| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 183/2024/05099/И |
| Дугаар | 192/ШШ2025/03575 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03575
2025 04 30 192/ШШ2025/03575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын *** дугаар гудамж, ***тоот хаягт оршин суух, Бичээч ургийн овогт Ж овогтой Дын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү-2222, Удирдлагын академи гудамж, ****дүгээр байрны *****тоот хаягт оршин суух, Боржигин ургийн овогт Ө овогтой Цад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнэс татгалзаж 112,000,000 /нэг зуун арван хоёр сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баднайнямбуу /ШТЭД:0096/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
1.1. Миний бие нөхөр Н.Энхболдын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын *** дугаар гудамж *** тоот хашаа байшиндаа амьдарч байгаад Сэлбэ дэд бүтэц төслийн дахин төлөвлөлтөд орж, манай хашаа байшинг 133,000,000 төгрөгөөр үнэлэн улс авсан. Ингээд нүүх болсон тул улсаас авсан мөнгөөрөө өөр газар хашаа байшин худалдан авч амьдрах болж, 60 нас дөхөж яваа улс агаар салхинд амьдаръя, хэдэн ач зээгээ агаарт гаргаж байя гээд зуслангийн бүсэд хашаа байшин үзэж эхэлсэн. Зарын дагуу Ар хустай гудамж **дугаар хэсэг хаягт байрлах хашаа байшинг очиж үзээд хашааны дээгүүр явж байгаа цахилгааны утас ямар учиртайг асуухад Ремаксын зууч залуу 380 хүчдэлийн шугам, ийм шугам явж байгаа нь маш том давуу тал, 380 татахад их зардал гардаг бол танайх шууд авах боломжтой гэхээр нь олзуурхаж хашаа байшинг авахаар болсон. Уг газар нь эзэмших эрхтэй, харин байшин нь үл хөдлөхийн гэрчилгээтэй, бүгд Б.Ц гэдэг хүний нэр дээр байсан. Ингээд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ө.Цтай уулзаж гэрээгээ хийсэн. Гэрээ хийхэд газар эзэмших эрхтэй байсан тул гэрээний үнийн дүнгийн 10 хувийн татварыг улс авах учраас бага татвар төлөхийн тулд газрын үнийг 4,000,000 төгрөгөөр, харин 2 хувийн татвар төлдөг учир байшингаа 108,000,000 төгрөг гэж гэрээнд бичье гэсний дагуу гэрээгээ хийж 112,000,000 төгрөгийг төлж газар болон байшингийн нэрээ шилжүүлэхээр холбогдох төрийн байгууллагуудад хандсан. Үл хөдлөх эд хөрөнгийн газар байшинг миний нэр дээр шилжүүлсэн боловч газрын алба газрын эрх шилжих боломжгүй гээд материалыг буцаасан. Учрыг асуутал “танай газрын дээгүүр цагаан шугам явж байгаа юм байна, 10,000 вольтын хүчдэлийн шугам, энэ шугамын дор хүн амьдрах боломжгүй, ашиглах эзэмших хориотой учир газрын эрх шилжихгүй” гэсэн. Дахин төлөвлөлтөнд орж хашаа байшингаа буулгуулаад төрөөс авсан мөнгөөрөө орон гэртэй боллоо гэж бодсон боловч ийнхүү газар нь нэр шилжих боломжгүй, нэр шилжүүллээ ч маш өндөр 10,000 вольтын хүчдэл дор амьдрах нь эрүүл мэнд, амь насанд аюултай тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 112,000,000 төгрөгөө буцаан гаргуулах хүсэлтэй байна. Байшинг хуучирч муудсаны дараа буулгаж дахин барьж болох ч хамгийн гол хөрөнгө болох газар нь хориотой бүсэд хамаарч, нэр шилжих боломжгүй байгаа тул Иргэний хуулийн 256.3-д заасны дагуу бүхэлд нь гэрээнээс татгалзаж байна. Анх бидэнд уг шугамыг 10,000 вольтын өндөр хүчдэл гэж үнэн зөв бодит мэдээллийг өгсөн бол, 380 тог гэж худал хэлж хуураагүй бол бид энэ хашаа байшинг хэзээ ч авахгүй байсан юм.
1.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагчийн хүлээж авсан үүрэг биелэгдэх боломжгүй болсон. Гэтэл энэ үүргээ худалдагч биелүүлээгүй. Нэгэнт биелүүлээгүй учраас худалдан авагч гэрээнээс татгалзаж байна. Газар эрхийн зөрчилтэй, эд хөрөнгийн доголдолтой байна. Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдолтойгоор гэрээний аль ч тал татгалзах эрхтэй. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал цахилгааны шугамын талаар мэдээгүй гэдэг асуудал үүссэн. Гэтэл хариуцагч мэдэж байсан болох нь 2024 оны 03 дугаар сард Цахилгаан түгээхээс баримт аваад хүсэлт гаргаж, тодорхойлолт гаргуулж байсан, “зөрчилтэй байна” гэсэн албан бичгээр нь тогтоогдож байна. Ийнхүү мэдэж байсан гэдэг нь илрэхээр “танайх газраасаа хасчихаач, шилжүүлчихээч” гэдэг зүйл хэлж, санал тавьж байгааг бид хүлээж авахгүй. Газрын хэмжээг хассан ч 10,000 вольтын шугам байж байх юм байна. Өөр тийш шилжих боломжтой эсэх нь ч тодорхойгүй байгаа учир энэ саналыг хүлээж авах боломжгүй.
Хариуцагч талын зүгээс “байшин чинь зүгээр байна, газар чинь хуучин байснаас том байна” гээд ярьж эхэлсэн. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.3 дахь хэсэгт “гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь, дагалдах эд хөрөнгө доголдолтой бол тэр хэсгээр гэрээг цуцалж болно” гэснээр газрыг гол эд хөрөнгө гэж үзэж энэ зүйлээр татгалзаж байгаа. Нэхэмжлэлийн гол үндэслэл: худалдаж авахаар тохирсон газар худалдан авагчийн нэр дээр шилжих боломжгүй болж байгаа, газар эрхийн зөрчилтэй байгаа учраас доголдлын хувьд мөн татгалзаж байгаа. Хариуцагч тал нэхэмжлэгчийг “өөрөө мэдэх боломжтой байсан” гэж тайлбарлаж эхэлсэн. Тухайн үед нэхэмжлэгч Зүүн түгээх дээр очоод цахилгааны шугамын талаар асуугаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэглээ гээд шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт “худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол 255.1 хамаарахгүй” гэж худалдан авагчийн эрхийг хамгаалсан зохицуулалт байгаа. Мэдсээр байж гэдэг нь 06 дугаар сард гэрээ хийхээс өмнө 03 дугаар сард бичиг авч байсан нь тогтоогдон, татгалзал няцаагдаж байна гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл газар шилжээгүй, 10,000 вольтын өндөр хүчдэлийн шугамтай гэдгээ нуун дарагдуулсан учраас гэрээнээс татгалзаж, гэрээний үнийг буцаан гаргуулахаар шаардаж байна...гэв.
2. Хариуцагч Ө.Ц шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар, татгалзлыг дэмжиж гаргасан тайлбартаа:
2.1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан ба хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно хэмээн 27.4 дэх хэсэгт заажээ. Нэхэмжлэгч Ж.Дд худалдсан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай /14100/ гудамж, **дугаар хэсэг тоот 579 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газар нь хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээтэй, газрын кадастрын зурагтай бөгөөд тухайн газрыг хуульд заасан журмын дагуу иргэнд эзэмшүүлж ирсэн. Би энэ газарт 2020 оноос эхлэн нөхөр хүүхдийн хамт байнгын амралт зусланд гардаг байсан бөгөөд миний эцэг Ө жилийн дөрвөн улиралд оршин сууж, амьдарч байсан. Газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “Мконстракшн” ХХК-д захиалга өгч 40,000,00 төгрөгийн үнэ өртөгтэй барьж босгосон бөгөөд байшин нь шалны халаалт, ус, цахилгаан бүгд шийдэгдсэн жилийн 4 улиралд амьдран суух зориулалттай юм.
Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг хуучирч муудсан мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байгаа нь үндэслэлгүй юм. Мөн татвар их төлдөг гэж хэлээд газрыг 4,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэдэг нь бас л худал юм. Хэрэв ингэж бичиж байгаа бол нэхэмжлэгч үүнийгээ нотлох ёстой байх. Зуслангийн газрын ойр орчим хашаагүй газрын үнэ 5,000,000 орчим төгрөг байдаг бөгөөд Нийслэл, дүүргээс газрын байршлаар жишиг үнийг нь тогтоосон шийдвэр хүртэл бий. Би ч энэ газрыг нэхэмжлэгчид худалдсан үнэ 4,000,000 төгрөгөөр худалдан авч, нэр дээрээ шилжүүлж байсан юм. Хэрэв нэхэмжлэлд дурдсан шиг газрын эрх шилжих боломжгүй гэж үзвэл Ө.Ц миний нэр дээр энэ газар анхнаасаа огт шилжихээргүй, мөн надад худалдсан Ц.Ц гэж хүнд газрын алба газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байсан нь тодорхой юм. Тухайн газар, газрын дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэрээ ёсоор нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь эзэмших, өмчлөх эрхийн доголдолгүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, давхар худалдагдаагүй, өөр бусад хүний эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой эрхийн ямар ч зөрчил байхгүй. Би гэрээ болон хуульд зааснаар эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Иймд намайг үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээнээс татгалзах бодит нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Хэрэв газрын эрх нэхэмжлэгчид шилжих боломжгүй, иргэнд эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй байгаа бол энэ нь хариуцагч миний үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй, надаас шалтгаалах зүйл биш юм. Газрын тухай хуульд зааснаар эрх шилжүүлэгч, хүлээн авагч нарын байгуулсан гэрээ, хүсэлтийг үндэслэн газрын эрхийг эрх хүлээн авагчид шилжүүлэх шийдвэрийг зохих шатны засаг дарга гаргадаг учир газрын эрхийг шилжүүлэхгүй байгаа бурууг хариуцагч надад үүрүүлэх гэсэн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу гомдол, хүсэлтээ газрын албанд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нь газрын эрхийг газрын албанаас өндөр хүчдэлийн шугамтай холбоотойгоор шилжүүлэхгүй байгаа талаар дурддаг ч энэ талаарх байдлыг хэрхэн хэрэгжүүлсэн, газрын албанаас энэ талаарх хариу авсан эсэх, авсан бол дээд шатны байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлсэн эсэх, газрын албанаас тухайн газар дээр бодит байдалтай танилцаж, шийдвэр гаргасан эсэх, үүнтэй холбоотой баримтыг шүүхэд өгөөгүй. Энэ газрын зэргэлдээ олон айл оршин суудаг. Хэрэв нэхэмжлэлд дурдсанаар газрыг иргэнд эзэмшүүлж болохооргүй байсан бол тэдгээр айлууд ч тухайн газар амьдран суухгүй, газрын асуудал эрхэлсэн байгууллагаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байсан болов уу. Иймд би гэрээний үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үндэслэл бий болоогүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Хор нөлөөг мэдсээр байж нэхэмжлэгчид худалдсан асуудал байхгүй. Талуудын хооронд 2 гэрээ байгуулагдсан. Үл хөдлөх эд хөрөнгө болон Газрын эрх шилжүүлэх гэрээ. Газрын эрх шилжүүлэх гэрээгээр газрыг 4,000,000 төгрөгөөр худалдсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ 2024 онд гарсан. Хоорондоо тохиролцоод хоёр эд хөрөнгийг нийт 112,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ хийсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Энэ хуулийн зохицуулалтаар ч тэр, гэрээгээр ч тэр худалдагч эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Нөгөө талаар худалдан авагч шалгаж авах үүрэгтэй. Газрыг анх хариуцагч өөртөө шилжүүлж авахдаа 2020 онд Ц.Ц гэдэг хүнээс худалдаж авсан. 2020 онд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Ц.Ц гэдэг хүнд гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлж эхэлсэн. 2021 онд худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой байсан боловч Бэлэглэлийн гэрээ хийж, 2021 онд Ө.Цад шилжсэн. Ийнхүү шилжихдээ Ц.Цаас н.Оод итгэмжлэл хийж өгөөд н.Ооос Ө.Цад шилжсэн байдаг юм. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх шилжихтэй холбоотойгоор газрын төлбөр төлсөн зөрчилгүй, бусад этгээдийн буюу газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчийн эрх үүргийг зөрчиж байгаа эсэх нөхцөл байдлуудыг хянаж үзээд 2020 онд Ц.Цт олгосон захирамж хүчинтэй эсэхийг үзээд Ө.Цад шилжүүлэх шийдвэр гарсан, өнөөдөр хүчин төгөлдөр байна. 2024 оны 06 дугаар сард талуудын хооронд гэрээ хийгээд Ж.Д газрын албанд очиход шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байгааг Ө.Ц мэдээгүй.
Ийм бичиг ирсэн ч гэсэн Газрын алба эцсийн шийдвэрийг гаргана. Бид мэргэжлийн хүн биш учраас цахилгааны бичиг гараад ирэнгүүт газрыг шилжүүлэх боломжгүй юм байна гэж ойлгоод байна. 2024 оны 03 дугаар сарын 19-нд Ө.Цад биш Газрын албанд цахилгаан түгээхээс бичиг хүргүүлсэн байдаг. Газар дээгүүр шугам явж байгааг хэн аль нь мэдэж байгаа. Нэхэмжлэлд бичсэнээр 380 гэж зуучлагч залуу тайлбарласан байдаг. Бид хэд гэдгийг мэдэх боломжгүй. Ийм шугам байгаа тохиолдолд төрийн байгууллагын өмнөөс урьдчилж хэлэх боломжгүй юм. Иймд газар шилжүүлэхтэй холбоотой үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Гол нь газрыг эрхийн доголдолтой гэж үзэж байна уу? Биет байдлын долголдолтой гэж үзэж байна уу гэдгийг тодруулах хэрэгтэй байна. Биет байдлын доголдол тодорхой хэмжээгээр гарсан байгаа. Бид үнэн бодит байдлыг нуусан зүйл байхгүй учраас гэрээний үүрэг зөрчсөн гэх үндэслэл үгүйсгэгдэнэ. Энэ нөхцөл байдал илэрлээ гэсэн даруйд өөрсдийн зүгээс чадахаараа хөөцөлдсөн. Цахилгаан түгээх сүлжээ шугамыг нүүлгэх боломжтой гэж байгаа. Зардлыг урьдчилж хэлэх боломжгүй, өмнө нь 10-15 сая төгрөгийн зардал гарч байсан гэдэг. Үүнийг төлөхөд татгалзахгүй гэдэг тайлбарыг хариуцагч хэлдэг. Газар болон байшинг тус тусад нь худалдах, худалдан авах гэрээ хийсэн. 108,000,000 төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Газрыг 4,000,000 төгрөгөөр тохиролцсон. Газрын кадастрыг дахиж хийлгэхэд 132 м.кв доголдолтой гэж гараад 447 м.кв нь доголдолгүй харагдаж байна. Хариуцагч эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бол нэхэмжлэгч мөн үүнийг шалгаж үзэх үүрэг хүлээсэн. Энэ шугам сүлжээ хэдэн кВ байхыг гэрээгээр тохироогүй. 2024 оны 03 дугаар сарын 19-нд газрын албанд хаяглаад “газар шилжих боломжгүй юм байна” гээд шийдвэр гарсан бол үүнийг мэдээллэсэн эсэх асуудал яригдана. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд “эрхийг шилжүүлэх” талаар зохицуулсан. Энд кадастр, эрх олгосон шийдвэр, гэрээний дагуу төлбөр тооцоогүй байх ёстой гэсэн үүргийг хариуцагч биелүүлсэн. Гол нь эрх шилжүүлэхэд саад болж байгаа асуудал байна. Үүнээс биш 10,000 кв шугам нь хортой гэдэг ч бүгд л хортой шүү дээ. Бид өөрсдөө 10,000 кВ-ыг хортой хоргүй гэж ярихаасаа илүү шилжүүлэхэд саад болж байгаа зүйл нь шугам байгаа юм. Гэрээнээс татгалзах шаардлагыг сүүлд нь гаргахаар хуульчилсан байгаа. Хохирол учирсан бол шаардах эрхтэй гэж хуульчилсан байна. Газрын хэмжээг хасуулаад 132 м.кв-ыг үнэлүүлж хохирлоо нэхэж болно. Түүнээс биш гэрээг бүхэлд нь цуцлах, татгалзах шаардлага хэргийн хүрээнд үүссэн гэж үзэхгүй байна...гэв.
3. Нэхэмжлэгч талын нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-5-6/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-7/, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-8-9/, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-10/, Н.Энхболдын Хаан банк дахь харилцах дансны хуулга /хх-11/, Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-12-13/, Н.Энхбаяр, Ж.Д нарын гэрлэлтийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-14/, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгийн хуулбар /хх-29/, “УБЦТС” ТӨХК-ийн Ашиглалт, засварын зүүн төвийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг /хх-30/, “УБЦТС” ТӨХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Зураг төсөлд тодруулга хийсэн тодорхойлолт /хх-31/, Н.Энхболдын өмчлөлийн газрыг дахин төлөвлөлтөнд оруулж чөлөөлсөнтэй холбоотой баримтууд /хх-33-40/,
4. Хариуцагч талын нотлох баримтууд: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичиг /хх-78/, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-79/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар /хх-80-81, 96-97/, Өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягтын хуулбар /хх-82/, Ө.Цаас Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтийн хуулбар /хх-83-84/, Ө.Цын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх-85-87/, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгийн хуулбар /хх-88/, төлбөрийн баримт /хх-89/, Ц.Цийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-90-91/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх-92-95/, гүйлгээний баримтын хуулбар /хх-98-99/, Кадастрын зургийн хуулбар /хх-100/, “УБЦТС” ТӨХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг /хх-124/, мөн байгууллагын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичиг /хх-125/, “Блюжей Ланд” ХХК-ийн хэмжилт хийсэн кадастрын зураг /хх-126/, Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас /хх-127/, Ө.Цаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл /хх-128/
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:
5.1. Шүүгчийн захирамжаар “УБЦТС” ТӨХК-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-71-75/, захирамжийн дагуу албан бичгээр Ө.Цын өргөдөл, тус байгууллагаас хийгдсэн тодруулгын хамт ирүүлсэн байна. /хх-117-120/
5.2. Хариуцагч талын хүсэлтээр маргаан бүхий газарт үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-110/, үзлэг хийн тэмдэглэл хөтөлсөн. /хх-111-114/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Ж.Дын Ө.Цад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “Хариуцагчтай байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх болон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр түүний эзэмшлийн 579 м.кв газар, уг газар дээрх 67 м.кв хувийн сууцын хамт 112,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон, төлбөрийг төлж, хөрөнгийг шилжүүлэн авсан. Гэвч худалдсан газар эрхийн доголдолтой буюу өндөр хүчдэлийн шугамтай давхцсан зөрчилтэй, 10,000 кВ-ын хүчдэлийн шугам байсныг мэдсээр байж нуун дарагдуулж, хэлээгүй учир гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Гэрээний зүйлүүд эрхийн доголдолгүй байсан. Харин газрын зарим хэсэг буюу 132 м.кв талбайн хувьд биет байдлын доголдолтой гэдэгт маргахгүй боловч гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй, нэхэмжлэгч өөрөө өндөр хүчдэлийн шугамын талаар тодруулаагүй, газар хуульд зааснаар хөрөнгийн зарим хэсэг бөгөөд гол хэсэг гэж үзэхгүй учир гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байна.
4. Талууд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Газрын эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулж, Ө.Цын Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай /14100/ гудамж, **дугаар хэсэг тоот дахь 579 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийг 4,000,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах ***тоот 67 м.кв талбай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 108,000,000 төгрөгөөр тус тус Ж.Дд худалдахаар харилцан тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.
4.1. Худалдан авагч Ж.Д гэрээний үнийг худалдагч Ө.Цад шилжүүлсэн ба үл хөдлөх эд хөрөнгө 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр худалдан авагчийн өмчлөлд бүртгэгдсэн байна.
4.2. Харин газар эзэмших эрх худалдан авагчийн нэр рүү шилжих боломжгүй талаар 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ө.Цад уг газрыг 2021 онд эзэмшүүлсэн, уг газар нь ...мэдээллийн системд цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүсэд өртсөн учир газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй” гэх хариу өгснөөр нэхэмжлэгч доголдлын талаар буюу өндөр хүчдэлийн шугамын зурвастай давхцал үүссэн талаар олж мэдсэн байна.
5. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнэ шилжсэн талаар болон өмчлөх, эзэмших эрх худалдагчийн нэр дээр байсан зэрэг үйл баримтуудын талаар маргаагүй. Харин худалдагч тал нь газрыг өндөр хүчдэлийн шугамтай давхцсан байгаа талаар мэдсэн боловч худалдан авагчид хэлээгүй, нуун дарагдуулсан эсэх, хоёр гэрээнээс татгалзахаар шаардах эрх худалдан авагч талд үүссэн эсэх талаар маргасан.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
6.1. Нэхэмжлэгч Ж.Д хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдсон.
6.2. Хариуцагч Ө.Цын хувьд нэхэмжлэгчийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбараар тогтоогдсон. Харин газар эзэмших эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй ба уг эрх шилжих боломжгүй талаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тодорхойлсон байна.
7. Талууд хоёр гэрээгээр хэд хэдэн хөрөнгө буюу газар, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцож гэрээний зүйл болох эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээний талуудын хэн нь ч гэрээг цуцлах эрхтэй.
7.1. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт “Хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно” гэж заасан байна.
7.2. Гэрээний зүйл болох газар, хувийн сууц зэрэг нь зайлшгүй хамт байж гэрээ биелэгдэх боломжтой ба газар биет байдлын доголдолтой болох нь хэрэгт цугларсан газар зохион байгуулалтын албаны албан бичиг, “УБЦТС” ТӨХК-ийн албан бичиг зэргээр тогтоогдсон ба энэ талаар хариуцагч тал үгүйсгээгүй.
7.3. Нэгэнт газар нь үл хөдлөх эд хөрөнгөтэй нэгдмэл зориулалттай ашиглагдах бөгөөд тухайн эд хөрөнгүүдийн гол эд хөрөнгө гэж үзэх учир Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2, 256.3 дахь хэсгүүдэд зааснаар худалдагч талд гэрээг бүхэлд нь цуцлах эрх үүссэн гэж үзэхээр байна.
8. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг гэрээнд заасны дагуу доголдлын талаар буюу хөрөнгийг анх ирж үзэхдээ өндөр хүчдэлийн шугам байгааг мэдсэн учир Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж тайлбарласан.
8.1. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” тохиолдолд шаардлага гаргах эрхээ худалдан авагч алдахаар хуульчилсан байна.
8.2. Гэвч хариуцагч нь энэ талаарх мэдээллийг нэхэмжлэгчид өгөх үүргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн, энэ үүргээ биелүүлээгүй, мөн тухайн газар дээрх өндөр хүчдэлийн шугам /10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам/-ын хамгаалалтын зурваст орсон зөрчилтэй талаар мэдсэн болох нь “УБЦТС “ТӨХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр тогтоогдож байна.
8.3. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт “Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх хязгаарлагдахгүй гэж үзлээ.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний зүйлийн биет байдлын доголдлын улмаас гэрээнээс татгалзсан учир Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу төлбөрт төлсөн 112,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй бөгөөд хариуцагчаас шилжүүлэн авсан хөрөнгийг буцаан өгөхийг даалгах нь зүйтэй.
10. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 717,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 717,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.2, 256.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ө.Цаас 112,000,000 /нэг зуун арван хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дд олгож, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, А х /14100/ гудамж, **дугаар хэсэг тоот 579 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газар, тус хаягт байрлах ***тоот 67 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг хариуцагч Ө.Цад буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Ж.Дд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 717,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Цаас 717,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА