| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05772/И |
| Дугаар | 192/ШШ2025/04435 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04435
2025 05 22 192/ШШ2025/04435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 42 дугаар /хуучнаар 14 дүгээр/ хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, Өгөөмөр хотхон, **а дугаар байрны ** тоот хаягт оршин суух, Боржигин ургийн овогт М овогтой Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, АОС-52 дугаар байрны 5 тоот хаягт оршин суух, Төвд ургийн овогт Ж овогтой Г,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 42 дугаар /хуучнаар 14 дүгээр/ хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, **а дугаар байрны ** тоот хаягт оршин суух, Боржигин ургийн овогт Г овогтой М нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ж.Гаас 24,500,000 /хорин дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг, Г.Мээс 23,981,000 /хорин гурван сая есөн зуун наян нэгэн мянган/ төгрөг гаргуулах тухай М.Мийн үндсэн нэхэмжлэл,
М.Моос орон сууц ашигласан хугацааны түрээсийн төлбөр 43,400,000 төгрөг гаргуулах тухай Ж.Гын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дамбаасүрэн, хариуцагч Ж.Г, түүний өмгөөлөгч У.Пэрэнлэйжамц, хариуцагч Г.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
1.1. Би байр худалдан авахаар хайж байгаад фейсбүүк зарын дагуу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам гудамж буюу Өгөөмөр захын хойно байрлах Өгөөмөр хотхоны **а байрны ** тоотод очиход тус компанийн захирал Г.Мтэй очиж уулзахад “...манай компани байрыг барьж ашиглалтад оруулсан, айлууд эхнээсээ орж байгаа, урьдчилгаа төлбөрөө одоо төлөөд, үлдэгдэл төлбөрийг 2 жилийн хугацаанд төлж дуусгаад гэрчилгээ гаргаж өгнө, захиалгаа баталгаажуулахын тулд 3,000,000 төгрөг хийчих, эргэж ирээд гэрээгээ хийгээрэй, улсын комисс хүлээж авах дутуу байгаа” гэсэн. Түүний үгэнд итгэж, тус компанитай гэрээ байгуулна гэсэн ойлголттойгоор Г.Мийн Хаан банк дахь *****тоот дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 19,981,000 төгрөг, 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 23,981,000 төгрөгийг Г.Мт төлсөн.
Манайх ** тоотод 2018 оны 08 дугаар сарын эхээр нүүж орсны дараа Г.Мтэй уулзаж гэрээ байгуулахыг хэлэхэд “манай хөрөнгө оруулагч Ж.Гтай гэрээ байгуулна” гэж танилцуулаад, Ж.Г нь “би энэ компанийн хөрөнгө оруулагч юм, надтай гэрээ хийж болно, цаашид мөнгөө надад төлж яваарай” гэсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 08 тоот Орон сууц захиалгын гэрээ байгулсан. Гэрээгээр би **а байрны 10 давхарт байрлах 42,44 м.кв 2 өрөө орон сууцыг 72,148,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийн хуваарийг тохиролцон, гэрээний хавсралтад тодорхойлсон. Ж.Гын зөвшөөрснөөр Г.Мт төлсөн урьдчилгаа төлбөрийг байрны төлбөрт тооцож, үлдэх төлбөрийг Ж.Гт төлж дуусгаад орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар тохиролцсон. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл сар бүр Ж.Гт байрны төлбөрт шилжүүлсээр 24,500,000 төгрөг төлж, нийт байрны төлбөрт 48,481,000 төгрөг төлсөн.
Би төлбөрийг үргэлжлүүлэн төлөх боломжтой байсан боловч 2020 оны 08 дугаар сард Монгол улсын Хөгжлийн банкны ажилтан гэрт ирж тус байр Хөгжлийн банкны өмч тул чөлөөлөх тухай мэдэгдлийг миний эхнэрт үлдээсэн байсан. Мэдэгдлийг уншсан даруйдаа Ж.Г руу залгаж лавлахад “банкин дээр жаахан асуудал байгаа, санаа зоволтгүй, төлбөрөө хуваарийн дагуу төлөөд явж бай” гэсэн. Би үгэнд нь итгэж 2020 оны 08-12, 2021 оны 01 дүгээр сарын төлбөрийг шилжүүлээд байж байтал Хөгжлийн банкнаас М ХХК-ийн зээлийн барьцаанд **а байрны хэд хэдэн орон сууцыг тавьсан, зарим нь тус банкны өмчлөлд шилжсэн гэх яриа оршин суугчдын дунд гарах болсон тул 2021 оны 2, 3 дугаар сарын төлбөрийг шилжүүлээгүй ба 4 дүгээр сарын 16-нд хуваарьт төлбөр 1,000,000 төгрөгөө төлсөн. 2021 оны 05 дугаар сард бүх нийтийн хөл хорио цуцлагдсаны дараа би Хөгжлийн банкны ажилтантай холбогдож мэдэгдлийн талаар лавлаад Ж.Гтай ярьсан боловч “асуудлыг шийднэ, банкинд багахан төлбөртэй байгаа” гэж хэлээд үүнээс хойш төлбөр нэхэхээ больсон. 2022 оны 08 дугаар сард Хөгжлийн банкнаас байр чөлөөлөх мэдэгдэл, өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарын хамт хаалганы гадаа наасан байсан. Ингээд би болон бусад 18 захиалагч хамтран 2022 оны 10 дугаар сард өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, болсон үйл явдлыг бид олж мэдсэн.
“М” ХХК, Ж.Г нар 2017 оны 07 дугаар сард Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулан, **а байрыг барих, хөрөнгө оруулах, ашиг хуваарилхаар тохиролцсон байна. “М” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын Хөгжлийн банктай №ЗГ-МГ-З-2018-150 тоот зээлийн гэрээ, №Б-МГ-ҮХХ-2018-151 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалан зээл авч, “М” ХХК зээлийн зөрчил гаргасан тул талууд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр №2/122 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан, гэрээний хавсралтаар **а байрнаас 45 орон сууцыг Монгол улсын Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлж, “М” ХХК-ийн зээлийн үлдэгдлээс суутгахаар тохиролцсон байна. Банк 2019 оны 09 дүгээр сард 45 орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлж, гэрчилгээ авсан ба 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус орон сууцны өмчлөгчөөр Ү-2204103534 дугаарт бүртгүүлсэн байна. Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний хавсралтад заасан 45 орон сууцны нэг нь ** тоот буюу миний худалдаж авахаар захиалсан байр байсан.
Үүрэг гүйцэтгэгч Ж.Г нь Орон сууц захиалгын гэрээний 3.6-д заасныг зөрчиж, надад худалдахаар тохиролцож төлбөр авсан байрыг хууль ёсны эзэмшигч надад мэдэгдэхгүйгээр “М” ХХК-ийн зээлийн төлбөрт суутгуулан Хөгжлийн банкинд шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан төдийгүй банк өмчлөгч болсон нь Ж.Гыг гэрээний үүрэг зөрчсөнийг илэрхий харуулж байна.
Бид өмгөөлөгчийн хамт Хөгжлийн банктай уулзаж хэлэлцсэний дүнд тус банкны өмчлөлд шилжсэн өөрсдийн орон сууцыг банкнаас худалдаж авахыг зөвшөөрч, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр банктай №2/103 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ** тоот орон сууцыг 50,397,500 төгрөгөөр худалдаж авснаар хууль ёсны өмчлөгч болсон. Хэрэв Ж.Г гэрээний үүргийг зөрчиж, тус банкны өмчлөлд байрыг шилжүүлээгүй бол би гэрээний дагуу түүнд төлөх үлдэгдэл 23,667,000 төгрөгийг төлөөд өмчлөгч болох боломжтой байсан. Иймд Ж.Гтай байгуулсан гэрээнээс татгалзаж, түүнд төлсөн 24,500,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардаж байна.
Г.М нь дээрх гэрээний оролцогч биш, М.М, Г.М нарын хооронд үүрэг үүсээгүй тул тухайн байрны төлбөр 23,981,000 төгрөгийг авах эрхгүй этгээд байсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар Г.Мт төлсөн 23,981,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.
1.2. Өмгөөлөгч: Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан гэдэг дээр болон гэрээний хүчин төгөлдөр байдал дээр талууд маргадаггүй. Төлбөр шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байгаа. Ж.Г нь орон сууцны гэрчилгээг захиалагчийн нэр дээр шилжүүлэх үүргээ зөрчсөн. Хөгжлийн банктай Ж.Г болон “М” ХХК нар гэрээ байгуулаад 45 орон сууцыг шилжүүлсэн. Ж.Г энэ талаар мэдэхгүй гэдэг боловч гэрээний 1.2 дээр эдгээр орон сууцнуудыг шилжүүлж байгаа талаар дурдаж, гэрээний хавсралтад нэхэмжлэгчийн орон сууц бичигдсэн байдаг. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөнгөө төлөөд гэрээний үүргээ биелүүлээд явж байсан орон сууцыг Хөгжлийн банкинд шилжүүлээд, банк анхны өмчлөгчөөр бүртгүүлснээр гэрээний үүргийн зөрчил үүссэн. Үүнийг 2020, 2021 онд мэдээд хариуцагч талд мэдэгдэж байсан. Энэ талаар хариуцагч тал маргадаггүй. Нэгэнт гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон учраас нэмэлт хугацаа олгох шаардлагагүй тул мөнгөө буцааж авахыг хариуцагч нараас шаардаж байсан. Ж.Гаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 24,500,000 төгрөгийг шаардаж байгаа. Анх Г.Мийн зөвшөөрлөөр орон сууцанд орсон байдаг. Тухайн үед ямар ч гэрээ хийгээгүйгээр урьдчилгаа төлбөрийг төлүүлээд оруулсан. Үүний дараа Ж.Гтай гэрээний эрх зүйн харилцаанд орсон. Харин Г.Мтэй аливаа бичгээр гэрээ хийгдээгүй байхад тэрээр М.Моос төлбөр нэхэмжилж авсан. Дараа нь Ж.Гтай гэрээ хийсэн учраас энэ гэрээнээс татгалзаж талуудын үүрэг хожим дуусгавар болж байгаа учраас Г.Мт төлсөн мөнгийг буцаан шаардах шаардлагад хамаарна гэж үзэж байгаа. Орон сууцыг барихад зарцуулсан зардал гэж тайлбарлан Г.М өөрийн дансны хуулгыг гаргасан боловч тухайн зардлууд нь М.Мийн орон сууцанд зарцуулагдсан эсэх нь тодорхой биш байгаа...гэв.
2. Хариуцагч Г.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхойлохдоо Г.Мт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд Г.Мийн хувьцаа эзэмшиж, гүйцэтгэх захирал хийдэг компани болох “М” ХХК-ийн барьсан **а байрыг Г.Мээс аваагүй, Ж.Гаас авсан учраас Г.Мт төлсөн мөнгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжилж байгаа талаар бичжээ. Г.М нь “М” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг, компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хийдэг бөгөөд хариуцагч Ж.Гтай 2017 онд Хамтран ажиллах гэрээ байгуулж, тухайн гэрээний дагуу Ж.Гт нэр бүхий 45 орон сууцыг барилга баригдаж дууссаны дараа хүлээлгэж өгсөн. Ж.Гтай дараагийн төсөл болох 74а байрны ажил дээр хамтран ажиллахаар тохирсон байдаг. 74а байранд Ж.Г нь хамтран ажиллахдаа төслийн бүх мөнгийг өөрөө 100 хувь гаргана гэсэн боловч гаргаагүй ба уг барилгаа явуулахын тулд тухайн 45 айлын орон сууцыг Ж.Г нь Хөгжлийн банкинд барьцаалж зээл авахаар болсон. Гэвч тэрээр “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш учраас компани дээр зээл гарч, уг зээлийн барьцаанд 45 айлын орон сууцыг барьцаалсан. Нэхэмжлэгчийн өгсөн гээд байгаа 23,981,000 төгрөг нь “М” ХХК-ийн захирал Г.Мийн хувийн данс руу орсон боовч уг мөнгөнүүд бүгд Ж.Гын оруулсан хөрөнгө оруулалт болж, “М” ХХК нь тус мөнгөөр дараагийн төслөө санхүүжүүлсэн ба Г.М хувьдаа хэрэглэж, үрж зараагүй. Мөнгө хүлээн авсан Г.Мийн данс нь “М” ХХК-ийн кассын дансаар ашиглагддаг байсан.
Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээ няцаажээ. Учир нь анх маргаан бүхий байрыг худалдах, худалдан авах хэлцлийг “М” ХХК-тай хийж байсан талаар бичсэн, мөн хэлцлийн дагуу мөнгөө компанид төлсөн гэдгээ хэлээд байгаа мөртлөө Г.Мтэй гэрээ байгуулаагүй, түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон нь үндэслэл муутай болжээ. Хэрэв Ж.Г нь Хөгжлийн банк дахь зээлийг хариуцан төлж дуусгасан бол энэ маргаан үүсэхгүй байсан ба түүний хөрөнгө оруулалт албан ёсоор тооцогдож явах ёстой байсан. Ж.Г **а байрны хөрөнгө оруулалтыг ч дутуу хийсэн ба тэрээр “М” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хянагдаж байгаад хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэлд бас нэг логикийн алдаа байгаа нь нэхэмжлэгч одоо Хөгжлийн банкнаас 50 гаруй сая төгрөг төлж өөрийн байрыг суллаж авснаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ “М” ХХК-ийн барьсан 78 гаруй сая төгрөгийн байрыг бараг үнэгүй шахуу авах сонирхлоо иймэрхүү байдлаар шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.
2.2. Өгөөмөр авто захын зүүн талд байх Өгөөмөр хотхоныг “М” ХХК барьж ашиглалтанд оруулсан. Компанийн хувьцаа эзэмшигч Г.М, Г.Гантулга нар нь компанийг ээжээсээ өвлөж аваад байрыг ашиглалтанд оруулсан. Барилгыг барихад Ж.Г хөрөнгө оруулъя гэж ирээд 2017 онд гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу хөрөнгөө 100 хувь гаргаад **а гэдэг байрыг ашиглалтанд оруулсан. Үүнийхээ дагуу жагсаалтаар 45 ширхэг байрыг Ж.Гт өгсөн. 2018 оны 08 дугаар сард М.М гэдэг хүнээс анхны ** тоот гэдэг байрных нь мөнгө орж ирсэн. Тэр нь байранд зарцуулагдах ёстой төлбөр юм. Тухайн байрыг барихад Ж.Г 100 хувь хөрөнгөө оруулаагүй. Энэ маргаан нь ч шүүх дээр хянагдаж байгаа. М.Мтой анх 2022 онд Улсын бүртгэлийн газарт уулзсан. Энэ үед бүх баримтуудыг үзүүлсэн. Улсын комисс 09 дүгээр сард хүлээж авсан учраас үүнээс өмнө өгсөн мөнгө барилгад зарцуулагдсан гэж үзнэ. Г.М бол өөрөө хувьдаа мөнгийг зарцуулаагүй. Энэ байрны өртөг 72,148,000 төгрөгөөр анх гэрээ байгуулсан байна. Анх энэ үнэлгээг талууд тохиролцоод энэ хэмжээгээр үнэлж, 30 хувийг нь өгөөд байрандаа орсон. Үлдэгдэл төлбөрийг Ж.Г руу өгөхөөр тохиролцсон. Энэ талаар бүгд мэдэж байгаа. Гэрээний дагуу авсан мөнгөө бол Ж.Г нь М.Мид буцаан өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэлийн шаардлага өөрөө үндэслэл муутай байгаа. Хөгжлийн банкинд байрыг шилжүүлж өгснөөр Орон сууц захиалгын гэрээ дуусгавар болсон байгаа юм. Ж.Г, Г.М, “М” ХХК нарын асуудал бол энэ хэргээс тусдаа асуудал. Ж.Г хөрөнгө оруулсан эсэхээс үл хамааран энэ барилгыг хамтарч босгосон. Зээлийн гэрээ байгуулаад Хөгжлийн банкнаас 4,000,000,000 төгрөгийн зээл авахаар шийдвэр гаргуулсан. 2,100,000,000 төгрөг олгогдоод, үлдсэн нь олгогдоогүй байдаг. Үүний барьцаанд Ж.Гт шилжүүлсэн 45 байрыг барьцаалсан нь үнэн. Гэрээ анхнаасаа байгуулагдаагүй гээд байна. Худалдах, худалдан авах гэрээн дээр бичгээр болон амаар байгуулах боломжтой. Гэрээний үүргийг орон сууц захиалгын гэрээгээр 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ж.Г шилжүүлж авсан. М.М өөрөө насанд хүрсэн хүн бөгөөд гэрээ байгуулаад, гэрээний хуваарийн дагуу тогтмол төлбөрөө төлөөд явж байсан байна. Гэрээний 4.1-д 2018 оны 08 дугаар сарын 09-нд 21,981,000 төгрөг төлнө гэж заагаад “М” ХХК-д төлсөн нь төлбөрт тооцогдсон байгаа юм. Хожим үүрэг дуусгавар болсон гээд байгаа. Өгсөн авснаа буцаана гэж байгаа бол зөвхөн Ж.Гаас л шаардана. 72,148,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Үлдсэн 30 хувь нь 2017 оны 07 дугаар сарын 06-нд Ж.Гтай байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу төлбөрийн 30 хувийг компани аваад, үлдсэнийг Ж.Г хариуцахаар байгаа. М.М бол “М” ХХК-иас мөнгийг шаардаагүй, Г.Мээс шаардсан. Г.М үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, “М” ХХК энэ мөнгийг захиран зарцуулсан байна. Иймд Г.Мт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
3. Хариуцаг Ж.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч Ж.Г нь өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
3.1. Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Гыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэн гэрээнээс татгалзаж, 24,500,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон байна. Гэтэл “М” ХХК нь **а, 74а байрнаас зөвхөн Ж.Гт ногдох орон сууц борлуулагдсан, захиалагч нарын төлбөрөө төлчихсөн орон сууцнуудыг түүнд мэдэгдэлгүйгээр Монгол улсын Хөгжлийн банкинд барьцаалж зээл авсан болохыг мэдсэн ба улмаар гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрт дээрх барьцаа хөрөнгүүдийг шилжүүлсэн байдаг. Үүний улмаас М.Мтой байгуулсан Орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцыг “М” ХХК, түүний захирал Г.М нь залилж, бусдын барьцаанд тавьж, өр төлбөртөө шилжүүлсэн үйл баримт тодорхой болсон. Анх Ж.Г нь “М” ХХК-тай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц барихаар төлөвлөж Өгөөмөр нэртэй 2 блок орон сууцны хотхоны төслийн эхний ээлж болох 2 давхар карказ боссон байсан 132 айлын **а рон сууцны барилгад хамтран ажиллахаар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “М” ХХК нь 3.1.2-д зааснаар **а байрнаас ашигтай талбайн 30 хувь болон зоорийн давхрын зогсоолын 30 хувийг өмчлөх, Ж.Г нь нийт ашигтай талбайн болон зоорийн давхрын ** хувийг өмчлөхөөр харилцан тохиролцсон юм. Улмаар баригдаагүй байсан 74а байранд мөн хамтран ажиллахаар болж 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 02 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Ж.Г нь 74а байрны 2,3,5,6,7,8,9,11,12 давхрын 108 айл өмчлөх, 1 давхрын үйлчилгээний талбайн 50 хувийг, зоорийн давхарт байрлах зогсоолын 50 хувийг тус тус өмчлөхөөр тохирсон.
Ж.Г дээрх барилгыг барихад шаардагдах хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, бараа үйлчилгээ, автомашин, баригдаж буй барилгаас өөрт ногдох хэсгээс бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэгч нарт арилжааны журмаар шилжүүлэн өгөх зэргээр шаардлагатай хөрөнгө оруулалт оруулж байсан. Гэтэл “М” ХХК нь **а, 74а байрнаас зөвхөн Ж.Гт ногдох орон сууцнуудыг түүнд мэдэгдэлгүйгээр Монгол улсын Хөгжлийн банкинд барьцаалж зээл авсан болохыг мэдсэн ба гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрт дээрх барьцаа хөрөнгүүдийг шилжүүлсэн байсан. Байрнууд ашиглалтанд орсон ч барилгын гүйцэтгэгч компани болон хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан үүсэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Г нь “М” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүхээс уг хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэсний дараа шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоогоор Хөгжлийн банкны гомдолтой “М” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг, урьдчилгаа төлбөр авч залилсан гэх захиалагч нарын гомдолтой “М” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг, бусдын ногдох орон сууц, талбайг барьцаалж хөрөнгөжин залилуулсан гэх Ж.Гын гомдолтой “М” ХХК, түүний захирал Г.М нарт холбогдох хэрэг эрүүгийн журмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албанд тус тус шалгагдаж байгаа.
Нэхэмжлэлд дурдсанаар Ж.Г нь гэрээний үүргээ зөрчиж, захиалсан орон сууцыг Монгол улсын Хөгжлийн банкинд шилжүүлсэн гэх боловч үүнд “М” ХХК, захирал Г.Мийн хууль бус буруутай үйлдлийн улмаас уг нөхцөл байдал үүсэж, олон захиалагч болоод хөрөнгө оруулагч Ж.Г мөн хохирч үлдсэн. Ж.Г нь “М” ХХК-ийн дээрх үйлдлийн улмаас өөрт ногдох хөрөнгийг шилжүүлэн авах боломжгүй болж, цаашлаад захиалагч нартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгч чадахгүйд хүрсэн. Иймд маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэнтэй холбоотой хэд хэдэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул Өгөөмөр хотхоны гүйцэтгэгч “М” ХХК-ийн хууль бус үйлдлийг шалгуулж, эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэний дараа энэ маргаан шийдвэрлэгдэх шаардлагатай гэж үзэж байна.
3.2. “М” ХХК-тай хөрөнгө оруулах гэрээ хийгээд би ** хувь эзэмших, компани 30 хувь эзэмшихээр байсан. “М” ХХК өөрийн борлуулалтаар миний байрнуудыг зарсан байдаг. Хувь дансаараа мөнгө авсан байсныг би мэдээд өөрийн төлөөлөгч н.Баярааг явуулж зарсан байрнуудын айлууд руу яриулж байж тэр цаг хугацаанаас хойш надад мөнгө нь орж ирсэн. Банкны зээлийн төлбөрт тооцож шилжүүлэхээр тохиролцсон нотариатаар гэрчлүүлсэн тухайн гэрээний хувьд өөр байр өгнө гэж байснаа надад мэдэгдэхгүйгээр миний хариуцсан байрнуудыг өгсөн байдаг. Үүнийг мэдсээр байж давхар Хөгжлийн банкинд барьцаанд тавьсан байсан. Нилээн олон айл ийм байдалтай явж байгаа. Хөгжлийн банкнаас 4,000,000,000 төгрөгийн зээл аваад 1,200,000,000 төгрөг дээр дөхөж ирж байхад “М” ХХК нь зээлийн мөнгийг буруу ашиглаж 2 ширхэг Ланд круйзер машин авсан учраас Хөгжлийн банкнаас асуудал үүсгэсэн. 45 айлыг худалдсан гэрээнд намайг гарын үсэг зурсан гээд байгаа нь: Г.М надад зарагдаагүй байгаа 45 айлаасаа шилжүүлье гэж хэлсэн учраас би гарын үсэг зурсан боловч хавсралтыг дараа нь харахад миний хариуцсан айлууд орсон байсныг сүүлд мэдсэн. Надад мэдэгдэхгүйгээр миний мөнгийг өөрийн хувь дансаар авдаг. Миний юмыг захиран зарцуулах эрхгүй учраас залилуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. М.М бид хоёр давхар хохирогч нар юм.
3.3. Өмгөөлөгч: Ж.Гаас 24,500,000 төгрөгийг гэрээнээс татгалзаад шаардаж байгаа юм байна. Дансны хуулгуудыг харахад 24,500,000 төгрөгийн зарим баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлох, үүнийгээ баримтаар нотлох үүргийг нэхэмжлэгч хүлээнэ. 2018 онд Ж.Гтай гэрээ байгуулаад төлбөрөө төлж амьдарч байгаад 2023 онд Хөгжлийн банкнаас 50 орчим сая төгрөгөөр тухайн байраа худалдаж авсан байгаа. Ж.Гтай 2018 онд байгуулагдсан гэрээний дагуу Ж.Гыг өмчлөгч гэж ойлгож байснаа нэхэмжлэгч тайлбарлаж байсан. Хөгжлийн банкнаас худалдаж авахаасаа өмнө Ж.Гтай гэрээ байгуулсан байсан. Ж.Гын зөвшөөрлөөр Хөгжлийн банк руу шилжүүлсэн зүйл байхгүй. ** хувийн хөрөнгө оруулагч нь Ж.Г мөн гэдэг нь харагддаг. Зээлийн болон барьцааны гэрээн дээр Ж.Г гарын үсэг зурсан нь тусдаа асуудал юм. Тэр хавсралт дээр Ж.Г гарын үсэг зураагүй. Нотариатч тэр хавсралтын зөвхөн Хөгжлийн банкны тамгатай хэсэг дээр тэмдэг дарсан байсан. Өөрийнхөө байгуулсан гэрээг нотариатч баталж өгөх ёстой. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг нь баримтаар нотлогдохгүй байна...гэв.
4. Хариуцагч Ж.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М.М нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар Ж.Гт төлсөн төлбөрөө буцаан шаардахаар нэхэмжилж байгаа бол түүний зөвшөөрлөөр эзэмшиж байсан хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, **а байр үл хөдлөх хөрөнгийн 2018 оны 09 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэлгээг хийлгэж, нэхэмжлэгчийн эзэмшсэн хугацааны төлбөрт 43,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хөгжлийн банкнаас худалдаж авах хүртэл амьдарсан цаг хугацааных нь төлбөрийг ийм хэмжээний түрээс байх гэж үзээд шаардаж байгаа. Нэхэмжлэгч нь Ж.Гт холбогдуулаад тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаад явах боломжтой байсан ч энэ шаардлагаа хэрэгжүүлээгүй, өөрсдөө Хөгжлийн банктай гэрээ байгуулж худалдаж авчихаад одоо ийм шаардлага гаргаад байна. Ж.Гын зөвшөөрлөөр уг орон сууцанд амьдарч байсан л учир “2018 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сард Хөгжлийн банкнаас худалдаж авах хүртэл эзэмшилдээ байлгаж байсантайгаа маргахгүй байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авснаа буцаах буюу Ж.Гын зөвшөөрлөөр амьдарч байсан учир энэ хугацаанд уг байрыг түрээслүүлсэн гэж үзээд 43,400,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж үзэж байна. Ж.Гтай байгуулсан гэрээний асуудал шийдвэрлэгдээгүй байхад өөр бусадтай гэрээ хийсэн байгаа нь буруу юм...гэв.
5. Нэхэмжлэгч М.М сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Би урьдчилгаа төлбөрт 22,981,000 төгрөгийг Г.Мт 2018 оны 08 дугаар сард шилжүүлээд орон сууцанд амьдарсан ба Ж.Гын зөвшөөрлөөр орон сууцанд орсон гэдэг нь бодит байдалд нийцэхгүй. Талуудын хэн аль нь гэрээнээс татгалзсанаар би ямар ч орлого олоогүй бөгөөд харин ч Ж.Гтай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөрөөс илүү төлбөрийг Хөгжлийн банкинд төлж орон сууцыг худалдаж авснаар нэмэлт хохирол учирсан. Миний хувьд ямар нэг ашиг олсон гэх ойлголт, үйл баримт байхгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар Ж.Гт буцааж өгөх ашиг байх боломжгүй. Түүнд орон сууцны төлбөрийг төлж амьдарч байсан учир өнгөрсөн хугацаанд үнэ төлбөргүй амьдарсан, Ж.Гыг хохироосон гэж үзэхгүй. Бидний хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, гэрээнээс татгалзсан тохиолдолд орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцож төлбөр төлөх, эсвэл суутгуулах зэрэг хэлцэл хийгээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Гаас юу ч аваагүй, түүний зөвшөөрөл шаардахгүйгээр буюу Г.Мийн зөвшөөрснөөр орон сууцыг эзэмшилдээ авсан учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу Ж.Гт буцааж өгөх зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна...гэв.
6. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-6/, Ж.Гтай байгуулсан Орон сууц захиалгын гэрээний хуулбар /1-р хх-7-12/, орон сууцны төлбөр төлсөн баримтууд /1-р хх-13-43/, Монгол улсын Хөгжлийн банк ХХК-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлсөн баримтын хуулбар /1-р хх-44-47/, М.Мийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-48/, УБЕГ-аас өмгөөлөгч Ж.Дамбаасүрэнд хариу хүргүүлсэн албан бичгийн хуулбар /1-р хх-59/, Хөгжлийн банкны мэдэгдэх хуудас /1-р хх-64/, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас өмгөөлөгч Ж.Дамбаасүрэнд хариу хүргүүлсэн албан бичиг, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар /1-р хх-131-133/,
7. Хариуцагч Ж.Гын шүүхэд гаргасан нотлох баримтууд: Хүсэлтийг бүрэн хангахаас татгалзах тухай Мөрдөгчийн тогтоолын хуулбар /1-р хх-150/, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2-р хх-8/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн түрээсийн үнэ тодорхойлсон дүгнэлт /2-р хх-14-33/
8. Хариуцагч Г.Мийн шүүхэд гаргасан нотлох баримтууд: “М” ХХК-ийн “Хаан банк” ХК дахь ****тоот дансны хуулга /1-р хх-206-208/, “М” ХХК-ийн зарлагын баримтын жагсаалт /1-р хх-219/, “М” ХХК “УББУ” ХХК-тай байгуулсан нэмэлт гэрээний хуулбар /1-р хх-220/, Зарлагын баримтуудын хуулбар /1-р хх-221-227/
9. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-65/, шүүгчийн захирамжийн дагуу УБЕГ-аас **а дугаартай барилгын өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийн хуулбар /1-р хх-80-81/, Монгол улсын Хөгжлийн банк, “М” ХХК нарын байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээ, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон албан бичгүүдийн хуулбар /1-р хх-82-105/-ыг ирүүлсэн.
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-112/, шүүгчийн захирамжийн дагуу Монгол улсын хөгжлийн банк ХХК-иас “М” ХХК-тай байгуулсан Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний болон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-124-127/-ыг ирүүлсэн.
- Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр нотлох баримт гаргуулж, гэрч асуухаар шийдвэрлэж /1-р хх-155/, шүүгчийн захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 240607806 тоот мөрдөгчийн тогтоол /1-р хх-163/ ирүүлж, гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн Н.Оюунчимэгийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаанд гэрчээр асуусан. /1-р хх-166-172/
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-176/, шүүгчийн захирамжийн дагуу “Хаан банк” ХК-иас хариуцагч Г.Мийн *****тоот дансны тодорхой хугацааны хуулгыг ирүүлсэн. /1-р хх-187-193/
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-203/, шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газраас хариу ирүүлсэн. /1-р хх-218/
- Хариуцагч Ж.Гын өмгөөлөгчийн хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-231/, шүүгчийн захирамжийн дагуу Үндэсний төв архиваас Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэлийн хамт хуулбарлаж ирүүлсэн. /1-р хх-233-247/
- Хариуцагч Ж.Гын өмгөөлөгчийн хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-36/, шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн тойргийн нотариатч Б.Үүрцайх тайлбар, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны Бүртгэлийн дэвтрийн хуулбарын хамт ирүүлсэн. /2-р хх-42-45/
Зохигч талуудаас гаргасан болон зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх М.Мийн үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагч Ж.Гын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ж.Гт холбогдуулан, түүнтэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 24,500,000 төгрөгийг буцаан гаргуулах, хамтран хариуцагч Г.Мт холбогдуулан орон сууцны төлбөрт тооцож үндэслэлгүйгээр авсан 23,981,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж тус тус шаардсан.
2.1. Нэхэмжлэгч нь:
- Хариуцагч Ж.Гт холбогдох нэхэмжлэлийн үндэслэлээ “Орон сууц захиалгын гэрээний 3.6 дахь хэсэгт заасныг тус хариуцагч зөрчиж орон сууцны гэрчилгээ гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзаж, түүнд төлсөн төлбөрөө буцаан шаардана” гэж,
- Хариуцагч Г.Мт холбогдох нэхэмжлэлийн үндэслэлээ “Г.Мтэй гэрээ байгуулаагүй байхад үндэслэлгүйгээр төлбөр авсан, “М” ХХК-тай гэрээ байгуулна гэх ойлголт төрүүлж мөнгө аваад, Ж.Гтай гэрээ байгуулуулсан, Ж.Гтай байгуулсан уг гэрээ нь дуусгавар болж байгаа учир түүнд төлсөн мөнгөө буцаан шаардана” гэж тус тус тодорхойлсон.
3. Хариуцагч нарын татгалзал:
- Хариуцагч Ж.Г татгалзлын үндэслэлээ “орон сууцыг “М” ХХК буюу хариуцагч Г.М нь “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж байгааг мэдээгүй учир гэрээний үүргээ зөрчөөгүй. Нэхэмжлэгч өөрөө гэрээний 2.7-д “захиалагч энэ гэрээг зөрчиж байраа авахгүй тохиолдолд төлсөн нийт төлбөрийнхөө 20 хувийг суутгуулж үлдсэн хэсгийг буцаан авна” гэж заасны дагуу төлбөрөөс торгууль суутгуулах ёстой” гэж,
- Хариуцагч Г.М татгалзлын үндэслэлээ “Үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй. Нэхэмжлэгчээс авсан мөнгө Орон сууц захиалгын гэрээний төлбөрт тооцогдсон, мөнгийг орон сууцны барилгын ажилд зарцуулсан. Ж.Гтай байгуулсан Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээгээр тохирсны дагуу 30 хувийг тооцож авсан. Ж.Г уг орон сууцыг зээлийн барьцаанд тооцож банкинд худалдсаныг мэдэж байсан. “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК тухайн хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдахдаа түүний гаргасан Орон сууц захиалгын гэрээг үндэслэж үнийг тогтоосон, Зээлдэгч нартай байгуулсан гэрээнд орон сууцны мкв-ыг тооцох талаар тусгасан” гэж тус тус тайлбарлаж маргасан.
4. Хариуцагч Ж.Г нь нэхэмжлэгч М.Мид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 43,400,000 төгрөг шаардсан ба сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “М.М гэрээгээр хүлээсэн орон сууцыг хүлээн авах үүргээ биелүүлээгүй, гэрээний дагуу тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргалгүйгээр Монгол улсын Хөгжлийн банк ХХК-иас худалдаж авсан учир Ж.Гын зөвшөөрлөөр байранд амьдарч эхэлсэн 2018 оны 09 дүгээр сараас эхлэн Хөгжлийн банкнаас худалдаж авсан 2023 оны 12 дугаар сар хүртэл эзэмшилдээ байлгасан хугацааг түрээслэсэн гэж үзэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлсэн зах зээлийн үнэ цэн болох 43,400,000 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлсон байна.
5. Нэхэмжлэгч М.М сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Орон сууц захиалгын гэрээний дагуу гэрээний зүйлийг худалдаж авах зорилгоор хариуцагчид графикийн дагуу тогтмол төлбөр төлж амьдарч байсан, талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, гэрээнээс татгалзсан тохиолдолд орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцож төлбөр төлөх, суутгуулах талаар тохиролцоогүй учир төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байна.
6. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын болон гэрчийн тайлбар мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо.
6.1. М.М, Ж.Г нар 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж.Г нь М.Мид Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам гудамж **а тоот байрны 10 дугаар давхрын ** тоот дахь 42,44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгөх, М.М нь орон сууцны үнэ 72,148,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу бүрэн төлснөөр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ. /1-р хх-7-12/
6.2. Гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар захиалагч М.М нь орон сууцны урьдчилгаа 21,981,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж, үлдэгдэл 50,167,000 төгрөгийг 24 сарын хугацаанд 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 27,167,000 төгрөг тус тус төлөхөөр тохирч, урьдчилгаа төлбөрт 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 09-ний өдөр 18,981,000 төгрөг, 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 23,981,000 төгрөгийг хариуцагч Г.Мт дансаар /1-р хх-13-16/, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 27 удаагийн гүйлгээгээр нийт 24,500,000 төгрөгийг хариуцагч Ж.Гт дансаар /1-р хх-17-43/ тус тус шилжүүлсэн байна.
6.3. Орон сууц захиалгын гэрээ байгуулагдах үед тухайн орон сууцны барилга ашиглалтанд орсон байсан, нэхэмжлэгч урьдчилгаа төлбөр төлөөд барилгын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан “М” ХХК-ийн захирал Г.Мийн зөвшөөрсний дагуу гэрээний зүйл болох орон сууцыг хүлээн авч, эзэмшиж эхэлсэн талаар зохигчид тайлбарлах бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарсан байна. /1-р хх-237/
6.4. Маргааны зүйл болох Өгөөмөр хотхоны орон сууцны барилгын ажлыг “М” ХХК гүйцэтгэсэн ба гэрээний зүйл болох ** тоот орон сууц байрлах **а дугаар барилгыг 80 хувийн гүйцэтгэлтэй 6,816 м.кв байхад нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 000606847 дугаар гэрчилгээгээр, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй байхад нь 000679759 дугаар гэрчилгээгээр тус тус “М” ХХК өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1-р хх-80-81/
6.5. “М” ХХК нь “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-МГ-З 2018-150 тоот Зээлийн гэрээ байгуулж, тус компанийн хэрэгжүүлж буй Өгөөмөр хотхоны 2 дугаар ээлжийн 74а блок барилгын төслийн санхүүжилтийн хүрээнд 4,000,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 11,09 хувийн хүүтэйгээр зээлж, Б-МГ-ҮХХ 2018-151 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр зээлийн гэрээний барьцаанд 80 хувийн гүйцэтгэлтэй **а тоот хаягт байршилтай 6,816 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1-р хх-84-100/
6.6. Зээлийн гэрээний үүргээ “М” ХХК биелүүлээгүйгээс талууд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2/122 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, зээлийн төлбөр 2,183,280,000 төгрөгт тооцон нэгж талбайн үнэлгээг 1,000,000 төгрөгт дүйцүүлэн гэрээний хавсралтад дурдсан 2183,28 м.кв талбай бүхий 45 ширхэг орон сууцыг банкны өмчлөлд бүртгүүлэхээр тохиролцож, гэрээг “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М, төслийн удирдагч Ж.Г нар байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэ гэрээний хавсралтад дурдсан 45 ширхэг орон сууцанд нэхэмжлэгч М.Мийн захиалсан ** тоот орон сууц орсон байна. /1-р хх-101-105/
6.7. Дээрх гэрээг байгуулсан өдөр “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК болон “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М, төслийн удирдагч Ж.Г нар Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг мөн байгуулж, тухайн гэрээний хавсралтаар барьцааны зүйл болох **а тоот хаягт байршилтай 6,816 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс 2,183.28 м.кв талбайтай 45 ширхэг орон сууцыг банкинд шилжүүлэхээр тохиролцсон ба гэрээний хавсралтад мөн нэхэмжлэгчийн захиалсан ** тоот орон сууц оржээ. /1-р хх-124-126/
6.8. Улмаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК нь нэхэмжлэгч М.Мид өөрийн өмчлөлийн хөрөнгийг чөлөөлөх мэдэгдэл 2022 оны 08 дугаар сарын 17-гы өдөр хүргүүлж /1-р хх-64/, нэхэмжлэгч нь “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2/103 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн эзэмшиж буй **а байрны ** тоот дахь 42.44 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,187,500 төгрөгөөр тооцож, 50,397,500 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон, уг төлбөрийг гэрээ байгуулахаас 3 хоногийн өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-д шилжүүлснээр 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, ***тоот гэрчилгээ олгогдсон байна. /1-р хх-44-48/
6.9. Хариуцагч Ж.Г нь “М” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулж, Ж.Г нь “М” ХХК-ийн орон сууцны барилга барих зөшөөрөл бүхий газар дээр хөрөнгө оруулалт хийж, “М” ХХК нь хууль тогтоомж, барилгын норм, дүрэм, стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээтэй 2 орц бүхий 12 давхар 132 айлын орн сууцны 74а дугаартай барилга барих, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх, гэрээгээр тохирсон хэмжээгээр барилгыг хуваан эзэмших эрхийн талаар тохиролцсон талаар зохигчид тайлбарлав.
6.10. Нэхэмжлэгч М.Моос орон сууцны төлбөрийн урьдчилгаанд өгсөн 23,981,000 төгрөгийг хариуцагч Г.М өөрийн Хаан, Голомт банкны дансуудад хүлээн авч, тухайн мөнгийг барилгын ажилд зарцуулсан гэж тайлбарлан, тайлбар татгалзлаа нотлохоор “М” ХХК-ийн нягтлан бодогч Н.Оюунчимэгийг гэрчээр асуулган /1-р хх-171-172/, “М” ХХК-ийн Хаан банк дахь ****тоот дансны хуулгга /1-р хх-206-208/, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны барилгын ажлын бараа материал авсан зарлагын баримтуудыг /1-р хх-221-227/ тус тус нотлох баримтаар гаргаж, шүүгчийн захирамжаар Г.Мийн М.Моос орон сууцны төлбөрийн урьдчилгааг хүлээн авсан Хаан банк дахь *****тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан. /1-р хх-187193/
6.11. Гэрч Н.Оюунчимэгийн зүгээс “...*****манай захирлын хувийн данс. Гэхдээ энэ данс руу төсөлтэй холбоотой мөнгийг шилжүүлж авч байсан. М.М гэдэг хүнээс манай компанийн захирлын данс руу 23,910,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байгаа. Тухайн үед барилга арай ашиглалтанд ороогүй байсан учраас барилгыг ашиглалтанд оруулахад зориулагдсан. Засвар үйлчилгээ, тодорхой хэмжээний тохижилтын зардалд хуваагдаж орж байсан. Энэ талаар компаниас баримт гарах боломжтой. Санхүүгийн баримтууд дотроос шүүж үзэж болно...” гэж мэдүүлсэн байна.
6.12. Маргаан бүхий “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК, “М” ХХК нарын байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2/122 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай гэрээнүүдийг талууд нотариатаар гэрчлүүлээгүй бөгөөд Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн болох нь тухайн гэрээний хуулбарыг гэрчилсэн нотариатч Б.Үүрцайхын шүүхэд ирүүлсэн тайлбар, Бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдсон. /1-р хх-101, 124, 2-р хх-42-45/
6.13. Хариуцагч Ж.Г сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн түрээсийн үнэ тодорхойлсон дүгнэлтийг нотлхо баримтаар гаргасан. Уг дүгнэлтэд маргаан бүхий ** тоот орон сууцны 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн бүгд үнэ цэн 46,400,000 төгрөг болохыг тодорхойлж, 2018 онд 1 сарын түрээс 500,000 төгрөг, 2019-2021 оны хооронд сарын 600,000 төгрөг, 2022 онд 900,000 төгрөг, 2023 онд 1,000,000 төгрөг байсныг тогтоосон байна. /2-р хх-14-33/
7. Зохигчид М.М, Ж.Г нарын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдал, уг гэрээний дагуу хариуцагч нарт шилжүүлсэн мөнгөн төлбөрийн хэмжээ, гэрээний зүйл болох орон сууцыг М.Мийн эзэмшилд хүлээлгэж өгснөөр эзэмшиж, ашиглаж байгаа талаар, мөн уг орон сууц “М” ХХК-ийн “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан, улмаар зээлийн төлбөрт тооцож зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, өмчлөгчөөр бүртгүүлсэн “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-иас М.М худалдах, худалдан авах гэрээ байгуулан төлбөр төлж худалдан авснаар өмчлөгчөөр бүртгүүлсэн зэрэг үйл баримтуудын талаар маргаагүй.
Харин М.М, Ж.Г нарын хэн нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээний нөгөө талд шаардлага гаргах эрхтэй болох, Г.М үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх, түүнд төлсөн мөнгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй эсэх талаар зохигчид өөр өөрийн үндэслэл заан маргаж мэтгэлцлээ.
8. Хариуцагч Ж.Гт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн тухайд:
8.1. М.М, Ж.Г нар 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээг “Орон сууц захиалгын гэрээ” гэж нэрлэсэн боловч тухайн орон сууц баригдаж дууссан, гэрээ байгуулахын өмнө Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарсан бөгөөд нэхэмжлэгч урьдчилгаа төлбөр төлснөөр барилгыг барьж ашиглалтанд оруулсан “М” ХХК-ийн зөвшөөрсний дагуу эзэмшилдээ хүлээн авсан байх тул эдгээр үйл баримтыг нэгтгэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
8.2. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
8.3. Гэрээний 3.6-д заасны дагуу хариуцагч Ж.Г орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч М.Мийн нэр дээр гаргаж өгөх үүрэг хүлээж, захиалагч нь гэрээний 4.1, 4.2-д зааснаар төлбөрийн урьдчилгаа 21,981,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлөх, үлдэгдэл 50,167,000 төгрөгийг 24 сарын хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон байна.
8.4. Гэтэл уг ** тоот орон сууц байрлаж буй **а дугаар барилгыг бүхэлд нь “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-тай “М” ХХК, Ж.Г нарын байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Зээлийн барьцааны гэрээ байгуулж талууд гэрээ хийхээс өмнө буюу 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр барьцаалуулсан байсныг хариуцагч Ж.Г нь нэхэмжлэгч М.Мид мэдэгдээгүй, энэ талаар мэдээллээгүй болох нь тогтоогдож байна.
8.5. Хариуцагч Ж.Гын хувьд дээрх зээлийн гэрээний барьцаанд **а тоот барилга бүхэлдээ барьцаалагдсан болохыг мэдээгүй гэж тайлбарладаг боловч түүний тайлбар “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээ, эдгээр гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийг шилжүүлсэн, мөн худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.
8.6. Тодруулбал: Зээлдүүлэгч “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК, зээлдэгч “М” ХХК, Төслийн удирдагч Ж.Г нарын байгуулсан 2/122 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр талууд барьцааны зүйл болох 6816 м.кв талбайтай барилгаас 2,183.28 м.кв талбай бүхий 45 ширхэг орон сууцыг “М” ХХК-ийн зээлийн 2,183,280,000 төгрөгийн төлбөрт тооцож, нэгж талбайн үнэлгээг 1,000,000 төгрөгт дүйцүүлэн “Гэрээний хавсралтад дурдсан .... 45 орон сууцыг” банкны өмчлөх хөрөнгөд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
8.7. Хариуцагч Ж.Г дээрх гэрээг байгуулсан талаар маргахгүй боловч уг гэрээний хавсралтад дурдсан орон сууцнуудын талаар мэдээгүй бөгөөд гэрээний хавсралтад гарын үсэг зураагүй, нотариатаар гэрчлүүлэхэд байгаагүй гэх агуулгаар тайлбарлаж маргасан. Гэвч тухайн гэрээг талууд нотариатаар гэрчлээгүй ба Улсын бүртгэлийн ерөнхий газарт авагдсан дээрх Худалдах, худалдан авах гэрээг нотариатч “гэрээний үнэн зөвийг” бус, харин гэрээний хуулбарыг гэрчилсэн болох нь тухайн нотариатчийн тайлбар, бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдож байх тул М.Мийн захиалсан ** тоот орон сууцыг “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлснийг мэдээгүй гэх хариуцагч Ж.Гын тайлбар үндэслэлгүй байна.
8.8. Иймд хариуцагч Ж.Г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний 3.6-д заасан “орон сууцны гэрчилгээг зөвхөн захиалагчийн нэр дээр гаргах өгөх” үүргээ зөрчиж “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсний улмаас нэхэмжлэгч М.М Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт “ямар нэгэн үр дүн гарах нь илт бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй нөхцөл байдал үүссэн” гэж үзээд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “ Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу орон сууцны төлбөрт төлсөн 24,500,000 төгрөгийг Ж.Гаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
8.9. Хариуцагч Ж.Гын өмгөөлөгийн зүгээс нэхэмжлэгч талаас гаргасан төлбөр шилжүүлсэн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх агуулгаар маргасан. Гэвч зохигчид М.Моос Ж.Гт 24,500,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 13-43 дугаар талд авагдсан Голомт банк ХК-ийн Мемориалын баримтуудад банкны теллерийн тэмдэг дарагдаж баталгаажуулсан байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
9. Хариуцагч Г.Мт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн тухайд:
9.1. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Г.Мийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу түүнд орон сууцны төлбөрийн урьдчилгаанд тооцож 23,981,000 төгрөг шилжүүлснийг буцаан гаргуулахаар шаардсан.
9.2. М.М нь Г.Мтэй бичгээр гэрээ байгуулаагүй боловч аман хэлбэрээр Орон сууц захиалгын гэрээ байгуулахаар тохиролцож, гэрээний урьдчилгаа 21,981,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, үүний дараа тэдний аман хэлбэрээр тохиролцсон хэлцлийг Ж.Гтай бичгээр байгуулж, гэрээ байгуулсны дараа 2 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөг дансаар шилжүүлж, тухайн гэрээний урьдчилгаанд тооцож төлөгдсөн талаар гэрээнд тусгагдсан байна.
9.3. Гэрээний дагуу төлбөрт тооцогдсон, тухайн төлбөрийг хүлээж авсан Г.Мийн данснаас “М” ХХК-ийн барилгын ажлын төлбөрт зарцуулагдсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар Г.Мийн болон “М” ХХК-ийн дансны хуулга, зарлагын баримтууд, гэрч Н.Оюунчимэгийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
9.4. Түүнчлэн, М.М, Ж.Г нарын байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр 50,167,000 төгрөг байсан талаар гэрээний 4.2 дахь хэсэгт зааж, М.Мийн “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнд “... худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь банк болон “М” ХХК-ийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 2/122 дугаартай зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу “М” ХХК-иас зээлийн төлбөрт тооцож шилжүүлэн авсан банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгө болохыг” талууд тэмдэглэж, орон сууцыг 50,397,500 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. /1-р хх-44/
9.5. Иймд хариуцагч Г.Мийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байх тул түүнд холбогдуулж гаргасан 23,981,000 төгрөг гаргуулах тухай М.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10. Хариуцагч Ж.Гын нэхэмжлэгч М.Мид холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:
10.1. Хариуцагч Ж.Г нь нэхэмжлэгч М.Мийг гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд гэрээний зүйлийг шилжүүлэх талаар шаардлага гаргаагүй боловч бусдаас буюу “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-иас худалдаж авсныг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх агуулгаар тайлбарлаж, анх гэрээ байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-иас орон сууцыг худалдаж авсан 2023 оны 12 дугаар сар хүртэлх ашигласан хугацааг түрээслүүлсэнд тооцож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан зах зээлийн үнэлгээний дагуу 43,400,000 төгрөгийг М.Моос гаргуулахаар шаардсан.
10.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасан байна.
10.3. Шүүх М.Мийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч Ж.Гыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч М.Мийг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн.
10.4. Мөн маргаан бүхий гэрээнд захиалагч талын санаачлагаар гэрээ цуцлагдсан, эсхүл гэрээнээс татгалзсан тохиолдолд түрээслүүлсэнд тооцох талаар талууд тохиролцоогүй, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй байх тул хариуцагч Ж.Г хуульд заасан дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.Моос хохирол шаардах эрхгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Гаас 24,500,000 /хорин дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мид олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Мээс 23,981,000 /хорин гурван сая есөн зуун наян нэгэн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч М.Моос 43,400,000 /дөчин гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Гын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,355 төгрөг, хариуцагч Ж.Гаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гаас 234,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА