2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/03391

 

 

 

 

  

    2025              04            25                                              192/ШШ2025/03391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сакура оффис центр, ** тоот хаягт байрлах “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Романа ресиденс **тоот хаягт байрлах “Б” ХХК-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 824,859,847 /найман зуун хорин дөрвөн сая найман зуун тавин есөн мянга найман зуун дөчин долоон/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содном, Д.Баатархишиг нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбарт:

            1.1. “Э” ХХК болон “Б” ХХК нар нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 23/03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хөрс хуулалтын ажил хийхээр харилцан тохиролцсон. “Э” ХХК нь Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонот” MV-***дугаар бүхий лицензтэй төслийн уурхайд хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэн “Б” ХХК-д хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар энэхүү гэрээт ажлын төлбөр 1,550,918,000 төгрөг байснаас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр нийт 497,652,999.71 төгрөг байснаас 2024 оны 09 дүгээр сарын 19-ний байдлаар “Б” ХХК-д 263 хоногийн алдангийг гэрээнд заасны дагуу тооцоход 327,206,847.31 төгрөг, нийт 824,859,847 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч тал гэрээгээр заасан төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 824,859,847 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж өгнө үү.

            1.2. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, хөрс хуулалтын ажил хийхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь захиалагчийн олборлолт хийж буй шороон алтны хөрс хуулалтыг хийж гүйцэтгэн ажлын хөлс авахаар тохирсон, хугацааг болон ажлыг тодорхой зааж өгсөн байдаг. 1 м.куб талбай 5,200 байхаар тохирч, төлбөр тооцоо хийх эрхийг заасан. 2 талын нягтлангууд тооцоо нийлж акт үйлдсэн. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хийгдсэн ажил, өгч авалцсан зүйлээ тулгаж үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас 1 тэрбум гаруй төгрөгийн авлагатай байсан. 497,652,999 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан. Үүнээс хойш 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 263 хоногийн алдангийг тооцож 327,206,847 төгрөгийн алданги шаардаж байгаа. Нэг хоногийн 1,244,132 төгрөгийн алданги тооцогдсон байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар баталгаажуулаад эцсийн өглөг авлагыг тогтоосон. Гэрээний дагуу тооцоод гаргасан дүн юм...гэв.

            2. Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Д.Нямбаяр 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-7/, Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-8-9/, тооцоо нийлсэн актын хуулбар /хх-10/, тооцооны үлдэгдэл тооцсон баримт /хх-11/

            4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-63/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 824,859,847 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

2.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ “ажил гүйцэтгэх гэрээний дагуу тохирсон ажлаа нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн боловч захиалагч тал ажлын хөлс 497,652,999.71 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн төлбөрийн үлдэгдэл дээр гэрээгээр тохирсны дагуу 263 хоногийн алданги 327,206,847.31 төгрөгийн хамт гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.

            3. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

            3.1. Талууд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 23/03 тоот ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, гэрээгээр ажил гүйцэтгэгч “Э” ХХК нь захиалагч “Б” ХХК-ийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт орших Доргонот нэртэй MV2***дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд захиалагчаас өгөгдсөн төлөвлөгөөний дагуу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сар бүр 500,000 м.куб хөрс хуулалт хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсийг 1 м.куб уулын цул хуулж тээвэрлэн буулгах ажлын хөлсийг 5,200 төгрөгөөр тооцож олгох болон гэрээний бусад гол нөхцлийг тусгаж тохиролцсон байна.

            3.2. Гэрээний талууд 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар “Э” ХХК нь “Б” ХХК-иас 1,004,125,226 төгрөгийн авлагатай гарсныг баталгаажуулж, улмаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 497,652,999.71 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 263 хоногийн алданги 327,206,847.31 төгрөг байгаа талаар “Э” ХХК-ийн нягтлан бодогч тооцоолсон байна.

4. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хөрс хуулалт, тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн бол хариуцагч гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэн, 497,652,999.71 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөөгүй байгааг нэгтгэн дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

5. Хариуцагч тал төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй, талуудын нягтлан бодогчид харилцан тооцоо нийлсэн акт үйлдэж, нэхэмжлэгч нь хариуцагчаас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 1,004,125,226 төгрөгийн авлагатай байсан талаар баталгаажуулсан ба төлбөрийн үлдэгдлийн талаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нягтлан бодогчийн үйлдсэн “Тооцооны үлдэгдэл” гэх баримтаас өөр баримт хэрэгт байхгүй боловч хариуцагч тал уг баримтыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаагүй учир гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 497,652,999.71 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

6. Талууд ажил гүйцэтгэх гэрээний 6.3-т “...захиалагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөр төлөх хугацааг хойшлуулсан бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,25 хувиар алданги тооцно” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд нийцсэн, алданги шаардах эрхтэй байна.

            7. Нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүрэг болох 497,652,999.71 төгрөгийн алданги нэг хоногийн 1,244,132 төгрөгийг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацааны 263 хоногийн алданги тооцсоноор нийт 327,206,847.31 төгрөгийн алданги шаардсан.

            7.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн алдангид шаардаж буй 327,206,947.31 төгрөг нь гүйцэтгээгүй үүрэг болох 497,652,999.71 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн байх тул энэ хуульд нийцүүлэн алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувьд тооцож, 248,826,499.85 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү шаардсан 78,380,397 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            8. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,282,249.23 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 3,890,347.24 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 746,479,449.56 /долоон зуун дөчин зургаан сая дөрвөн зуун далан есөн мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг тавин зургаан мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 78,380,397.47 /далан найман сая гурван зуун наян мянга гурван зуун ерэн долоон төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,282,249.23 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 3,890,347.24 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА