгуулсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг улсын комисс хүлээж авсны дараа шилжүүлэхээр тохиролцсон. Барилга ашиглалтанд орохгүй маш удсан ба асуух бүрт удахгүй ашиглалтанд орно гэж хүлээлгэсээр байгаад 2024 оны 02 дугаар сард улсын комисс хүлээж авсан гэдгийг сонсоод үлдэгдэл мөнгөө өгөөд байраа авъя гэхэд П.Г “чиний урьдчилгааг би аваагүй Б.Балжинням авсан, наад хүнтэйгээ учраа ол” гээд утсаа авахаа больсон. Ингээд орон сууцаа авах гээд Ч.Гтэй уулзахад П.Г өөр хүнд өгнө гэсэн, хоорондоо учраа ол гэдэг. Би банкнаас зээл авч тус орон сууцны урьдчилгааг бүрдүүлж өгсөн, зохих журмын дагуу гэрээ байгуулсан боловч удаан хугацааны дараа миний эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна. Одоо гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхэд бэлэн бөгөөд П.Г гэрээнд зааан үүргээ биелүүлэхгүй байгаа учраас үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй байгаа. Иймд тухайн орон сууцыг Э.Э надад шилжүүлж, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү...гэж.

1.2. Хэрэв П.Г гэрээний үүргээ биелүүлээд надад тус орон сууцыг хүлэлгэн өгсөн тохиолдолд үлдэгдэл төлбөрөө төлөөд өмчлөгчөөр тогтоолгон гэрчилгээгээ гаргуулж авах боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч П.Гад даалгах, мөн ** байрны ** тоот хаягт байрлах 61,5 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү. Цагдаагийн илтгэх хуудсаар Ч.Г нь нас барсан болохыг тодорхойлсон байх тул тус хэргээс Ч.Гг хариуцагчаас хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг П.Гад холбогдуулан гаргаж байгаа...гэж.

1.3. Гэрээний дагуу П.Г нь 70,000,000 төгрөгийг надаас өөрийн хамтран ажиллаж байсан Б.Балжиннямын данс руу шилжүүлж авсан учраас би өөрийгөө энэ байрны эзэмшигч гэж бодож байгаа. П.Г нь “данс хаагдсан, шүүхээр асуудалтай байгаа” гээд Б.Балжиннямын данс руу төлбөр хийхийг хүссэний дагуу шилжүүлсэн. Миний төлбөр шилжүүлсэн данс нь зуучлагч Ремаксын ажилтан байсан. Гэрээ хийх үед би Дорноговь аймагт байсан ба зуучлагч Г.Баярзолбоод итгэмжлэл өгөөд, итгэмжлэлийн дагуу Г.Баярзолбоо нь миний өмнөөс П.Гтай гэрээг хийсэн. Тухайн үед П.Г “мөнгө хэрэгтэй байна, ямар ч байсан 70,000,000 хийчих” гэж хэлсэн болохоор итгээд шилжүүлсэн. Гэрээн дээр байгаа Э.Э гэдэг гарын үсгийг би зураагүй. Гэр бүлээсээ харамлаж босгосон мөнгө минь алга болсон байгаа нь үнэхээр харамсалтай байна.

            1.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр талуудын хооронд Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээний дагуу орон сууцыг Э.Эын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Цар тахлын үе байсан учраас үл хөдлөх эд хөрөнгийн зуучлагчид итгэмжлэл олгож, итгэмжлэлийн дагуу эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Э.Э гэж гарын үсэг зурсан байгаа нь “төлөөлүүлэгчийн өмнөөс гарын үсэг зурах эрх” олгогддог учраас Э.Э гэж бичсэн байна. Тухайн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Бусад этгээдтэй гэрээ байгуулах гэж байгаа тохиолдолд өмнөх эрх зүйн харилцаа дуусгавар болсон байх шаардлагатай. Нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах ёстой байсан боловч ингэж холбогдоогүй. Гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас үүний дараа гуравдагч этгээд Г.Атэй байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж байна. Төлбөр мөнгөтэй холбоотойгоор ковидын үе байсны улмаас утсаар харилцаж байсан учраас итгэмжлэлийнхээ дагуу зуучлагч руу 70,000,000 төгрөгийг шилжүүлж, зуучлагч нь зуучлалын хөлсөө аваад 68,000,000 төгрөгийг Б.Балжиннямын данс руу шилжүүлсэн байдаг. Нэгэнт талуудын хооронд эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, мөнгийг хүлээж авсан талаар гэрч Б.Балжинням мэдүүлсэн учраас П.Гаас гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж өгөхийг шаардаж байгаа. Хамтран хариуцагчаар тодорхойлсон Ч.Г нас барсан байгаа учраас тус хариуцагчаас татгалзсан...гэж тайлбарлав.

            2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галбадрах шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан хариу тайлбартаа:

            2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. П.Г, Э.Э нарын хооронд эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн ба гэрээнд талуудын эрх үүргийг тусгасан. Э.Э гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзсан байна. Гэрч Б.Балжиннямд П.Г нь уг гэрээний дагуу ямар нэг төлбөр мөнгө авах эрх олгоогүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            2.2. Хариуцагчийн өмгөөлөгч: Бичгээр байгуулж буй гэрээг талууд хамт байж хийх ёстой. Хэрэв өөрийгөө төлөөлөн гэрээ байгуулах итгэмжлэлийг хэн нэгэнд олгосон бол Э.Эыг төлөөлж Г.Баярзолбоо гэдэг хүн өөрийн нэрийг бичиж, гэрээнд гарын үсгээ зурдаг. Нэхэмжлэгч нь нотлох баримтгүйгээр нэхэмжлэлийн үндэслэлээ яриад байна. Э.Эыг хуураад байсан гэдэг тайлбараа нотолсонгүй. П.Гад энэ байраа борлуулаад дараагийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулах сонирхол байсан. Гэрээнд мөнгө хүлээж авах хэлбэрээ тодорхой зааж өгсөн. Хэрвээ Г.Баярзолбоогийн данс руу хийгээд, Г.Баярзолбоо нь Б.Балжинням руу шилжүүлж, эргүүлээд П.Гад өгөх байсан бол энэ талаар гэрээнд тусгах ёстой байсан. Нэхэмжлэгчийн хувьд энэ мөнгөө Г.Баярзолбоогоос нэхэх ёстой. Н.Г.Баярзолбоо нь Б.Балжиннямаас нэхээд авах ёстой. Эрх шилжүүлсний төлбөрийг П.Гад төлнө гэж гэрээгээр тохирсон. Гэрээ бодит байдал дээр П.Г болон Г.Баярзолбоо нарын хооронд хийгдсэн, энэ үед Э.Э хөдөө байсан байна. Тэгэхээр хууль зөрчиж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Байрны өмчлөгч нь гуравдагч этгээдээр оролцож байгаа ба гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгийг өөрийн өмчлөлд авахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Г.Аийн хувьд гэрээний төлбөрийг гэрээнд бичигдсэн дансанд шилжүүлсэн байна. Б.Балжинням, Г.Баярзолбоо нарын хутгасан асуудал байхын зэрэгцээ хуульд заасан хэлбэр, шаардлагын дагуу хийгээгүй нэхэмжлэгчийн буруу байна. Г.А нь уг байрны шударга өмчлөгч бөгөөд орон сууцыг өмчлөлдөө авахдаа хууль зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй, мөнгөө төлсөн, төлснийхөө дагуу өмчлөх эрхийг олж авсан. Э.Эын төлсөн төлбөрийг П.Г хүлээн авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй ба гэрээнд энэ талаар тусгаагүй байна. П.Г төлбөр аваагүй байгаа учраас гэрээнд байгаа эрх шилжүүлэх үндэслэл байхгүй. Мөн П.Г нь өөрийн биш болсон хөрөнгийг нэхэмжлэгчид өгөх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна...гэв.

            3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2021 оны 09 дүгээр сарын **-ны өдөр П.Гтай Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй орон сууцны зориулалт бүхий Ч.Ггийн барьж буй барилгаас 10 давхарт байрлах 61,5 м.кв хоёр өрөө орон сууцыг түүний 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ч.Гтэй байгуулсан ЗГ-20 дугаар бүхий гэрээний үндсэн дээр Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр байрны нийт үнэ 107,625,000 төгрөгийг гэрээ хийсэн тухайн өдрөө хамт банк орж, П.Гын Хаан банкны ***тоот дансанд 100 хувь бүрэн шилжүүлсэн. Тус барилга ашиглалтанд орохгүй их удсан ба 2024 оны 02 дугаар сард улсын комисс хүлээн авсны дараа ир Ч.Гомобүрэн гуайн охин Г.Болорцэцэгээс байрны түлХрээ авсан. Түүнээс хойш гэртээ нүүн орж амьдарч байгаа ба Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205**7968 дугаар гэрчилгээг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргуулж авсан. Бидний хооронд ямар нэгэн төлбөрийн маргаан байхгүй. Би орон сууц захиалгын гэрээгээ хуулийн дагуу нотариатад очиж хийсэн...гэж тайлбарлав.

            4. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ /хх-4/, иргэн Г.Баярзолбоогийн Хаан банк дахь **** тоот харилцах дансны хуулга /хх-8/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-10/, Э.Эын Хаан банк дахь **** тоот дансны хуулга /хх-46/,

            5. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-60-61/

            6. Гуравдагч этгээдээс гаргасан нотлох баримтууд: П.Г, Ч.Г нарын байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар /хх-68-71, 86-89/, П.Г, Г.А нарын байгуулсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний хуулбар /хх-**-73, 84-85/, гэрээний төлбөр төлсөн баримтын хуулбар /хх-90/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-91/

            7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

            - Шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Гг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэж /хх-17/, захирамжийн дагуу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс албадан ирүүлэх ажиллагаа хийхэд Ч.Г нас барсан болохыг илтгэх хуудсаар тодорхойлсон. /хх-19/ Үүний дагуу нэхэмжлэгч нь тухайн иргэнийг хариуцагчаас хасахыг хүссэн байна.

            - Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулах, Б.Балжиннямыг гэрчээр асуухаар тус тус шийдвэрлэн /хх-52/, захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий Ү-****** дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчийн талаарх лавлагааг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарын хамт ирүүлж, Б.Балжиннямыг шүүх хуралдаанд гэрчээр асуусан. /хх-58-59/

            Гэрч Б.Балжинням шүүх хуралдаанд: Би 2020 оны намар П.Гаас 2-3 орон сууц зээлж авч байсны нэг нь Э.Эын авсан орон сууц юм. Тэр нь миний мэдэх, надтай хамааралтай орон сууц биш байсан. Тэрийг П.Гын дүү П.Цогоо бид хоёр П.Гаас зээлж авч байсан. Мөнгө нь 70 орчим сая төгрөг миний дансанд орсон. П.Г Э.Э хоёр хоорондоо гэрээ хийгээд, П.Цогоо “миний данс руу хийчих” гээд хийж байсан. Энэ мөнгийг би зээлж авсан. 2021 оны ** дугаар сард П.Гын данс руу миний данснаас мөнгө орсон байгаа. П.Г нь П.Цогоо бид хоёрт “надад орон сууц байгаа, чи зараад мөнгийг нь ав” гэсэн. Би зараад мөнгийг нь авсан. Захиалгын гэрээг надаар дамжуулахгүйгээр өөрсдөө хийсэн байсан. Ремакст ажилладаг миний таньдаг хүнтэй холбогдоод, надтай Э.Эыг танилцуулж байсан. П.Цогоо бид хоёр Э.Эыг олсон. 4-5 байраа борлуулах ажил хийж байгаад энэ хүнийг олсон. 1,000,000 төгрөгийг над руу шилжүүлснийг нь буцааж өгсөн. Энэ хүн ремаксын зууч учир шимтгэлийн хөлсийг нь төлсөн. П.Цогоо бид хоёр барилгын ажил хийж байсан. Энэ мөнгийг аваад барилгын ажилд зарцуулсан. П.Гтай зээлийн гэрээ бичгээр хийгээгүй, Х тохироогүй. Хавар ажил эхлэхэд мөнгийг төлнө гэж тохирсон байсан. Э.Этай тэр үедээ жилийн дараа хэд хэдэн удаа ярьсан. Яриа юун дээр болсон бэ гэхээр: П.Г над руу яриад “байрны мөнгө дутуу төлөгдсөн байгаа, үлдэгдэл мөнгөө яаж авах вэ” гэсэн. Ашиглалтанд орох үед нь тодорхой хугацааны дараа өгнө гэсэн тохироо байсан санагдаж байна. Эрх шилжүүлэх гэрээ хийх үед би нотариат руу хамт ороогүй. Манай гэр 19 дүгээр хороололд байдаг. Тухайн өдрийн процессыг бол мэдээд байна. Байранд оруулахгүй байна гэдэг асуудал 1 жил хагасын дараа гарсан. П.Г үлдэгдэл мөнгөний талаар ярьж холбогдсон...гэж мэдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх Э.Эын нэхэмжлэлээс хариуцагч Ч.Гд холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, П.Гад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч П.Гад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “П.Гтай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлж байгуулсан, хүчин төгөлдөр гэрээний дагуу Орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэн авч, төлбөрийн урьдчилгаа 70,000,000 төгрөгийг хариуцагчийн нэрлэн заасан Б.Балжиннямын данс руу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шилжүүлсэн боловч орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир эрх шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах, ** тоот орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгахаар шаардаж байна” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч П.Г нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “бичгээр гэрээ байгуулсан гэдэгт маргаан байхгүй боловч уг гэрээг нэхэмжлэгч өөрөө байгуулаагүй, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй учир хүчин төгөлдөр бус, гэрээний дагуу П.Гын гэрээнд заасан дансанд төлбөрийг төлөөгүй учир гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан, тухайн орон сууц гуравдагч этгээдийн өмчлөлд байгаа учир орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг харицуагч П.Г хүлээх боломжгүй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдов.

            4.1. Хариуцагч П.Г нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ч.Гтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээг бичгээр хийж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж байсан 10 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгаас 10 дугаар давхарт 61,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 49,815,000 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцож, гэрээний төлбөрийг АГГ-20/19 тоот Арматур худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлж, төлбөр тооцоо бүрэн дууссан талаар тусгасан байна. /хх-86/

            4.2. Дээрх гэрээний захиалагч П.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Э.Этай Орон сууцны захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг, мөн оны 09 дүгээр сарын **-ны өдөр Г.Атэй Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, Э.Эт орон сууцыг 92,250,000 төгрөгөөр, урьдчилгаа 77,250,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг байр ашиглалтанд орж улсын комисс хүлээн авсны дараа төлж барагдуулах, төлбөрийг П.Гын Хаан банк дахь ***тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Харин Г.Ат захиалагчийн эрхээ 107,625,000 төгрөгөөр шилжүүлэх, төлбөрийг дансаар шилжүүлэн төлсөн болохыг гэрээнд тусгажээ. /хх-4, **/

            4.3. Нэхэмжлэгч Э.Э гэрээний төлбөрт өөрийн Хаан банк дахь харилцах данснаас Г.Баярзолбоогийн данс руу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 70,000,000 төгрөгийг “Эаас орон сууц худалдан авах” гэх гүйлгээний утгаар шилжүүлж, тухайн өдрөө Г.Баярзолбоогоос 68,000,000 төгрөгийг “Э байр урьдчилгаа” гэх гүйлгээний утгаар Хаан банк дахь ***тоот данс руу шилжүүлсэн байна. /хх-8/

            4.4. Харин гуравдагч этгээд Г.А гэрээний төлбөр 107,625,000 төгрөгийг хариуцагч П.Гын Хаан банк дахь ***тоот дансанд 2021 оны 09 дүгээр сарын **-ны өдөр “Орон сууцны 100 хувь төлөлт 8800**97 Аээс” гэх гүйлгээний утгаар шилжүүлжээ. /хх-90/

5. Хариуцагч П.Гын нэхэмжлэгч Э.Этай байгуулсан гэрээнд “Э” гэж гарын үсэг зурагдсан байгаа боловч нэхэмжлэгч өөрийн биеэр гэрээг байгуулаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярзолбоогоор дамжуулан хийсэн гэж тайлбарлах бөгөөд хариуцагч талын зүгээс гэрээ бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн талаар маргаагүй. Тиймээс тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй байна.

            6. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцХ төлөөлүүлэгчид бий болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө төлөөлүүлэн талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

            6.1. Харин талуудын байгуулсан гэрээний хувьд Иргэний хуулийн 260 дугаар зүйлд заасан “эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авах” гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Уг гэрээний дагуу эрх худалдахад худалдагч нь уг эрх хүчин төгөлдөр болох тухай үндэслэл гаргах, эрх шилжүүлэхтэй холбогдсон зардлыг Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцна.  

            6.2. Нэхэмжлэгч нь хариуцагч П.Гад гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 77,250,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг орон сууцыг улсын комисс хүлээж авсны дараа төлөхөөр харилцан тохиролцож, тэрээр 70,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр иргэн Г.Баярзолбоогийн дансанд “Э байрны урьдчилгаа” гэх утгаар шилжүүлсэн, уг мөнгийг Г.Баярзолбоогоос Б.Балжиннямд шилжүүлсэн болох нь дансны хуулга болон гэрч Б.Балжиннямын тайлбараар тогтоогдож байна.

            6.3. Тухайн төлбөрийг Б.Балжиннямаас П.Гад хүлээлгэн өгсөн эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд гэрч Б.Балжиннямын тайлбараар энэ үйл баримт бүрэн тогтоогдоогүй боловч гэрээ байгуулагдсан өдөр 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн, тухайн мөнгийг хүлээн авсан Б.Балжинням нь хариуцагч П.Гтай ажил хэргийн хувиар холбоотой байдаг гэх зохигчдын болон гэрчийн тайлбараар гэрээний үнэ 70,000,000 төгрөг хариуцагч П.Гад төлсөн гэж үзэх боломжтой. Гэвч гэрээгээр тохирсон 77,250,000 төгрөгийг нэхэмжлэгч нь бүрэн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрх үүсээгүй гэж үзэхээр байна.

            7. Түүнчлэн, Иргэний хуулийн 250.1 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч П.Гаас нэхэмжлэгч Э.Э, гуравдагч этгээд Г.А нарын хэн алинтай нь эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Г.А хөрөнгийг эзэмшилдээ авсан байх тул хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрхийн хүрээнд, хүчин төгөлдөр гэрээний дагуу гуравдагч этгээд Г.А гэрээний зүйлийн өмчлөгч болсон байх тул тухайн хөрөнгийг өөрийн өмчлөлд авахыг нэхэмжлэгч шаардах эрх үүсээгүй гэж дүгнэн, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            8. Нэхэмжлэгч Э.Э нь маргаан бүхий Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээний улмаас учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

            9. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ** дугаар зүйлийн **.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Гыг “2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах 61,5 мкв 2 өрөө орон сууцыг Э.Эт хүлээлгэн өгөхийг даалгах” тухай нэхэмжлэгч Э.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ** дугаар зүйлийн **.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА