2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/04489

 

 

 

  

    2025              05            27                                              192/ШШ2025/04489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, Их эзэн Ч хааны нэрэмжит талбай, Сити тауэр барилга, 18 давхар ***тоот хаягт байрлах “Е о” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горький 9 дүгээр гудамж, ****тоот хаягт байрлах “Ч Г” ХХК-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32,197,350 /гучин хоёр сая нэг зуун ерэн долоон мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анарзаяа оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Удвал хөтлөв.

ТОДОРХоОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Е о” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд, уг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“Е о” ХХК болон “Ч Г” ХХК нар 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 003 дугаартай Автомашины тос, тосолгооны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь Нидерланд улсын Еп брендийн автомашины тос, тосолгооны бүтээгдэхүүнийг гэрээнд заасны дагуу хариуцагч компаниас өгсөн захиалгын дагуу нийлүүлэх, хариуцагч нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 5.5-д заасны дагуу хариуцагч нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэгчээс илгээсэн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон байдаг. Гэрээний дагуу хариуцагчид нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг огноотой нь харуулбал: 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 07 дугаар сарын 08-ны өдөр 8,754,000 төгрөг, мөн өдөр 10,323,000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 10,058,400 төгрөг, мөн өдөр 329,500 төгрөг, нийт 39,464,900 төгрөгийн автомашины тос, тосолгооны бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Гэвч хариуцагч нь гэрээний дагуу захиалга өгч хүлээн авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөлт хийгээгүй ба төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагч бараа бүтээгдэхүүн худалдаж авсан өдөр өдөрт нь гаргаж өгсөн. Хариуцагч компани төлбөрийг нэхэмжлэхийн дагуу төлөөгүй учир 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгааг талуудын нягтлан бодогч нар үйлдэж, баталгаагаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 39,464,900 төгрөгийг төлөх төлбөртэй болохыг баталгаажуулсан. Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэнээс хойш хариуцагч “Ч Г” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлж, гэрээний дагуу худалдан авалтаас 32,964,900 төгрөгийг төлөөгүй нэхэмжлэгчийг ноцтой хохироож байна. Гэрээний 5.7-д заасны дагуу хэтэрсэн хугацааны алдангийг хоног тутамд 0,2 хувиар тооцоход нийт 8,207,265 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Иймд нийт 41,172,165 төгрөгийг хариуцагч “Ч Г” ХХК-иас гаргуулахаар шаардсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч “Ч Г” ХХК нь 11,500,000 төгрөг төлсөн байсан. Уг төлбөрийг хасаад үндсэн төлбөрийн үлдэгдэл 21,464,900 төгрөг, алданги 15,981,046 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 10,732,450 төгрөгийн алданги, нийт 32,197,350 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна...гэв.

 2. Хариуцагч “Ч Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-5/, Автомашины тос, тосолгооны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний эх хувь /хх-7-11/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-12/, Тооцооны үлдэгдлийн баталгааны эх хувь /хх-13-14/,  

4. Хариуцагч талаас гаргасан баримтууд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-35-36/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-37/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-38, 54/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “Е о” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч “Е о” ХХК нь хариуцагч “Ч Г” ХХК-д холбогдуулан Автомашины тос, тосолгооны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41,172,165 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч талаас төлсөн 11,500,000 төгрөгийг хасаж, үндсэн төлбөрийн үлдэгдэл 21,464,900 төгрөг, алданги 10,732,450 төгрөг, нийт 32,197,350 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

            2.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч тал гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэгүйн улмаас үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шаардаж байна” гэж тодорхосон.

            3. Хариуцагч “Ч Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, С.Бнар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд С.Бажлаас чөлөө авсан гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг “Ч Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ишүүхэд ирүүлсэн боловч түүний хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдал баримтаар тогтоогдоогүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, хариуцагч талын эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан талуудын байгуулсан гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

            4.1. Талууд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 003 тоот Автомашины тос, тосолгооны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, худалдагч “Е о” ХХК нь худалдан авагч “Ч Г” ХХК-д гэрээний хавсралтад заасан бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан авагч нь тохирсон төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0,2 хувиар алданги тооцож төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

            4.2. Гэрээг бичгээр үйлдэн, талуудыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарж баталгаажуулсан байна.

            4.3. Улмаар гэрээний талуудын нягтлан бодогч нар 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, уг баталгаагаар 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзээд “Ч Г” ХХК нь “Е о” ХХК-д 39,464,900 төгрөгийн төлбөртэй гарсныг харилцан баталжээ.

            4.4. Дээрх тооцоо нийлсэн баталгаа үйлдсэнээс хойш хариуцагч “Ч Г” ХХК-иас нэхэмжлэгч “Е о” ХХК-д 4 удаагийн гүйлгээгээр нийт 6,500,000 төгрөг, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 11,500,000 төгрөгийг тус тус төлсөн талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.

            5. Талууд гэрээгээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн байх боловч тус гэрээнд Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлагад нийцээгүй буюу зээлийн хүү тооцох талаар тохиролцоогүй байх тул гэрээний агуулгаас тодорховол Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

            6. Уг гэрээ нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

            7. Нэхэмжлэгч “Е о” ХХК-ийн зүгээс гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг хариуцагч “Ч Г” ХХК-д нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн бол хариуцагч “Ч Г” ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үлдэгдэл төлбөр 21,464,900 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

            8. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүү буюу 10,732,450 төгрөгийн алдагийг хариуцагчаас шаардсан.

            8.1. Талууд гэрээний 5.7 дахь хэсэгт “Худалдан авагч тал нь гэрээний 5.4 дэх заалтад тусгасан хугацаанд борлуулсан барааны үнийн дүнг худалдагч талд шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувиар тооцож хэтрүүлсэн хугацааны алдангийг худалдагч талд төлнө” гэж заасан байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.3 дахь хэсгүүдэд нийцжээ.

            8.2. Хариуцагч “Ч Г” ХХК нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул гэрээ болон хуульд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээнэ.

8.3. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хэмжээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны алдангийг тооцоход 15,981,046 төгрөг болж, нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн учир гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 21,464,900 төгрөгийн 50 хувьд нийцүүлэн 10,732,450 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасанд нийцсэн байна.

8.4. Иймд дээрх үндэслэлээр алданги 10,732,450 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

9. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас мөн хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуульчилсан.

9.1. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасны дагуу багасгаж буй нэхэмжлэлд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

9.2. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,811 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлд тооцогдох 318,937 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ч Г” ХХК-иас 32,197,350 /гучин хоёр сая нэг зуун ерэн долоон мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Е о” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,811 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ч Г” ХХК-иас 318,937 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Е о” ХХК-д олгосугай.

3. Шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.САРАНТУЯА