| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/03032/И |
| Дугаар | 192/ШШ2025/04367 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/04367
2025 05 21 192/ШШ2025/04367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ө хотхон, 59 дүгээр байрны ***тоот хаягт оршин суух, Ламчин ургийн овогт Р овогтой Пгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж-18, өөрийн байранд байрлах “Н ө” ХК,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон, ****дүгээр байрны ***тоот хаягт оршин суух, Өвөрцогт ургийн овогт Б овогтой Б нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ө хотхон, ***дүгээр байрны ****тоот 46,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Р.Пд шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт /ШТЭД:2875/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Удвал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.П шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
1.1. Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Н ө” ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ө хотхоны 59 дүгээр байрны 10 тоот 46,3 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1,900,000 төгрөгөөр харилцан тохиролцож, нийт 87,970,000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэрээний төлбөрийн урьдчилгаа 20,400,000 төгрөгийг 2 хувааж, гэрээ байгуулах үед дансаар шилжүүлэн төлж барагдуулсан. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөгийг нэмж төлсөн. Харин үлдэгдэл төлбөр болох 61,570,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Капитал банкнаас олгосон орон сууцны ипотекийн жилийн 8 хувийн зээлээр төлж барагдуулан гэрээний үүргээ 100 хувь биелүүлж дууссан. Орон сууц ашиглалтанд орох хугацаа хойшилсоор 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр улсын комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтанд оруулсан. Ийнхүү ашиглалтанд оруулмагц “Н ө” ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах асуудлаар захирал Б.Ганзоригтой уулзахад “би бүх эрхээ Б.Б гэх хүн рүү шилжүүлсэн, тэгэхдээ та нар санаа зоволтгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгнө, өмнө нь захиалсан иргэдийн мэдээллийг хамтад нь Б.Бад хүргүүлсэн тул айх зүйл байхгүй” гэж хэлж байсан. Б.Баас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролдсон боловч эхэндээ уулзаад “асуудлыг шийдэж өгнө, санаа зоволтгүй, байрандаа орж бай” гээд 2015 оны 12 дугаар сард байр хүлээлгэн өгч, энэ өдрөөс хойш амьдарч байгаа. Гэвч сүүлдээ огт уулзахаа больж зугтаах болсон. Гэтэл 59 дүгээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр дуусаагүй барилгын хэмжээгээр гаргуулан авсан гэж сонсч байсан ч энэ талаар баримт бидэнд үзүүлээгүй тул гэрээний үүргээ “Н ө” ХК-иас шаардах нь зүйтэй гэж үзсэн. Сүүлийн 1-2 жилийн хугацааны туршид гэрчилгээ гаргуулахаар “Н ө” ХК-д хандахад “Б.Б руу шилжүүлчихсэн, түүнээс ав” гэдэг бол, Б.Б нь “надад хамаагүй, би та нартай гэрээ хийгээгүй, дахиж битгий холбогдоорой” гэдэг болсон. Эдгээр этгээдийн хооронд гэрээний үүрэг хүлээх асуудал эзэнгүйдэх болж миний эрх зөрчигдсөөр байна.
“Н ө” ХК нь маргаан бүхий орон сууц байрлаж буй 59 тоот, улсын бүртгэлийн Ү-***дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр блокоор нь Б.Бад шилжүүлсэн гэх бөгөөд захиалагч нарын эрхийг хамтад нь Б.Бад шилжүүлсэн талаарх тайлбар, баримтыг шүүхэд ирүүлсэн байгаа учраас миний гаргасан нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд Б.Б байна.
1.2. Гэрээ хийж байх үед тухайн барилгын явц 70-80 хувьтай байсан. Борлуулагчаас үлдэгдэл мөнгөө ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа талаар хэлэхэд Капитал банкнаас зээл олгох боломжтой гэсэн. Хүсэлтээ өгөөд зээл гарах шийдвэр гарсан. 2015 оны 12 дугаар сард байрандаа орсон. 2020 оны хавьцаа Б.Бын нэр дээр шилжсэн байгаа гэдгийг мэдээд, тэрнээс хойш хөөцөлдөөд явж байгаа. Иймд намайг өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэнэ үү. Хамтран хариуцагч “Н ө” ХК нь өмчлөх эрхээ Б.Бад шилжүүлэхдээ захиалагчдын эрхийг мөн шилжүүлсэн байгаа учир тус компаниас татгалзаж байна...гэв.
1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Анх Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг өмчлөгч “Н ө” ХК-тай байгуулсан. “Н ө” ХК нь Б.Б руу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ 20 хувийн гүйцэтгэлтэй байсан гэдэг боловч бодит байдал дээр 80-90 хувьтай байсан. Энэ нь Гүүгл про програмаас харагдаж байгаа. Ямар нэг захиалагч байхгүйгээр барилгыг шилжүүлэх боломжгүй юм. Нийт 41 гэрээ шилжүүлэгдсэн гэдэг. Энэ хүмүүсийн гэрээг өөр дээрээ авч үлдээд Б.Бад шилжүүлэх боломжгүй юм. Гэрчийн мэдүүлсэн н.Мянганшүрт гэдэг хүнд нэхэмжлэгч мөнгийг шилжүүлж байсан. Гэрчийн мэдүүлгээр эрхийг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байгаа. Зээлийн маргаан дээр 59 дүгээр байрыг Капитал банкинд борлуулах эрхийг өгөөд банк өөрийн хамаарал бүхий хүнээр борлуулж байсан. Тийм учраас Капитал банк хүмүүст барьцаагүй орон сууцны зээл олгосон байдаг. Р.Пгийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байхад зээл олгож, түр данс руу хийж уг төлбөр нь Б.Бын зээлийн данс руу шилжсэн байдаг. Улсын комисс 2017 онд хүлээж авсан. Комисст хүлээлгэн өгөх үүргийг эрх нь шилжсэн байсан Б.Б хүлээлгэж өгсөн байдаг. Үүнээс өмнө 2015 оны сүүлээр нилээдгүй айлууд орсон байсан. Иймд айлуудын нөхцөл байдлыг мэдээгүй байх боломжгүй. 10 жилийн хугацаа өнгөрч байхад айлууд ороод суучихсан байхад “миний өмчлөлийн байранд яагаад ороод суучихав” гэдэг байдлыг гаргаж байгаагүй. Эдгээр баримтаар “Н ө” ХК-ийн хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар захиалгын гэрээний эрх үүргийг Б.Б шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй. Тухайн хотхоны 58 дугаар байрыг “Шинэ дэлхий” ХХК-д шилжүүлж, энэ гэрээнүүдийг нэг өдөр, нэг нотариат дээр гэрчлүүлэн байгуулсан байдаг. 58 дугаар байрыг “Н ө” ХК-иас шилжүүлэхдээ захиалагч нарын эрх үүргийг шилжүүлээд, цаашаа хамтад нь “Шинэ дэлхий” ХХК-д шилжүүлсэн гэдгээ гэрчээр Б.Б мэдүүлсэн байдаг. Гэтэл 59 дүгээр байрыг авахдаа захиалагч нарын гэрээг шилжүүлж аваагүй гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй. “Бт” ХХК зээлийн төлбөрт тооцож авахаар байсан. Энэ компани нь Капитал банкны хамаарал бүхий компани байдаг...гэв.
2. Хариуцагч “Н ө” ХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Р.П нь анх Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ө хотхоны 59 дүгээр байрны 10 тоот 46.3 м.кв орон сууцны гэрээг 1 м.кв-ыг 1,900,000 төгрөгөөр тохиролцож, 87,970,000 төгрөгөөр гэрээ байгуулан захиалж, урьдчилгаа төлбөрт 26,400,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 61,570,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Капитал банкнаас ипотекийн жилийн 8 хувийн орон сууцны зээлээр санхүүжүүлж, төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан тал дээр манай компанийн хувьд маргахгүй. Улсын бүртгэлийн Ү-2204022471 дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ө хотхоны 59 тоот барилгыг 2008 онд дуусаагүй барилгын гэрчилгээг “Н ө” ХК-д анх гаргаж байсан. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр туханй үеийн гүйцэтгэлтэйгээр Б.Бад шилжүүлсэн бөгөөд ийнхүү шилжүүлэхдээ тухайн үед манай компанид захиалга өгсөн гэрээтэй нийт захиалагчдын эрхийг мөн давхар хамтад нь шилжүүлж өгсөн. Б.Б нь өмнөх захиалагчдын гэрчилгээг гаргаж өгөх үүргийг хүлээсэн. Эдгээр захиалагч дунд Г.П нарын олон хүн байсан. Иймд нэхэмжлэгч Р.П нь Б.Баас гэрээний үүргээ шаардах эрхтэй бөгөөд “Н ө” ХК нь бүх эрхээ шилжүүлсэн тул манай компанид хамааралгүй болсон...гэжээ.
3. Хариуцагч Б.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Н ө” ХК нь маргаан бүхий дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг Бэлэглэлийн гэрээний дагуу Б.Бад шилжүүлсэн ба Б.Б дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг Капитал банкнаас 10,000,000,000 төгрөгийн зээл авч барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Ийнхүү маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтанд оруулах үед Б.Бын зүгээс ямар ч орон сууцыг бусдад худалдан борлуулаагүй, бусадтай орон сууц худалдах-худалдан авах эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар миний өмчлөлд хууль ёсны дагуу улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа.
Маргаан бүхий дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг “Н ө” ХК-иас хүлээлгэн өгөхдөө орон сууц захиалгын болон орон сууц худалдах-худалдан авахтай холбоотой ямар нэгэн гэрээ, эрх зүйн баримт бичгийг надад хүлээлгэн өгөөгүй, миний зүгээс ийм төрлийн баримт бичгийг хүлээн аваагүй, ашиглалтанд оруулсны дараа ямар нэгэн этгээдэд орон сууцыг хүлээлгэн өгөх талаарх баримт, мэдээлэл огт байхгүй байсан. Уг дуусаагүй барилгыг анх хүлээн авахад барилгын суурь, өрлөгчийн ажил л эхэлсэн байдалтай байсан ба Капитал банкнаас зээл авч, барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Капитал банк дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Б.Бад холбогдох иргэний хэрэг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй хамааралтай өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа нөхцөл байдал болон “Н ө” ХК нь уг дуусаагүй барилгыг шилжүүлснээр Капитал банкнаас авсан зээлийг хаалгасан талаарх үйл баримтыг тодруулах, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэний хэргийг шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм. Нэхэмжлэгч Д.П нь “Н ө” ХК-ийн захирал Б.Ганзоригийн оршин суугаа хаягийн дагуу тус тойргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан шүүхийн онцгой харьяалал зөрчсөн төдийгүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхийн нутаг дэвсгэрийн ерөнхий харьяаллыг баримтлах бөгөөд хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай баримтуудыг хүлээлгэн өгөх шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрхтэй холбогдсон шүүхийн онцгой харьяаллын маргаанд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү...гэжээ.
3.1. Хариуцагч Б.Бын өмгөөлөгч Н.Мандахаас шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус гэрээгээр хоёр өрөө орон сууц захиалсан, төлбөр тооцоо дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандсан хэдий ч нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бтай орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй, талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан иргэний эрх зүйн харилцаа талуудын хооронд бий болоогүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх шаардлагын дагуу Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан хууль зүйн зохицуулалтын дагуу Б.Бын хувьд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 /13373/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 59 тоот хаягт байршилтай 2,926 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Улсын эрхийн бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэгдэж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдож гэрчилгээ авсан. Б.Бын зүгээс “Н ө” ХК-иас тухайн үед 59 тоот 20 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг шилжүүлж, хүлээн авахад “Н ө” ХК-ийн эрх үүргийг шилжүүлж аваагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу байхгүй, үйлдэгдээгүй баримтыг хариуцагчаас гаргах боломжгүй байгааг шүүхээс иргэний хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзэхийг хүсэж байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасны дагуу гэрээний харилцаа болон үүрэг үүсээгүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар Б.Б нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад худалдаагүй, орон сууцны төлбөр нэрээр бусдаас мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй төдийгүй бусдын өмчлөх эрхэд халдах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг Б.Бын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хуульд заасны дагуу хариуцагч талыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-7/, Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ /хх-8-9/, Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ /хх-10-16/, “Тохилог ө” СӨХ-ны тодорхойлолт /хх-17, 125/, Төлбөрийн баримтууд /хх-18/, “Н ө” ХК-ийн 2023 оны тодорхойлолт /хх-19/, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2024 оны №41 тоот тодорхойлолт /хх-20/, Орон сууцны ашиглалтын зардал төлсөн төлбөрийн баримтууд /хх-21-51/, Өмгөөлөгч С.Ялалт Капитал банк дахь банкны эрх хүлээн авагчид хүргүүлсэн албан бичиг /хх-95, 139/, албан бичгийн хариу /хх-96, 138/, “Н ө” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-97/, “Н ө” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хх-98-99/, “Бт” ХХК-иас Б.Бад олгосон итгэмжлэл /хх-100/, “Б т” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн 2014 оны №300 тоот албан бичиг /хх-101/, Р.Пгийн Хаан банк ХК дахь харилцах дансны хуулга /хх-126-136/, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайван өргөн чөлөө гудамж, 59 дүгээр байрны 22 тоот дахь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-144/, ө хотхон орон сууцны барилгын борлуулалтын орлогын дэлгэрэнгүй тооцоо /хх-145-147/, Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн ерөнхий газраас “Тохилог ө” СӨХ захирал М.Н хүргүүлсэн албан бичиг /хх-162-166/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01346 дугаар шийдвэр /хх-167-170/, Нийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01191 дугаар магадлал /хх-171-174/, Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2024/00975 дугаар тогтоол /хх-175/, “Их модун” ХХК-ийн 2015 онд хийсэн “ө” хотхоны Б блокийн фото зургууд /хх-183-186/, Нийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Шугам сүлжээний тоон зураг хүлээн авсан акт /хх-187/, “Инкостандарт консалтинг” инженерүүдийн зөвлөлөөс “Н ө” ХК-ийн захирал Б.Ганзоригт хүргүүлсэн 2007 оны №10.26 тоот албан бичиг /хх-188/, “Н ө” ХК-ийн гаргасан “ө” хотхоны Б блок орон сууцны барилгын Техникийн баримт бичиг /хх-189-190/, иргэн Бүдийн “Их модун” ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ /хх-191-196/
5. Хариуцагч “Н ө” ХК-иас гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-54-55/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-61/, Б.Бтай байгуулсан 2014 оны Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ /хх-62/, 58 дугаар бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-63/,
6. Хариуцагч Б.Баас шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.
7. Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
7.1. Хариуцагч “Н ө” ХК-ийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа гаргуулахаар шийдвэрлэж /хх-66/, захирамжийн дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024184 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмлөгчийн талаарх лавлагааг өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-70-71/, эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаартай 59 тоот барилгын өмчлөгчийн талаарх лавлагааг Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний хамт ирүүлсэн байна. /хх-118-119/
7.2. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулах, Н.Амарыг гэрчээр асуухаар тус тус шийдвэрлэж /хх-76/, захирамжийн дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлтэй 59 тоот барилгын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг ирүүлж /хх-78-81/, Н.Амарыг гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн. /хх-158-160/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Р.П хариуцагч “Н ө” ХК, Б.Б нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ө хотхон 59 дүгээр байрны 10 тоот дахь 46,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч “Н ө” ХК-ийн зүгээс Р.Пг тус компанитай 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төлбөр бүрэн төлж барагдуулсан тухай маргахгүй, уг орон сууж байрлах 59 тоот барилгыг хариуцагч Б.Бад бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэхдээ захиалга өгсөн гэрээтэй нийт захиалагчдын эрхийг давхар шилжүүлж өгсөн, Б.Б захиалагчдын гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээсэн учир гэрээний үүргийг Б.Баас шаардах эрхтэй гэх агуулгаар хариу тайлбар гаргасан байна.
4. Харин хариуцагч Б.Бын хувьд нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчтэй аливаа эрх зүйн харилцаанд ороогүй, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгаар тайлбарлаж маргасан.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч “Н ө” ХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлээс татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар тухайн хариуцагчид холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж, тус хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна.
6.1. Р.П, “Н ө” ХК нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч Р.П нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, ө хотхон орон сууцны хорооллын Б блокийн барилгад 46,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдаж авах зорилгоор 1 м.кв талбайг 1,900,000 төгрөг, нийт 87,970,000 төгрөгөөр захиалах, гүйцэтгэгч “Н ө” ХК нь гэрээний зүйлийг хүлээлгэж өгөх үүрэг хүлээжээ.
6.2. Гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ Р.П бүрэн биелүүлж, 2015 оны 12 дугаар сараас гэрээний зүйлийг эзэмшилдээ хүлээн авч, амьдарч байгаа болох нь төлбөрийн баримтууд, Капитал банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, “Тохилог ө” СӨХ-ны тодорхойлолт, “Н ө” ХК-ийн тодорхойлолт, ашиглалтын зардал төлсөн төлбөрийн баримтууд, Р.Пгийн Хаан банк ХК дахь харилцах дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6.3. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 тоот хаягт байршилтай 650,5 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилга 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 20 хувь гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг Ү-***дугаартайгаар “Н ө” ХК-ийн өмчлөлд бүртгэгдэн, барилгын ажил хийгдэж байхдаа “Н ө” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2 тоот тогтоолоор уг барилгыг газар эзэмших эрхийн хамт “Бт” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
6.4. “Бт” ХХК-иас иргэн Б.Бад 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 294 тоот итгэмжлэл олгож, итгэмжлэлээр: “Н ө” ХК-ийн өмчлөлийн дээрх барилгыг эзэмшил газрын хамт өөрийн нэр дээр шилжүүлэх, шилжүүлэн авах, улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авах, холбогдох гэрээ хэлцэл байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд “Бт” ХХК-ийг төлөөлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг 12 сарын хугацаатай олгосон байна. Улмаар “Н ө” ХК нь Б.Бтай 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ хийж, барилгыг шилжүүлсэн болох нь “Н ө” ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэл, тогтоол, “Бт” ХХК-иас Б.Бад олгосон итгэмжлэл, Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6.5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 18644310468778 нэгж талбарын дугаартай газрын 2008-2014 он хүртэлх хугацааны сансрын зургийг “Тохилог ө” СӨХ-нд хүргүүлж, ө хотхоны 59 дүгээр барилгын дээрх хугацааны харьцуулсан зураг гаргасныг, мөн ө хотхоны Б блок барилгад 2014, 2015 онудад хийгдсэн ажлын фото зургууд, Шугам сүлжээний тоон зураг хүлээн авсан акт, Техникийн баримт бичиг зэргийн хуулбаруудыг нэхэмжлэгч тал хэрэгт нотлох баримтаар гаргасан. /хх-162-166, 183-196/
6.6. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон “Н ө” ХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байсан гэрч Н.Амар шүүхэд “...2013 оны хавар ажилд орж, 2015 оны дунд үеэс ажлаасаа гарсан. 59 дүгээр байр буюу Б блокийн борлуулалтын ажлыг хариуцаж байсан. Б.Б руу 59 дүгээр байрыг шилжүүлэх үед зарагдсан байрнуудыг захиалсан захиалагчдын нэрстэй, урьдчилгаа мөнгө өгсөн төлбөр тооцоо, гэрээтэй нь хамт шилжүүлсэн. Би Б.Б гэдэг хүнийг танихгүй. Тухайн үед барилга хүлээлцэх явцад н.Бүд гэж хүн байсан. А блокийг Н ө ХК ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэж өгсөн. Б болон С блокийг худалдаж авсан тал нь барьж дуусгаад улсын комисст хүлээлгэж өгөх ёстой байсан. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны үед Б блокийн угсралтын ажил 100 хувь дууссан байсан. Барилга хүлээлцэж байхад манай хэдэн ажилтан дээврийг нь битүүлж байсан. Ус доошоо орохоос хамгаалах ажлыг хийж байсан. ...айлууд анх хэзээ орж ашиглаж эхэлснийг би мэдэхгүй, борлуулах байргүй болсон учраас би ажлаасаа гарсан. Гэрээ шилжүүлж өгснөөс хойш нэг их удаагүй би ажлаасаа гарсан. ...Бүх авсан хүмүүсийг давхраар нь зоож байгаад урьдчилгаа өгсөн мөнгийг нь оруулж өгөөд, үлдэгэл авах ёстой мөнгийг нэртэй нь оруулж өгөөд, давхар орон сууцны захиалгын гэрээтэй нь хавсаргаж явуулсан...” гэж мэдүүлсэн байна.
7. Маргааны зүйл болох 59 тоот барилгын 10 тоотод нэхэмжлэгч Р.П ашиглалтанд орсон үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшилдээ байлгаж, амьдарч байгаа талаар, тэрээр “Н ө” ХК-д орон сууцны урьдчилгаа 20,400,000 төгрөгийн төлбөрийг дансаар, үлдэх 67,570,000 төгрөгийг Капитал банк дахь дансанд төлж барагдуулсан зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин нэхэмжлэгч нь Б.Баас тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй эсэх, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн өмнө уг орон сууцны өмчлөл шилжүүлэх үүрэг хүлээсэн эсэх талаар маргаж байна.
8. Р.П, “Н ө” ХК нар 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээгээр тодорхой хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
9. Захиалагч Р.П гэрээгээр тохирсон 87,970,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулан, 2015 оны 12 дугаар сараас хойш тухайн орон сууцыг эзэмшилдээ авч, өнөөдрийг хүртэл амьдарч, ашиглалтын зардлыг төлдөг болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжүүлэхийг гүйцэтгэгч талаас шаардах эрхтэй.
10. Харин гүйцэтгэгч “Н ө” ХК нь гэрээний зүйл болох Р.Пгийн захиалсан орон сууц байрлах 59 дугаар /С блок/ барилгыг бүхэлд нь “Бт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын өмчлөлд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ба Б.Бын өмчлөлд барилга шилжсэнээс хойш Р.П 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Капитал банктай ЗГ-123 дугаар зээлийн гэрээ байгуулан 61,570,000 төгрөг зээлж, уг мөнгөө 67,570,000 төгрөг болгон мөн банкны ***тоот данс руу “Р.П БЗД 6 хороо ө хотхон Б блок 3 давхар 10 тоот 46,3 м.кв” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна.
10.1. Энэ гүйлгээний талаар Р.Пгийн өмгөөлөгч С.Ялалт нь Капитал банк дахь банкны эрх хүлээн авагчид хандан, Капитал банкны ***тоот данснаас иргэн Б.Бын 2000028531 тоот төгрөгийн зээлийн данс, 2200221242 тоот ам.долларын зээлийн дансанд тус тус зээл төлөгдсөн эсэх талаар тодорхойлолт гаргуулахыг хүсэж, түүний хариуд “зээлийн төлбөр мөн” гэж тодорхойлжээ.
10.2. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Р.П “Н ө” ХК-тай байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөр 20,400,000 төгрөгийг тус компанид дансаар шилжүүлж, үлдэгдэл 67,570,000 төгрөгийг Капитал банк дахь ***тоот данс руу шилжүүлж, уг данснаас 59 дүгээр барилгын өмчлөлийг шилжүүлэн авсан Б.Бын Капитал банк дахь зээлийн төлбөрт суутгагдсан, улмаар нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар 2015 оны 12 дугаар сараас гэрээний зүйлийг эзэмшилдээ шилжүүлж авсан болох нь тогтоогдож байна.
11. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт “хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж заасны дагуу “Н ө” ХК нь гэрээний зүйл байрлаж буй 59 дүгээр барилгыг бүхэлд нь Б.Бад шилжүүлснээр гэрээний шаардах эрх, үүрэг шинэ өмчлөгчид шилжсэн гэж үзэх үндэслэлтэй.
11.1. Харин Р.Птэй аливаа хэлбэрээр гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагч Б.Бын тайлбар, татгалзал нь хэрэгт нотлох баримтаар авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, Капитал банк дахь Банкны эрх хүлээн авагчийн тодорхойлолт болон бичгээр гаргасан тайлбар, “Н ө” ХК-ийн тодорхойлолт, гэрч Н.Амарын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.
12. Иймд нэхэмжлэгч Р.П нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 126.6 дахь хэсэгт “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж заасны дагуу хариуцагч Б.Баас гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
13. Шүүх Б.Бад холбогдуулж гаргасан Р.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 597,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Пд олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн ****дугаар хороо, ***дугаар хороолол, ө хотхон, ****дүгээр байрны ****тоот 46,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нэхэмжлэгч Р.Пд шилжүүлэн өгөхийг хариуцагч Б.Бад даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н ө” ХК-д холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч Р.П татгалзсаныг баталж, тус хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 597,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Пд олгосугай.
4. Нэхэмжлэгч Р.П “Н ө” ХК-д холбогдуулан тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, зохигчид шийдвэрийн 2 дахь хэсэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА