2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/03601

 

 

 

 

  

    2025              05            01                                              192/ШШ2025/03601

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, **** тоот хаягт байрлах “Сф” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 22 дугаар хороо,**** тоот хаягт оршин суух, Боржигон ургийн овогт Домбон овогтой Од холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 13,977,925 /арван гурван сая есөн зуун далан долоон мянга есөн зуун хорин таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Сф” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            “Сф” ХХК нь Д.Отай 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай Түрээсийн гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай гэрээг тус тус байгуулж, барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн. Талууд авлага, өглөгийн тооцоо хийж 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд 637 ширхэг бараа материалыг 179-180 хоногийн хугацаанд 1 хоногийн 100-290 төгрөгөөр түрээслүүлж, нийт түрээсийн төлбөрт 12,347,950 төгрөгийг Д.Оаар төлүүлэх тооцоо гарсан. Үүн дээр эвдэрсэн барааны төлбөр 310,000 төгрөг, дутаасан барааны төлбөр 396,000 төгрөгийг тус тус нэмж, нийт 13,053,950 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас барьцаа 3,500,000 төгрөгийг хасаж 9,553,950 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Үүнээс дутаасан барааны төлбөр 396,000 төгрөг, эвдэрсэн барааны төлбөр 310,000 төгрөгийг тус тус хасаж 8,847,950 төгрөгөөс алданги тооцоход 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх 286 хоногоор, 1 хоногийн 0,5 хувиар тооцоход 12,652,569 төгрөг болж байгаа нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 8,847,950 төгрөгийн 50 хувиар тооцож 4,423,975 төгрөгийн алданги төлүүлэхээр шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.Оаас 13,977,925 төгрөг гаргуулан “Сф” ХХК-д олгож өгнө үү...гэв.

            2. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээний үндсэн төлбөр болон алданги дээр маргаан байхгүй. Харин дутаасан болон эвдрэл үүссэн бараа материалын зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, баримтаар нотлогдохгүй байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй. Тооцооллыг харахаар зөвхөн нэхэмжлэгч байгууллагын өгсөн тооцоолол харагдаж байгаа...гэв.

            3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Түрээсийн гэрээ /хх-4-6, 8-10/, Бараа материалын тооцоо /хх-7/, Авлага, өглөгийн товчоо /хх-11-12/, Бараа материалын тооцоо /хх-13-14/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-16/, орлогын баримтуудын эх хувь /хх-41-65/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “Сф” ХХК-ийн Д.Од холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт 13,977,925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            2. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчтай бичгээр байгуулсан гэрээний дагуу барилгын ажилд шаардлагатай бараа материал түрээслүүлсэн, гэрээний хугацаа дуусахад түрээсийн төлбөрийн үлдэгдэл 12,347,950 төгрөг, эвдэрсэн барааны төлбөр 310,000 төгрөг, дутаасан барааны төлбөр 396,000 төгрөг, нийт 13,053,950 төгрөгөөс барьцаанд өгсөн 3,500,000 төгрөгийг хассанаар 9,953,950 төгрөгийн үлдэгдэл, алданги 4,423,975 төгрөг гаргуулахаар шаардаж байна” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч Д.О 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч хариу тайлбар бичгээр гаргах үүргээ биелүүлээгүй ба түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд оролцож, түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон алдангийн талаар маргаан байхгүй, дутаасан болон эвдэрсэн барааны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбар гаргаж байна.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо.

            4.1. Талууд анх 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1553 тоот түрээсийн гэрээ байгуулж, Д.О нь барилга барихад ашиглахаар гэрээний хавсралтад заасан хэв хашмал, гадна дотор булан, сапуд, труба, шат, богино дэгээ, түгжээ, хавчаар, эргэдэг болон эргэдэггүй хомут зэрэг бараа материалыг 6 сарын хугацаатай, гэрээнд заасан тоо хэмжээгээр ашиглахаар тохиролцсон байна.

            4.2. Улмаар талууд бараа материалын тооцоог “Авлага, өглөгийн товчоо” үйлдэн нийлж, төлбөрийн үлдэгдэлгүй байгааг харилцан тооцсоноор 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 153 тоот түрээсийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, түрээсийн зүйлийн хэмжээ, үнэ, эвдэрсэн барааны үнэлгээ болон бусад нөхцөлийн талаар тохиролцжээ.

            4.3. Нэхэмжлэгч “Сф” ХХК-ийн нягтлан бодогчоос 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бараа материалын тооцоо хийж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 12,347,950 төгрөг, эвдэрсэн 20 ширхэг хэв хашмалын дүн 310,000 төгрөг, дутаасан 5 ширхэг хэв хашмал, 1 ширхэг трубаны дүн 396,000 төгрөг болсныг тус тус тооцсон байна.

            4.4. Дээрх тооцооллыг нотлохоор нэхэмжлэгчээс Д.Оы бараа материал буцаан хүлээлгэн өгсөн санхүүгийн анхан шатны баримт болох Орлогын баримтуудыг эхээр нь нотлох баримтаар гаргасан байна.

            5. Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд алданги тооцох талаар бичгээр байгуулсан гэрээнд тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна.

            6. Эд хөрөнгө хөлслөгч Д.О нь хөлслөн авсан эд хөрөнгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул гэрээний дагуу барьцаа төлбөрт төлсөн 3,500,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 8,847,950 төгрөгийг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд тооцож 4,423,975 төгрөгийн алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцжээ.

            7. Хариуцагч Д.О нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй боловч түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагаас дутаасан барааны төлбөр 396,000 төгрөг, эвдэрсэн барааны төлбөр 310,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг баримтаар тогтоогдохгүй, хэдэн нэр төрлийн ямар барааг яаж эвдсэн нь тодорхойгүй гэж тайлбарлан маргасан.

            8. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь хэсэгт “хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар хөлслүүлэгч нь хөлслөгчөөс гэрээний зүйл болох эд хөрөнгөд учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

            9. Харин хөлслөгчийн хувьд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5  дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх, гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг тус тус хүлээсэн байна.

            10. Хариуцагч Д.О гэрээний дагуу хөлслөн авсан эд хөрөнгөө муутгалгүйгээр, бүрэн буцааж өгсөн болохоо нотлоогүй, тийнхүү дутуу болон эвдрэлтэй буцааж өгсөн талаар нэхэмжлэгч “Сф” ХХК-иас гаргасан санхүүгийн анхан шатны баримтуудад бичигдсэн байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            11. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Оаас 13,977,925 /арван гурван сая есөн зуун далан долоон мянга есөн зуун хорин таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сф” ХХК-д олгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 227,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сф” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА