Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/716

 

 

 

  2024             06             20                                         2024/ДШМ/716

 

                                         Г.П ид холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Одонтуяа /цахимаар/

шүүгдэгч Г.П , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/513 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.П ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2303 00763 0055  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.П  нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21  цагийн орчимд **** , Баруунтурууны замд “Toyota Harrier” маркийн ****  улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэн явган зорчигч Б.Х г мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокуророос: Г.П ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох  зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П оос сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 107.800.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б т олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.П  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...шүүх баримтыг анхаарч, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй хэмээн үзэж байна. Бүрэн бус тээврийн хэрэгслийн талаар дүгнэлт хийхдээ “ойрын гэрлийн стандарт шаардлага хангахгүй, их гэрлийн тусгал муу байгаа  нь үзэгдэх орчныг хязгаарлана” гэх шинжээчийн дүгнэлтийг баримталж байгаагаа заажээ. Гэтэл хэрэгт авагдсан “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн машины эвдрэл хохирлын үнэлгээний 6, 7-р хэсэгт “Баруун урд их гэрэл эвдэрсэн солих, зүүн урд гэрэл засах” гэсэн машины эвдрэлийн талаар дурджээ. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын улсын үзлэгийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 1 дэх хавтаст хэргийн 150, 2-рт "... баруун урд их гэрлийн сэнж хагарсан ....” эвдрэл гэмтэлтэй байна гэж, мөн 150, 3-рт дээрх гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, автомашины гэрлүүдэд эвдрэл, гэмтэл тогтоогдсон байх ба ослын үед үүссэн байх боломжтой эвдрэл гэмтлийн улмаас, гэрлийн тусгал буурч өөрчлөгдсөн байх талаар анхаараагүй. Уг асуудалд шинжээч ямар нэг хариу өгөөгүй бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй.

Мөн 1 дүгээр хавтас хэргийн 128 талд авагдсан Техникийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/16 тоот дүгнэлтийн 5-рт “Замын осолд гэрлийн тусгалын хүч бага байсан нь осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй" гэх дүгнэлтийг хийсэн байхад осолд хамааралтай мэт буруутган дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хурд хэтрүүлсэн гэж дүгнэлт хийхдээ 1 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар талд авагдсан Техникийн шинжээчийн 7/16 тоот дүгнэлтийн 4-рт “Toyota Harrier” маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослоос учирч болох хохирлыг нэмэгдүүлсэн гэж үзэж байна” гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтээр миний үйлдэл нь учирч болох хохирлыг нэмэгдүүлсэн байх ба “хохирлын хэр хэмжээг нэмэгдүүлсэн” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинж эсэхэд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн 2.5-р зүйлийн 1-т Гэмт хэргийн улмаас   шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно гэж, мөн уг хуулийн 2.5-р зүйлийн 2-т гэмт хэрэг үйлдэж ...хохирол үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэжээ. Үүнээс үзэхэд гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг би гаргасан эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц баримт авагдсан байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гэж үзэх үйлдэл, эс үйлдэхүйг би гаргасан эсэхдээ эргэлзэж байна. Явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж шинжээч дүгнэсэн. Миний үйлдлийг, үүссэн хор уршгийг нэмэгдүүлсэн гэсэн байгааг, гэмт хэрэгт тооцох эсэх талаар хуулийн зохицуулалт байхгүй байхад дээрх шинжээчийн дүгнэлтийг шүүхээс анхаарч үзэлгүй, намайг шууд гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Улмаар зам тээврийн ослын шалтгаан нь миний үйлдэл мэт үзэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Миний үйлдлийг учирсан хохирлыг нэмэгдүүлсэн гэж шинжээч дүгнэсэн байх бөгөөд уг үйлдэл нь гэмт хэргийн шинж бүхий үйлдэл, эс үйлдэхүй эсэх талаар харгалзан үзээгүй. Энэ талаар дүгнэлт хийх нь хэрэгт ач холбогдолтой буюу гэм бурууг зөв тогтоох,  Сэтгэцэд учирсан хохирлын хэр хэмжээг зөв тогтоох зэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүхээс надад ял оногдуулж, сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тооцон шийдвэрлэхдээ, хохирогчийн үйлдлийг осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Техникийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/16 тоот дүгнэлтийн 4-рт “Явган зорчигчийн үйлдэл зам тээврийн ослын шалтгаан болсон байна” гэдгийг тодорхой дүгнэсэн байна. Уг дүгнэлтээс үзэхэд явган зорчигчийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол болсон байхад, шүүхээс явган зорчигчийн үйлдлийг нөлөөлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл явган зорчигчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулж байна. Шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохдоо “Хохирогчид ашигтай байдлыг харгалзан үзэж ...” гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл аль ашигтайгаар нь гэж, сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн байдлаар тогтоосон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Хууль зүйн зарчмын хувьд хохирогч буруутай тохиолдолд хохирлыг нэмэгдүүлэх бус харин ч бууруулах зарчим баримтлахыг хуульчилсан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-рт шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 заалтын хохирогчийн гэм буруугийн хэмжээг харгалзан үзэх талаар анхаараагүй.

Мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 заалтыг баримтлахдаа Техникийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/16 тоот дүгнэлтийн 4 дүгээр дүгнэлтийг харгалзан үзээгүй. Хохирогчийн буруутай үйлдэл нь осол болох шалтгаан болсон байна гэж шинжээч дүгнэсэн байхад хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн байдлаар намайг дангаар буруутай мэтээр үзэж, маш өндөр хохирлыг төлөх үүрэг хүлээлгэсэн.  Өөрөөр хэлбэл нийт сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 154.000.000 төгрөгөөр тогтоож, уг хохирлын дийлэнх хувь буюу 70 хувь болох 107.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг хуульд нийцүүлэн багасах асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ялыг эдлэх хугацааг багасгаж тэнсэж өгнө үү.

Би бага ангийн багшаар ажилладаг. Жилд 3-5 удаа Улаанбаатар болон бусад аймагт зохиогддог бүс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд сурагчдаа оролцуулахдаа тэднийг хариуцан явах үүрэг хүлээдэг. Мөн улс, аймаг, бүсийн хэмжээний сургалтуудад заавал оролцох үүднээс орон нутаг, хот руу зорчин явах хэрэгцээ шаардлага тогтмол, жил бүр үүсдэгийг харгалзан үзнэ үү.

Миний эхнэр Ч.А  нь бамбай булчирхайн зангирал, элэгний меом, хөхний булчирхайн зангирал, шулуун гэдэсний ургацаг, умайн меомын зангиралтай гэсэн оноштой. Мөн 2010 оны ослын улмаас 10 хавирга нь хугарч зөрөө ихтэй бороолсон, амьсгалын замын архаг дутмагшил өвчний улмаас олон жил группт байсан. Эдгээр хавсарсан олон өвчний улмаас Улаанбаатар хотод 3-6 сар тутамд тогтмол эмчид үзүүлэх, эмчлүүлэх шаардлага гардаг, ар гэрийн байдлыг мөн харгалзан үзнэ үү.

Мөн төсвийн байгууллагад ажилладаг бага ангийн багш миний хувьд тогтмол цалинтай, цалин хөлс бага байдаг. Миний зорчих эрхийг 3.6 жил буюу удаан хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэсэн нь миний орлого олох боломжийг хомсдуулж байна.

Дээр дурдсан хувийн байдлуудыг харгалзан үзэж ялыг тэнсэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/513 тоот шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.П  нь мэргэжлийн бус хүн учраас давж заалдах гомдолдоо буруу, зөрүү зүйл бичсэн байна. “Би буруугүй, хохирогчоос шалтгаалж хэрэг болсон” гэх утгатай зүйл бичигдсэн байсан. Зам тээврийн ослын хэрэг нь хөнгөн хэрэг бөгөөд болгоомжгүйгээр үйлдэгддэг. Автобус буудал бус газар хэсэг хүнийг буулгасан. Амь хохирогч гарц, гарамгүй газраар гарах явцдаа осолд орсон. Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэж заасан. Явган зорчигч уг заалтыг зөрчсөн буруутай. Г.П  71 километр цагийн хурдтай явж байснаа хүлээн зөвшөөрдөг. Хот дотор 60 километр цагийн хурдтай явах ёстой. Давж заалдах гомдлыг буруу бичсэн болохоос үйлдэлдээ маргасан зүйлгүй. Шүүх буруу ял өгсөн, би буруугүй гэж хэлээгүй. Давж заалдах гомдолдоо “ялыг тэнсэж өгнө үү” гэсэн агуулгыг дурдсан. Ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх нь зорчих эрхийг хязгаарлах ялаас хүнд эрүүгийн хариуцлага бөгөөд энэ асуудлыг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ байх. Гэвч түүнд тэнсэж үүрэг хүлээлгэх үндэслэлгүй гэж үзэж байна. Амь хохирогчийн оршуулгын баримттай зардал 8,986,000 төгрөг, баримтгүй зардал нь 7,551,000 төгрөг болсон. Хүн нас барсан учир эдгээр зардлыг баримттай, баримтгүй гэлгүй нийт 16,000,000 төгрөг төлсөн. Иймээс анхан шатны шүүх “оршуулгын зардал гүйцэт төлөгдсөн, хохирогч буруутай байна, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэж үзэж түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Ингэхдээ 3 жил 6 сарын хугацаагаар гэж хугацааны хувьд хүнд ял шийтгэсэн. Түүний эхнэр өвчтэй, эмнэлэг, сувилалд явдаг, мөн сургуулийн хүүхдүүд нь тэмцээн, уралдаанд явдаг. Г.П  “хэт удаан хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх нь түүний ахуй амьдралд хүндрэлтэй байна” гэж хэлж байна. Мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гарч болохгүй гэж ял оногдуулсан. Анхан шатны шүүх түүний иргэний үнэмлэхийн хаягаар буюу Баян-Өндөр сумаас гарч болохгүй гэж тогтоосон. Гэтэл шүүгдэгчийн гэр, ажил нь Орхон аймагт байдаг. Хохирогч талаас надад “сэтгэцэд учирсан хохиролд 70,000,000 төгрөг авмаар байна. Эцэг, эхийн бие муу байна. Үүнийг төлчихвөл биднээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж хүсэлт тавьсан. Миний бие энэ хүсэлтийг нь Г.П ид хэлсэн бөгөөд Г.П  “гэрийнхээ бүх зүйлийг зарж байгаад ч хамаагүй 70,000,000 төгрөгийг нь өгье” гээд хүлээлгэж өгсөн. Улмаар хохирогч талаас “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бичиг хийж, хэрэгт өгсөн. Иймд 3 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил болгож өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

 

Прокурор Б.Одонтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь, шүүгдэгч 20 настай охиныг зам хөндлөн гарч байх үед хурд хэтрүүлж осол гаргасан. Мөн тээврийн хэрэгслийн ойрын гэрэл 10,000-225,000 cd байх стандарттай байдаг бөгөөд түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг 10,000 cd хүрээгүй гэж шинжээч дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ял, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялтай. Хүний амь нас хохирсон, хохирол, хор уршиг арилаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Г.П  нь нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21  цагийн орчимд **** , Баруунтурууны замд “Toyota Harrier” маркийн ****  улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэн явган зорчигч Б.Х г мөргөж амь насыг хохироосон болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас /1хх 5 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт,
осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт
/1хх 6-12 тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан
“Т.П ийг драйгер багаж ашиглан шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч...” гэх
тэмдэглэл /1хх 13 тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн
тэмдэглэл /1хх 14-15 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16-20 тал/, шинжээчийн 5459, 5458 дугаартай дүгнэлт /1хх 85-86, 92-93 тал/, хохирлын баримтууд /1хх 159-176 тал/, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн “Б.Х  нь бакалаврын 3 дугаар түвшинд суралцаж байсан нь үнэн” гэх тодорхойлолт /1хх 177 тал/, нас барсны гэрчилгээний хуулбар /1хх 178 тал/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1хх 243 тал/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1хх 249 тал/, мөрдөгчийн санал /1хх 250 тал/, Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2937 дугаар шинжилгээний дүгнэлт /1хх 54-57 тал/, “Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт /1хх 148-151 тал/, Техникийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/16 дугаар дүгнэлт /1хх 128-129 тал/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар магадалгааны дүгнэлт /1хх 228-229 тал/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 333 дугаар дүгнэлт /1хх 114-116 тал/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б ын “...тэр өдөр явж байсан автобусны жолооч нь эцэс дээрээ очилгүй уулзварын зүүн талдаа буудалгүй газар хүн буулгасан байсан. Тухайн үед 3 хүн автобуснаас бууснаас нэг нь миний охин байсан. Миний охин зам гарах гэж явж байгаад хот уруу явж байсан машинд дайруулж нас барсан. Би тэр өдөр гэртээ байсан чинь манай найз Д  ирж хэлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охины ажил явдлыг хийж дуусгасан. Талийгаачийн буяны ажилд 16.555.250
төгрөг гарсан...” гэх мэдүүлэг /1хх 27 тал/,

 

гэрч Ч.А ын “...гадаа харанхуй болсон, замын гэрлүүд огт асаагүй, харанхуй байсан. Би зам хараад явж байтал зүүн гар талаас машины урдуур гэнэт хүн гүйгээд гараад ирсэн. Нөхөр машиныхаа тоормосыг гишгэсэн боловч тухайн хүн машинтай
их ойрхон байсан учраас мөргөсөн. Мөргөөд бага зэрэг яваад машин зогссон.
Мөргүүлсэн хүн эсрэг урсгал руу ороод унасан байсан. Машиныхаа ослын гэрлийг
асаагаад бид хоёр буугаад түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед
тэнд явж байсан хэв журмын 4 цагдаа ирэхээр нь хамт мөргүүлсэн хүн дээр очоод
амьд үгүйг нь үзэхэд хамт байсан цагдаа “амьд байна, дуудлага өгөөрэй” гэж хэлсэн.
Цагдаатай хамт очиход тэр мөргүүлсэн эмэгтэйгээс архи үнэртэж байсан. Тэр
цагдаад би энэ хүнээс архи үнэртэж байна гэхэд тэр цагдаа юу ч дуугараагүй. Дараа
нь эмнэлэг ирж үзээд нас барсан байна гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /1хх 44 тал/,

 

гэрч Д.П ийн “...Тэгээд цаашаа яваад эцсийн буудал дээр зогсоод эргэхэд
сүүлийн нэг зорчигч буусан. Би 2-3 орчим минут зогсож байгаад буцаад явж байтал
урагшаа явдаг чиглэлийг цагдаагийн 2-3 машин хаачихсан, эсрэг урсгалаар
явуулаад байсан. Би уг хэсгээр зөрөөд явж байхад осол болсон байдалтай, зам дээр
жижиг жижиг хэсэг юмнууд харагдсан бөгөөд нэг нь хүний гутал юм шиг харагдсан.
Би явсаар байгаад Баруунсалаанд байдаг бааз дээр очоод автобусаа байрлуулж
тавиад харьсан...” гэх мэдүүлэг /1хх 41 тал/,

 

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.О ийн “...“Toyota Harrier” маркийн 78-
77 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2022 онд хувь хүнээс худалдан
авсан, миний нэр дээр байдаг. Миний төрсөн дүү А ын нөхөр П
надаас 2022 онд унаж байя гээд авсан. ...тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн
үнэлгээтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Машин барьж байсан
хүргэн П  өөрөө хохирол мөнгөө барагдуулна” гэх мэдүүлэг /1хх 31,34 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.П ийг авто тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.П  “...сэтгэцэд учирсан хохирлыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эдлэх ялыг багасгаж, тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Автотээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд гэмт хэрэгт тооцох учиртай.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.П ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хүртэл хугацаагаар хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг сонгож, зорчих эрх хязгаарлах ялыг 3 жил 6 сараар оногдуулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.П  нь гэм буруугийн талаар маргаагүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б т сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 70.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б  тэрээр “...миний бие шүүгдэгч Г.П оос сэтгэцэд учирсан хохиролд 70.000.000 төгрөгийг хүлээн авлаа. Цаашид сэтгэцэд учирсан хохиролд нэмж нэхэмжлэх зүйлгүй. Энэ талаар ямар нэгэн гомдол байхгүй...” /2хх 46-48 тал/ гэх хүсэлтийг холбогдох баримтуудын хамт шүүхэд ирүүлжээ.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасны дагуу шүүгдэгч Г.П ийн “ял шийтгэл хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/513 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/513 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох  зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй...” гэж өөрчилсүгэй.

 

2.  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/513 дугаар шийтгэх тогтоолын  бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.П  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б т сэтгэл санааны хохирол төлбөрт 70.000.000 /далан сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.БОЛОРТУЯА

                       ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ