Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2026/0322

 

 

 

 

 

 

 

  2026          03            31                                    128/ШШ2026/0322

 

 

   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М*******” ХХК /РД:*******/;

Хариуцагч: Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл

Гуравдагч этгээд: “С******* х*******” ХХК /РД:*******/-ийн хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е*******, Б.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Өлзийдүүрэн нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь: 

            Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар хуралдааны “С******* х*******” ХХК-ийг гомдлын тухай” дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйлгүй.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.“М*******” ХХК нь Н дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай” дүгээр захирамжаар тус  дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 82,912 м.кв газрыг “Б” ХХК-иас шилжүүлэн авчээ.

2.2.Үүний дараа Н дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын дүгээр захирамжаар “М*******” ХХК-ийн эзэмших газрын хэмжээг 95,912.0 метр квадрат болгож буюу 13,000.0 метрээр, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар 158,084.0 метр квадрат болгож буюу дахин 62,172.0 метр квадратаар газрын хэмжээг нэмэгдүүлсэн байна.

2.3.Гуравдагч этгээд “С******* х*******” ХХК нь Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандан “М*******” ХХК-д газар олгосон нь “... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтын хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журмын 1.2 дугаар зүйлийн 1.2.5 дахь заалт “байршлын хувьд давхцалгүй байх” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

2.4.Хариуцагч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь гуравдагч этгээд “С******* х*******” ХХК-ийн гомдлыг хянаад 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтээрээ “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үр дагавар бүхий шийдвэр гаргасан байна.

2.5.Ингээд нэхэмжлэгч “М*******” ХХК нь Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасны дагуу Н дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "Газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай" дугаартай захирамжаар Улаанбаатар хот, Н дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 82912 метр квадрат талбайтай газрын эзэмших эрхийг "Б" ХХК-аас шилжүүлж авсан.

 Улмаар Н дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай" дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг үндэслэн 82912 метр квадрат талбайн хэмжээг 158084 метр квадрат талбайг болгон нэмэгдүүлэн олгосон. Манай компани тухайн газарт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний  хэрэгслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж өдий хүрсэн юм. Мөн хуульд заасан ёсоор Н дүүргийн Газрын албатай 0 дугаартай "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-г байгуулсан. Ийнхүү бид тухайн газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй юм. Гэтэл Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар хуралдааны "С******* х*******" ХХК-ийн гомдлын тухай" дугаартай дүгнэлтээр манай компанид газар эзэмшүүлсэн Н дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 228 дугаартай захирамжийг хууль бус үндэслэлээр хүчингүй болгосон байна. Ингэснээр манай компанийн тус газрыг эзэмшиж, ашиглах эрх зөрчигдөж байна.

Маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болох тухай: Бид маргаан бүхий захиргааны актыг дараахь байдлаар тус тус хууль бус болсон гэж үзэж байна.

1.Оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй тухай: Газрын тухай хуулийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасан. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд гомдол гаргагч "С******* х*******" ХХК нь тухайн маргаан бүхий газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашиглах эрх бүхий этгээд байх шаардлагатай юм. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 27.1-д "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ" 27.1.14-д "газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх” гэж, 26.12-д "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ" гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл “С******* х*******" ХХК нь Н дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нын уурхайн баруун жигүүр" нэртэй MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр "Ц ш" ХХК-иас шилжүүлж авсан боловч газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдаг. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 49.13-д "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан этгээдийн газар ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ" гэж зааснаар "С******* х*******" ХХК-д тухайн газрыг ашиглах эрх үүсээгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 24.4-д "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэж заасан. Гэтэл Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь шийдвэр гаргах ажиллд хамааралтай тохиолдол болох гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан судлах үүргээ биелүүлээгүй. Улмаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар ашиглах эрх үүсээгүй этгээдийн гомдлоор манай компанид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.Шийдвэр гаргах ажиллд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй тухай: Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж, 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход холбогдолтой шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэж тус тус заасан. Энэ тухай Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам"-ын 7.3-д "Энэ журмын 7.1-д заасан шийдвэр нь тодорхойлох, үндэслэх, дүгнэх хэсгээс бүрдэнэ”, 7.3.2. үндэслэх хэсэгт гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхэд баримталсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг Маргаан таслах зөвлөлөөс хэрхэн үнэлж байгаа зэргийг тусгана" гэж тодорхой зохицуулсан байна.

Хууль болон журмын эдгээр зохицуулалтын дагуу захиргааны байгууллага, албан тушаалтан нь шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай билээ. Гэвч манай компанийн эзэмшлийн газар нь бусдын хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байхад Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл энэ байдлыг тодруулахгүйгээр шууд "М*******" ХХК нь 2022 оны дугаар захирамжаар талбайн хэмжээг 158084 м.кв (15.8 га) болгон нэмэгдүүлсэн бөгөөд үүний улмаас "С******* х*******" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцал үүссэн гэх үндэслэл зааж, манай компанид газар эзэмшүүлсэн Н дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болжээ. Учир нь Газрын тухай хуулийн 31.3-д заасан газрын давхцал нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 49.13-д зааснаар газар ашиглах эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээдэд хамааралтай зохицуулалт юм.

Гомдол гаргагч "С******* х*******" ХХК нь газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас энэ тухай гомдол гаргах, маргах эрхгүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн манай компанийн эзэмшлийн газар нь бусдын хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй атал Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл ямар баримтад үндэслэж" "М*******" ХХК-ийн газар нь "С******* х*******" ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцал үүссэн" гэж үзсэн нь тодорхой бус, маргаан бүхий захиргааны акт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2-т заасан шийдвэр гаргах ажиллы журмыг зөрчсөн байна.

3.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн Дүгнэлтийн бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой бус: Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна" гэж, 40.2.3-д "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" гэж тус тус заасан. Хуулийн энэхүү зохицуулалтуудын дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой байх шаардлагатай билээ. Гэвч маргаан бүхий захиргааны актад манай компанид газар эзэмшүүлсэн Н дүүргийн маргаан бүхий захиргааны актыг гаргасан бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой байх шаардлагатай Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгох бодит болон хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй байна.

 Тодруулбал, (1) газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон бодит үндэслэлийг "бусдын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцал үүссэн" гэж заасан байх боловч манай компанийн эзэмшлийн 158084 м.кв (15.8 га) газар нь "С******* х*******" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай аль хэсгээр яаж давхацсан тухай дурдаагүй нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна. (2) Газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон үндэслэлийг "бусдын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцал үүссэн" гэж заасан байх боловч Газрын тухай хуулийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж, 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж тус тус заасныг актын хууль зүйн үндэслэл болгосон байна. Үүнээс үзэхэд манай компанид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэл нь тодорхой бус байна. Учир нь актын хууль зүйн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 31.3-д газар эзэмших эрх нь бусдын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан талаар заагаагүй. Мөн түүнчлэн Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь Газрын тухай хуулийн 602.1-д зааснаар газар өмчлүүлэх, эзэмших, ашиглах, чөлөөлөхтэй холбоотой гаргасан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага юм. Иймд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийг Газрын тухай хуулийн 61.1-д заасан Н дүүргийн Засаг даргын дээд шатны байгууллага, албан тушаалтан гэж үзэхгүй. Үүнээс гадна маргаан бүхий актад дурдсан "бусдын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцал үүссэн" гэх нөхцөл байдлыг тогтоосон ямар нэгэн баримт, тайлан байгаа эсэх нь тодорхой бус байна.

4.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрхгүй тухай: Газрын тухай хуулийн 20.2.7-д зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах бүрэн эрхийг дээд шатны Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хуулиар олгогдоогүй. Энэ тухай Газрын тухай хуулийн 601-д "Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргана" гэж, 60.2-д "Маргаан таслах зөвлөл нь маргаанд оролцогч талуудаас нотлох баримт шаардах эрхтэй бөгөөд нотлох баримт ирүүлээгүй бол ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан дүгнэнэ" гэж тус тус маргаан таслах зөвлөлийн эрх хэмжээг тодорхой хуульчилсан байдаг. Харин Газрын тухай хуулийн 603.3-д зааснаар Маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба гаргаж болдог. Иймд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд манай компанид газар эзэмшүүлсэн Н дүүргийн Засаг даргын 2022 оны дугаартай захирамжийг шууд хүчингүй болгох эрх хэмжээ Газрын тухай хууль тогтоомжоор олгогдоогүй болохыг анхааран үзэхийг хүсэж байна.

5.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн Дүгнэлтийн агуулга ойлгомжгүй, тодорхойгүй тухай: Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д "Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна" гэж заасанд нийцэхгүй байна. Учир нь гомдол гаргагч "С******* х*******" ХХК нь Н дүүргийн 2008 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан байхад Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь өөрийн санаачилгаар Н дүүргийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 228 дугаар захирамжийг хүчингүй болгосныг ойлгохгүй байна. Маргаан таслах зөвлөл нь энэ тухай үндэслэлээ 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн дугаартай дүгнэлтдээ тодорхой тайлбарлаж тусгаагүй байхаас гадна гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, гомдлын шаардлагад огт тусгагдаагүй захирамжийг өөрийн санаачилгаар хүчингүй болгосон нь хэтэрхий нэг талыг барьсан, нөгөө талдаа үйлчилсэн, ашиг сонирхлын зөрчил гаргасан явдал юм. Мөн түүнчлэн Маргаан таслах зөвлөл нь "М*******" ХХК-д эзэмшүүлсэн газар нь “С******* х*******" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхацсан гэсэн хууль бус үндэслэлээр Н дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 228 дугаар захирамжийг хүчингүй болгосон атлаа дүгнэлтийн 2 дах заалтаараа газрын зөрчил, давхардлыг газар дээр нь тодорхойлох, арилгах, нөхцөл байдлын дагуу дахин шинэ актыг гаргахыг Н дүүргийн Засаг дарга болон Н дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгасан байна. Үүнээс үзэхэд маргаан бүхий захиргааны актын агуулга нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д заасныг зөрчсөн гэж

Иймд маргаан бүхий захиргааны акт нь илт үндэслэлгүй, хууль бус Дүгнэлт болсон гэж үзэж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухай: Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар хуралдааны "С******* х*******" ХХК-ийн гомдлын тухай" дугаартай Дүгнэлт нь бидэнд шуудангаар 2022 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ирсэн. Газрын тухай хуулийн 60.6-д "Маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг оролцогч талууд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дүгнэлтийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй" гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-д "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэж тус тус заасны дагуу тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргав” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 “... Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашиг сонирхол байсан эсэх, энэ эрх ашиг сонирхол нь хөндөж зөрчигдсөн эсэх асуудал дээр дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Манай газрыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаад яваад байгаа “С******* х*******” ХХК-ийн эрх зүйн байдлыг анхаарч үзнэ үү. Энэ компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй боловч Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газрын бичиг баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, газрын гэрээ, захирамж нь байхгүй, кадастрыг нь мэдээллийн санд оруулаагүй, 2019 оноос хойш газрын төлбөрийг огт өгөөгүй байсан. Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр олон алдаа зөрчил дутагдлууд гарч байсан. Мөн хүн нас бардаг асуудлууд хөндөгдөж бичигдэж байсан. Өөрсдөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль ёсны дагуу газраа албан ёсоор бүртгүүлж төлбөрөө төлөөгүй этгээдийн эрх ашиг зөрчигдсөн гэдэг агуулгаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ дүгнэлт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ маргааныг хянан шийдвэрлэхэд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэл, мөн хэрэгт авагдсан баримтын хувьд дүгнэлт хийж эрх хэмжээний асуудлыг тодорхой болгож өгнө үү. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Маргаан таслах зөвлөлд дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ олгогдоогүй. Хуульд байхгүй эрх хэмжээг эдэлж манай компанийн газар эзэмшүүлсэн өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгож байгаа дүгнэлт нь өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Хэргийн бодит нөхцөл байдлыг аль аль нь тогтоох үүрэгтэй байдаг. Харамсалтай нь Маргаан таслах зөвлөл газрын давхцал байгаа гэдэг үндэслэлээр манай компанийн газрыг хүчингүй болгосон боловч энэ байдлыг хангалттай нотолж чадаагүй гэж харж байна. Дүгнэлт хийхээсээ өмнө газар нь аль хэсгээр ямар хэмжээгээр давхацсан гэдгийг тодорхой болгох үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага, албан тушаалтан, Маргаан таслах зөвлөлийн үйл ажиллы журмаар тодорхой үүрэг болгосон зохицуулалт байгаа. Тэрнээс биш зүгээр сансрын зураг харж байгаад энэ хэсэг нь ингэж харагдаж байгаа тул газар давхцалтай байна гэдэг мэргэжлийн бус дүгнэлт хийж болохгүй. Давхцал байна гэж байвал үүнийг баримтаар нотолж тогтоох ёстой. Энэ нь журмаар хүлээсэн үүрэг. Хэрэгт авагдсан Маргаан таслах зөвлөлөөс ирүүлсэн нотлох баримтуудаас үзэх юм бол энэ байдал нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй. Иймд дүгнэлтийн бодит үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдоогүй гэж үзэж байна.    Дүгнэлт нь хууль зүйн хувьд алдаатай, ойлгомжгүй, тодорхойгүй гарсан байна. Гомдлын шаардлага нь юу байсан эсэх,  аль захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа гэдэг нь ойлгомжгүй байгаа. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан зохицуулалт нь дүгнэлтийн хууль зүйн үндэслэл болохгүй. Энэ нь Маргаан таслах зөвлөлийн эрх хэмжээг зохицуулсан зохицуулалт биш гэж харж байна. Эсрэгээр Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.1, 601.2, 601.3-д заасны дагуу Маргаан таслах зөвлөл зөвхөн хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудал руу дүгнэлт гаргах ёстой байсан. Дүгнэлтийг үндэслээд дүүргийн эсвэл нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж явах хуультай. Дүгнэлт хэлбэртэй боловч дүгнэлтийн агуулга нь тухайн дүүргийн Засаг даргын захирамжийг шууд хүчингүй болгосон агуулга гаргасан байна. Энэ дүгнэлтийг үндэслэж Засаг дарга алдаагаа засах эрх хэмжээг Газрын тухай хуульд тодорхой заасан байдаг. Маргаан таслах зөвлөл эхлээд хууль тогтоомж зөрчсөн асуудлаар дүгнэлт гаргана. Энэ дүгнэлтийг үндэслэж дүүргийн Засаг дарга эсвэл Нийслэлийн Засаг дарга өмнө нь гаргасан захирамжийг хүчингүй болгон өөрчлөх эрх хэмжээ байдаг. Үүнийг хуульчилж өгсөн байдаг.

Гэтэл шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд энэ боломжийг нь олгохгүйгээр шууд өөрсдөө  газрыг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Ингэж хүчингүй болгохдоо буруутай гэдгийг хангалттай нотолж тогтоож чадаагүй байна. Н дүүргийн газар зохион байгуулалтын тайлбар болон байр суурийг хэрэгт авагдсан ямар баримтаар яаж няцаасан нь тодорхойгүй байна. “С******* х*******” ХХК нь кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байсан. Газар ашиглах гэрээ байгуулаагүй тул “С******* х*******” ХХК-ийг тухайн газар дээр байсан гэдгийг тодруулах боломжгүй байна.

“С******* х*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ дээр “М*******” ХХК болон Н дүүргийн зүгээс ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй. Хамгийн сүүлд газар эзэмшүүлж хэмжээ нэмэгдүүлсэн Засаг даргын захирамж гаргахаас өмнөх 4 жилийн хугацаанд буюу хууль хүчинтэй байх хугацаанд үүргээ биелүүлээд газраа бүртгүүлээд гэрээ хэлцлээр байгуулаад явж байсан бол өнөөдөр ийм асуудлууд үүсэхгүй байх байсан. “С******* х*******” ХХК-ийн буруутай үйл ажиллаас болж “М*******” ХХК хохирох ёсгүй гэж үзэж байна. “С******* х*******” ХХК нь удаа дараа газрын албанд гомдол гаргасан боловч энэ гомдлыг Газрын алба шийдвэрлэж хариу өгсөн. Тухайн үед хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл, газар ашиглуулах, гэрээ захирамж гаргуулах өргөдөл гомдлыг нь шийдвэрлэж хариу өгсөн байтал өөртөө хамааралтай асуудлаар огт гомдол гаргаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэсэн атлаа хаа хамаагүй гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн газрыг хүчингүй болгуулъя гэсэн агуулгаар гомдол санал хүргэсэн. “М*******” ХХК-ийн газрыг хүчингүй болгуулах асуудлыг шийдэхээс өмнө эхлээд “С******* х*******” ХХК-ийн өргөдөл гомдлоос татгалзаж байгаа Н дүүргийн асуудлыг шүүхээр шийдүүлэх ёстой байсан. Тэр агуулгаар шүүх нэхэмжлэл гаргаад маргаан шийдүүлсэн бол өнөөдрийн шүүх хуралдаанд ярьж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг тайлбарлаж шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоол тэр маргаан дээр хамаатай гэж үзэх ёстой байсан. Өнөөдөр иш татаж байгаа Улсын Дээд шүүхийн тогтоол нь “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Маргаан таслах зөвлөлд холбогдох дүгнэлтийн хүчингүй болгуулах эсэх асуудлыг хянан шийдвэрлэхэд шууд хамааралгүй, ач холбогдолгүй тогтоол шийдвэр байна гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаад дүгнэлтийг хүчингүй болгосноор хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчихгүй. “С******* х*******” ХХК асуудлаа тусдаа өөрийн журмаар шийдүүлэх нөхцөл боломж нь байгаа. Энэ хүмүүст хуулиар олгогдсон эрх нь байгаа. Энэ шугмаараа яваад эрх ашгаа хангуулж, газрын асуудлыг тусдаа бие дааж шийдүүлэх нөхцөл боломж байгаа. Иймд манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар хуралдаанаар “С******* х*******” ХХК-ийн гаргасан гомдлыг хэлэлцүүлсэн.

Гомдлын утга:Н дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нын уурхайн баруун жигүүр" нэртэй MV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “С******* х*******” ХХК-ийн ашиглаж буй 198.84 га газарт давхцуулан Н дүүргийн Засаг даргын захирамжаар “М*******” ХХК-д давхцуулан эзэмшүүлсэн байна гэж гомдол ирүүлсэн.

Гомдлын дагуу шалган судлахад маргаан бүхий байршилд ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2007 оны тоот гэрчилгээтэй “Ц ш” ХХК-аас 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “С******* х*******” ХХК 198.84 га шилжүүлж авахдаа тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралтад баталгаажсан лицензийн талбайн солбицлуудыг газар дээрээ тэмдэгжүүлсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

"Ашигт малтмалын тухай хууль"-ийн 17.3-д Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэж заасан бөгөөд “С******* х*******” ХХК-ийн хайгуулын талбай нь батлагдсан байдаг.

Гомдол гаргагч байгууллага нь газрын төлбөрөө 2021 он хүртэл төлсөн, 2022 оноос газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт өгөхөд давхцалтай гэх шалтгаанаар татгалзсан хариу авсан байдаг.

“М*******” ХХК нь 2005 оны 264 дүгээр захирамжаар газар эзэмшиж байсан “Бластек” ХХК-иас Н дүүргийн Засаг даргын 2008 оны дүгээр захирамжаар 82912 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх шилжүүлсэн авч, 2017 оны дүгээр захирамжаар талбайн хэмжээ нэмэгдүүлж 95912 м.кв болсон байдаг. Нэмэгдсэн талбайгаа 2018 оны А/42 дугаар захирамжаар хэсэгчлэн шилжүүлсэн. 2022 оны дугаар захирамжаар талбайн хэмжээг 158084 м.кв (15.8 га) болгон нэмэгдүүлэн бөгөөд үүний улмаас “С******* х*******” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцал үүссэн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

... Маргаан таслах зөвлөл нь шинээр байгуулагдсан. Нэхэмжлэгч дүүргийн Засаг даргын шийдвэртэй холбоотой маргааныг Маргаан таслах зөвлөлөөр оруулж шийдвэрлэхгүй гэдэг байр суурьтай байгаа. Энэ асуудлаар маргаж байгаа нь үндэслэлгүй гэж би өмнө нь хэлж байсан. “С******* х*******” ХХК-ийн эрх ашиг зөрчилдөөгүй байх гомдлыг хүлээж аваад хууль бус дүгнэлт гаргасан гэдэг байдлаар маргаж байгаа нь үндэслэлгүй. “С******* х*******” ХХК-ийн эрх ашигт зөрчигдсөн нь тодорхой байгаа. Маргаан таслах зөвлөлийн хурлаар орохдоо тодорхой тайлбарласан. Н дүүргээс оролцсон мэргэжилтэн “С******* х*******” ХХК болон “М*******” ХХК-нд ямар нэгэн давхцалгүй” гэдэг байр сууриа илэрхийлсэн. Энэ мэргэжилтэн үндэслэлгүй тайлбар хэлсэн байна гэж үзэж байна. “С******* х*******” ХХК нь хүсэлт бичиж Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан. 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичгээр “танай компани 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тоот албан бичгээр давхцалтай байх тул шүүхээр шүүхийн журмаар шийдвэрлэнэ үү” гэсэн.  Н дүүргийн холбогдох мэргэжилтнүүд нь давхцалтай байна гэдгээ илэрхийлээд явж байсан.

Шинээр байгуулагдсан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлттэй холбоотой өнөөдрийн байдлаар шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй. Иймд дүгнэлттэй холбоотой манай зөвлөлийн эрх хэмжээний асуудлаар нэг мөр ийм ойлголтыг авч үзсэн шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

3.5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Нэг. Манай компани нь Н дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нын уурхайн баруун жигүүр" гэх нэртэй газарт 199 гектар талбайг ашигт малтмалын ашиглалтын MV- дугаар тусгай зөвшөөрлийн дагуу ашиглах эрхтэй юм.

Тодруулбал, манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд анх "Ц ш холдинг" ХХК-д 1996 оны 10 дугаар сарын 28-нд хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байдаг бөгөөд 2001 оны 10 дугаар сард тусгай зөвшөөрлийн хавсралт дээр тэмдэглэгдсэнээр уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байдаг.

Улмаар 2007 онд “Э" ХХК нь "Ц ш холдинг" ХХК-иас ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авч, 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр "С******* х*******" ХХК нь "Э" ХХК-иас зохих журмын дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч одоог хүртэл эзэмшиж ашиглаж байгаа болно.

"С******* х*******" ХХК нь тухайн ашигт малтмал ашиглалтын зөвшөөрөл бүхий 199 гектар талбайг шилжүүлэн авснаас хойш дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

а)Нын нүүрсний уурхайн баруун жигүүрийн MV-00221 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 2013 онд гүйцэтгэсэн нөөцийн тодотгол тооцооны тайланг боловсруулан холбогдох төрийн захиргааны байгууллагын хурлаар оруулж, нөөцийг бүртгүүлсэн.

Тодруулбал, Ашигт малтмалын газрын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ХХ-03-05 дугаар хуралдаанаар “Нын нүүрсний ордын баруун жигүүрийн MV-00221 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 2013 онд гүйцэтгэсэн нөөцийн тодотгол тооцооны тайлан"-г хэлэлцсэн.

Уг хуралдаанаар манай компанийн MV-00221 тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах эдийн засгийн үр ашигтай болон тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай баттай, бодитой болон боломжтой (А+В+С) цэвэр нүүрсний нөөцийг 25,429.46 мян.тн-оор, чулууны үетэй нүүрсний нөөцийг 27,806.69 мян.тн-оор, үүнээс эдийн засгийн үр ашигтай баттай, бодитой болон боломжтой (А+В+С) цэвэр нүүрсний нөөцийг 22,002.29 мян.тн-оор, чулууны үетэй нүүрсний нөөцийг 24,203.66 мян.тн-оор, тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай бодитой болон боломжтой (В+С) цэвэр нүүрсний нөөцийг 3,427.16 мян.тн-оор тус тус хүлээж авч, MV-00221 тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нүүрсний нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг Геологийн мэдээллийн төв архивд зөвшөөрсөн байдаг.

Улмаар Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн "Нөөц бүртгэх тухай" 16-58 дугаар тушаалаар манай компанийн ашигт малтмал ашиглалтын MV-00221 тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нүүрсний нөөцийг бүртгэсэн юм.

b)"С******* х*******" ХХК-ийн MV-00221 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Нын чулуун нүүрсний ордын баруун жигүүрийг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тодруулбал,

Дээр дурдсанчлан нөөцийн тодотгол тооцооны тайланг Ашигт малтмалын газрын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж Ашигт малтмалын газрын даргын тушаалаар нөөцийг бүртгэсэн. Улмаар орчин үеийн дэвшилтэт техник, технологид суурилсан 800 мян.тн нүүрс олборлох хүчин чадал бүхий техник, эдийн засгийн үндэслэлийг 2013 онд Польш улсын гүний уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "Фамур" компаниар хийлгэсэн. "Фамур" компанийн техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу уурхайг ашиглалтад оруулахад манай зүгээс 56.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байсан ба энэ хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхэд хүндрэл гарсан тул төслийн хүчин чадлыг бууруулах, тоног төхөөрөмжийн үнийн судалгааг дахин хийсний үр дүнд Чех Улсын “Т M Inc” компанийн мэргэжилтнүүдтэй холбогдон иж бүрэн олборлолтын тоног төхөөрөмжийг бидэнд ашигтайгаар нийлүүлэх саналыг авсан болно.

Үүний дагуу уул уурхайн зураг төслийн "Б-И" ХХК нь Н дүүргийн нутагт орших MV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Нын чулуун нүүрсний ордын баруун жигүүрийг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2018 оноос боловсруулж эхэлсэн ба дэлхий нийтийг хамарсан ковидын үед түр хойшилж байгаад 2021 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж ашиглалтын технологийн сонголт дээр зөвлөлийн гишүүн Х.Ж өөрчлөлт оруулах санал гаргасан тул засвар орох болж буцсан ба 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн.

Уг хуралдаанаар манай компанийн Нын чулуун нүүрсний ордын баруун эдийн засгийн үндэслэлийг "Ашигт малтмалын жигүүрийг далд аргаар ашиглах техник, баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”-ын дагуу гүйцэтгэсэн болохыг дурдаж техник, эдийн засгийн үндэслэлийг бүртгэн авах нь зүйтэй гэж үзэн, Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын даргын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн "Техник, эдийн засгийн үндэслэл бүртгэх тухай" Т/28 дугаар тушаалаар бүртгэсэн.

Үүний дараа байгаль орчны зөвлөх үйлчилгээний мэргэжлийн байгууллага " э" ХХК-тай гэрээ байгуулан Улаанбаатар хотын Н дүүргийн нутагт орших MV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Нын чулуун нүүрсний ордын орчны нөлөөллийн нарийвчилсан баруун жигүүрийг далд аргаар ашиглах төслийн байгаль ор үнэлгээний тайланг 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус тус батлуулсан болно.

Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд манай компаниас нэлээдгүй хэмжээний зардал гарсан бөгөөд манай компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрын төлбөрийг 2020 он хүртэл төлж ирсэн юм. Уг хугацаанаас хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу Ковид 19-ын цар хүрээ өргөжиж ихэнх иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарласан нийтэд илэрхий үйл баримт болж газар ашигласны төлбөрөө нэг жилийн хугацаанд төлөлгүйгээр завсардсан юм.

Ингээд цар тахлын хор хөнөөл Монгол Улсад багасаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг суларсны дараа 2022 онд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрыг ашиглах гэрээ байгуулж газрын төлбөрийг төлөхөөр Н дүүргийн газрын албанд хандахад тус газраас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газрын төлбөрийг төлж байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Үүний дагуу газрын төлбөрөө төлөхөөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандахад танай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай "М*******" ХХК-ийн эзэмшлийн газартай давхцал үүссэн талаар мэдэгдэж, газрын давхцалын асуудлыг шийдвэрлэсний дараа газар ашиглах гэрээг байгуулж газрын төлбөр төлөх боломжтой талаар бидэнд мэдэгдсэн.

"С******* х*******" ХХК нь ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр болон газрын төлбөрийг ашигт малтмалын ашиглалтын талбайн хэмжээгээр жил бүр төлж ирсэн ба ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу газар ашиглах эрхтэй юм.

Хоёр.Дээр дурдсанчлан “С******* х*******" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг 1996 оноос хойш хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл дараах байдлаар үндэслэлгүй байна.

"... Манай компанийн эзэмшлийн газар нь бусдын хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй. С******* х******* ХХК-д тухайн газрыг ашиглах эрх үүсээгүй" гэсэн нь үндэслэлгүй тухайд:

Манай компани нь Н дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нын уурхайн баруун жигүүр" гэх нэртэй газарт 199 гектар газрыг ашигт малтмалын ашиглалтын MV- дугаар тусгай зөвшөөрлийн дагуу ашиглах эрхтэй юм. Тодруулбал,

Уг харилцаанд буюу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг эзэмших эрхтэй байхын тулд Газрын тухай хуулийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэм, хэмжээ үйлчлэх эсэх, тус хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардах эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Иймд гуравдагч этгээдийн зүгээс уг захиргааны маргаанд хамаарах Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн захиргааны шүүхийн практикийг судалсан бөгөөд хуулийг нэг мөр хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахын сацуу хууль хэрэглээний нэгдмэл байдал бий болсноор хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим хангагдана гэж үзлээ.

Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд Улсын дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 191 дүгээр, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 011 дүгээр, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0058 дугаар тогтоолуудыг нарийвчлан судалсан ба тухайн тогтоолуудаар газар эзэмших эрх болон ашигт малтмал ашиглах эрхийг тусгаарлаж, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн үйлчлэх хүрээ, хязгаарыг тодорхойлж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн төлбөрийг хэдий үеэс төлж эхлэх талаарх асуудлуудыг шийдвэрлэсэн байна

Дээрх Улсын дээд шүүхийн тогтоолууд, маргаанд хэрэглэгдэх хэм, хэмжээг харьцуулан үзэж нэгтгэн дүгнэхэд:

Газрын тухай хууль нь Монгол Улсад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах ерөнхий хууль бол, ашигт малтмалын тухай хууль нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газар, түүний хэвлийгээс ашигт малтмал олборлох үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах тусгай хууль байна. Иймд ашиглалтын тусгай зөвшөөрлөөс үүсэх эрхийг авч үзэхдээ Газрын тухай хуулийн ерөнхий зохицуулалт бус, Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зохицуулалтыг шууд хэрэглэх нь зүйтэй байна.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн зөвшөөрөл эзэмшигчид газар болон хэвлийг олборлолтын зориулалтаар ашиглах эрх шууд бий болохоор байх бөгөөд энэ тохиолдолд Газрын тухай хуульд заасан "газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" авахыг шаардахгүй бөгөөд зөвшөөрөл нь өөрөө газар эзэмших, ашиглах эрхийг шууд агуулдаг болно. Өөрөөр хэлбэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл нь газрын хэвлий, гадаргыг ашиглах эрх болон түүнийг олборлохын тулд шаардлагатай газар ашиглах эрхийг хамтад нь олгож буй болно.

Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдох талбай нь ашигт малтмал хайх, ашиглахаас бусад, иргэн, аж ахуйн нэгжид "хувийн" болон "аж ахуйн" зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газартай давхцалгүй байх хуулийн шаардлага тавиагүй хэдий ч манай компанид олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 199 гектар талбай нь нэхэмжлэгчид үйлдвэрийн барилгын зориулалтаар олгогдсон 158084 м.кв газартай хэсэгчлэн давхацсан бөгөөд манай компанийн болон нэхэмжлэгч компанийн тус тусын үйл ажиллагаа нэг газар дээр зэрэгцэн явагдах бодит боломжгүй байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг он цагийн дарааллаар, “түрүүлж үүссэн эрх"-ийг хамгаалах зарчмаар "С******* х*******" ХХК-ийн эрх хамгаалагдах ёстой.

Иймд нэхэмжлэгчээс "Манай компанийн эзэмшлийн газар нь бусдын хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, "С******* х*******" ХХК-д тухайн газрыг ашиглах эрх үүсээгүй" гэсэн нь үндэслэлгүй байна.

Манай компани нь тухайн газар дээрээ ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагааг хараахан эхлүүлээгүй буюу хууль, дүрэм, журамд заасан шаардлагыг хангахын тулд зохих судалгаа, тайлан, баримт бичгийг бүрдүүлж байгаа бөгөөд тус ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа болно.

-Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн Дүгнэлтийн агуулга ойлгомжгүй, тодорхойгүй, бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой бус, Шийдвэр гаргах ажиллд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэх үндэслэлийн тухайд: 

1)Нэхэмжлэгч нь "... Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хуулиар олгогдоогүй" гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Газрын тухай хуульд 2023 оны 12 сарын 07-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж газар эзэмших, ашиглах, өмчлөх, чөлөөлөхтэй холбоотой газрын тухай хуулийн 601.1.3, 601.3, Захиргааны ерөнхий хуулийн .2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, ажиллах журам, гомдол, хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нэмсэн.

Тус нэмэлт өөрчлөлтөөр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь "С******* х*******" ХХК-ийн гаргасан гомдлыг хянан шалгаж, асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Учир нь, Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.1.1 "газартай холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг нийслэл, дүүргийн газрын алба" гэж, 601.2-т "Энэ хуулийн 601.1.1, 601.1.2-т заасны дагуу гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гомдлыг нийслэл, дүүргийн газрын алба нь 30 хоногийн дотор шийдвэрлэнэ" гэж, 601.3-т "Энэ хуулийн 601.2-т заасан хугацаанд нийслэл, дүүргийн газрын алба хариу өгөөгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, нийслэл, дүүргийн газрын албаны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно" гэж тус тус заасан.

Мөн Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийслэлийн газрын маргаан тасалх зөвлөлийн журам"-ын 1.1-д "Энэ журмын зорилго нь Газрын тухай хуулийн 602.1-д заасан газрын эрхийн маргаантай холбогдуулан гаргасан гомдол, хүсэлтийг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөр хянан шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино" гэж, 1.2-д "Маргаан таслах зөвлөл нь газрын эрхийн маргаантай холбоотой гаргасан гомдол, хүсэлтийг Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг удирдлага болгон хянан шийдвэрлэнэ", 2.5-д "Маргаан таслах зөвлөл нь Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ", 2.5.1-д “гомдол, хүсэлтийг харьяаллын дагуу хүлээн авах, хүлээн авахаас татгалзах, буцаах, хянан шийдвэрлэх, дүгнэлт гаргах", 7.1-д “Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн захиргааны акттай холбогдуулан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана", 7.1.1.-д "захиргааны актыг өөрчлөх", 7.1.2-д “захиргааны актыг хүчингүй болгох", 7.1.3-д "захиргааны актыг хэвээр үлдээх” гэж тус тус заасан.

Манай компанийн зүгээс газрын давхцалтай холбоотой асуудлаар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр анх Н дүүргийн газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан ба тус газраас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр "... үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой байх тул “Газрын тухай” хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлэнэ үү" гэж хариу мэдэгдсэн бөгөөд дүүргийн газар зохион байгуулалтын алба нь үндэслэлгүйгээр манай гаргасан гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан тул хуульд заасан журмын дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандаж холбогдох хууль, журамд заасны дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн болно. (2) Нэхэмжлэгч нь "... С******* х******* ХХК нь Н дүүргийн 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан байхад Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь өөрийн санаачилгаар Н дүүргийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 228 дугаар захирамжийг хүчингүй болгосныг ойлгохгүй байна" гэсэн нь үндэслэлгүй.

Учир нь дээр дурдсанчлан “М*******” ХХК нь өөрийн эзэмшлийн газраа 2017, 2022 онуудад тус тус нэмэгдүүлсэн ба газрын хэмжээг нэмэгдүүлэх бүрд дүүргийн Засаг даргаас шийдвэр гарч шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авч 2008 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон байх бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 17-ны шийдвэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байна. Түүнчлэн манай компаниас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргахдаа “С******* х*******" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан "М*******" ХХК-д газар эзэмших эрх олгосон асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн болно

Тиймээс Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь Газрын тухай хууль, "Нийслэлийн газрын маргаан таслах зөвлөлийн журам"-д заасан журмын дагуу асуудлыг бүрэн судалж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

(3) "... манай компанийн эзэмшлийн 158084 м.кв газар нь "С******* х*******" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай аль хэсгээр яаж давхацсан тухай дурдаагүй нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байна" гэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн хуралдаан 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болсон бөгөөд тус байгууллага нь ажиллах журмынхаа дагуу маргааны үйл баримттай холбоотой баримтуудыг цуглуулж, үнэлсэн байдаг. Тухайлбал, уг хуралдааны үеэр маргаан бүхий газрын сансрын зураг болон Ашигт малтмалын газрын, Тосны газрын цахим сайтын уул уурхайн компьютерийн системд байрлах "С******* х*******" ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайн зургийг тус хуралдаанд оролцогч нар бүгд харсан ба зурагт үзүүлснээр манай компанийн талбайн солбицлын цэгүүдийг давуулан "М*******" ХХК нь эзэмшил газрынхаа хэмжээг өргөтгөсөн өтгөсөн болох нь тодорхой харагддаг.

Өөрөөр хэлбэл, манай компанийн ашиглах эрхий бүхий газар дээр нэхэмжлэгч компанид газар эзэмших эрх олгосон болох нь нотлогдсон байдаг бөгөөд энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч бүрэн мэдэж байгаа. Гэтэл шүүхэд газрын ямар ч давхцалгүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино” гэж, 2 дугаар зүйлийн 2.2-т "газрын хэвлий...байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна" гэж заасан.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж, 3 дугаар зүйлийн 3.1-д "энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна" гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.7-т "ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг" гэж, 4.1.19-т "уурхайн эдэлбэр гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтцын хэсгийг" гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т "Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно" гэж тус тус заасан.

Тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг ашиглах, өөрөөр хэлбэл олборлох үйл ажиллагаа явуулах уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр газар ашиглах эрхтэй бөгөөд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль, журамд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөх үүрэгтэй ба энэ үүргээ "С******* х*******" ХХК нь биелүүлж ирсэн, харин газар ашиглах гэрээ байгуулж газрын төлбөр төлөх үүрэг нь тухайн уурхайн эдэлбэр газартаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн тохиолдолд үүсэх харилцаа байна

Гурав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллы улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т "захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн" гэж тус тус заасан.

Иймээс нэхэмжлэгч нь захиргааны ямар хууль бус үйл ажиллы улмаас түүний ямар эрх, ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, түүнийг хэрхэн сэргээлгэх талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдах ёстой. Учир нь нэхэмжлэгч нь бусдын түрүүлж үүссэн эрхээс миний эрх илүү хамгаалагдах ёстой гэж маргаж буй тохиолдолд энэхүү шаардлага илүү тавигдах учиртай ба манай компанийн газар ашиглах эрх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээс түрүүлж үүссэн бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх боломжгүй юм.

Иймд "М*******" ХХК-иас гаргасан "Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 “Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлээс эхлээд нийслэл, аймгийн нутаг дэвсгэр дээр үүсэж байгаа маргаануудыг хэн яаж шийдвэрлэх эсэх нь тодорхой болсон байгаа. Бид нар анх Н дүүрэг дээр гомдол гаргасан. Эхлээд бид нар лавлагаа гаргуулсан. Энэ лавлагаа нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Лавлагаа хүргүүлэх тухай гэсэн газрын албаны бичиг байгаа. Н дүүргээс захирамжтай давхцаж байна гэсэн хариу өгсөн. Бид нар Маргаан таслах зөвлөлийн хурал дээр 2022 оны захирамжаар давхцаж байна гэдгийг мэдсэн. Бид нар анх 2008 оны захирамжтай давхцалтай байна гэдэг агуулгаар гомдлоо гаргасан. Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.1.1-д заасны дагуу эхлээд бид нар дүүрэгт нь гомдлоо гаргасан. Дүүргийн хариуг эс зөвшөөрснөөрөө Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.1.3-д зааснаар Газрын маргаан таслах зөвлөл нь дүүргийн хариуг эс зөвшөөрсөн гомдлыг нь авч хэлэлцэх бүрэн эрхтэй. Нарийвчилсан журам нь их чухал. Энэ дээр Маргаан таслах зөвлөл эрхгүй гэдэг дээр эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.7.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан  нэмэлт тайлбартаа:

 “Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэж өгнө үү гэсэн нөхцөл байдлаа илэрхийлсэн. Гуравдагч этгээдийн хувьд энэ нөхцөл байдлуудын хүрээнд ярьж байгаа. Өнөөдөр Газрын маргаан таслах зөвлөлийн дүгнэлттэй холбоотой маргаж байна. Үүнтэй холбоотой тайлбараа өгөөд явж байна. Бусдаар “С******* х*******” ХХК-ийн газар дээрээ ямар нэгэн зөрчил, газрын маргаан гаргаагүй гэдэгтэй холбоотой маргаан биш. Зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаж байна. Энэ асуудал дээр дүгнэлт хийж өгнө үү гэх хүсэлттэй санал нэг байна. Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулаад Маргаан таслах зөвлөлийн буюу маргаан бүхий акт нь юуг үндэслэж гарсан эсэх, ямар гомдол дээр үндэслэсэн гэх асуудал нь өөрөө тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, газрын давхцалтай холбоотой байгаа. Ашигт малтмалын тухай хуулиар газар эзэмшдэг компанийн талбай болон газрыг эзэмших эрхээрээ эзэмшиж байгаа “М*******” ХХК-ийн газрын хоорондын давхцалын асуудалтай холбоотой гомдлыг шийдвэрлэсэн. Маргаан бүхий актын 1, 2 дахь заалт нь өөрөө тодорхой асуудлыг шийдвэрлэсэн. Нэмэгдүүлсэн хэмжээ нь өөрөө давхцалыг үүсгэсэн. Иймд нэмэгдүүлсэн захирамжийг хүчингүй болголоо гэдэг агуулга нь тодорхой байгаа. Давхцалын асуудлыг шийдүүлээд актаа зөв болгох буюу Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хэмжээний дагуу асуудлаа шийд гэдэг агуулгаараа оруулсан. Энэ асуудал нь өөрөө тодорхой байгаа. Энэ нөхцөл байдал өөрөө тодорхой байгаа тул үүнийг ойлгомжгүй гэж ойлгох боломжгүй байна. “С******* х*******” ХХК нь газар ашиглах эрхгүй компани, энэ газрыг ашиглах эрхтэй эрхгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Бичиг баримт байхгүй тул эд нар эрхгүй гэдэг байдлаар тайлбарлах боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлнэ, 4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” хэлнэ гэж заасан байдаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч байна гэдэг нь тухайн газрын гадаргуу хэвлий бүгдийг нь ашиглах нөхцөл байдлыг хэлж байгаа.  Ашигт малтмал гэдэг нь гадаргуу хэвлий зэрэг бүх зүйл нь орж байгаа. Бусад этгээдийн газар ашиглах эрх нь өөр нэг этгээдийн газар эзэмших, ашиглах эрхтэй давхцах ёсгүй. Энэ талаар Газрын тухай хуульд заасан байдаг. 2005 онд “М*******” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын эрх үүссэн, мөн 2017 онд газрын хэмжээгээ 9,5 га болгож нэмж, буцаагаад 2018 онд 8,2 болж хасахдаа давхцал байхгүй байсан. Энэ нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтууд хэрэгт хангалттай, нөхцөл байдал нотлогдож байна гэж үзэж байгаа. Давхцалын асуудал хаана үүссэн бэ гэдэг асуудал нь хэрэгт байгаа баримтаар нотлогддог. 2021 онд 8 га орчимд газрыг нэмж олгосноороо давхцал үүссэн гэх нөхцөл байдал тодорхой. Иймд нэхэмжлэгчийн хэлж байгаа тайлбар үндэслэлгүй байна гэж харж байна. Нэхэмжлэгч “өөрсдийн газрын ашиглах эрхээ баталгаажуулахгүй ингэж явж байснаас хаа хамаагүй “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэдэг билээ” гэдэг байдлаар тайлбар хэлж байна. Хаа хамаагүй биш. “С******* х*******” ХХК болон “М*******” ХХК хоёрын хооронд харилцаа үүсээгүй байгаа тохиолдолд хаа хамаагүй гэж ярина. Энэ хоёр компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай болоод эзэмшлийн газар давхацсан байгаа тул хаа хамаагүй гэдэг ойлголт руу орох боломжгүй.

Манайхаас газар эзэмших эрхийг хүчингүй болгоод газаргүй болсон гэх зүйлийг тайлбарлаж байна. Нэмэгдүүлснээр давхцал үүссэн тул давхцалтай хэсгийг хүчингүй болгож байгаа. Нэмэгдүүлсэн захирамжийг хүчингүй болгож байна гэдэг нь та нарт олгосон 8,2 газар сэргээд хэвээрээ байгаа. Маргаан бүхий актын хоёроороо 8,2 газартай байх эсэх, эсвэл давхцалаараа нэмэх хасах зэрэг нөхцөл байдлыг тодруулах ёстой. Энэ нөхцөл байдлыг тодруулахын тулд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу эрхийг нь олгосон байгаа. Иймд маргаан бүхий акт нь зорилго болон хууль тогтоомжид нийцсэн. Маргаан таслах зөвлөл гомдлыг шийдэх эрхгүй. Эд нар зөвхөн дүгнэлт гаргана. Өөр шийдвэр гаргах боломжгүй гэх зүйлийг тайлбарлаж байна. Маргаан таслах зөвлөлийн заалт нь өөрөө Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлээс авхуулаад орж байгаа. Энэ дээр Маргаан таслах зөвлөл дүгнэлт гаргана гэсэн байгаа. Засгийн газрын тогтоолоор баталсан журам дээр энэ дүгнэлтийг гаргана гэсэн байдаг. Энэ агуулгаараа шийдвэрээ гаргасан байгаа тул энэ нь өөрөө хууль журамдаа нийцсэн гэж үзэж байна. Дээд шүүхийн тогтоол дээр “аж ахуйн нэгж төрөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон газар нь ашигт малтмал олборлох эрхийг шууд олгож байна” гэсэн байдлаар дүгнэсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоод координатжуулаад, талбайг нь олгосон тохиолдолд ашиглах эрхийг шууд олгож байна гэдэг хуулийн агуулга руу орж байгаа. Ийм агуулгаар тайлбарлаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “формаль эрх зүйн маргаан буюу захиргааны акт гаргах процесс ажиллд холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч “М*******” ХХК нь Н дүүргийн Засаг даргын 2008 оны дүгээр захирамжаар Н дүүргийн 3 дугаар хороонд Үйлдвэрлэлийн зориулалттай 82912 метр квадрат газрыг гэрчилгээний нэр шилжүүлэн авч эзэмших эрхтэй болсон байна. Уг газрыг эзэмших гэрээ байгуулж, газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэжээ. /ХХ-1-ийн 135-142 дахь тал/

            2.2.Нэхэмжлэгч компани нь уг газар дээрээ тэсрэх бодисын үйлдвэрийн зориулалттай гэх 10 орчим хэсэгтэй барилга байгууламжийг барьж байгуулсан байжээ.

2.3.Улмаар нэхэмжлэгч нь Н дүүргийн Засаг даргад хандан 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2/658 дугаар албан бичгээр “... эзэмшиж буй газраа үйлдвэр, агуулахын өргөтгөл барих шаардлага үүссэн” гэх үндэслэлээр, дахин 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02/313 дугаар албан бичгээр “... шалган нэвтрүүлэх байр бүхий оффисын барилга, хог хаягдал шатаах зуух, туршилтын талбай байгуулах” гэх үндэслэлээр газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж эзэмших хүсэлтүүд тус тус гаргасан байна. /ХХ-1-ийн 171, ХХ-2-ын 90, дэх тал/

2.4.Уг хүсэлтийг нь үндэслэн Н дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын дүгээр захирамжаар “М*******” ХХК-ийн газрын хэмжээг 95,912.0 метр квадрат болгож, 13,000.0 метрээр, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар 158,084.0 метр квадрат болгож, дахин газрын хэмжээг 62,172.0 метр квадратаар нэмэгдүүлжээ. /ХХ-2-ын 111-112, 118-121 дэх талууд/

2.5.“М*******” ХХК нь Н дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар нэмэгдүүлсэн 62,172.0 метр квадрат газартаа дахин 2 байгууламж нэмж барьсан нь сансрын Ортофото зургаар тогтоогдлоо.

2.6.Гуравдагч этгээд “С******* х*******” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 310 дугаар шийдвэрээр Н дүүргийн Н нэртэй газарт 1,988,400 /198.84 га/ талбай бүхий ашигт малтмалын MV- дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-иас шилжүүлэн авч эзэмшсэн нь Ашигт малтмал, газрын тосны газарт байгаа хувийн хэргийн материалаар тогтоогдлоо. /126, 129-131 дэх тал/

2.7.“С******* х*******” ХХК 2013 оноос хойш энэхүү ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн талбайгаа нийслэл, Н дүүргийн газрын алба болон дүүргийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлээгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын кадастрын санд эзэмшиж буй талбайн координатаа бүртгүүлээгүй болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хадгалагдаж байгаа тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн материалаар нотлогдож байна /ХХ-2-ын 15, 18-37, 73 дахь тал/

2.8.Харин “С******* х*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт “огноогүй” газар ашиглах гэрээ сунгуулах, гэрчилгээ авах хүсэлт гэж байгаа ба энэ хүсэлтдээ “хавсаргасан баримт: Нийслэлийн байгаль орчны газрын 02/1695 дугаар тодорхойлолт, Ашигт малтмал, газрын тосны газрын 11/2169 дүгээр албан бичиг” гэж бичсэн байна.

2.9.Энэ Нийслэлийн байгаль орчны газрын 02/1695 дугаар тодорхойлолт нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн огноотой, Ашигт малтмал, газрын тосны газрын 11/2169 дүгээр албан бичиг нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн огноотой байгаагаас үзвэл “С******* х*******” ХХК нь газар ашиглах гэрээ сунгуулах, гэрчилгээ авах” хүсэлтээ 2024 оны  06 дугаар сарын 05-ны өдрөөс хойш гаргасан гэж үзнэ. /ХХ-2-ын 33, 37 дахь талууд/

2.10.Мөн “С******* х*******” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актыг үйлдүүлснээс үзвэл энэхүү хугацаанаас газрын харилцаанд орох хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байгаа ба Н дүүрэг болон Нийслэлийн газрын албатай өмнө байгуулж байсан Газар ашиглах гэрээ гэж байхгүй, гуравдагч этгээдээс ийм баримт гаргаж өгөөгүй тул нотлогдоогүй гэж үзсэн.

2.11.Иймд энэ хугацаанаас өмнө “С******* х*******” ХХК-ийг MV- дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаа холбогдох нийслэл, үүргийн газрын албанд бүртгүүлэх хүсэлт гаргасан гэх баримт байхгүй гэж үзлээ. 

2.12.“С******* х*******” ХХК тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалтын үйл ажиллагаа явуулдаггүй, уурхай байгуулаагүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 11/2163 дугаар албан бичгээр тогтоогдсон.

2.13.Гуравдагч этгээд “С******* х*******” ХХК шүүхэд гаргаж өгсөн 2013 оны 3 улирлын газрын төлбөрт 4,280,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2015 оны газрын төлбөрт 15,680,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр улирлын газрын төлбөрт 4,280,000 төгрөг, 2017 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөрт 8,560,000 төгрөг, 2018 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөр төлсөн баримтууд нотлох баримтаар авагдсан байна. /ХХ-3-ын 37, 38, 40, 41 дэх талууд/

2.14.Гуравдагч этгээдээс газрын төлбөрийг бүрэн төлсөн гэх тайлбар гаргаагүй ба төлбөр төлсөнтэй холбоотой  нотлох баримт гаргуулах, цуглуулах хүсэлт гаргаагүй хэрэгт авагдсан байгаа нотлох баримтаас өөр нотлох баримтын талаар маргаагүй учраас уг хугацаанаас хойш газрын төлбөр төлж байгаагүй гэж үзэхээр байна.

2.15.Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн Н дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар 62,172.0 метрээр нэмэгдүүлсэн талбай нь “С******* х*******” ХХК-ийн ашигт малтмалын MV- дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий  газрын үйлдсэн зураглалаар тогтоогдлоо. /ХХ-3-ын 7-11 дэх тал/

2.16.Шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч “М*******” ХХК уг газар дээр оффисын барилга, үйлдвэрлэлийн барилга, тэсэлгээний туршилт явуулах талбай зэрэг олон тооны объект барьж байгуулсан, үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон. /Үзлэгийн тэмдэглэлд. ХХ-2-ын 54-58 дахь тал/

2.17.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “С******* х*******” ХХК-ийг газрын төлбөрөө 2021 он хүртэл төлсөн, 2022 оноос газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт өгөхөд давхцалтай гэх шалтгаанаар татгалзсан хариу авсан байсан” гэх тайлбар, гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “2022 онд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрыг ашиглах гэрээ байгуулж газрын төлбөрийг төлөхөөр Н дүүргийн газрын албанд хандахад тус газраас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газрын төлбөрийг төлж байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Үүний дагуу газрын төлбөрөө төлөхөөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандахад танай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай "М*******" ХХК-ийн эзэмшлийн газартай давхцал үүссэн талаар мэдэгдэж, газрын давхцалын асуудлыг шийдвэрлэсний дараа газар ашиглах гэрээг байгуулж газрын төлбөр төлөх боломжтой талаар бидэнд мэдэгдсэн” /ХХ-2-ын 2 дахь тал/ гэх тайлбаруудаас гуравдагч этгээд нь өөрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай “М*******” ХХК-ийн эзэмших газар нь давхацсан гэдгийг 2022 онд мэдсэн байгаа бөгөөд эдгээр газрын давхцалыг арилгуулах, “М*******” ХХК-ийг нэмж авсан буюу давхцуулж эзэмшсэн газар дээрээ барилга байгууламж барьж эхлэхэд зогсоох, мэдэгдэх, маргаантай гэж үзвэл маргаанаа тухайн цаг хугацаанд шийдвэрлүүлэх арга хэмжээг аваагүй гэж үзлээ.

2.18.Гуравдагч этгээд ”С******* х*******” ХХК 2022 оноос хойш уг газрыг давхцалтай гэдгийг мэдсэн хугацаанаас хойш 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Н дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж “... өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайд “М*******” ХХК-д давхцуулан газар эзэмших эрх олгосныг шийдвэрлүүлэх” хүсэлт гаргажээ. /ХХ-1-ийн 61 дэх тал/

2.19.Уг гомдлыг хянаад Н дүүргийн газар зохион байгуулалтын алба 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгээр албан бичгээр “шүүхийн журмаар шийдвэрлүүлэх”-ийг мэдэгдсэн байна. /ХХ-1-ийн 60 дахь тал/

2.20.“С******* х*******” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан болох нь хариуцагчаас гаргаж өгсөн уг гомдлын хуулбараар, 12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн газрын албанд хандаж Гомдол гаргаж байсан болох нь тус албаны Ирсэн бичгийн бүртгэл, хяналтын картаар тус тус тогтоогдлоо. /ХХ-1-ийн 53, 55-56 дахь тал/

2.21.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл уг гомдлыг хянаад 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтээрээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг баримтлан Дүгнэх хэсгийнхээ 1 дэх заалтаар “М*******” ХХК-ийн эзэмших газрын талбайн хэмжээг нэмэгдүүлсэн Н дүүргийн Засаг даргын 2022 оны 228 дугаар захирамжийг хүчингүй болгож, ”С******* х*******” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтогдлоо. /ХХ-1-ийн 50-51 дэх тал/

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлт гарсны дагуу Н дүүргийн Засаг даргаас “өөрийн гаргасан 2022 оны 228 дугаар захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, аливаа байдлаар шинэ акт гаргаагүй” болох нь түүний шүүхэд ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15-22/719 дугаар албан бичигт “... “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй ...” гэж тайлбарласнаар тогтоогдсон. /ХХ-2-ын 72 дахь тал/

3.2.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийн хууль зүйн үр дагаврыг “Н дүүргийн Засаг даргын 2022 оны 228 дугаар захирамжийг хүчингүй болгосон” гэж тайлбарласан тул шүүх уг дүгнэлтийг нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэсэн, бие даасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзээд хянаж байна.

3.3.Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12-т “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ[1]” гэж, 27 дугаар зүйлийн 27.1.14-т “газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх” нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх болоод үүрэг байхаар[2], 36 дугаар зүйлийн 36.1-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ[3]”  гэж, 49 дүгээр зүйлийн 49.13-т “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан этгээдийн газар ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ[4]” гэж тус тус заажээ.

3.4.Хуулийн дээрх заалтыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аливаа этгээдийн дагаж мөрдөх шаардлага нь одоо энд үүсээд буй нөхцөл байдал болох газрын хэвлий ашиглах эрх болон газрын гадаргуу ашиглах эрхийн давхардал үүсэх нөхцөлийг бий болгохгүй байх зорилго бүхий зохицуулалт юм.

3.5.Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн. Газрын хэвлийг зөвхөн ашиглуулахаар олгоно. Газрын хэвлийг төр өмчлөх эрхийг аливаа хэлбэрээр зөрчихийг хориглоно” гэж, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын хэвлийг дор дурдсан зориулалтаар ашиглуулахаар олгоно” гээд уг хэсгийн 2-т ашигт малтмал олборлох” гэж зааснаар “С******* х*******” ХХК-д газрын хэвлийг ашиглах эрх үүсэх бөгөөд хэвлийн дээрх газрыг ашиглах эрхээ олж авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлэх ёстой болох нь энэ хуулийн зохицуулалтаас тогтоогдож байгаа ба хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг өөрөө хариуцах ёстой.

3.6.Нөгөө талаас Иргэний хуулийн  90 дүгээр зүйлийн 90.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч “М*******” ХХК нь уг газрыг шударгаар эзэмших эрх олж авсан этгээд мөн байгаа тул түүний уг газарт оруулсан хөрөнгө ч мөн адил хамгаалагдах ёстой.

3.8.Гуравдагч этгээд ”С******* х*******” ХХК нь  Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өөрийн эзэмшилд буй талбайн хилийн заагаа тэмдэгжүүлээгүй, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших, газрын хэвлий ашиглах эрх олж авсан 2013 оны 7 сараас хойш даруй  12 жил өнгөрсөн байхад Нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актыг үйлдүүлсэн, ашиглах газраа кадастрын санд бүртгүүлээгүй, өөртөө газрын гадаргыг ашиглах эрх үүссэн гэж үзсэн бол бусдаас барилга байгууламж барьж байхад хяналт тавиагүй, шаардаж зогсоогоогүй зэрэг буруутай ажиллагаа байсан, хууль зөрчсөн байхад хариуцагч энэ байдалд дүгнэлт өгөөгүй нь хууль бус болно.

3.9.Хариуцагч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн буруутай байдал, хуульд заасан үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг хэнд үүрүүлэх, газрыг шударгаар эзэмшигчийн  газрын дээр барьж байгуулсан өмч хөрөнгийг хэрхэх зэрэг нөхцөл байдлыг авч үзээгүй, эдгээрийн эрхийн тэнцвэртэй байдалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хуулийг хэрхэн тайлбарлаж хэрэглэснээ тодорхой нотолж чадахгүй байгаа тул гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй гэж үзнэ.

3.10.Нөгөө талаас үзвэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэжээ.

3.11.Энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд засаг захиргааны удирдлагын эрх хэмжээ, хоорондын харилцааг зохицуулсан зохицуулалт тул нийгмийн суурь зохицуулалт учраас энэ хуулийн зохицуулалтыг Засгийн газраас гаргасан журмаас дээд эрэмбээр эрэмбэлж дагаж мөрдөнө.

3.12.Иймд Н дүүргийн Засаг даргын гаргасан 2022 оны 228 дугаар захирамжийг тус Засаг дарга өөрөө, эсхүл Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгох эрх хэмжээтэй”, харин аль ч шатны Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд энэ хууль болон Газрын тухай хуулиар олгоогүй тул хариуцагч өөрт олгоогүй эрх хэмжээг эдэлсэн нь хууль зүйн зөрчил юм.

3.13.Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” гэж, 601 дүгээр зүйлийн 601.1-т “Газартай холбогдон үүссэн дараах маргааныг доор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ” гээд мөн хэсгийн 601.1.1-т “газартай холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг нийслэл, дүүргийн газрын алба” гэж, 601.1.3-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой болон газар чөлөөлөх, газрын төлбөртэй холбоотой маргааныг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл” гэжээ.

3.14.Хуулийн энэ заалтаар газартай холбоотой олон төрлийн маргааныг шийдвэрлэх байгууллага, албан тушаалтныг ялгаж тогтоосон бөгөөд “С******* х*******” ХХК-ийн Н дүүргийн Засаг даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл шийдвэрлэх эрх хэмжээгүй, өөрийн харьяалан шийдвэрлэхгүй маргааныг хянан шийдвэрлэж хууль зөрчжээ.

3.15.Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.1-т “Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргана” гэж заасан байна.

3.16.Энэ хуулиар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд  зөвхөн “дүгнэлт” гаргах эрх хэмжээ олгосон байхад, Дүгнэлт гэсэн нэртэй баримт бичгээр   бусдын газар эзэмших эрхийн харилцааг дуусгавар болгон, Н дүүргийн Засаг даргын 2022 оны 228 дугаар захирамжийг хүчингүй болгосон зэрэг хоёр тусдаа хууль зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргасныг шүүх ийм үр дагавар бүхий шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй буюу илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан  акт гаргасан гэж дүгнэлээ.

3.17.Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7.1-т “Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн захиргааны акттай холбогдуулан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд, 7.1.1-т “захиргааны актыг өөрчлөх, 7.1.2-т “захиргааны актыг хүчингүй болгох”, 7.1.3-т “захиргааны актыг хэвээр үлдээх” гэж заасан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг журмаар хариуцагчид дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрхийг олгосон гэж тайлбарлаж байгаа хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

3.18.Учир нь дээр дурдсанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д тодорхой зохицуулсан, Газрын тухай хуулиар уг эрхийг олгоогүй байхад хуулиас давсан Засгийн газрын тогтоолыг баримтлан Засаг даргын шийдвэрийг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл хүчингүй болгосон нь хууль бус.

3.19.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл уг гомдлыг хянаад 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай дүгнэлт нь хуульд нийцээгүй бөгөөд өөрт олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, үйл баримтад бодит дүгнэлт өгөөгүй гарснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь нотлогдож байх тул уг актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

4.2.Гуравдагч этгээдээс өөрийн газар ашиглах эрхтэй гэдгээ нотлох баримтыг өөрөөсөө гаргаж өгөөгүй, ийм нотлох баримт гаргахтай холбоотой санал хүсэлт гаргаагүй учраас түүний газар ашиглах эрхтэй холбоотой баримтууд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй гэдгийг тэмдэглэж байна.

4.3.Өөрөөр хэлбэл, ”С******* х*******” ХХК нь газар ашиглах эрхээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэдгээ зөвшөөрсөн тул ийм баримтыг гаргуулах, цуглуулах шаардлага шүүхэд үүсээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12, 27 дугаар зүйлийн 27.1.14, 36 дугаар зүйлийн 36.1, 49 дүгээр зүйлийн 49.13, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 60 дугаар зүйлийн 60.1.1,  601 дүгээр зүйлийн 601.1,  601.1.1,  601.1.3,  603 дугаар зүйлийн 603.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэг, заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 зүйлийн 107.5-д заасныг баримтлан шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор  Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай дүгнэлт хуулийн үйлчлэлгүй болж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэхийг мэдэгдсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

[1] Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн.

[2] Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн.

[3] Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.

[4] Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн.