Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 88

 

                       

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

 Улсын яллагч: С.Мөнхтулга,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

 Шүүгдэгч: З.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

        Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Нд холбогдох 1828000000015 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                   Тодорхойлох нь:

Шүүгдэгч З.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвд эхнэр Д.О бие эрх чөлөөнд халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч З.Нийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2018 оны 01 дүгээр capын 03-ны өдөр аймагт ирсэн. Аймагт ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь намайг жирэмсний амралтаа ав их тоонуустай байна.Одоо ажлаа болиод амар гэж хэлсэн. Тэгээд би аймагт байж байгаад 2018 оны 01 дүгээр cap 11-ний өдөр Ханхонгор сум орж ажлаа хүлээлцэхээр явсан. Сум орох гэж байгаа талаар нөхөр З.Нд хэлээгүй суманд очсон байсан. Тэгээд ажил хүлээлцэж байгаад аймгаас ирсэн хүмүүст хоол авах санаатай банкнаас гараад Хонгорзул, Цолмонбаяр нарын хамтаар сургуульруу явж байхад нөхөр З.Н намайг хараад надруу залгасан. Тэгээд намайг яах гэж ирсэн юм бэ гэхээр нь би завгүй байна ажлаа дуусгаад ярья гэж хэлсэн. Тэгсэн намайг хараагаад чамтай одоо уулзана, хаана байна гээд байсан. Тэгээд би сургуулийн баруун талд явж байхад З.Н машинтайгаа өмнөөс гараад ирсэн. Тэгсэн З.Н намайг буугаад ир гэхээр нь буугаад машинд суусан. Тэгсэн чинь чи яах гэж ирсэн юм бэ гээд асуугаад байхаар нь би ажил хүлээлцэх гэж ирсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь З.Н чамд ер нь ажил чинь хэрэгтэй юм байна. Чи ажлаа хийх гэж л энд байдаг юм байна гэх зэргээр асуугаад байхаар нь би үгүй гэж хэлсэн. Тэгээд мөн байшин барьж байгаа хүмүүст хоол унд хийж өгөхгүй байна гэх зэргээр намайг янз бүрээр хэлээд байсан. Тэгж байгаад миний зүүн шанааруу 1 удаа цохиж авсан. Тэгэхээр нь би машины хаалгыг онгойлгосон чинь зогсоод машины хаалгаа хаа гэхээр нь хаасан чинь машинаа хөдлөөд явсан явж байгаад дахиад миний зүүн шанаа хэсэгт дахин 1 удаа цохиод авахаар нь машины хаалгыг онгойлгоод машинаас үсэрч буухад газар унасан. Тэгээд газар сууж байхад З.Н намайг эргэж ирээд машиндаа өргөж суулгаад сумын зүүн хойд талруу явсан. Сумын зүүн хойд талд гарч эхлээд нэг хэсэг маргалдаж байгаад дараагаар нь тайвшираад нэг хэсэг юм ярьж байгаад З.Нээр аймагт хүргүүлж ирсэн. Машин дотор намайг загнаж байгаад уурлаад намайг 2 удаа цохиж авсан. Уур нь хүрээд цохиж авсан байх. Бид хоёр бага зэрэг маргалдсан байсан. Тэгээд би аймагт ирээд би холбоо барихгүй байсан. Түүнээс болоод бухимдсан байх гэж бодож байна. Тухайн үед миний толгой өвдөж байсан одоо бол миний бие зүгээр болсон. З.Н архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Бид хоёр хамт амьдраад 1 жил орчим болж байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Урьд нь цохиж зодож байсан зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”.

...Би урьд нь энэ хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгч, шинжээчийн дүгнэлт, хэргийн материалтай танилцсан байсан. Тухайн үедээ прокурорын тогтоол дээр миний нэрийг буруу бичигдсэнийг анзаараагүй байсан байна. Хэргийг урьд нь шалгахдаа миний эрхийг зөрчсөн зүйл байхгүй, надад гомдол санал байхгүй, нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн үед 8 сартай жирэмсэн байсан. Би 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Бүсийн оношлогоо эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд миний хэвлий дэх урагт ямар нэг өөрчлөлт ороогүй байна гэж байсан. Би ямар нэг хүндрэлгүй хэвийн төрсөн. Тэр үед З.Н намайг зодсон болохоор гомдоод тийм гэж бөглөсөн гэхдээ би амиа хорлох оролдлого хийж байгаагүй, амиа хорлох сэдэл төрж байгаагүй. З.Н надтай хэрэлдэж байгаад миний хувцасны захаар заамдаж байсан. Түүнийг нь би багалзуурдах, боох гэсэн хариултад бөглөсөн. Бусдаар бол яг багалзуурдаж, амьсгал боож байсан удаа байхгүй. З.Н тухайн үед намайг элдвээр хэлж хараасан болохоор нь тийм гэж дугуйлсан байсан бусдаар бол байнга харааж зүхээд байдаг зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, /хх-ийн 05-06, 100-101-р хуудас/,

Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 01 дүгээр сарын 11-ний үдээс хойш орой би аймаг дээр гэртээ байж байтал охин О утсаар залгаад дүү Д.Оийг нөхөр нь зодсон байна гэсэн. Тэгэхээр нь би Оюунсүрэнгийн гэрт яваад очиход Д.О сумаас ирсэн байсан. Тэгээд би Д.О охиноос юу болсон талаар асуухад суманд ажил хүлээлцэх гэж очиход нөхөр таараад машинд суулгаад зодсон л гэж ярьсан. Тэгээд би цагдаад хандсан. Том охиныд Д.О хэвтэж байсан. Зүүн хацар нь хавдартай байсан. Хүзүүний 2 тал хүрэн болсон харагдаж байсан. Тэгээд би охиноосоо яаж байна гайгүй юу гэхэд баруун хавирга жаахан өвдөж байна гэсэн. Тэгээд цагдаад хандсан. Харахад үг дуу цөөтэй хүн байдаг. Би архи ууж байсан талаар харж байгаагүй. Ер нь бол би тийм сайн мэдэхгүй” /хх-ийн 07-р хуудас/,

Шүүгдэгч З.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Манай эхнэр 2018 оны 01 дүгээр cap 03-ны өдөр Ханхонгор сумаас аймаг явсан юм. Тэгээд 2018 оны 01 дүгээр capын 11-ний өдөр надад хэлээгүй Ханхонгор суманд ирсэн байсан. Би Сургуулийн гаднаас эхнэрээ очиж аваад машинд уулзаад би эхнэртээ хандаад суманд ирснээ хэлсэнгүй. Би байшин бариад зав муутай байхад байшин барьж байгаа хүмүүсийн хоол унд хийж өгмөөр байна гээд уурласан маягтай хэлээд гараараа далайсан. Тэгэхэд эхнэр уурлаад машины хаалга онгойлгоод буух гэсэн. Тэгэхээр нь би татаж суулгаад хаалгаа хаа гээд машинаа хөдөлгөөд явж байгаад бид хоёр машин дотор хэрэлдсэн. Тэгж байгаад би зүүн шанааруу нь алгадаж авсан юм. Тэгэхэд эхнэр машины хаалга онгойлгоод явж байгаа машинаас үсрээд буусан. Тэгэхээр нь би зогсож буугаад эхнэрийг машинд суулгасан. Тэгээд сумаас зүүн хойшоо яваад талруу гарч зогсоод бид хоёр баахан хэрэлдсэн. Тэгж байхдаа би эхнэрийн үснээс нь мөн зулгаасан. Тэгээд нэг хэсэг муудалцаж байгаад бид 2 тайвшираад би эхнэрийг аймагт байх эгчийнх нь гэрт  хүргэж өгсөн. Бид хоёр суманд амьдардаг байшингийн дээд давхарыг засварлаж байгаа. Тэгээд би байшин янзалж байгаа хүмүүст хоол унд хийж өгөөд хамт байхгүй аймагруу явсанд уурласан. Тэгээд мөн суманд ирсэнээ надад хэлээгүй асуудлуудаас болоод би бухимдаж уурлаж, муудалцсан. Би зүүн шанаанд нь нэг удаа алгадаж авсан мөн эхнэр Д.О үснээс зулгааж биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Би гэм буруугаа ойлгож байна. Би эхнэрээсээ уучлал гуйсан байгаа дахин ийм асуудал гаргахгүй” /хх-ийн 17-18-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.01.15-ны өдрийн №66 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Д.О биед тархины доргилт, хуйх, баруун түнх орчмын зөөлөн эдийн няцрал, үс халцарсан, эрүү, 2 гарын сарвууны зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Баруун түнх, сарвууны гэмтэл нь зам тээврийн ослын улмаас, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 11-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Шүүгдэгч З.Нийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 25-26-р хуудас/,

Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хх-ийн 40-42-р хуудас/,

Нийслэлийн Баянгол дүүргийн 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №341 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар ...Шүүгдэгч З.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд тэнсэн хянан харгалзсан /хх-ийн 106-110-р хуудас/,

        Хохирогч Д.О иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 102-р хуудас/,

        Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 116-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч З.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвд эхнэр Д.О бие эрх чөлөөнд халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

         Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.01.15-ны өдрийн №66 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Д.О биед тархины доргилт, хуйх, баруун түнх орчмын зөөлөн эдийн няцрал, үс халцарсан, эрүү, 2 гарын сарвууны зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Баруун түнх, сарвууны гэмтэл нь зам тээврийн ослын улмаас, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 11-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

       Хохирогч Д.Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Бид хоёр хамт амьдраад 1 жил орчим болж байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Урьд нь цохиж зодож байсан зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн ба шүүгдэгч хохирогч нарын хамтран амьдарч байгаа байдал нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд мөн болохыг нотолж байх бөгөөд шүүгдэгч З.Нийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.  

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх л гэнэ гэж тодорхойлсон ба   шүүх шүүгдэгчийн дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Ханхонгор сумын эрүүл мэндийн төвийн даргаар ажилладаг хувийн байдлыг нь харгалзан нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг хийлгэхээр шүүхээс уг ажлыг тогтоож шийдвэрлэв. 

         Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэнтэй холбогдуулан  Ханхонгор сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байж болзошгүй этгээдүүдийн судалгааг тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс гаргуулан авч, судалгаанд хамрагдсан бүлэгт чиглэсэн сургалтыг 240 цагийн турш зохион байгуулж ажиллах ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163, 164, 165, 166 дугаар зүйлд заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

          Шүүгдэгч нь нийтийн ашиг сонирхолд тустай шүүхээс тогтоосон ажлыг хийж гүйцэтгэхдээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуульд заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн талаар болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сайтар судалж, мэдсэний үндсэн дээр бүлэгт чиглэсэн сургалтыг зохион байгуулах бөгөөд энэхүү сургалтын үр дүнд энэ чиглэлийн гэмт хэрэг зөрчил тухайн нутаг дэвсгэрт буурах, оролцогчдын энэ талаарх эрх зүйн мэдлэг дээшлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурч гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил тухайн нутаг давсгэрт буурсан байх ёстой төдийгүй сургалтын явц, үр дүнг баримтжуулах байдлаар ялын биелэлтэнд хяналт тавих нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч З.Н нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус

 удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч З.Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Нд 240 /хоёр зуун дөч/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг бүрэн судалж, Ханхонгор сумын иргэдэд энэ талаархи сургалтыг үр дүнтэйгээр зохион байгуулж, уг ялыг биелүүлэхийг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч З.Н нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч З.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.ДЭЛГЭРМАА