2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/03301

 

 

 

  

    2025              04            24                                              192/ШШ2025/03301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар ***-н мянгат, ***дугаар байрны **тоот хаягт оршин суух, Б овогт Б.Нгийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, У-ын Удирдах газар, өөрийн байранд байрлах У/цаашид У гэх/-т холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар татах хэсгийн жижүүрийн машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлд:

Миний бие 2004 оноос У-д ажиллаж байна. У-ын Улаанбаатар татах хэсгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/1367 дугаар тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлан, албан тушаал бууруулж, ашиглалтын 1 дүгээр цуваанд зүтгүүрийн машинчийн ажилд томилсон шийдвэрийг гаргасанд гомдлоо У-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 09 дүгээр сарын 30-нд гаргаж, комисс миний гомдлыг 10 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцэж, мөн өдрийн 2024/29 дугаар тэмдэглэл гаргасныг 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч энэхүү гомдлыг гаргаж байна.

2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ТЭЗЗАС-1003 илчит тэрэгтэй 2973 тн, 136 голтой 3107 дугаар галт тэргээр машинч Г.Ш, туслах машинч Э.Ннар Багануур-Улаанбаатар чиглэлд аялах үедээ 470 дугаар км-т хурд хэтрүүлсэн дутагдал гаргасан тухай шуурхай хурлыг Улаанбаатар татах хэсгийн дарга П.Эудирдуулан 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, Зүтгүүрийн аж ахуйн албаны ашиглалт хариуцсан орлогч дарга Д.Х удирдуулан 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус хэлэлцсэн. Улаанбаатар татах хэсгийн дарга П.Эдээр хийсэн шуурхай хурлын шийдвэрээр надад 1 сар 20 хувийн үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Шуурхай хурлаар галт тэрэг хурд хэтрүүлсэн дутагдлыг хэлэлцээд аяллын явцад удирдлагыг туслах машинчид шилжүүлсэн, хэт ядарсан үедээ галт тэрэг жолоодсон болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд машинч хурд хэтрүүлэхэд хүргэсэн шалтгаан хүчин зүйлс тодорхой харагдаж байдаг.

Харин надад Улаанбаатар татах хэсгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/1367 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасныг үндэслэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэлээ. Энэ тушаалд “ашиглалтын цехийн ээлжийн жижүүр машинч Б.Н нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ТЭЗЗАС-1003 илчит тэрэгтэй 2973тн 136 голтой, 3107 дугаар галт тэргээр Багануур-Улаанбаатар чиглэлд аялах үедээ 470 дугаар км-т 7 км/цагаар хэтрүүлсэн дутагдалд холбогдож, зүтгүүрийн бригадад олгогдож буй бичиг баримтад хяналт тавиагүй зөрчил удаа дараа гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг мөн өдрөөс цуцалж, ашиглалтын 1 дүгээр цуваанд зүтгүүрийн машинчаар албан тушаал бууруулан ажиллуулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ шийтгэл бодит байдалтай нийцэхгүй болж, надад хүлээлгэсэн сахилгын шийтгэл нь хуулийн болоод бодит үндэслэлгүй болсон. Тушаалд заагдсан галт тэргээр депогийн жижүүр машинч тухайн өдөр аялах боломжгүй, мөн тушаалд дурдсан удаа дараагийн зөрчлийг миний бие гаргаагүй билээ. Улаанбаатар татах хэсгийн жижүүрийн машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, сарын үр дүнгийн шагнал цалин болон үндсэн цалингийн зөрүүг гаргуулахаар шаардаж байна...гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь ажил үүрэгтэй нь хамааралгүй асуудлаар шийтгэж, хууль зөрчсөн. Нэхэмжлэгч Б.Н нь ээлжийн машинчийн ажил хийдэг. Түүний ажил үүргийн хуваарьт галт тэрэгний жолоодлогын ажилд оролцох эрх, үүрэг байхгүй. Бэлэн байгаа зүтгүүрт машинч машинчийн туслахад холбох үүрэгтэй. Зүтгүүрийн депод ажил удирдах, эмчийн үзлэг хийлгэсэн талаар хяналт тавих үүрэгтэй. Багануур-Улаанбаатар чиглэлд аялах үедээ хурд хэтрүүлсэн дутагдалд Б.Нг холбогдсон гэсэн нь үндэслэлгүй бөгөөд бичиг баримтад нь хяналтаа тавьсан, машинчид олгосон, үүнийг үндэслээд эмч ажил эхлэх цагийг дурдсан дурдаагүй гэдэг асуудал үүсвэл эмч асуугаад ирэх байсан. Гэтэл замналын хуудсын дагуу машинч ажилдаа гарсан, эмч эмчийн үзлэгээ хийсэн байгаа. Үүнийг талууд маргаантай гэж үзэж шийтгэл оногдуулсан. Улаанбаатар татах хэсэгт хурал хийхэд машинч замналын хуудсыг зассан гэдгээ 2 удаа хүлээн зөвшөөрсөн. Ажил эхлэх цагийг хэлж өгөөд явуулсан гэдгийг хуралд мөн хэлсэн байгаа.

Бичиг баримтад хяналт тавиагүй гэдэг зөрчилтэй холбоотой баримтууд нь талуудын тайлбар мэдүүлэгт зөрүүтэй байхад хариуцагч өөрсдийн төсөөллийг үндэслэн хяналт тавиагүй гэж дүгнэн, нотлоогүй атлаа сахилгын шийтгэл ногдуулсан байна. Шуурхай хурлын тэмдэглэл дээр Б.Нг депо дээр гарч байгаа бүх асуудалд буруутгаж, халах зорилготой хуралдсан нь харагддаг. Тодруулбал нэхэмжлэгчийг 08 дугаар сарын 17-ны өдөр эмчийн үзлэгт ороогүй гэж зүтгэсэн байсан. Гэтэл энэ өдөр нь Б.Н ээлжийн амралттай байсан. Эмчийн үзлэгт оройтож ордог гэж буруутгасан боловч ээлжид орж, ээлжээс гарч байгаа олон ажилчдад эмч 3 минутад нэг хүнийг үзэх ёстой. Ээлжийн жижүүр машинч нар үзлэгт очерлож байгаа хүмүүс сийрэхэд араас нь ороод хяналтаа тавьдаг байх. 44 хүнд 3 минутын норматив үзлэг хийе гэвэл удах нормативтай байдаг. Хурд хэтрүүлсэн гэсэн зөрчилтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар машинч нойр хүрсэн, нойрмоглосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан. Удаашрах болсон шалтгааны хувьд нэгдсэн удирдлагын диспитчер дунд нь зам туслахын вагон гарч ирсэн гэдэг. 21:30-д депогоос гарахдаа зүтгүүрийн тормозын хавхлагад асуудал үүсээд, яаруу гарсан гэдэг нь нотлогдсон. Хэрэгт байгаа баримтууд дээр зөрчлийг тогтоох ямар ч үйлдэл хийгээгүй байна гэдэг нь харагдаж байна. 12 цагтаа багтаж ирэх гээд хурд хэтрүүлсэн гэдэг. 12 цагаас 1 минут хэтэрвэл байгаа газар нь баг бүрэлдэхүүн очдог ба тухайн зүтгүүрт явж байсан машинч хамгийн удаанаараа явсан ч 12 цагаас 1 цаг гаруй хугацааны өмнө ирэхээр байсан. Програмд шивж оруулаагүй гэдэг нь туршилтын чанартай програм байсан учир хэн аль нь ач холбогдол өгөөгүй, энэ талаарх тушаал шийдвэр байхгүй байхад хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй болсон. 1003 гэдэг илчит тэрэг шаардлагатай тохиолдолд ачаанд явуулж болох талаар замын даргын тушаал байдаг. Б.Нг удаа дараа бичиг баримтын зөрчил гаргасан гэдгийг нотлосон нэг ч баримт байдаггүй. Хэрвээ ийм байдлаар сахилгын шийтгэл ногдуулж байсан бол энэ талаар танилцуулах ёстой байсан. Депо жижүүрээс машинчаар ажиллахад үндсэн болон шагналт цалингийн зөрүү гарсан. Дундаж цалингийн хувьд онц зөрүү гараагүй. Үндсэн цалин болон шагналт цалингийн зөрүүг тооцоолоход нэг сарын зөрүү 1,116,020 төгрөг, шагнал 1,024,708 төгрөг байгааг 8 сарын зөрүү тооцоолж нэхэмжлэл гаргасан боловч буруу тооцсон байгаа учир зөрүү гаргуулах тухай энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна...гэв.

            2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, бичгээр гаргасан хариу тайлбартаа:

            Б.Нд Улаанбаатар татах хэсгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б-1367 дугаар тушаалаар ногдуулсан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хууль хэрэглээний алдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Багануур-Улаанбаатар чиглэлд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 3107 дугаар галт тэргийн машинч Г.Ш, туслах машинч Э.Ннар аялал хийх үедээ 470 дугаар км-т тогтоосон хурдыг хэтрүүлсэн зөрчил гаргасан. Төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал хангах үүднээс У-ийн даргын тушаалаар хойд чиглэлээс урд чиглэл хүртэлх өртөө, зөрлөгийн гол замаар өнгөрөх ачаа ба зорчигчийн галт тэрэгний зөвшөөрөгдөх дээд хурдны хэмжээг зохицуулдаг бөгөөд Багануур-Улаанбаатар хоорондын гол замын 470 дугаар км-т галт тэрэгний зөвшөөрөгдөх дээд хурд 60 км/ц байхаар Замын даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А-29 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталж мөрдүүлдэг. Гэтэл машинч нар дээрх тушаалд зааснаар тогтоосон хурдны дээд хязгаарыг хэтрүүлсэн зөрчил гаргасан бөгөөд нэхэмжлэгч Б.Н нь тухайн өдөр Улаанбаатар татах хэсгийн депод ээлжийн жижүүр машинчаар ажиллаж байсны хувьд аялалд гарч буй илчит тэрэгний аяллын маршрут, аяллын анхан шатны бичиг баримт, машинчийн замналын хуудсыг хянах үүрэгтэй байдаг. Уг галт тэрэгний чиглэлийн №А1157547 машинчийн замналын хуудаст машинчийн бригадын ажилд ирсэн, депогоос гарсан цагийг бүрэн хөтлөөгүй, машинчийн замналын хуудсыг 2 давхардуулан гаргаж өгсөн зэрэг зөрчлүүд өөрийнх нь гаргасан тайлбараар нотлогддог.

            Машинчийн замналын хуудасны 3 дугаар бүлэг дэх зүтгүүрийн бригадын ажилд ирсэн цаг, минутыг нэхэмжлэгч өөрөө хөтлөх байтал хоосон орхиж, машинчаар өөрөөр нь бөглүүлж технологийн зөрчил гаргасан. Зүтгүүрийн бригадын аялалд явах илчит тэрэг нь ТЭЗЗАС серийн илчит тэрэг ба зөвхөн суудлын галт тэрэгний хөдөлгөөнд явж буй зүтгүүр байтал ачааны УБ-БН-УБ чиглэлд ачааны галт тэрэгний хөдлөх бүрэлдэхүүнд холбож, аялал хийлгэх маршрут, бичиг баримтад хяналт тавьж, зохих арга хэмжээг аваагүй болно. Дээрх зөрчилтэй холбогдуулан машинч Г.Ш, туслах машинч Э.Ннарт мөн адил албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байгааг шүүхээс анхаарахыг хүсье. Нэхэмжлэгч Б.Н нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр 2023 оны 10 дугаар сард сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.8-д зааснаар сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан тул дараагийн арга хэмжээг авсан нь үндэслэлтэй. Б.Нгийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилт хэсгийн 1-т галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах гэснийг биелүүлээгүйгээс хяналт тавих ёстой машинчид нь хурд хэтрүүлсэн, аяллын баримт бичгүүдийг хөтлөөгүй зэрэг бодит зөрчлүүд нь өөрийнх нь тайлбар, уг асуудлыг хэлэлцсэн шуурхай хуралдаанаар бүрэн нотлогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

            2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Бид нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Ээлжийн жижүүр тухайн ээлжинд ажиллахдаа зүтгүүрийн бригадын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Аялалд явахад нь аяллын бүх төлөвлөгөөг хянаж, ажлын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гаргах үүрэгтэй. Гэтэл суудлын галт тэргэнд хуваарилагдсан зүтгүүрийн галт тэргийг ачааны галт тэргэнд холбож Багануур явуулсан. Тэрхүү галт тэрэг нь хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан. Бүх төрлийн зааварчилгаа: тогтоосон км-т хурдыг барьж явах талаар зааварчилгаа өгөх үүргийг Б.Н хүлээнэ. Хурд хэтрүүлэхгүй байх заавар зааварчилгааг зүтгүүрийн бригадад өгсөн байх ёстой. Ажлын байрны тодорхойлолтын 1.12-т зааснаар замналын хуудас бичих, зааварчилгаа өгөх, хяналтын постонд гарах цагийг заах зэрэг үүрэг хүлээнэ. Гэтэл нэхэмжлэгч замналын хуудсыг бөглөх, зүтгүүрийн бригадад хүлээлгэж өгөх ёстой байтал энэ үүргээ зүтгүүрийн бригадаар хийж гүйцэтгүүлсэн нь тодорхой байна. Нэхэмжлэгч нь 20:49 цагт аялалд гарсан гэдэг агуулгаар тайлбарладаг. Гэтэл машинчийн тухайн өдөр аялалд гарсан замналын хуудсаар 21:56 минутад ажилд гарсан байдаг. Хяналтын постод гарах цагийг тодорхой заах ёстой. Төмөр замын тээврийн хяналтыг хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хурлын тэмдэглэлээс тодорхой харагддаг. Хэрэгт байгаа замналын хуудсыг хэн бөглөсөн нь тодорхойгүй байдаг. Б.Н энэ замналын хуудсыг өөрөө бөглөөгүй нь шуурхай хурлын тэмдэглэлээр нотлогддог. Энэ нь бичиг баримтад хяналт тавиагүй зөрчил гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.4-т заасан арга хэмжээ авсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Буруутай этгээдүүд болох зүтгүүрийн бригад хариуцлага хүлээсэн. Хамтын хариуцлагын хүрээнд Б.Нд арга хэмжээ авсан нь хуулийн хүрээнд гаргасан, зөрчилд нь тохирсон гэж үзэж байна. Сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх ёстой гэсэн зохицуулалт хуульд байхгүй. Албан тушаал бууруулах шийтгэл ногдуулсан нь ажил олгогчийн үндсэн эрхэд байгаа. Зөрүү цалингийн тооцооллыг Татах хэсгийн тодорхойлолтыг үндэслэн гаргаж байгаа боловч яаж гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Зөрүүг сүүлийн 3 сарын цалингаас тооцож гаргах ёстой. Цалингийн зөрүү байгаа. Албан тушаал бууруулахаас өмнөх авч байсан цалин хөлсийн тооцооллыг тодруулах шаардлагатай байх тул цалин хөлсний тооцооллыг гаргуулж цалингийн зөрүүг бодитой гаргахыг хүсье...гэв.

            3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Б.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл /хх-5-9/, У-ийн У-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/29 дугаар тэмдэглэл /хх-17-27/

            4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: У-ын Улаанбаатар татах хэсгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1338 дугаар Г.Шт албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /хх-43, 115/, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/1377 дугаар Э.Нямжаргалд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /хх-44, 116/, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/1367 дугаар Б.Нд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /хх-45, 117/, Улаанбаатар татах хэсгийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Сэрэмжлүүлэг” гэх баримтын хуулбар /хх-46, 118/, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /хх-47-50, 72-78/, Улаанбаатар татах хэсэг, Ашиглалтын цехийн “470-р километрт тогтоосон хурдыг 7 км/ц хурдаар хэтрүүлсэн дутагдлын материал”-ын хуулбар /хх-51-56/, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /хх-79-83/, Улаанбаатар татах хэсгийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дугаар Ээлжийн амралтын хуваарь баталж мөрдөх тухай тушаалын хуулбар /хх-84-86/, Ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-87-97/, Зорчигчийн галт тэрэгний зүтгүүрийг бэлтгэх тухай У-ийн даргын 2022 оны А/543 дугаар тушаалын хуулбар /хх-98-105/, Б.Нгийн цалингийн тодорхойлолт /хх-106/, Б.Нтэй 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний болон ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-108-114/, Зүтгүүрийн аюулгүй байдлын системийн БОРТ цахим бичлэгийн орчуулгын маягтын хуулбар /хх-119/, Машинчийн замналын хуудсын хуулбар /хх-120/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагаас У-ийн Улаанбаатар татах хэсгийн жижүүр машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч “сарын үр дүнгийн шагнал цалин болон үндсэн цалингийн зөрүү гаргуулах тухай” нэхэмжлэлээс татгалзсаныг батлан, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч У-т холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “ажил олгогч нь гаргаагүй зөрчилд үндэслэлгүй шийтгэл ногдуулж албан тушаал бууруулсан, удаа дараа зөрчил гаргаж байсан гэх байдал тогтоогдохгүй” гэж тодорхойлсон.

2.1. Мөн Б.Н нь үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсны улмаас сарын үр дүнгийн шагнал цалин болон үндсэн цалингийн зөрүү гарсныг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдааны явцад энэ шаардлагаасаа татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон татгалзлыг батлах нь зүйтэй.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохирсон шийтгэл ногдуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэлбэрт тохирох шийтгэлийг сонгох эрх ажил олгогчид олгогдсоны дагуу шийдвэрлэсэн, Б.Н бичиг баримтад хяналт тавиагүй зөрчил удаа дараа гаргасан нь хурлын тэмдэглэлээр тогтоогдоно” гэж тайлбарласан.

4. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, хэрэг хянан шйдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд зохигч талуудаас гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Б.Н нь 2004 оноос эхлэн У-ийн Улаанбаатар татах хэсгийн ашиглалтын цехэд ажилласан бөгөөд тус цехийн ээлжийн жижүүр машинчаар ажиллаж байхдаа Улаанбаатар татах хэсгийн дарга П.Э2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/1367 дугаар тушаалаар түүнийг Ашиглалтын 1 дүгээр цуваанд зүтгүүрийн машинчаар албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

4.2. Ажил олгогчоос уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргахдаа Б.Нг “2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ТЭЗЗАС-1003 илчит тэрэгтэй, 2973тн, 136 голтой, 3107 дугаар галт тэргээр Багануур-Улаанбаатар чиглэлд аялах үедээ 470-р км-т хурд 7 км/цагаар хэтрүүлсэн дутагдалд холбогдож, зүтгүүрийн бригадад олгогдож буй бичиг баримтад хяналт тавиагүй зөрчил удаа дараа гаргасан” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Улаанбаатар татах хэсгийн дүрмийн 5.1.5, У-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 14.2.4, Зүтгүүрийн аж ахуйн албаны ашиглалт хариуцсан орлогч даргын удирдан хийсэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэл болгожээ.

4.3. Улаанбаатар татах хэсгээс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Сэрэмжлүүлэг” гаргаж, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Багануур-Улаанбаатар чиглэлийн 3107-р галт тэрэг ТЭЗЗАС-1003 илчит тэрэгтэй Улаанбаатар татах хэсгийн машинч Г.Ш, туслах машинч Э.Ннар аялаж байх үедээ 470-р километрт 60 км/цагийн хурдтай газарт 67 км/цагийн хурдтай явж тогтоосон хурдыг 7 км/цагаар хэтрүүлсэн дутагдал гаргасан талаар мэдээллэсэн байна.

4.4. Дээрх сэрэмжлүүлэгт зүтгүүрийн бригадын гаргасан алдаа №4-т “..зүтгүүрийн бүхээгт нойрмоглох, унтах, үүрэглэх”-ийг хориглосон алдааг зөрчсөн талаар дурдаж, цаашид дутагдлыг давтан гаргахгүй байх талаар анхааруулсан байна.

4.5. Улмаар 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар татах хэсгийн дарга П.Эудирдаж явуулсан хуралдаанаар дээрх зөрчлүүдийн талаар хэлэлцэж, уг хуралдаанаас машинч Г.Ш, туслах машинч Э.Ннарын хурд хэтрүүлсэн дутагдлыг 9 дүгээр цуваанд тооцох, Г.Шыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.4-т заасны дагуу туслах машинчаар албан тушаал бууруулах, туслах машинч Э.Нямжаргалыг мөн хуулийн 123.2.4-т заасны дагуу албан тушаал буулгаж засварын цехэд засварчнаар ажиллуулах, ээлжийн жижүүр машинч Б.Нд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.3-т заасны дагуу үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах арга хэмжээ авахаар шийдвэрлэж, уг шийтгэлийг Б.Н зөвшөөрөхгүй байгаа талаар илэрхийлжээ.

4.6. Ажил олгогчийн удирдаж явуулсан хурлын маргааш буюу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Зүтгүүрийн аж ахуйн албаны ашиглалт хариуцсан орлогч дарга Д.Хорлоо удирдан шуурхай хурал хийж, энэ хурлаас “машинч Г.Ш, туслах машинч Э.Ннарыг Улаанбаатар татах хэсгийн ашиглалтын цехийн 9 дүгээр цуваанд тооцох, Г.Шыг туслах машинчаар албан тушаал бууруулах, илчит тэрэг бие даан жолоодох эрхийн үнэмлэхийг хураах, машинчаар тавигдах тохиолдолд Т албатай зөвшилцөх, туслах машинч Э.Нямжаргалыг албан тушаал буулгаж засварын цехэд засварчнаар ажиллуулах, Ээлжийн жижүүр машинч Б.Нг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сануулах сахилгын шийтгэлтэй хугацаа дуусаагүй байгаа, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн дагуу эмчийн үзлэгт удаа дараа цаг тухайд ордоггүй, зүтгүүрийн бригадад олгогдож буй бичиг баримтад хяналт тавиагүй зэрэг зөрчил удаа дараа гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлтэй боловч албан тушаал буулгах сахилгын шийтгэл ногдуулж байна” гэж шийдвэрлэсэн байна.

4.7. Уг шуурхай хуралдааны шийдвэрийн дагуу Улаанбаатар татах хэсгийн дарга 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б/1367 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч Б.Нд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

4.8. Зүтгүүрийн бригадын гаргасан зөрчилтэй холбоотой хийгдсэн эдгээр хоёр удаагийн хуралдаанд зөрчил гаргасан машинч Г.Ш нь аяллын явцад туслах машинчийн сандал дээр сууж байгаад зүүрмэглэсэн байсан гэж, туслах машинч Э.Ннь хурд хэтрүүлсэн дутагдал гаргасан гэж тус тус тайлбарлан алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байна.

4.9. Б.Н ажил олгогч Улаанбаатар татах хэсгийн дарга П.Э2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Зүтгүүрийн машинч /тусгай сэлгээний ажил/” ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолттой танилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд түүний өмнө эрхэлж байсан “Ээлжийн жижүүр-машинч” албан тушаалын сарын үндсэн цалин 2,790,050 төгрөг, үр дүнгийн шагналт цалин 1,116,020 төгрөг байсан бол буурсан албан тушаал болох “Сэлгээний машинч” албан тушаалын сарын үндсэн цалин 2,561,769 төгрөг, үр дүнгийн шагналт цалин 1,024,708 төгрөг болохыг ажил олгогчоос тодорхойлсон байна.

5. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр У-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасныг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд, 2024/29 дугаар тэмдэглэлээр талууд эвлэрээгүй үндэслэлээр дуусгавар болгож, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гомдлын шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.5 дахь хэсгүүдэд зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ хийгдэж, дуусгавар болсон байна.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.4 дэх хэсгүүдэд зааснаар ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй.

Ажил олгогч энэ эрхийг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасны дагуу шийтгэл ногдуулах үүрэг хүлээнэ.

7. Нэхэмжлэгч Б.Нгийн хувьд ажил олгогчийн тушаалд дурдсан “зүтгүүрийн бригад хурд хэтрүүлсэн” гэх зөрчилд шууд хамааралтай гэх байдал тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл: зүтгүүрийн бригадыг аялалд гарахад машинчийн замналын хуудсыг хэн бөглөсөн нь тодорхойгүй, машинчид хурд хэтрүүлэхгүй байх зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүй гэх хариуцагч талын тайлбар нь аяллын явцад зүүрмэглэсний улмаас туслах машинчид жолоо шилжүүлсэн гэх машинч Г.Шын зөрчил, анх удаа жолоодлого дээр сууж хурд хэтрүүлсэн туслах машинч Э.Нямжаргалын бодит зөрчилтэй тухайн аялалд хамт яваагүй Б.Нг хамаатуулж, сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болсон гэж үзэхээр байна. 

8. Түүнчлэн, маргаан бүхий ажил олгогчийн тушаалд Б.Нг “зүтгүүрийн бригадад олгогдож буй бичиг баримтад хяналт тавиагүй зөрчил удаа дараа гаргасан” гэх үндэслэл заасан байх боловч хэзээ, ямар зөрчил гаргаж, хэрхэн шийтгэл ногдуулж байсан талаар хариуцагч тал баримтаар нотлоогүй, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрт Б.Нг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн сануулах сахилгын шийтгэлтэй гэж дурдсан байх боловч энэ талаар тушаалд тусгаагүй, ийм шийдвэр гарсан эсэх нь тодорхой бус байна.

9. Иймд нэхэмжлэгч Б.Нг сахилгын зөрчил гаргасан гэх байдал тогтоогдохгүй, зүтгүүрийн галт тэрэг хурд хэтрүүлсэн нь тухайн зүтгүүрийн машинчийн буруутай үйлдэл болох нь тогтоогдсон, бичиг баримтад хяналт тавиагүй зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлээ хариуцагч тал баримтаар нотлоогүй тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Б.Нг үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт зааснаар түүнийг өмнө эрхэлж байсан Улаанбаатар татах хэсгийн Жижүүр машинчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нг хариуцагч У-ийн Улаанбаатар татах хэсгийн жижүүр машинчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал сарын үр дүнгийн шагнал цалин болон үндсэн цалингийн зөрүү 17,135,824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч У-ээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА