Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/714

 

 

 

 2024           06             20                                         2024/ДШМ/714     

 

                           Г.Г , Б.З  нарт холбогдох эрүүгийн

                                                        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Намдаг,

шүүгдэгч Г.Г ,

шүүгдэгч Г.Г , Б.З  нарын өмгөөлөгч С.Дорждулам,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/474 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Г.Г , Б.З , тэдгээрийн өмгөөлөгч С.Дорждулам нарын гаргасан гомдлоор Г.Г , Б.З  нарт холбогдох эрүүгийн *** дугаар хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.З  нь бусадтай бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс
18-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Архангай
аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэр “Б ” гэх газраас 46.2 кг
ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу самрыг түүж, бэлтгэл, ****
ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг
дэвсгэрээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн, өөрийн
гэртээ хадгалсан, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин
сумаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Эмээлтийн
хяналтын цэг” хүртэл **** ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн
,

шүүгдэгч Г.Г  нь бусадтай бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс
18-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Архангай
аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэр “Б ” гэх газраас 46.2 кг
ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу самрыг түүж, бэлтгэн, ****
ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг
дэвсгэрээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн, өөрийн
гэртээ хадгалсан, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин
сумаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах Эмээлтийн хяналтын
цэг хүртэл **** ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокуророос: Г.Г , Б.З  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г , З  нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, нэн ховор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн 24.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г , Б.З  нарыг тус бүрд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г , Б.З  нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс бусад газар зорчихыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр бусад газар зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г , Б.З  нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г , Б.З  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ****  ӨВА улсын дугаартай “Тоуоtа Соrollа” маркийн ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, хохирол тооцож Нийслэлийн байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлэхийг Өвөрхангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Экологийн цагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалгаж байгаа 46.2 кг самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус  зааснаар хуульд заасан хугацаанд шүүгдэгч Г.Г , Б.З  нараас нийт 11.807.540 төгрөгийг гаргуулж Нийслэлийн байгаль орчин уур амьсгалын санд олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, байнгын тогтмол цалин хөлсгүй, урин дулааны улиралд Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн дэргэдэх худалдаа үйлчилгээний төвд өөрийн гэрээт лангуун дээр жижиг бараа зарж амьжиргаагаа залгуулдаг. Зун өөр аймаг, суманд аялал жуулчлалын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдах үед тийшээ нүүдэллэн бараагаа худалдан борлуулдаг.

Анхан шатны шүүхийн хурал болох үед би хохирлоо нөхөн төлөх мөнгө санхүүгийн боломжгүй байсан нь үнэн, энэ шалтгааны улмаас өмгөөлөгч хөлслөн авч чадаагүй. Би учруулсан хохирлоо төлөөгүй, шүүх хурал дээр хохирол нөхөн төлөхөө илэрхийлээгүй учир анхан шатны шүүх надад тэнсэн биш, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан болохыг өмгөөлөгч надад хэлж ойлгуулсан. Иймээс би хохирлын зарим хэсгийг төлсөн бөгөөд үлдэгдэл хохирлоо нэг жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байна.

Миний эхнэр Б.З  жирэмсэн учир одоогоор ажлаа хийхгүй байгаа, цаашид нялх хүүхдээ өсгөж бойжуулах шаардлагатай тул хэзээ ажилдаа орж, цалин хөлстэй болох нь тодорхой бус байна. Ингэхээр би бас эхнэрийнхээ хохирлыг төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа. Надад өөрийн лангууны барааг олж авахын тулд, Хархорин сумаас гадагш гарч явах зайлшгүй хэрэгцээ шаардлага урин дулаан цагт байнга гарах нь үнэн болно.

Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хязгаарлах ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, учруулсан хохирлоо нэг жилийн хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэх тухай өмгөөлөгч С.Дорждуламын давж заалдах шүүхэд гаргасан гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.З  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилладаг боловч 2024 оны 03 сараас хойш жирэмсний амралттай учир ажилгүй байгаа. Миний нөхөр Г.Г  Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн дэргэдэх худалдаа үйлчилгээний төвд өөрийн гэрээт лангуун дээр жижиг бараа зарж, улирлын чанартай ажил үйлчилгээ хувиараа эрхэлдэг. Анхан шатны шүүхийн хурал болох үед би хохирлоо нөхөн төлөх мөнгө санхүүгийн боломжгүй байсан нь үнэн, энэ шалтгааны улмаас өмгөөлөгч хөлслөн авч чадаагүй. Би учруулсан хохирлоо төлөөгүй, шүүх хурал дээр хохирол нөхөн төлөхөө илэрхийлээгүй учир анхан шатны шүүх надад тэнсэн биш, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан болохыг өмгөөлөгч надад хэлж ойлгуулсан. Иймээс би хохирлын зарим хэсгийг төлсөн бөгөөд үлдэгдэл хохирлоо нэг жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байна.

Би одоо 42 настай, 2024 оны 05 сарын сүүлчээр Улаанбаатар хотод амаржина. Миний энэ төрөлт хожуу төрөлт учир миний өөрийн бие болоод нялх хүүхэд маань гэнэтийн нөхцөл байдлаар өвчилж чилээрхэх тохиолдолд надад Хархорин сумаас гадагш гарч, Өвөрхангай аймгийн төв, улсын нийслэл хот явах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсэхгүй гэх баталгаа байхгүй.

Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хязгаарлах ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, учруулсан хохирлоо нэг жилийн хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэх тухай өмгөөлөгч С.Дорждуламын давж заалдах шүүхэд гаргасан гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Г , Б.З  нарын өмгөөлөгч С.Дорждулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Г , Б.З  нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Шүүгдэгчид гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлд Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал тодруулбал, ард иргэдийн байнгын ажлын байрны хомсдолоос үүдэлтэй нийгмийн ядуурал, хөдөө орон нутгийн зах зээлээс алслагдмал байдал, эдийн засгийн инфляц, зах зээл дэх бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн байнгын өсөлт зэрэг шүүгдэгчдээс шууд хамааралгүй хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэх нь шүүх хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна. Түүнчлэн шүүгдэгч Г.Г  улирлын чанартай ажил үйлчилгээ эрхэлдэг, Б.З  жирэмсний чөлөөтэй байгаа тул мөнгө санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас тэд анхан шатны шүүх хуралдаан дуусах хүртэлх хугацаанд өмгөөлөгч хөлслөн авах болон гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөх боломжгүй байжээ. Мөн шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө анхан шатны шүүхэд илэрхийлснээр үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн гүйцэд ойлгож мэдэхгүй учир шалтгаанаар өөрсдийнхөө эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал харагдаж байна. Хохирлыг нөхөн төлсөн эсэх, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлэх эсэх нь шүүгдэгчдийн өөрсдийнх нь хүсэл зоригийн асуудал байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгийн байр суурь баримтлах ёстой анхан шатны шүүхийг үүнд буруутгах үндэслэлгүй. Гэхдээ шүүгдэгчдийн энэхүү алдааг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хүлээн авч, улмаар шүүгдэгчдэд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой байна.

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Мөн хуулийн 5.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн  зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Шүүгдэгч Г.Г , Б.З  нар нь байгалийн ургамлыг түүх тогтоосон хугацааны талаар болон бусад хууль эрх зүйн мэдлэг боловсролгүй учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нэг жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд одоогийн байдлаар тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг Нийслэлийн байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд тушаасан байна. Эдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6-д тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Дээр дурдсан нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно, мөн хэсгийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж тус тус заасныг баримтлан Г.Г , Б.З  нарыг тус бүрд нь анхан шатны шүүхээс оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх дээр дурдсанаар шийдвэрлэж, шүүгдэгч Г.Г , Б.З  нарыг зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэдэнд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэж, улмаар мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан,  шүүгдэгчдийн хохирлоо нөхөн төлөх хугацааг өөрсдийнх нь хүсэл зоригийн илэрхийллийн дагуу нэг жилийн хугацаагаар тогтоох албадлагын арга хэмжээ авснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго бүрэн хангагдах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г  нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд дотоод, гадаадын иргэдийн аялал жуулчлалын цагаар Эрдэнэзуу хийдийн дэргэдэх өөрийн гэрээт лангуун дээрээ бэлэг дурсгалын зүйлс зарж борлуулдаг, улирлын чанартай ажил үйлчилгээ эрхэлдэг. Энэхүү жижиг худалдааны лангууг хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр тогтмол хангаж ажиллахад Г.Г д Хархорин сумаас гадагш гарч бараа бүтээгдэхүүнээ цуглуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага гардаг. Г.Г д гэрээт лангууныхаа ашиг орлогоос өөрийн болон эхнэр Б.З ын хохирлыг нөхөн төлөхөөс өөр сонголт байхгүй учир шалтгааныг давж заалдах шатны шүүх анхааран үзэж, шүүгдэгчдийг зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх нь шүүхийн иргэдийн итгэлийг хадгалах зорилго чиглэлд бүрэн дүүрэн нийцнэ.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Г.Г , Б.З  нарт холбогдох хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр, шүүгдэгчдийг зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж, тус бүрийг нь нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд учруулсан хохирлоо нэг жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх тухай анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Намдаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэсэн заалт байгаа. Г.Г , Б.З  нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г , Б.З  нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэр “Б ” гэх газраас 46.2 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу самрыг түүж, бэлтгэн, ****  ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн, өөрийн гэртээ хадгалсан, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл **** ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь:

2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 18 тал/, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналт, шалгалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Ганзоригийн илтгэх хуудас /1хх 19 тал/, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 29-30 тал/, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 3314 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 57-61 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3620 дугаартай Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжээчийн дүгнэлт /1хх 68-70 тал/, Архангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичиг /1хх 238-239 тал/, мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 232-234 тал/, “Тоуоtа Соrollа” маркийн авто машины 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгө үнэлгээ /1хх 81-85 тал/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1хх 189 тал/,

гэрч М.Өсөхбаярын “...Улаанбаатар хот руу явсан гэтэл 16 цаг өнгөрч байх үед намайг эмээлт дээр шалган нэвтрүүлэх пост дээр ирэх үед шалгалт таараад манай автобусны ачааны хэсгээс 1 шуудай цайруулсан самар гарч ирээд шалгуулж байна. Ганболдын ачсан ачаа буюу самар дээр хүлээн авах хүнийх нь утасны дугаар бичээстэй байсан тэр дугаар нь 86136681 гэсэн дугаартай эрэгтэй хүн байсан бөгөөд над руу одоо ачаагаа авна гээд 99932650 дугаараас залгаад байгаа...” гэх мэдүүлэг /1хх 46-47 тал/,

гэрч Г.Анхчимэгийн: “...Би самар зарах нь хууль бус гэдгийг мэдээгүй байсан учир аав, ээж хоёрыг самар түүгээд явуулчих гэж хэлсэн юм...нийт 50 кг самар ачуулсан. Би гарал үүслийн бичиг авдаг гэдгийг нь мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх 53-54 тал/,

хохирогч Ц.Т  ийн: “...Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх 42-43 тал/,

шүүгдэгч Г.Г-ын : “...Амарч байх хугацаанд самар ургадаг мод нь хажууханд байрлаж байсан бөгөөд уг газарт амарч байсан бусад хүмүүс эмчилгээ, сувилгаагүй үедээ агаар салхинд явж байхдаа унасан самар түүж ирээд байсан болохоор бид хоёрч гэсэн мөн адил рашаанд ороогүй  чөлөөт цагаараа хажуухнаасаа газар унасан боргоцой самруудыг өдөрт бага багаар түүж цуглуулсан юм. Нийтдээ 3 орчим шуудай боргоцой самар болсон бөгөөд модноосоо салж газар унасан боргоцойг гараараа түүж шуудайлж авсан. Самар түүхэнд ямар нэг багаж, хэрэгсэл ашигласан зүйл огт байгаагүй. Эхнэр бид 2 самар түүх зорилгоор биш рашаанд амарч сувилуулах гэх гэж уг газарт анх очсон. ...Жинлэж үзээгүй болохоор ямар хэмжээтэй байсан талаар мэдэхгүй байна. 50 кг-ийн багтаамжтай шуудайгаар 3 шуудай боргоцой л болж байсан...” гэх мэдүүлэг /1хх 244-245 тал/,

шүүгдэгч Б.З ын: “...Тухай үед түүсэн самраа ганцаараа гараараа цайруулсан. ...би газар орон сайн мэдэхгүй болохоор зааж өгч чадахгүй Уг газар нь өвлийн улиралд хүн, машин очоод байдаггүй хээр зэлүүд газар болохоор одоо зам нь цас, бартаа ихтэй байгаа...” гэх мэдүүлэг /1хх 241-242 тал/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж, 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Г.Г , Б.З  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Г , Б.З  нарын ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бүлэглэн ховор ургамлын жагсаалтад орсон Сибирь хуш самрыг түүж бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангасан бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн хохирол хор, уршгийг тооцохдоо “Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас байгалийн нөөц баялагт 13.707.540 төгрөгийн хохирол учруулсан байна гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дээрх хохирлоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1.900.000 төгрөгийг хасаж, үлдэх 11.807.540 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Г , Б.З  нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 5.903.770 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр тооцов.” гэж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаараагүй байна.

Тодруулбал, шүүгдэгч Г.Г , Б.З  нарын “...газарт унасан самрыг түүж шуудайлсан...” гэх мэдүүлгийг үгүйсгэсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Г.Г , Б.З  нарыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дахь заалтад заасан байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл, Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэгт “..."ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг...” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан хохирлыг нөхөн төлнө...”, 42.1.3 “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн;” гэж,  42.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно.” гэж тус тус нарийвчлан зохицуулсны дагуу гэмт хэргийн хохирол хор уршгийг зах зээлийн үнэлгээгээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 91-94 дүгээр талд авагдсан 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “46,2 кг цайруулсан самрын үнэлгээний тайланд авагдсан шинжээчийн дүгнэлт”-д дурдсанаар “...Сибирь хуш модны үр болох цайруулсан самар нь 1 кг нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 6.000-8.000 төгрөг байна. 46,2 кг самрын зах зээлийн үнэлгээ 323.400 төгрөг байна...” гэж үнэлсэн байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 323.400 төгрөгөөр тооцож шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбоотой заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Г , Б.З  нар “...анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хязгаарлах ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, учруулсан хохирлоо нэг жилийн хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...”  гэх,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Дорждулам “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж тус тус заасныг баримтлан Г.Г , Б.З  нарыг тус бүрд нь анхан шатны шүүхээс оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Улмаар шүүгдэгч Г.Г , Б.З  нь гэмт хэргийн хохирол төлбөрт 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус бүр 1.500.000 төгрөг буюу нийт 3.000.000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд төлсөн баримтыг хэрэгт гарган өгсөн тул шүүгдэгч нарыг хохирол төлбөрийг нөхөн төлсөн, төлбөл зохих хохирол төлбөргүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нар гэм буруугийн хувьд маргаагүй, хохирол төлбөр нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж зааснаар шүүгдэгч нарыг 1 жилийн хугацаанд тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүрэг хүлээлгэх боломжтой гэж дүгнэсэн болно.  

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ****  ӨВА улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Г.Г-ын  өмчлөлийнх  болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 141-142 тал/-аар тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ****  ӨВА улсын дугаартай “Тоуоtа Соrollа” маркийн тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалгаж байгаа 46,2 кг Сибирь хуш цайруулсан самар зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого, ашигласан тээврийн хэрэгсэл мөн байх тул тус ****  ӨВА улсын дугаартай “Тоуоtа Соrollа” маркийн тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалгаж байгаа 46,2 кг Сибирь хуш цайруулсан самрыг улсын орлогод оруулахаар зөвтгөж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/474 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.   

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/474 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г , Б.З  нарыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэж,

5 болон 6 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г , Б.З  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоуоtа Соrollа” маркийн ****  ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалгаж байгаа 46.2 кг самрыг тус тус улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 3, 4, 7 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г , Б.З , тэдгээрийн өмгөөлөгч С.Дорждулам нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Г.Г , Б.З  нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэсэн,

          “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус Г.Г , Б.З  нарт мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

 

3. Шүүгдэгч Г.Г , Б.З  нар нь хохирол төлбөрт нийт 3.000.000 төгрөгийг Төрийн сангийн 100900013040 тоот дансанд төлсөн болохыг дурдсугай.  

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

      

ШҮҮГЧ                                                  Л.ДАРЬСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ